Tuesday, December 23, 2014

Эх хэлээ хамгаалахад төрийн бодлого дутагдаж байна

Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян? Монгол баян” гэж нэгэнтээ хэлж байжээ. Үнэхээр манай орны хувьд дээрх 3-н эрдэнэ бол эх орны маань үнэт зүйлс, тусгаар улсын баталгаа, бидний бахархал юм.

Гэтэл сүүлийн үед манай залуусыг эх хэлээрээ ярьж чадахгүй байна, үгийн баялаг муутай байна гэх мэт шүүмжлэл ихээр гарах болсон. Үнэхээр Монгол хэлний маань үг асар баялаг хирнээ бидний өдөр тутам хэрэглэж байгаа үгс цөөн тоонд эргэлдэж байгаа нь хэрэглэгдэхгүй байгаа үгсийг сэргээн хэрэглэхээс илүүтэй хэрэглээнээс хасагдаж байгаа үгсийг ядаж багасгах талаар бодолцох шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд “Монгол хэлний тайлбар толь”-ийг дахин эмхэтгэж хэвлэсэн гэсэн мэдээ энд байна. Энэхүү толь бичиг нь 180,000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа нь иргэд худалдан авч, эх хэлнийхээ мэдлэгийг сайжруулахад хэтэрхий үнэтэй. Мөн ийм өндөр үнэтэй болохоор цөөн тоогоор хэвлэж байгаа юм шиг байна лээ. Ийм өндөр үнээр борлуулахад дээрх нийтлэлд бичсэнчлэн өргөн олон, оюутан залууст уг толь нь хүрч чадахгүй гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ төр эх хэлээ хамгаалах бодлого барьж байгаа бол энэхүү толь бичгийг дахин эмхэтгэх төслийг санхүүжүүлээд олон түмэнд ядаж хэвлэлийн үнээр нь борлуулсан бол хогны уутанд мөнгө хаяснаас л илүү оюуны хөрөнгө оруулалтыг ёстой л өргөн олны тархинд хийх байсан юм. Энд бяцхан тооцоо хийе.

Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь нь нийт наяад мянган толгой үг, 120 орчим мянган үг хэллэг байна гэж бичсэн байна лээ. Нэг эрдэмтэн өдөрт 12 толгой үг, 18 үг хэллэг толь бичигт оруулна гэж үзье. (Үнэндээ бол багаар бодож байгаа юм, учир нь урьд өмнө нь төрийн хөрөнгөөр хийгдсэн олон мянган үгсийг хуулбарлаад тавьчих учир үг нэг бүрийг дахин судлаад байх шаардлагагүй) Ингээд нэг сард ажлын 22 өдөр байдаг гэж бодохоор сард нэг эрдэмтэн 264 толгой үг, 396 үг хэллэг толь бичигт оруулахаар байна. Нийт 20-н эрдэмтэн ажиллана гэж тооцвол сард 5280 толгой үг, 7920 үг хэллэг болж байна. Одоо дээр дурдсан нийт 80 мянган толгой үг, 120 мянган үг хэллэгээр тооцоход 20 эрдэмтэн маань 16 сар ажиллах хугацаа гарна. Нэг эрдэмтэнд сарын 4 сая төгрөгийн цалин өгч уг төсөл дээр ажиллуулна гэж тооцоход цалингийн зардал 1 тэрбум 280 сая төгрөг, үүн дээр нэмээд төслийн удирдагч, ажилтны цалин болон үйл ажиллагааны зардалд 200 сая гаруй төгрөг болно гэж тооцоход ойролцоогоор 1,5 тэрбум төгрөгөөр энэхүү төсөл хэрэгжих боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл хогны уутанд 6,7 тэрбум төгрөг нэг жилд зарцуулж байхаар нэг удаадаа 1,5 тэрбум төгрөг зарцуулаад эх хэлээ хамгаалах аян өрнүүлэх боломжтой болно. Харин төслөөс бий болсон бүтээгдэхүүний оюуны өмчийг төр эзэмших ёстой.


За ингээд өртөг шингээгүй буюу оюуны өмчийн үнэлгээ ороогүй үнээр олон тоогоор хэвлүүлэхэд хэвлэлийн зардал төдийлөн их гарахгүй бөгөөд ёстой л өргөн олноороо худалдан авч хэрэглэх боломжтой болно. Эцэст нь эх хэлээ хамгаалах гэлтгүй олон ажлууд дээр төрийн бодлого дутагдаж, бүр бодлого байхгүй ч байж магадгүй зүйлүүд олноор анзаарагдаж байна. 

Нэмж хэлэхэд үнэхээр л олон нийтэд өргөн хүрээгээр эх хэлээ "жинхэнэ утгаар" нь хэрэглүүлэх гээд байгаа юм бол энэ толь бичгээ гар утасны үнэгүй аппликэйшн болгоод app store, android market (google play) дээр байршуулчихмаар юм.

No comments: