Thursday, July 3, 2008

Үймээнтэй холбоотой бодол

Монголчууд өөрсдийгөө IQ өндөртэй, оюунлаг, хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хэмээн бахархаж, нэг нэгнийгээ хөөргөж, урамшуулж явдаг. Гэтэл бодит байдал дээр тийм биш гэдэг нь саяны болсон үйл явдлаар тогтоогдлоо. Эх оронд минь оюуны өлсгөлөн газар авсаныг энэ үймээн гэрчиллээ. Яагаад энэ үймээнийг оюуны ядууралтай холбоод байна гэхээр оюуны, урлагын бүтээлийг сүйтгэх, эвдэх балмад ажиллагааг ирээдүйн Монгол иргэдийн нэгээхэн төлөөлөл болсон зарим залуучууд хийж байгаа учир ингэж хэлэхээс өөр арга алга.

Би Монгол түмнийхээ ирээдүйг гэрэлтэйгээр хардаг, оюуны ажил хөдөлмөр эрхлэх чадвартай ард түмэн гэж итгэдэгийн үндсэн дээр мэдээллийн технологид суурилсан ажил, үйлчилгээг бий болгохын төлөө зүтгэж яваа. Гэхдээ нийт ард түмний масс нь энэ үйл явдлыг нэг өнцгөөс эсвэл тэрүүхэн хүрээнд нь ярьж, явцуу сэтгэж байгаад харамсаж байна.

Монголд хууль хэрэгжихдээ маш тааруу байдал нь энэ аймшигт үйл явдлыг бий болгох эх үүсвэр нь гэж бодож байна. Хууль төрийн томчууд, мөнгөтэй боссууд, танилтай иргэдэд үйлчилдэггүй, үйлчилсэн ч ёс төдий байсан явдал, дээрээс нь хууль сахиулагчдын хариуцлагагүй байдал нь нийт иргэдийн дунд ийм зүйл хийх үндэс суурийг нь тавьсан.

Үймээнд оролцогчдод мөнгө амласан, мансууруулах бодистой архи өгсөн, чулуу, дэлбэрэх бодис зэргээр зохион байгуулалттайгаар хангасан гэх мэт янз бүрийн мэдээлэл байна. Энэ бүгдийг Хятадууд өдөөн хатгасан, дэмжсэн гэсэн ч мэдээлэл байна. Гэхдээ үнэн худлыг нь бүү мэд.

Хүн бүр өөрийн ажилдаа эзэн болох хэрэгтэй

Төрийн албан хаагчид тухайн чиглэлээрээ мэргэшсэн, чадварлаг байх ёстой гэж бодож байна. Туршлагагүй нэгнийгээ мэргэшүүлдэг, дадлагажуулдаг механизм зайлшгүй байх хэрэгтэй. Саяны үймээний үеээр манай хүчний байгууллагынхан чадвар муутай нь илт харагдаж байв. Цагдаа нар нь бие бялдрын хувьд, сэтгэл зүйн хувьд, ур чадварын хувьд сул дорой байна. Мөн удирдан зохион байгуулах стратеги, тактик муутай. Ер нь энэ чиглэлээр мэргэшсэн удирдагч байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байснаа нуугаад яахав. Тухайн нэг ажлыг хийж байгаа бол тэр чиглэлээрээ байнга мэдлэг чадвараа дээшлүүлж байх нь бичигдээгүй хууль. Энд дан ганц хүчний байгууллагыг хэлж байгаа юм биш нийт төрийн албан хаагчдыг хэлж байгаа юм шүү. Манай ихэнхи төрийн албан хаагчид энэ тал дээрээ анхаарал хандуулдаггүй. Би өөрөө төрийн албан хаагч байж нэгнийгээ муулаад байна гэж хэлж магадгүй. Гэхдээ бодит байдлыг үнэнээр нь хэлэх нь иргэн миний үүрэг, үндсэн хуулиар олгогдсон эрх гэж бодож байна.

Зарим хүмүүс Ерөнхий сайдыг буруутгаад байгаа. Бүх ачааг мань хүнд үүрүүлж болохгүй байх. Үнэхээр доор нь ажиллаж байгаа хариуцлагатай албан тушаалтнууд чадвар муутай бол ганц хүн тэдгээр "мэргэжлийн" хүмүүсийн тусламж, дэмжлэггүйгээр юу ч хийж чадахгүй. Мөн Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг гэсэн хэрнээ хичнээн удаж байж шийдвэр гаргав. Энд мөн л тухайн албан тушаалтнууд буруутай. Бас нэг зүйл гэвэл манайд байгаа шашны тэргүүнүүд тэр их үймээн болж байхад яагаад таг байсныг гайхаад байгаа юм. Үйл явдал болоод өнгөрсөн ч гэсэн бас л таг. Манай улсад олон төрлийн шашны урсгал орж ирэн дэлгэрч байгаа юм шиг. Уг нь эдгээр шашны тэргүүнүүд болон холбогдох хүмүүс иргэдийг амгалан, тайван байхад тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг гэж ойлгодог. Тэгтэл тухайн шашиндаа өргөсөн тангараг, амлалтаа яагаад муу биелүүлээд байнаа.

Одоо төр, засгаас хуулиа хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавидаг байх шаардлагатай. Наад зах нь замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнхи жолооч нар асар бүдүүлэг, дээрэнгүй байна. Тэд нарыг зогсож болохгүй газар зогсох, машинаа эзэнгүй орхих, урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх гэх мэт үйлдлүүдийг замын цагдаа нар зүгээр л хараад зогсож байдаг, зарим нэг нь анхааруулаад л өнгөрнө. Ер нь замын цагдаа нарт архи уусан, гэмт хэрэг үйлдсэн жолооч нар л гол анхаарлыг нь татдаг бололтойдог. Энэ мэт жижиг мөртлөө өдөр дутмын амьдралд учирч байдаг зүйлсээ эхнээс эмхэлж цэгцлэхгүй бол ард иргэдийн сэтгэхүйд хууль, дүрэм зөрчих нь энгийн үзэгдэл мэт хэвшлийг төрүүлж байна.

Эцэст нь ямар ч үймээн, самуун дэгдэж байсан бид бүхэн өөрсдийн үнэт зүйл болох оюуны өмч, мэдээллээ найдвартай газар хадгалах, нөөцлөх, эрсдэлийг тодорхойлох, эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан үед авах арга хэмжээний төлөвлөгөөг дор бүрнээ боловсруулан мөрдөж байхыг мэдээллийн технологийн салбарынхандаа уриалж байна.

Жич: Миний өмнөх нийтлэлд нэгэн хүн намайг ирээдүйн сонгуульдаа бэлдэж байна гэсэн байсан. Энэхүү блогт бичсэн зүйлс маань мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, сонирхогчид болон оюунлаг уншигчдад зориулсан болохоос биш өөрийн ПиАр хийх талбар биш гэдгийг хэлэх байна. Хэрвээ өөрийгөө магтах эсвэл ажил, амьдралаа сурталчлах зорилготой байсан бол нийтлэлүүдийн маань өнгө төрөх арай өөр байх байсан болов уу.