Tuesday, December 30, 2014

Итгэлцлийн жил - 2015 он

2014 он улс орны хувьд ойлголцол, ухаарлын жил боллоо гэж дүгнэж байна. Улс төрийн намууд хоорондоо ойлголцлоо, ард түмэн, хувийн хэвшлийнхэн улс төрийн шийдвэрээс ямар их хамааралтай вэ гэдгийг биеэрээ, бизнесийн хумигдлаараа ухаарсан. Бид ойлголцлын үүд хаалгыг нээнэ гэдэг том дэвшил, олон ажлын эхлэл, цаашлаад хөгжлийн нэг алхам. Тиймээс улиран өнгөрч байгаа жилдээ бидний Монголчууд хөгжлийн төлөө нэг том алхам хийсэн сайхан жил болж өнгөрлөө.

Манай гэр бүлийн хувьд ч мөн бурханы шашин, бясалгалын дамжаанд хамрагдсанаар амьдралыг өргөн хүрээнд харах ухаарлыг төрүүлсэн, бусдын сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажил эхлүүлсэн, үр хүүхэд сурлагын амжилт, алтан медалийг ихэрлүүлсэн, найз нөхөд, журмын андуудын хувьд ойлголцлоо улам гүнзгийрүүлсэн, хувь хүний хувьд хөгжиж, ур чадвараа нэмэгдүүлсэн, ном уншиж нүд тайлсан жил улиран өнгөрч байна.

Ирж буй 2015 он бидний хувьд итгэлцлийн жил болоосой гэж хүсэж байна. Бид ойлголцож чадсан юм чинь итгэлцэж чадна. Итгэлцлийн жил хэмээн онцолдогийн учир ирэх жилийн хувьд бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалт бараг байхгүй учир итгэлцэлд тулгуурласан бүтээн байгуулалтыг хамтдаа хийх ёстой. Товчхон хэлбэл концессын гэрээгээр хувийн хөрөнгө оруулалтыг татан бүтээн байгуулалтыг хийх “их итгэлцэл”-ийг бий болговол энэ цаг үед хамгийн тохиромжтой хөгжлийн замнал юм. Манай салбарын хувьд урт, дунд хугацааны бодлогоо тодорхойлчихвол олон бүтээн байгуулалтыг хийхэд хувийн хэвшлийнхэн бэлэн байгаа.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэхийн ялдамд ирэх ондоо амьдрал нь цэцэглэсэн, амьжиргаа нь дээшилсэн, эрүүл энх, баяр баясал, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

No comments: