Friday, October 5, 2007

Мэдээллийн агуулах мэдээллийн сангаас юугаараа ялгаатай вэ?

Сүүлийн хэдэн хоног бие дааж Business Process Management/Modeling чиглэлээр нилээд судалж байгаа ба энэ нь мэдээллийн агуулахтай зайлшгүй холбогддог учраас өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцъя гэж бодлоо

Сүүлийн үед Business Intelligence болон Business Analysis нь аливаа байгууллагад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, улмаар шийдвэр гаргахад шаардагдах мэдээллээр хангах зэрэгт өргөн ашиглагдаж байна. Ер нь бизнесийн үйл ажиллагааг шинжлэхэд мэдээлэл (тэр тусмаа хэрэглэгчийн талаарх мэдээлэл) маш үнэ цэнэтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс энэхүү мэдээллээ хадгалж байгаа мэдээллийн санг ерөнхийдөө мэдээллийн агуулах (data warehouse) гээд байгаа. Тэгэхээр мэдээллийн сан (database), мэдээллийн агуулах 2 юугаараа яалгаатай вэ? гэдэг асуулт гарч ирнэ.

Мэдээллийн сангийн талаар энд дурдах нь илүүц бизээ. Мэдээллийн агуулах нь нэг хэлбэрийн мэдээллийн сан гэхдээ энд хадгалагдсан мэдээллийг өөрчилдөггүй, бас устгадаггүй. Энэ утгаараа тухайн мэдэээл нь зөвхөн уншигдах (read-only) горимд байна гэсэн үг. Үндсэндээ тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны өнгөрсөн дэх бүх мэдээлэл нь мэдээллийн агуулахад хадгалагддаг. Тиймээс энэ нь мэдээллийн сангаа бодвол илүү том хэмжээтэй болдог. Бизнесийн бүх үйл ажиллагаагаа тандах, тэдгээрийг сайжруулах, хэрэглэгчийн талаарх мэдээлэлд шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж байгаа бол мэдээллийн агуулахад хадгалагдсан мэдээллээ ашигладаг. Тухайн байгууллагын ашиглаж байгаа бүх эсвэл ихэнхи программын боловсруулан гаргасан мэдээлэл мэдээллийн агуулахад ирж хадгалагдаж байж энэ нь ирээдүйд үнэд хүрэх мэдээллийн агуулахыг бүрдүүлдэг.

Мэдээллийн агуулах нь тайлан гаргах, шинжилгээ хийхэд хэрэглэгдэх мэдээллийг хадгалах ба эдгээр мэдээлэл нь дээд удирдлагыг шийдвэр гаргахад хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Нэгэнт бий болсон их хэмжээний мэдээллээс хэрэгцээтэй мэдээллээ олж авахын тулд OLAP буюу online analytical processing ашигладаг. Мэдээллийн сан нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг учир OLTP буюу online transaction processing ашигладаг билээ.