Saturday, June 30, 2007

Мэдээллийн технологийн нэгэн компанид зорчсон тэмдэглэл

Саяхан Аксэнчер (Accenture) хэмээх мэдээллийн технологийн нилээд том компани дээр очиж ажил байдалтай нь танилцав. Тус компани нь дэлхийн 49 оронд салбартай нийт 146 мянган ажилтантай бөгөөд Австралид 6 салбартай 1800 гаруй хүн ажилладаг юм байна. Тэдний гол бизнесийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн шийдэлийг нь боловсруулах, мөн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт голцуу мэдээллийн технологийн менежмент чиглэлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.


Сургууль төгсөөд анх ажилд орж байгаа хүн менежментийн чиглэлээр ажиллах бол эхлээд бизнес шинжээч
(business analyst) болох ба тус ажил дээрээ сайн ажиллаад гүйцэтгэл өндөр байвал 3-5 жилийн дараа зөвлөх (consultant) болгох ба мөн л дахин 3 жилийн дараа менежер, ахлах менежер гэх мэтээр албан тушаалыг нь ахиулж ажилчдаа урамшуулах бодлого баримталдаг гэж байна лээ. Гэхдээ эхлээд ажилд орохын тулд бас нилээд шалгууртай. Эхний ээлжинд ажилд орохын тулд давдаг хэдэн даваануудаа (resume, cover letter, ярилцлага гэх мэт) ямар ч гэсэн давах шаардлагатай. Түүний дараа компани дээр нэг сар сургалтанд сууж үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг сурна. Энэ сургалт нь үнэгүй ба энэ хооронд цалин авахгүй. Түүний дараа “ажил дээрх сургууль”-д суралцана. Тэрхүү сургууль нь Малайзын Куала Лампур хотод байрлах ба энд л жинхэнэ бизнес шинжээч болох гараагаа эхлэнэ. Тус сургалтын хүрээнд онолын хувьд төдийлөн их зүйл заахгүй практик зүйл зааж бодит ажлуудыг хийдгээрээ энгийн сургуулиас ялгаатай. Өөрөөр хэлбэл компанийн хэсэгхэн ажлыг хийж үзэх ба тэрхүү гүйцэтгэлээ үнэлүүлэх зарчмаар сургалт явагдана. Энэ сургалт нь нэг жил орчим үргэлжлэх ба энэ хоорондоо багахан хэмжээний цалин авна. Ингээд тэрхүү сургуулиа дүүргэчихвэл компанийн жинхэнэ ажилтан болох үүд хаалга нь нээгдэж байгаа юм. Тус компанид ажилд орсоноор цалин нилээд өндөр байдаг ба амьдрах, ажиллах нөхцөл бололцоогоор маш сайн хангадаг гэж тус компанийн менежер илтгэл тавив. Уг компани хөдөлгөөнт оффис гэдгийг үнэхээр гайхалтай ашигладаг юм байна лээ. Мөн бизнес шинжээчидийг олоход хэцүү байна гэдгээ ч дурдаж байсан.

Ер нь хаа сайгүй л бизнес шинжээчид эрэлттэй байсаар цаашид ч улам л эрэлт ихтэй болох төлөвтэй.

Tuesday, June 26, 2007

Интернэт зах зээлд сул орон зай байсаар л...

Интернэт компаниудын тоо олширч энэ чиглэлийн бизнес улам л хүчээ аваад байх шиг. Өнгөрсөн онд л гэхэд интернэтийн зар сурталчилгаа 16 гаруй тэрбум долларт хүрч өмнөх онтойгоо харьцуулбал 35 хувиар өссөн байх юм. Ер нь интернэт компаниудын гол орлого нь зар сурталчилгааны орлого байдаг. Ингэхэд интернэт зар сурталчилгааны зах зээлд хязгаар байна уу? Энэ асуулт нь интернэт компанийн өсөлтөд хязгаар бий юу? гэсэн асуулттай агаар нэг сонсогдох байх. Миний бодлоор энэ чиглэлийн бизнес цаашид улам л хөгжинө гэхдээ ямар компани ирээдүйд үнэ цэнээ нэмэгдүүлэх вэ гэдэг нь өөрсдийн стратеги төлөвлөлт, үйл ажиллагаанаас хамаарах асуудал. Нөгөө Гүүгл гуай сүүлийн үед зах зээлд давамгайлах гээд нилээд нарийн төлөвлөгөө боловсруулчихсан үзээд байгаа энэ үед бусад компаниуд түүний эсрэг хэрхэн стратеги боловсруулж өрсөлдөх вэ гэдэг дээр бас л толгойгоо гашилгаж байна. Гүүглийн гол стратеги бол нэгэнт бий болгосон байр сууриа хамгаалахын тулд бусад жижиг өрсөлдөгч нарыг замаасаа зайлуулах, орон зай гаргаж өгөхгүй байх, түүнээс гадна зар сурталчилгааны компаниудыг худалдаж авах замаар "залгих" (acquisition) стратеги хэрэглээд байх шиг. Саяхан л гэхэд ДаблКлик хэмээн зар сурталчилгааны компанийг Яахүү хоёр тэр бумаар авах гэж байхад нь Гүүгл 3.1 тэрбум санал болгож үнээр цохиж авсан. Ингэснээрээ цаашдын үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл нь багасах, улмаар хүчирхэг болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь ДаблКлик хамжаарга болж өгөх нь ойлгомжтой. Майкрсофт ч яаж дутахав гэсэн шиг aQuantive-г 6 тэрбумаар авсан ч Гүүглийн өмнө хүчгүйдэж эхлэнгүүтээ Яахүүг 52 тэрбумаар авах санал тавиад нэг хэсэг шуугиулаад л амжлаа.

Ер нь интернэт зар сурталчилгааны зах зээл цаашид улам өсөх нь тодорхой байгаа өнөө үед энэ чиглэлийн бизнест Монголчууд бид ч гэсэн гараа дүрээд авахад буруудахгүй л болов уу. Гол нь стратегиа зөв сонгож, төлөвлөгөөгөө сайн боловсруулах л үлдэж байна. Сүүлийн үед МТ-ийн стратеги төлөвлөнө гэдэг маань бизнесийн стратеги төлөвлөхөөс нилээд өөр болоод байгаа. Жишээ нь бизнест 2 жил хүртлэхийг богино хугацааны стратеги төлөврөгөө, зорилт, 2-5 жил бол дунд хугацааных, 5 буюу түүнээс дээш бол урт хугацааных гэж төлөвлөдөг бол МТ-ийн компанийн хувьд 6 сар хүртлэх нь богино 6-18 сар хүртлэх нь дунд, түүнээс дээшхи нь урт хугацааных гэж төлөвлөж байна. 2 жил гэдэг бол маш их хугацаа. Баримт 1: Myspace-г байгуулагдаад хоёрхон жилийн дараа 580 саяын үнэ цэнэтэй болчихож байна. Баримт 2: Facebook байгуулагдаад мөн л хоёр жил болоход 975 саяар авах санал тавьж байсан. Энэ бүгдээс харахад манай МТ-ийн компаниуд стратегиа зөв боловсруулж чадвал дэлхийн зах зээл дээр орон зай биднийг хүлээгээд ч байх шиг...

Saturday, June 9, 2007

Ирээдүйд үнэд орох МТ-ийн мэргэжилтнүүд

Мэдээллийн технологийн (МТ) бизнесийн цар хүрээ болон түүнд өрсөлдөж байгаа компаниудын өсөлт, мөн салбарын хөгжил зэргээс харахад МТ нь хамгийн хурдацтай өсөж байгаа болон богино хугацаанд ашиг олж болох бизнесийн салбар гэдэг нь хүн бүхэнд тодорхой. МТ маань харьцангуй залуу салбар хэрнээ богино хугацаа нь огцом өсөж байгаа нь энэ чиглэлийн бизнест хүчээ соригчдын тоог өөрийн эрхгүй нэмэгдүүлж байна. Хөгжиж байгаа орнууд энэхүү өсөлтийг ашиглан өөрсдийнхөө хөгжлийг түргэтгэх, эдийн засгаа бэхжүүлэхийн тулд хувийн хэвшил, боловсрол, төрийн байгууллагууд нь нийлж (хүчээ хавсаргаж) байгаад тус салбараас “хувь хүртэх”-ийг эрвийх дэрвийхээрээ мэрийж байгааг бид бүхэн Хятад, Энэтхэг зэрэг орнууд аутсорсингийн бодлого хэрхэн баримталж байгаа, боловсрол нь түүн рүү хэрхэн чиглэж байгаа болон тэднийгээ төр нь хэрхэн бодлогоор дэмжиж байгаагаар нь харж болно.

Чадварлаг боловсон хүчинтэй байна гэдэг нь хувийн хэвшлийн хувьд зах зээлд өрсөлдөх давуу талыг авчирч байдаг, улс орны хувьд хөгжлийн тулгуур болж өгөхөөс гадна хөгжлийн түлхүүр хүчин зүйлийн нэг болж өгдөг. Манай орон сүүлийн үед мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил, аутсорсинг гэх мэт оюунлаг зах зээл рүү “дайрах” бодлого баримталж байгаа гэж ойлгогддог. Тиймээс аутсорсингийн зах зээл дээр дотоодын компаниудаа дэмжиж гаргаж ирэх, байр суурийг нь бэхжүүлэхийн тулд боловсролын салбарт анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Үүнд зөвхөн мэргэжлийн сургуулиудийн хөтөлбөрийг шинэчилж, чанаржуулахаас гадна мэргэжлийн сургалтын төвүүдийг бий болгох хэрэгтэй.

Ингээд дан ганц миний ажиглалт, үзэл бодол биш бас бусад хүмүүсийн үзэл бодлуудаас дүгнэж манай улс ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай вэ гэдэг дээр өөрийн дүгнэлтийг хийсэн юм. Ирээдүйд дараах ур чадвартай мэргэжилтнүүд МТ-ийн дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байна.

Үүнд:

  • МТ-ийн төслийн менежер. МТ-ийн төслийг удирдах нь амар ажил бишээ. Тэр тусмаа сүүлийн бараг 15 жил хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгд тооцогдоод байгаа цаашид ч энэ шинч чанараа хадгална гэж үзэж байна. МТ-ийн бараг бүх ажлууд төсөл хэлбэрээр хэргэждэг гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • Бизнесийн шинжээч (Business IS Analyst). Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа мэргэжил. Уламжлалт бизнесийн шинжээч биш шүү!!!
  • Business Intelligence. Анхан шатны өгөгдөл дээр ажиллаж шийдвэр гаргах үйл явцыг дэмждэг. Энэ үг одоо бизнесийнхэн болон багш нарын амнаас салахаа больсон.
  • Өгөгдлийн сантай харьцах бүх мэргэжлүүд (Database administrator, database manager, data warehousing, storage manager, data mining гэх мэт) Мэдээлэл хэдий чинээ их боловсруулагдаж байна төдий чинээ энэ мэргэжил эрэлттэй байна гэсэн үг. Ялангуяа вэб 2.0 нь хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулгыг дэмжиж байгаа нь мэдээллийг тонн тонноор нь үйлдвэрлэж байгаа.
  • Программист. Мэдээж чадварлаг программист маш чухал гэхдээ эдгээр программистууд нь C++, Java, Python, Ruby программчлалын хэлүүдийг чадварлаг эзэмшсэн байх ёстой. ASP.NET, Perl болон PHP дээр программ бичдэг мэргэжилтнүүд Энэтхэг, Хятад зэрэг олон программисттай оронд хангалттай тоогоор бэлтгэгдэж байгаа тул бидэнд өрсөлдөхөд бэрхшээлтэй. Үүн дээр нэмээд мэдээж AJAX хөгжүүлэгч хэрэгтэй.
  • Энтэрпрайз архитектурч. Бизнесийн үйл ажиллагаа томорч, хүрээгээ тэлэхийн хирээр энтэрпрайз систем ихээр хэрэглэгддэг. Тиймээс энэ чиглэлийн бизнесийг “мөнгөний уурхай” хэмээн зарлаад байгаа ба энэ чиглэлийн программуудын үнэ хэдэн сая доллараар зарагддаг билээ.
  • Системийн шинжээч болон дизайнер. Системийн цаашдын хувь заяа системийн шинжээчээс ихээхэн хамаардаг тул ирээдүйд эрэлттэй хэвээр үлдэнэ. Бизнесийн шинжээчтэй тулж ажиллаж байж сайн системийн загвар боловсрогдоно.
  • Аюулгүй байдлын мэргэжилтэн. Мэдээлэл бий цагт мэдээллийн аюулгүй байдал чухал нөлөө үзүүлэх нь тодорхой.
  • МТ-ийн менежер. Мэдээж тухайн байгууллагын амжилт менежерээс шууд хамаарах нь ойлгомжтой. Чадварлаг МТ-ийн менежер ямар ч үед хаана ч хэрэгцээтэй нь ойлгомжтой.

АНУ-ын холбогдох албан тушаалын хүмүүс “Бидэнд одоогоор техникийн боловсон хүчин гаднаас авах хэрэггүй. Тэр чиглэлийн ажлыг бид аутсорсингоор зохицуулах болно. Тиймээс H1-B визнийхээ (техникийн ажилтан авч ажиллуулдаг визний төрөл) тоог бууруулах бодлого баримталж байгаа” хэмээн хэлж байсан. Үүнтэй зэрэгцээд аутсорсингийн зах зээлд ч хүчтэй өрсөлдөөн өрнөж эхэлсэн. АНУ-ын зах зээл рүү Энэтхэг, Хятад, Вьетнам, Пакистан зэрэг орнуудын хүчтэй орж байхад Европын зах зээлд Чех, Орос зэрэг улсууд бас өөрсдийн стратегийг боловсруулчихсан дайрч байх юм. Харин манай улсын хувьд зорилтод зах зээл маань Япон (холбогдох материалуудыг уншихад) гэж ойлгогдож байгаа. Бидний хувьд Хятад болон Вьетнамууд хүчтэй өрсөлдөгчид байх нь ойлгомжтой. Энд тухайн орнуудаас ирсэн оюутнуудтай ярилцаж байхад бас л тодорхой даалгавартай бас зорилготой ирдэг нь тодорхой юм билээ. Тиймээс бид тэдэнтэй өрсөлдөнө гэж адил зүйл сураад байвал манай улсын хувьд зөв стратеги биш (наад зах нь боловсон хүчний тоогоор харьцуулахад бид давуу тал олж авч чадахгүй байна). Тиймээс өөрийн давуу тал болон ялгарах онцлогыг бий болгохын тулд дээрх ур чадвартай мэргэжилтнүүдийг ихээр бэлдэх хэрэгтэй.

Ер нь дээр дурдсан чадваруудыг эзэмшсэн тохиолдолд хувь хүний хувьд ч гэсэн өөрийн үнэ цэнээ бий болгох боломж байгааг бас дурдах нь зүйтэй. Гэхдээ бүгдийг нэг хүн эзэмших боломжгүй нь мэдээж.


Hit me back on your thoughts!!!

Thursday, June 7, 2007

Боловсруулах гэж байгаа программын хэмжээг хэрхэн урьдчилан тооцох вэ?

Зарим үг хэллэгийг орчуулалгүй хэрэглэсэндээ хүлцэл өчье


Аливаа програм хангамжийг боловсруулахын өмнө программ боловсруулагчид тухайн програм маань ямаршуухан өртгөөр бий болох талаар тооцоо хийх шаардлагатай. Дан ганц програм боловсруулагчид ч биш мөн програм хийлгэх гэж байгаа захиалагч байгууллага өөрөө тухайн программын өртгийн талаар урьдчилсан тооцоог хийж тус байгууллагадаа ашигтай байна уу, үгүй гэж урьдчилан тооцоо хийх ёстой. Тухайлбал, ямар нэг байгууллага Мэдээллийн технологи (МТ)-н төсөл хэрэгжүүлэх гэж байна гэж бодъё. Тэгвэл тус байгууллага эхлээд хэрэгцээгээ тодруулах, төслийн төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай ингээд төлөвлөгөө бий болсоны дараа тус төсөл ямар бүтээгдэхүүн бий болгох тэр нь ямар хугацаанд, ямар өртгөөр бий болох талаар тодорхой
(ядаж л барагцаа) мэдээлэл өгөх ёстой. Ингээд тус байгууллага тухайн төслийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгч нараас үнийн санал болон бусад холбогдох мэдээллийг (RFT-Request for Tender, RFQ-Request for Quote, RFP-Request for Proposal зэргээс оновчтойг нь ашиглан) авч үнэлж үзээд өөрийн байгууллагад аль ашигтай саналыг сонгодог билээ.

Төсөл боловсруулах явцад хамгийн бэрхшээлтэй хэсэг нь программын өртөгийг тооцох хэсэг байдаг. Ядаж тухайн программыг боловсруулах хугацааг нь мэдээд авчихвал өртгийг нь тооцоход арай дөхөм болно. Хугацааг тооцох хэд хэдэн арга түгээмэл хэрэглэгддэг. Тоочвол, таамаглах, харьцуулах, делфи техник, дээрээс доош (top-down), доороос дээш (bottom-up) гэх мэт.

Түүнээс гадна тухайн программын хэмжээг нь мэдэх зайлшгүй шаардлагатай ба үүнийг хэмждэг хамгийн түгээмэл бөгөөд өргөн хэрэглэгддэг хэмжигдэхүүн бол кодын мөрийн тоо (lines of code) байдаг билээ. Кодын мөрийн тоог мэдэхийн тулд мөн л хэд хэдэн арга хэрэглэгддэг. Үүнд: Function point analysis, COCOMO (COnstructive COst MOdel), heuristics, SLIM гэх мэт. Мэдээж мөрийн тоог гаргах нь яг программыг хэмжээг тодорхойлно гэсэн үг биш. Яагаад гэвэл туршлагатай, чадварлаг программистууд бусад программистуудаас бага мөрөнд илүү үр дүнтэй программ бичдэг. Гэхдээ ядаж л эхний ээлжинд багцаа байх шаардлагатай. Энэ багцаа нь илүү нарийвчлал сайтай тусмаа төслийн хугацаа болон өртөг бодит байдал руу илүү дөхнө гэсэн үг. Австралид Telstra хэмээх (манай Цахилгаан холбоо компани шиг утасны шугамыг нь дангаар эзэмшигч монополь, түүнээс гадна гар утасны хамгийн том операторын нэг) компани өөрийн компанид хэрэгцээтэй байгаа программын хэмжээг тодорхойлох бүхэл бүтэн хэлтэстэй бөгөөд энэ хэлтэс нь 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.

1979 онд IBM анх Function point analysis (цаашид FPA гэх)-ыг танилцуулсан бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг программын хэмжээг тодорхойлох аргуудын нэг юм. Энэ аргыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх олон улсын байгууллагууд (IFPUG, UFPUG) байгуулагдан улмаар энэ аргыг хэрэглэх мэргэжлийн сургалт хүртэл явуулж, сертификат олгодог байна. Энэ аргын гол санаа нь тухайн програмд ашиглагдах функцуудыг урьчдилан тооцоолж тухайн функц нь ямар үйлдэл хийх болон түүний түвэгтэй байдлыг тодорхойлно. Функцуудыг үндсэн 5-н төрөлд ангилна.

Үүнд:

  • External input types (файл болон өгөдлийн санд мэдээлэл оруулах болон өөрчлөх)
  • External output types (файл болон өгөдлийн сангаас мэдээлэл гаргах)
  • External inquiry types (файл болон өгөдлийн сангаас мэдээлэл унших)
  • External interface file types (бусад программуудтай мэдээлэл солилцох)
  • Internal logical file types (системд хэрэглэгдэж байгаа дотоод файл)

Function point (FP) тооцох алхамууд:

  • Програмд хэрэглэгдэх бүх функцийг тодорхойлох
  • Эдгээр функцүүдээ ажиллахад (боловсруулахад) түвэгтэй байдлаараа бага, дунд, их гэж ангилна
  • Unadjusted function points (UAF)-г тодорхойлно. Үүнийг тодорхойлоход тусгай хүснэгт ашигладаг.
  • Үүний дараа value added adjustment factor (VAF)-г тодорхойлно. Энэ нь нилээд бэрхшээлтэй ба олон нөхцлөөс хамаарч утга нь гарч ирнэ.
  • FP=UAF x VAF

FP нэгэнт тодорхой болсон бол ямар программчлалын хэл ашиглах гэж байгаагаас шалтгаалан коэффициентээр үржүүлэгдэнэ. Жишээ нь: С дээр программаа боловсруулах гэж байгаа бол нэг FP-д 128 мөр, C++ бол 64 мөр, харин VB бол 32 мөр гэх мэтээр тооцно. Мэдээж тухайн хэлний онцлогоос хамаарч энэ коэффициент нь янз бүр байна.

Нэгэнт программын маань кодын мөрний тоо нь урьдчилан тооцоологдсон бол цаашид хугацаа болон өртгийг нь тооцоход хялбар болох ба тухайн төслийн маань хэрэгжих боломж нь нэмэгдэнэ гэсэн үг. МТ-ийн төслийн 50 орчим хувь нь хугацаанаасаа хэтэрч мөн төлөвлөсөн төсвөөсөө ихийг зарлагадаж байж хэрэгждэг.

FPA-н талаар илүү ихийг сурахыг хүсвэл http://www.softwaremetrics.com/ хаягаар орно уу.

Ашигласан үндсэн материал:

- Marchewka, Jack 2006, "Information Technology Project Management", ISBN-13 978-0-471-71539-9

Sunday, June 3, 2007

Вэб 2.0-ийн нөлөө

Урьд нь Вэб 2.0-ийн талаар зарим хүмүүс блог дээрээ бичиж байсан, харин энэ удаад бичлэг давхцуулахгүйг хичээв.

Вэб 2.0 улам хөгжиж хүрээгээ тэлж байгаа. Энэхүү хөгжил нь дан ганц МТ-ийн болон мэдлэг, мэдээллийн хөгжилд нэмэр оруулаад зогссонгүй. Бүр бусад салбарын хөгжилд нөлөөлж багагүй хүмүүсийг ажилтай болгож байгаа нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж байна гэж зарим мэдээллийн эх сурвалж өгүүлсэн байна лээ. Харвардын их сургуулийн туслах профессор, доктор Андрю МакАфий өөрийн блогтоо вэб 2.0 нь мэдээллийн технологичидыг нойрноос нь сэрээсэн, харин үүнтэй ижил энтэрпрайз 2.0 нь бизнесийнхэнийг мөн сэрээх болно хэмээн бичсэн байсан.

Мэдлэгт нөлөөлөх нь

Блогчдыг сүүлийн үед "шоглох" үзэгдэл мэр сэр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Жишээ нь: Олон ангит кинон дээр хүнтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаггүй хүмүүс блог нээдэг ч гэх шиг мөн Симпсон (хүүхэлдэйн кино)-ы нэг цуврал дээр хүртэл гарч байна лээ. Мэдээж аливаа юм хийж байгаа хүн шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл. Энэхүү шүүмжлэлийг МакАфий мэдлэгт дусал нэмэр болж байхад хөндлөнгөөс бүү оролц хэмээн хэлсэн нь яг оносон хариулт мөн. Гэхдээ учиргүй олон мэдээлэл үйлдвэрлэх биш чанартай мэдээлэл үйлдвэрлэх ёстой гэж мань эр дурдсан байна лээ (энд викиг голчлон хэлж байна).

Эдийн засагт нөлөөлөх нь

Google гэхэд л 3-н газар data center бариад эхэлчихлээ. Үүнийгээ түргэн хоолны франчайзингийн тархалттай хүртэл зүйрлэсэн байх юм. Мөн түүнээс гадна Google-н гол өрсөлдөгч болох Microsoft хүртэл томоохон хэмжээний data center байгуулж байна. Бас Yahoo, ask.com, Intiut зэрэг компаниуд мөн л data center байгуулж байгаа нь олон хүнийг ажилтай болгох, дэд бүтцийг хөгжүүлэх мөн мэдээллийн урсгалыг тэнцвэржүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Эдгээр төвүүд нь голцуу хүн ам бага суурьшсан хотуудад байгуулагдаж байгаа нь МТ-ийн салбарт байршил төдийлөн чухал биш дэд бүтэц гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг илтгэж байна. Эцэст нь дүгнэхэд Вэб 2.0 нь зөвхөн технологи, программын хүрээнд хязгаарлагдаад тогтохгүй хөгжлийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

МТ-д нөлөөлөх нь

Саяхан манай нэг доктор багш хичээл дээр Вэб 2.0, Вэб 1.0-ээс юугаараа ялгаатай талаар хэлэлцээд дараах дүгнэлтийг хийсэн юм.
- Хамтын ажиллагаа (хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулга)
- Технологи (AJAX, JSON, RSS and Atom...)
- Программууд/хэрэгслүүд (Blog, Wiki, xxxcast...)

Мөн сүүлийн 2 орчим жил программ хангамж хөгжүүлэгчдийн ажилд хүртэл нөлөө үзүүлээд л амжсан. Тухайлбал, SOA (Service Oriented Architecture) үйлдвэрлэгчид зайлшгүй вэб 2.0-ийг хүлээж авах платформ бүтээхгүй бол бусад вэб үйлчилгээнүүд тухайн системтэй холбогдох, зохицоход бэрхшээл учирах нь ойлгомжтой.

Вэб 2.0 байгууллагад нөлөөлөх нь

Сүүлийн үед байгууллагууд бизнес стратеги, бодлого болон дотоод журамдаа блог болон викиг ашиглах талаар тусгах болсон. Тухайлбал: байгууллагын ажилтанууд блог дээрээ эсвэл вики дээр байгууллагынхаа нууц мэдээллүүдийг байрлуулах явдал гарч байгаа учир үүнийг хязгаарлах хэрэгтэй. Мөн түүнчлэн саяхан Майкрософт өөрийн бүтээгдэхүүнээ вики дээр хэт их магтсанаас үүдэж шүүхэд дуудагдаж байсан. Стратегийн хувьд гэвэл RSS эсвэл Atom зэргийг ашиглаж байнгын үйлчлүүлэгчтэйгээ байнгын холбоотой байж болох юм.

Мөн цаашлаад нууцлал, аюулгүй байдлын асуудал ч сүүлийн үед яригдаж байна. Цаг завын улмаас энэ удаад үүгээр өндөрлье. Цаашид энэ сэдвээ комментээр үргэлжлүүлэн баяжуулж байх болно.