Tuesday, August 28, 2007

Залгилт

Энэ удаад мэдээллийн технологийн (МТ) бизнес дэх стратегийн арга хэлбэр болон өнөөгийн байдлын талаар бага ч болов мэдээлэл бичье.

Сүүлийн арав гаруй жил глобальчлалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа тив алгасан хөгжиж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Бизнесийн үйл ажиллагаа томорч, өсөн нэмэгдэхийн хирээр тухайн бизнесийг удирдах, компаниа ашигтай ажиллуулах нь улам бүр ээдрээтэй болдог. Компанийг ашигтай ажиллуулах үндсэн хоёр зарчим байдаг нь, нэгдүгээрт бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж орлогоо нэмэгдүүлэх, хоёрдугаарт зардлаа багасгах гэсэн арга замуудын нэгийг нь эсвэл хоёуланг нь сонгож болох юм. Гэхдээ энэ хоёр маань бодит амьдрал дээр ихэнхи тохиолдолд нийцдэггүй (үйл ажиллагаа нь үндсэндээ автоматжуулагдаагүй байсан тохиолдолд өөр л дөө).

Одоогоос хэдэн жилийн өмнө МТ-ийн компаниуд ажилчдынхаа тоог цомхотгох, зарим салбаруудаа татан буулгах хэлбэрээр зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлж байсан бол одоогоор том компаниуд хоорондоо нэгдэх, хамтрах арга хэлбэрээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг тэмүүлэх болжээ. Өмнөх бичлэг дээрээ энэ талаар дурдсан байгаа.

Миний мэдэхээр бизнест үндсэн гурван "нэгдэх" стратегийн арга хэлбэр байдаг. 1-рт залгих буюу acquisition, 2-рт нэгдэх буюу merge, 3-рт хамтрах буюу partnership. Үүнээс МТ-ийн салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь залгих стратегийн хэлбэр юм. Миний бодлоор энэ чиглэлээр Google нилээд мэргэшсэн, мөн хамгийн олон залгилтыг хийсэн болов уу. Хамгийн сүүлийн үеийн үйл явдал гэвэл өчигдөр Acer (бидний сайн мэдэх компьютерийн компани) компани Gateway (компьютерийн худалдаагаараа дэлхийд 8-д жагсдаг) компанийг 710 сая доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү залгилт нь Acer-ийг дэлхийн гурав дахь том компьютер нийлүүлэгч болгоод зогсохгүй тэдний хүчтэй өрсөлдөгч болох Lenovo-д хүндээр туссан тухай бас өгүүлсэн байна лээ. Уг нь Lenovo Packard Bell-ийг залгих талаар ярилцаж байгаа. Компьютерийн зах зээлд өнгөрсөн жил HP хамгийн олон компьютер борлуулж хэдэн жил тэргүүлээд байсан Dell-ийн урд гарсан бөгөөд түүнээс болж Dell-ийн үүсгэн байгуулагч Майкл Дэлл өөрөө компаниа удирдахаар ирсэн (өмнөх захиралыгаа хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлахад багагүй мөнгө төлсөн). Майкл Дэллийг ирэхэд олон хүмүүс одоо юу болохыг нь харъя хэмээн чих тавьж байсан ба мань хүн ч үнэхээр мундаг менежер гэдгээ харуулж байдал эрс сайжирч эхэлсэн ба түүний гол стратеги нь Wal-Mart сүлжээ дэлгүүрээр дамжуулан компьютераа худалдах явдал байсан. Үүний өмнө тэднийх онлайнаар үндсэн худалдаагаа хийдэг байсныг бүгд мэдэх бизээ. Энэ жил Dell HP-ээс тэргүүн байраа эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байна.

За ингээд дэлхийн томоохон компаниуд хоорондоо нэгдэж хүчээ зузаатгаж байгаа үйл явц манайд ч гэсэн удахгүй давтагдах нь ойлгомжтой. Энэ үед сайн менежер үнэд орох нь ойлгомжтой, тиймээс энэ чиглэлийн зарим нэг боловсон хүчнээ эртхэн бэлдэж байх нь илүүдэхгүй болов уу. Сүүлийн үед МТ-ийн компанийг ямар мэргэжилтэй хүн удирдах нь зүйтэй вэ? гэсэн маргаан нилээд газар авч байна. Ажиглалтаар амжилттай явж байгаа том компанийн ихэнхи захиралууд Бизнесийн удирдлагаар магистр хийсэн МТ-ийн бакалаврын зэрэгтэй хүмүүс байх юм билээ. Бид бусадтай өрсөлдье гэвэл эхлээд нэг зүйлийг хамтран хийж багаар ажиллаж сурах хэрэгтэй гэж бодож байна.

Thursday, August 9, 2007

Ногоон технологи

Green IT буюу ногоон мэдээллийн технологи (МТ) гэж сүүлийн үед хүмүүс ярих боллоо. Угаасаа сүүлийн үеийн халуухан сэдвүүдийн нэг нь яалт ч үгүй мөн л дөө. Хүмүүс байгаль хамгаалал ярихаараа түүнийгээ "ногоон" гэж нэрлэдэг (доллар биш шүү таминь). Үүнтэй адил МТ хэрэглэхдээ бага эрчим хүч зарцуулахыг ногоон МТ гээд байгаа юм.

Ногоон МТ бий болгоход хэд хэдэн арга байна. Эхнийх нь мэдээж цахилгаан бага зарцуулдаг технологи бүтээх. Ингэснээрээ цахилгаан эрчим хүчээ хэмнэж байгаль орчныг арай бага сүйтгэнэ гэсэн үг. Ер нь цахилгаан эрчим хүч нь дэлхийн дулааралд шууд нөлөөлж дэлхийн дулааралд нөлөөлж байна гэж яригдаж байгаа. Тиймээс ч саяхан Сиднейд хэсэг хугацаанд гэрлээ унтрааж байсан, мөн бас нэг том хотод үүнтэй адилхан ажил явагдсан. Энэ нь бага ч болов байгаль эхээ хайрлаж, түүнд үзүүлж байгаа эрчим хүчний сөрөг нөлөөг бууруулахад гол санаа нь оршиж байсан.

Ногоон МТ-ийн дараагийн арга хэмжээ нь хөргөлтийн системийг (cooling system) ашиглахгүй байх. Хөргөлтийн систем нь байгаль орчинд хор нөлөөтэй гэж олон эрдэмтэд баталдаг. Олон тооны тоног төхөөрөмж нь маш их дулаан ялгаруулдаг тул хөргөлтийн систем байрлуулахгүй бол амархан эвдэрч гэмтдэг сул талтай. Тэгвэл одоо зарим төхөөрөмжүүд цельсийн +50 хүртэл градуст ажиллах чадвартай болж байгаа юм байна. Энэ төхөөрөмжүүд олноор гараад ирвэл манайх шиг хөргөлтийн системгүй байшингуудад хэрэгтэй юм даа.

Цаашлаад хөдөлгөөн мэдрэгчээр ажилладаг цахилгаан шат болон гэрэл, нарны гэрлийг хуримтлуулагч, мөн автомат тохируулагчтай гэрэл, мониторууд гээд олон зүйлийн санаачилга гаргаж байгаа бололтой.


Холбоосууд:

Wednesday, August 8, 2007

Мэдээллийн систем, Мэдээллийн технологи юугаараа ялгаатай вэ?

Ихэнхи хүмүүс МС (Мэдээллийн систем - Information System) болон МТ (Мэдээллийн технологи - Information Technology) гэсэн хоёр тусдаа ойлголтыг ялгадаггүй бөгөөд адилхан зүйл мэт ойлгодог. Тэгвэл эдгээр нь хоорондоо төстэй боловч адилхан ойлголтууд биш.

МТ нь цэвэр компьютерийн шинжлэх ухаантай холбоотой ойлголт. Үүнд техник хангамж, программ хангамж болон бусад технологиуд хамрагдана гэсэн үг. Харин МС нь технологи болон хүний (нийгмийн) үр дүнтэй харилцааг илэрхийлдэг. Гэхдээ бүр МС-д технологийн оролцоо байхгүй ч байж болно гэж зарим хүмүүс үздэг (Checkland and Holwell 1998, Information, Systems and Information Systems: Making sense of the field). Тухайлбал, хүмүүс хоорондоо мэдээлэл солилцохдоо технологи ашиглахгүй (жишээ нь: харилцан яриагаар) байж болно. МС нь ер нь шийдвэр гаргах, идэвхитэй харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг.

Түүнээс гадна МТ нь цэвэр технологийн асуудал учир үүнд стратеги төлөвлөлт төдийлөн хамааралгүй. МС нь харин бизнесийг хурдасгагч хөшүүрэг болдог гэсэн утгаараа стратегийн чухал ач холбогдолтой. Жишээ нь: тухайн компани зах зээл дээр өөрийн байр суурийг хадгалж үлдэх эсвэл хүрээгээ тэлэх гэсэн стратег баримталж байвал МС-ийн стратеги боловсруулж түүний дагуу МТ нь тоног төхөөрөмж, программ хангамж зэргээ худалдан авна.

Бизнес болон МС-ийн стратеги болон төлөвлөгөө боловсруулахын тулд бизнес болон харилцагчдын (үүнд: үйлчлүүлэгч, хамтрагч, худалдан авагчид зэрэг бүгд орно) нарын талаарх мэдээлэл дээр үндэслэх ба үүнийг МТ-г ашиглан цуглуулна. Жишээ нь: Хүнсний сүлжээ дэлгүүрийн хувьд МТ-г ашиглан борлуулалт болон нийлүүлэлтийн (Supply Chain Management) талаархи бүх мэдээллийг цуглуулан авч (datawarehouse-д), шинжилгээ хийснээрээ (datamining and analysing) ирэх сар, улирал, жилийнхээ төлөвлөгөөг хийхээс гадна стратеги боловсруулна. Хэрэглэгчид хаанаас ямар бүтээгдэхүүнийг олноор авч байна үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна гэх мэтийг тооцож үзээд тухайн зах зээл нь Бостоны матриксын "саалийн үнээ" дээр байх юм бол зах зээлээ хамгаалахын тулд нийлүүлэлт болон хуваарилалтын үйл явцаа сайжруулах, байнгын үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх, аль болох өргөн хүрээний мэдээлэл олж авахын тулд МТ-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах МС-ийн стратеги хэрэглэж болох юм.

МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь: техник хангамж, программ хангамж, мэдээлэл, хүмүүс, процесс гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ зарим хүмүүс үүн дээр сүлжээг оруулж өгөх ёстой ч гэж үздэг.

АйТи хөгжил салбаруудад



( Тайлбарлалтгүй биз дээ)

Source: Boston Consulting Group, 2003

Wednesday, August 1, 2007

Үнэгүй онлайн сургалт

Чанартай тэр тусмаа үнэгүй сургалтанд олон хүн суралцах сонирхолтой байдаг. Энэ удаад та бүхэнд Азийн хөгжлийн банкны дэргэдэх хүрээлэнгээс зохион байгуулдаг үнэгүй онлайн сургалтыг танилцуулж байна.

Тус хүрээлэн нь АХБ-ны гишүүн орнуудынхаа иргэдийн мэдлэг, чадварыг сайжруулахын тулд одоогоор дараах сургалтуудыг зохион байгуулж байна.
  • Community Information Services
  • Computer Courseware Development
  • E-Business Strategies
  • E-Learning Policies
  • Online course on Community Information Services
  • Online course on Public Information Services
  • Public Information Services
  • Workforce Development
Эдгээр сургалтуудын онцлог нь гэвэл хичээлийн агуулга нь практик тал руу түлхүү анхаарсан ба илтгэгч болон суралцагчид нь олон орны хүмүүс байдаг учир мэдлэг, туршлагаа хуваалцах сайхан талбар гэж үзэж байна. Хичээлийн явцад хэд хэдэн бие даалт өгөх ба хэлэлцүүлэгт оролцох эсвэл тэндээс мэдээлэл авах боломжтой. Харин хичээлийн төгсгөлд сүүлийн шалгалтыг онлайн өгсөнөөр тухайн сургалтаа дуусгана. Өнгөрсөн семестерт хичээлийнхээ хажуугаар И-Бизнесийн стратегиуд хэмээх сургалтад хамрагдсан нь пракик мэдлэг, мэдээллийг олж авахад минь бага ч болов тус нэмэр болсоныг дурдах нь зүйтэй байх.

Дараах холбоос дээр дарж онлайн курст бүртгүүлэх боломжтой.

http://www.adbi-classroom.org/

Төгсөхөд нь сертификат өгдөг юм байна лээ шүү.