Friday, October 5, 2007

Мэдээллийн агуулах мэдээллийн сангаас юугаараа ялгаатай вэ?

Сүүлийн хэдэн хоног бие дааж Business Process Management/Modeling чиглэлээр нилээд судалж байгаа ба энэ нь мэдээллийн агуулахтай зайлшгүй холбогддог учраас өөрийн олж мэдсэн зүйлээсээ хуваалцъя гэж бодлоо

Сүүлийн үед Business Intelligence болон Business Analysis нь аливаа байгууллагад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, улмаар шийдвэр гаргахад шаардагдах мэдээллээр хангах зэрэгт өргөн ашиглагдаж байна. Ер нь бизнесийн үйл ажиллагааг шинжлэхэд мэдээлэл (тэр тусмаа хэрэглэгчийн талаарх мэдээлэл) маш үнэ цэнэтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс энэхүү мэдээллээ хадгалж байгаа мэдээллийн санг ерөнхийдөө мэдээллийн агуулах (data warehouse) гээд байгаа. Тэгэхээр мэдээллийн сан (database), мэдээллийн агуулах 2 юугаараа яалгаатай вэ? гэдэг асуулт гарч ирнэ.

Мэдээллийн сангийн талаар энд дурдах нь илүүц бизээ. Мэдээллийн агуулах нь нэг хэлбэрийн мэдээллийн сан гэхдээ энд хадгалагдсан мэдээллийг өөрчилдөггүй, бас устгадаггүй. Энэ утгаараа тухайн мэдэээл нь зөвхөн уншигдах (read-only) горимд байна гэсэн үг. Үндсэндээ тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны өнгөрсөн дэх бүх мэдээлэл нь мэдээллийн агуулахад хадгалагддаг. Тиймээс энэ нь мэдээллийн сангаа бодвол илүү том хэмжээтэй болдог. Бизнесийн бүх үйл ажиллагаагаа тандах, тэдгээрийг сайжруулах, хэрэглэгчийн талаарх мэдээлэлд шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж байгаа бол мэдээллийн агуулахад хадгалагдсан мэдээллээ ашигладаг. Тухайн байгууллагын ашиглаж байгаа бүх эсвэл ихэнхи программын боловсруулан гаргасан мэдээлэл мэдээллийн агуулахад ирж хадгалагдаж байж энэ нь ирээдүйд үнэд хүрэх мэдээллийн агуулахыг бүрдүүлдэг.

Мэдээллийн агуулах нь тайлан гаргах, шинжилгээ хийхэд хэрэглэгдэх мэдээллийг хадгалах ба эдгээр мэдээлэл нь дээд удирдлагыг шийдвэр гаргахад хүчтэй дэмжлэг үзүүлдэг. Нэгэнт бий болсон их хэмжээний мэдээллээс хэрэгцээтэй мэдээллээ олж авахын тулд OLAP буюу online analytical processing ашигладаг. Мэдээллийн сан нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг учир OLTP буюу online transaction processing ашигладаг билээ.

Sunday, September 23, 2007

Аутсорсингийн захиргаа (Outsourcing Governance)

Саяхан бие дааж энэ сэдвээр хийсэн судалгааныхаа нэг хэсгээс толилуулж байна.


Мэдээллийн технологийн захиргаа (IT Governance)-ны үндэс гэж хэлж болох дэд захиргаа нь аутсорсингийн захиргаа (цаашид OG гэх) билээ. МТ-ийн захиргаа нь өөрөө байгууллагын захиргаа (corporate governance буюу манайхан зохистой засаглал гэж орчуулдаг гэсэн)-ны салшгүй нэг хэсэг болсноороо тухайн байгууллага МТ-ийг үр ашигтай ашиглах, түүнийгээ үнэлж, дүгнэх болон эрсдэлээ бууруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

OG нь тэгвэл тухайн аутсорсинг үзүүлж байгаа байгууллага болон түүний харилцагч байгууллагын хооронд гүүр болж хоёр талд нь үйлчилдэг захиргааны хэлбэр юм. Ер нь МТ-ийн аутсорсинг нь сүүлийн үед хүрээгээ тэлж бүр зарим байгууллагад мэдээллийн аюулгүй байдлынхаа асуудлыг хүртэл гадны байгууллагад итгэж, даатгахад бэлэн болсон байна. 2006 оны 11 сард Ernst & Young компанийн хийсэн судалгаанд дэлхийн томоохон байгууллагуудын 1200 гаруй дээд албан тушаалын мэргэжилтэнүүд оролцсон ба тэдний 60 хувь нь мэдээллийн аюулгүй байдлынхаа асуудлыг бусдад даатгачихсан эсвэл даатгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүгээрээ тэд МТ-н аутсорсинг үйлчилгээ улам бүр өргөжиж байгааг нотлоод зогсохгүй цаашид өснө гэдгээ илэрхийлсэн. Энэ мэтчилэн аутсорсинг нь дэлгэрэхийн хирээр олон асуудлууд ар араасаа урган гарч ирсэн. Тухайлбал ихэнхи удирдлагууд аутсорсингийн эцсийн чанарт сэтгэл дундуур явдаг ба аутсорсинг нь бизнесд хүссэн хэмжээгээр үнэлэмж (value) авчирдаггүй, бизнес стратегитэй уялдаа муу, бизнесийн үйл ажиллагааг шинэчилж, өөрчилж чадахгүй байна гэдгээ нуугаагүй байна. Тэдний үзэж байгаагаар аутсорсинг нь өндөр мэргэжлийн боловсон хүчинг ашиглан хямд зардлаар бүтээгдэхүүнээ хийлгэх гэсэн уламжлалт томъёоллынхоо хүрээнд ажиллаж байгаа ба аутсорсингд хамгийн чухал зүйл бол харилцааны асуудал гэдэгтэй санал нэгдсэн байна лээ. Энэхүү харилцааны асуудал нь OG-н амин сүнс байж болох юм.

Одоогийн байдлаар хараахан ерөнхий зориулалтын OG фрэймвөрк боловсруулагдаагүй. Судлаач, эрдэмтэд болон зарим компаниуд өөрийн гэсэн фрэймвөркөө гаргасан байдаг юм билээ. Эдгээр фрэймвөркүүд нь тухайн байгууллагын аутсорсингийн үр дүнг боломжит их хэмжээнд хүргэхээр тэмүүлдэг ба байгууллагын онцлогыг ихээр шингээсэн байдаг болохоор бусад байгууллагуудад тохирох нь ховор. Жишээ нь: Сиско л гэхэд өөрийн OG фрэймвөрктэй ба түүн дээрээ үндэслээд аутсорсинг удирдлагын хэрэгслүүдийг ч гаргасан байдаг юм билээ.

Ихэнхи фрэймвөркүүд нь аутсорсинг хийх үеийн болон хийгдсэний дараах гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Гэрээ нь хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой, харин гэрээний хугацаа нь удаан байх бол бусад өөрчлөлтийн хүчин зүйлээс шалтгаалаад аль нэг тал нь хохирол амсаж болох учир гэрээ хийгдсэний дараах OG нь маш чухал. Энэ хавар IBM Америкийн электрон барааны Circuit City хэмээх том дэлгүүртэй 7-н жилийн хугацаатай 775 сая долларын хэмжээтэй гэрээ хийсэн. Энэ үед ч мөн OG нь хоёр байгууллагын хувьд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ эдгээр хоёр байгууллага нь хоёулаа Америк компани болохоор хоорондоо ойлголцоход гадаад аутсорсинг (offshore outsourcing)-ийг бодвол хамаагүй хялбар.

Австралийн гаалийн байгууллага бараа автоматжуулалтын системээ боловсруулахаар 2001 онд IBM-тэй гэрээ хийсэн юм байна. Тэрхүү төсөл нь 2 жилийн хугацаанд 28 сая долларын төсөвтэй хэрэгжих байсан боловч 2005 онд төсөл дуусч 250 сая доллар зарцуулсан гэж байгаа. Уг нь хоёр байгууллага хоёулаа төслийн удирдлагын хувьд асар их туршлагатай (тэр тусмаа IBM бол арвин их туршлагатай) хэрнээ төслийн яаж ч сайн удирдаад нэмэр байсангүй гэж хоёр тал мэдэгдээд энд яалтчгүй IT Governance тэр дундаа OG байхгүй байсан нь ийм үр дүнд хүргэлээ гэдгийг цохон тэмдэглэсэн. OG чиглэлээр Энэтхэгүүд компаниуд өөрсдийн загвараа сайн гэж сурталчилдаг боловч гадаадын байгууллагуудын соёл болон бизнесийн үйл ажиллагаатай тэр болгон тохирдоггүй. Хэрвээ OG-г сайн боловсруулсан байх юм бол тухайн компанийн гэрэлт ирээдүй бий дээ.

Вэб 2.0-ийн сөрөг нөлөө

Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Өмнөх бичлэг дээрээ вэб 2.0-ийн талаар нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөөний талаар бичсэн бол энэ удаад сөрөг нөлөөний талаар бичье.

Вэб 2.0 хэмээх интернэтийн хөгжлийн нэгэн үе шат гарч ирсэнээр хүмүүс өөр хоорондоо харилцах, санаа бодлоо солилцох, бусдыг илүү их ойлгох, мэдээлэл, мэдлэг, үзэл бодлоо хуваалцах гэх мэт нийгмийн шинжтэй мэдээллийн агуулга интернэтэд зонхилж эхэлсэн. Нийгэм өөрөө мэдээллийг бий болгож байна гэдэг маань нэг талаар олон хүний хүч хөдөлмөрөөр бий болж байгаагаас гадна тухайн мэдээлэл маань бодит үнэнд илүү ойртсон байдаг. Гэхдээ энэ хөгжлийн үе шат нь нийгэмд дараах сөрөг талуудыг авчирч байна.

Эрүүл мэндэд хортой

Мэдээллийн өлсгөлөнд байдаг хүмүүс тодорхой тооны мэдээллийн вэб хуудаснаас мэдээлэл авахаар хязгаарлагдахгүй интернэт дэх өөр өөрийн нийгмийн бүлэгт харьяалагдаж асар их мэдээллийн далайд умбах болсон. Ингэснээр амрах цагаа хугаслан мэдээлэл авах, түгээх гэж байнга компьютерийнхээ ард хадагддаг. Энэ нь нүдний хараанд нөлөөлж, таргалалтыг бий болгож байна гэж хэсэг эрдэмтэд судалсан байсан.

Мэдээллийн илүүдэл бий болгож байна

Нэгэнт хүн бүрт өөрийн орон зайг интернэтэд байгуулж мэдээлэл бий болгох эрх олгогдсон болохоор тэр хэмжээгээр мэдээлэл богино хугацаанд их хэмжээгээр бий болж байна. Тоон үзүүлэлтээс чанарын үзүүлэлт илүү, харин эдгээр мэдээллүүд нь тэр болгон үр ашигтай байж чадахгүй. Зарим хүмүүс интернэтэд мэдээлэл бий болгочихоод тэрнийгээ хэрэглэдэггүй, бараг өөрөө ч мартсан байдаг. Тиймээс өгөгдлийн төвүүдэд (data center) маш их хэмжээгээр илүүдэл мэдээллүүд хадгалагдаж байна. Энэ нь хэрэгцээтэй мэдээллийг олж авах хайлтын үр дүнд болон тооцоолуурын хурданд нөлөөлж байгаа.

Байгаль орчинд нөлөөлж байна

Өгөгдлийн төвүүд олноор бий болсоноор тэнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед ногоон технологи гэж сэдэв хүчээ аваад байгаа.

Байгууллагын зардал ихсэж байна

Байгууллага бүр өөрийн вэб хуудастай болсон өнөө үед Вэб 2.0-ийг хэрэглэхийг бизнесийн үйл ажиллагаа, харилцагч болон технологийн хөгжил шаардаж байна. Вэб 2.0 нь бизнесийн үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхижүүлэхээс (сурталчилгаа, танилцуулга, сургалт гэх мэт) авахуулаад бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүртэл өргөн хүрээнд ашиглагдаж байгаа. Жишээ нь: Компьютер үйлдвэрлэгч Dell компани л гэхэд бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд иргэдээс шинэ санаа цуглуулах вэб бий болгож түүнд давхардаагүй тоогоор 300 гаруй санаа ирсэн ба түүний 30 гаруйг нь бүтээгдэхүүндээ тусгаснаар багагүй амжилт олж байна.

Нэгэнт өндөр үнээр олон төрлийн бизнесийн программаа бий болгочихсон бол зарим функцүүдээ вэб 2.0 руу шилжүүлэхэд нилээд их зардал болдог. Тиймээс тухайн компанид программаа шинэчлэх, ажилтнуудаа сургах, өөрчлөн зохион байгуулалт, дүрэм журмаа шинэчлэх, бизнесийн стратегитайгаа уялдуулах гэх мэт их хэмжээний зардал гарч байна. Хэдэн сарын өмнө энтерпрайз систем үйлдвэрлэгчид энэ талаар нилээд эрчимтэй ярьж байсан.

Ажилгүйдэл бий болж байна

Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүд өөрсдийн ур чадвараа байнга хөгжүүлж байхгүй бол нэг л өдөр ажилгүй болно. Вэб 2.0-ийг сайн судлаагүйгээсээ ажилгүй болсон мэргэжилтнүүд олон. Түүнээс гадна мэдээллийн технологийн бус ажилтнуудын хувьд вэб 2.0-ийг ядаж зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Олон ажилтнууд блог болон викид мэдээлэл байрлуулахдаа компаний нууц мэдээлэл тавих эсвэл ажлын цагаар блог бичих, вэб 2.0-ийг хэрэглэхдээ компанийн дотоод журам зөрчих гэх мэт шалтгаанаас болж ажлаасаа халагдаж байна.

Эцэст нь аливаа хүн вэб 2.0-ийг хэрэглэхдээ доньжийг нь тааруулах хэрэгтэй.

Sunday, September 16, 2007

Мэдээллийн технологи хэрэгтэй гэж үү?

Энэхүү нийтлэлээ бичих санаа маань 2003 оны 5-р сард HBR (Harvard Business Review)-д нийтлэгдсэн "IT Doesn't Matter" хэмээх Никийн нийтлэлээс сэдэвлэсэн болно. Тэрхүү нийтлэл нь одоог хүртэл яригдаж байгаа МТ-ийн гол сэдвүүдийг анх хөндөж тавьсан ба хэвлэгдсэн жилийнхээ хамгийн шилдэг нийтлэлээр шалгарч байсан, мөн маш олон хүмүүс тэрхүү нийтлэлд хариу нийтлэлийг нэр хүндтэй сонин, сэтгүүлүүдээр гаргаж байсан, зохиогч нь тэрхүү нийтлэлээ цаашид дэлгэрүүлэн "Does IT Matter?" хэмээх ном гаргаж байсан гэх мэтчилэн алдар цууг нь дуудвал нилээд урт болох байх. Ник (Nicholas Carr) нь тухайн үедээ HBR-н ерөнхий редактороор ажиллаж байсан, одоо "The Big Switch" хэмээх номоо удахгүй гаргах гэж байгаа юм. Түүний хөндсөн нэгэн санаа гэвэл "Дээр үед төмөр зам, эрчим хүч, холбоог анх барьж байхад тэдгээр нь компаниудын хувьд үнэхээр өрсөлдөөнд давуу талыг бий болгож байсан, харин одоо тэдгээрийн хөгжил бараг зогссон ба бүгдэд нээлттэй болсон. Үүнтэй адил МТ нэг хэсэгтээ ингэж хөгжиж байгаад удахгүй "сонин" биш болно". Гэхдээ түүний нийтлэлд олон далд санаа агуулагдсан байна лээ.


Өнөө үед МТ(мэдээллийн технологи)-г байгууллага бүр өөрийнхөө үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай орны хувьд МТ-г ашиглахдаа өрсөлдөөнд давуу талыг олж авах, эрсдэлээ бууруулах, бизнесийг хөтлөгч хэмээх утгаар нь хэрэглэхээсээ илүү зардал бууруулагч, үйл ажиллагааг автоматжуулах гэсэн утгаар нь хэрэглээд байх шиг. Өөрөөр хэлбэл МТ маань байгууллагын бусад хэрэглээтэй (цахилгаан, холбоо гэх мэт) адилхан хэлбэрээр ашиглагдаж байна. Энэ нь Никийн дурдсан "МТ нь дэд бүтэцийн нэг хэсэг нь болж бүх байгууллага, хувь хүмүүст ашиглахад нээлттэй, тиймээс юун стратегийн ач холбогдлын талаар яриад байгаа юм" гэсэн санаатай дүйж байгаа хэрэг.

Зардал бууруулагч

Ер нь МТ-ийн зардал байгууллагын хувьд маш их зарлага гаргадаг. Нэгэнт худалдаж авсан системээ байнга тордож байхгүй бол үйл ажиллагаа нь доголддог тиймээс мэргэжлийн хүн ажиллуулах эсвэл мэргэжлийн компанид даатгах хэрэгтэй болно. Түүнээс гадна тоног төхөөрөмжөө байсхийгээд л шинэчлэх хэрэгтэй болдог. Мөн МТ нэгэнт бизнесийн үйл ажиллагааны нэг хэсэг болсон бол технологийн хөгжлийг дагаж өөрчлөгдөж байхыг харилцагч, ажилтнууд, бусад хүчин зүйлүүд шаардаж байдаг. Бас ажилтнуудаа сургах, үйл ажиллагаанд нь хэвшүүлэх гэх мэт чамгүй хэмжээний хөрөнгө зарцуулна. Эдгээр зардал нь нөгөө систем байхгүй байсан үеийнхээ байгууллагын зардалтай харьцуулахад зардалыг нь бууруулж чадаж байна уу???. За тэгээд технологийн хөгжлийг дагаад тоног төхөөрөмжийн үнэ байнга буурч байдаг. Өнөөдөр 1000 ам.доллараар авсан төхөөрөмж жилийн дараа 800 ам.доллар буюу түүнээс доош үнэтэй болсон байх нь хэвийн үзэгдэл. Үүний оронд тэрхүү 1000 ам.доллараа өөр зүйлд хөрөнгө оруулсан бол жилийн дараа 1200 ам.доллар болох боломжтой. Тэгэхээр эндээс байгууллага дор хаяж 400 ам.доллар алдаж байна гэж ойлгож болно. Энэ мэтчилэнгээр тооцоод байвал МТ нь зардал хэмнэгч биш харин зардал үүсгэгч болоод байх шиг.

Өрсөлдөөнд давуу талыг бий болгогч

МТ нь зах зээлийн өрсөлдөөнд байгууллагад давуу талыг бий болгож бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах боломжийг бий болгох ёстой. Ингэснээрээ өөрийн гэсэн бизнесийн шийдэлтэй болж хэрэглэгчдээ нэмэгдүүлэх боломжийг бий болгоно гэсэн үг. Ер нь аливаа байгууллагын оршин тогтнох утга учир нь хэрэглэгч байдаг. Тиймээс хэрэглэгчид ойртсон үйлчилгээг үзүүлэхдээ, мөн дотоод үйл ажиллагаандаа өөрийн бизнесийн шаардлагад нийцсэн системийг ашиглаж байж өрсөлдөөнд давуу талыг бий болгож байна гэсэн үг. Энд нэг жишээ дурдахад, хэрвээ Волмарт (Wal-Mart)-д бараагаа нийлүүлэхээр болвол Волмартын системтэй нийцтэй ажиллах чадвартай системийг суулгасан байхыг шаарддаг. Энэ нь хоёр байгууллагын хувьд хангамж, хуваарилалт болон санхүүгийн менежментэд нь ашиглагддаг. Өөрөөр хэлбэл нийлүүлэгч тал тэрхүү системээр үйлдвэрлэлээ зөв зохистой удирдаж нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ чанарт хяналт тавих, санхүүгийн тооцоогоо хийх гэх мэтэд ашиглах ба харин Волмартын хувьд тэрхүү системээ чанарт хяналт тавих, санхүүгийн тооцоогоо хийх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, анализ хийх гэх мэт олон зорилгоор ашигладаг.
Байгууллагын хувьд систем худалдаж авахдаа бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаж авах, түрээслэх, аутсорсинг ашиглах, эсвэл МТ-н компаниар хийлгэх зэрэг сонголтууд байдаг. Харин ихэнхи байгууллагын хувьд өөрсдөө боловсруулах нь зардал өндөрөөс гадна эрсдэл ихтэй байдаг. Тиймээс сүүлийн сонголт тохиромжгүй.
Гэтэл энэхүү өрсөлдөөнд давуу талыг олгодог систем маань зах зээлд нээлттэй байж л байна. Өрсөлдөгчид нь түүнийг худалдан авсанаараа давуу тал хэмээх ойлголт байхгүй болно. За тэгээд хэт их байгууллагын үйл ажиллагаа МТ-с хэт хамааралтай болоод, аюулгүй болон тогтвортой ажиллагааг нь сайн хангаж чадахгүй бол байгууллагын хувьд давуу тал биш сул тал болох боломжтой.

Тэгэхээр МТ-г ашиглах нь байгууллагад тийм хэрэгтэй зүйл гэж үү!!! Түр азнавал яасан юм. Үнэ нь ч буураг, шийдэл нь ч сайжраг, сайн мэргэжилтэнүүд нь ч олшрог. Тэр үед нь харин...

Tuesday, August 28, 2007

Залгилт

Энэ удаад мэдээллийн технологийн (МТ) бизнес дэх стратегийн арга хэлбэр болон өнөөгийн байдлын талаар бага ч болов мэдээлэл бичье.

Сүүлийн арав гаруй жил глобальчлалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа тив алгасан хөгжиж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Бизнесийн үйл ажиллагаа томорч, өсөн нэмэгдэхийн хирээр тухайн бизнесийг удирдах, компаниа ашигтай ажиллуулах нь улам бүр ээдрээтэй болдог. Компанийг ашигтай ажиллуулах үндсэн хоёр зарчим байдаг нь, нэгдүгээрт бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж орлогоо нэмэгдүүлэх, хоёрдугаарт зардлаа багасгах гэсэн арга замуудын нэгийг нь эсвэл хоёуланг нь сонгож болох юм. Гэхдээ энэ хоёр маань бодит амьдрал дээр ихэнхи тохиолдолд нийцдэггүй (үйл ажиллагаа нь үндсэндээ автоматжуулагдаагүй байсан тохиолдолд өөр л дөө).

Одоогоос хэдэн жилийн өмнө МТ-ийн компаниуд ажилчдынхаа тоог цомхотгох, зарим салбаруудаа татан буулгах хэлбэрээр зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлж байсан бол одоогоор том компаниуд хоорондоо нэгдэх, хамтрах арга хэлбэрээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийг тэмүүлэх болжээ. Өмнөх бичлэг дээрээ энэ талаар дурдсан байгаа.

Миний мэдэхээр бизнест үндсэн гурван "нэгдэх" стратегийн арга хэлбэр байдаг. 1-рт залгих буюу acquisition, 2-рт нэгдэх буюу merge, 3-рт хамтрах буюу partnership. Үүнээс МТ-ийн салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь залгих стратегийн хэлбэр юм. Миний бодлоор энэ чиглэлээр Google нилээд мэргэшсэн, мөн хамгийн олон залгилтыг хийсэн болов уу. Хамгийн сүүлийн үеийн үйл явдал гэвэл өчигдөр Acer (бидний сайн мэдэх компьютерийн компани) компани Gateway (компьютерийн худалдаагаараа дэлхийд 8-д жагсдаг) компанийг 710 сая доллараар худалдан авахаар тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү залгилт нь Acer-ийг дэлхийн гурав дахь том компьютер нийлүүлэгч болгоод зогсохгүй тэдний хүчтэй өрсөлдөгч болох Lenovo-д хүндээр туссан тухай бас өгүүлсэн байна лээ. Уг нь Lenovo Packard Bell-ийг залгих талаар ярилцаж байгаа. Компьютерийн зах зээлд өнгөрсөн жил HP хамгийн олон компьютер борлуулж хэдэн жил тэргүүлээд байсан Dell-ийн урд гарсан бөгөөд түүнээс болж Dell-ийн үүсгэн байгуулагч Майкл Дэлл өөрөө компаниа удирдахаар ирсэн (өмнөх захиралыгаа хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлахад багагүй мөнгө төлсөн). Майкл Дэллийг ирэхэд олон хүмүүс одоо юу болохыг нь харъя хэмээн чих тавьж байсан ба мань хүн ч үнэхээр мундаг менежер гэдгээ харуулж байдал эрс сайжирч эхэлсэн ба түүний гол стратеги нь Wal-Mart сүлжээ дэлгүүрээр дамжуулан компьютераа худалдах явдал байсан. Үүний өмнө тэднийх онлайнаар үндсэн худалдаагаа хийдэг байсныг бүгд мэдэх бизээ. Энэ жил Dell HP-ээс тэргүүн байраа эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байна.

За ингээд дэлхийн томоохон компаниуд хоорондоо нэгдэж хүчээ зузаатгаж байгаа үйл явц манайд ч гэсэн удахгүй давтагдах нь ойлгомжтой. Энэ үед сайн менежер үнэд орох нь ойлгомжтой, тиймээс энэ чиглэлийн зарим нэг боловсон хүчнээ эртхэн бэлдэж байх нь илүүдэхгүй болов уу. Сүүлийн үед МТ-ийн компанийг ямар мэргэжилтэй хүн удирдах нь зүйтэй вэ? гэсэн маргаан нилээд газар авч байна. Ажиглалтаар амжилттай явж байгаа том компанийн ихэнхи захиралууд Бизнесийн удирдлагаар магистр хийсэн МТ-ийн бакалаврын зэрэгтэй хүмүүс байх юм билээ. Бид бусадтай өрсөлдье гэвэл эхлээд нэг зүйлийг хамтран хийж багаар ажиллаж сурах хэрэгтэй гэж бодож байна.

Thursday, August 9, 2007

Ногоон технологи

Green IT буюу ногоон мэдээллийн технологи (МТ) гэж сүүлийн үед хүмүүс ярих боллоо. Угаасаа сүүлийн үеийн халуухан сэдвүүдийн нэг нь яалт ч үгүй мөн л дөө. Хүмүүс байгаль хамгаалал ярихаараа түүнийгээ "ногоон" гэж нэрлэдэг (доллар биш шүү таминь). Үүнтэй адил МТ хэрэглэхдээ бага эрчим хүч зарцуулахыг ногоон МТ гээд байгаа юм.

Ногоон МТ бий болгоход хэд хэдэн арга байна. Эхнийх нь мэдээж цахилгаан бага зарцуулдаг технологи бүтээх. Ингэснээрээ цахилгаан эрчим хүчээ хэмнэж байгаль орчныг арай бага сүйтгэнэ гэсэн үг. Ер нь цахилгаан эрчим хүч нь дэлхийн дулааралд шууд нөлөөлж дэлхийн дулааралд нөлөөлж байна гэж яригдаж байгаа. Тиймээс ч саяхан Сиднейд хэсэг хугацаанд гэрлээ унтрааж байсан, мөн бас нэг том хотод үүнтэй адилхан ажил явагдсан. Энэ нь бага ч болов байгаль эхээ хайрлаж, түүнд үзүүлж байгаа эрчим хүчний сөрөг нөлөөг бууруулахад гол санаа нь оршиж байсан.

Ногоон МТ-ийн дараагийн арга хэмжээ нь хөргөлтийн системийг (cooling system) ашиглахгүй байх. Хөргөлтийн систем нь байгаль орчинд хор нөлөөтэй гэж олон эрдэмтэд баталдаг. Олон тооны тоног төхөөрөмж нь маш их дулаан ялгаруулдаг тул хөргөлтийн систем байрлуулахгүй бол амархан эвдэрч гэмтдэг сул талтай. Тэгвэл одоо зарим төхөөрөмжүүд цельсийн +50 хүртэл градуст ажиллах чадвартай болж байгаа юм байна. Энэ төхөөрөмжүүд олноор гараад ирвэл манайх шиг хөргөлтийн системгүй байшингуудад хэрэгтэй юм даа.

Цаашлаад хөдөлгөөн мэдрэгчээр ажилладаг цахилгаан шат болон гэрэл, нарны гэрлийг хуримтлуулагч, мөн автомат тохируулагчтай гэрэл, мониторууд гээд олон зүйлийн санаачилга гаргаж байгаа бололтой.


Холбоосууд:

Wednesday, August 8, 2007

Мэдээллийн систем, Мэдээллийн технологи юугаараа ялгаатай вэ?

Ихэнхи хүмүүс МС (Мэдээллийн систем - Information System) болон МТ (Мэдээллийн технологи - Information Technology) гэсэн хоёр тусдаа ойлголтыг ялгадаггүй бөгөөд адилхан зүйл мэт ойлгодог. Тэгвэл эдгээр нь хоорондоо төстэй боловч адилхан ойлголтууд биш.

МТ нь цэвэр компьютерийн шинжлэх ухаантай холбоотой ойлголт. Үүнд техник хангамж, программ хангамж болон бусад технологиуд хамрагдана гэсэн үг. Харин МС нь технологи болон хүний (нийгмийн) үр дүнтэй харилцааг илэрхийлдэг. Гэхдээ бүр МС-д технологийн оролцоо байхгүй ч байж болно гэж зарим хүмүүс үздэг (Checkland and Holwell 1998, Information, Systems and Information Systems: Making sense of the field). Тухайлбал, хүмүүс хоорондоо мэдээлэл солилцохдоо технологи ашиглахгүй (жишээ нь: харилцан яриагаар) байж болно. МС нь ер нь шийдвэр гаргах, идэвхитэй харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг.

Түүнээс гадна МТ нь цэвэр технологийн асуудал учир үүнд стратеги төлөвлөлт төдийлөн хамааралгүй. МС нь харин бизнесийг хурдасгагч хөшүүрэг болдог гэсэн утгаараа стратегийн чухал ач холбогдолтой. Жишээ нь: тухайн компани зах зээл дээр өөрийн байр суурийг хадгалж үлдэх эсвэл хүрээгээ тэлэх гэсэн стратег баримталж байвал МС-ийн стратеги боловсруулж түүний дагуу МТ нь тоног төхөөрөмж, программ хангамж зэргээ худалдан авна.

Бизнес болон МС-ийн стратеги болон төлөвлөгөө боловсруулахын тулд бизнес болон харилцагчдын (үүнд: үйлчлүүлэгч, хамтрагч, худалдан авагчид зэрэг бүгд орно) нарын талаарх мэдээлэл дээр үндэслэх ба үүнийг МТ-г ашиглан цуглуулна. Жишээ нь: Хүнсний сүлжээ дэлгүүрийн хувьд МТ-г ашиглан борлуулалт болон нийлүүлэлтийн (Supply Chain Management) талаархи бүх мэдээллийг цуглуулан авч (datawarehouse-д), шинжилгээ хийснээрээ (datamining and analysing) ирэх сар, улирал, жилийнхээ төлөвлөгөөг хийхээс гадна стратеги боловсруулна. Хэрэглэгчид хаанаас ямар бүтээгдэхүүнийг олноор авч байна үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна гэх мэтийг тооцож үзээд тухайн зах зээл нь Бостоны матриксын "саалийн үнээ" дээр байх юм бол зах зээлээ хамгаалахын тулд нийлүүлэлт болон хуваарилалтын үйл явцаа сайжруулах, байнгын үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх, аль болох өргөн хүрээний мэдээлэл олж авахын тулд МТ-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах МС-ийн стратеги хэрэглэж болох юм.

МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь: техник хангамж, программ хангамж, мэдээлэл, хүмүүс, процесс гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ зарим хүмүүс үүн дээр сүлжээг оруулж өгөх ёстой ч гэж үздэг.

АйТи хөгжил салбаруудад



( Тайлбарлалтгүй биз дээ)

Source: Boston Consulting Group, 2003

Wednesday, August 1, 2007

Үнэгүй онлайн сургалт

Чанартай тэр тусмаа үнэгүй сургалтанд олон хүн суралцах сонирхолтой байдаг. Энэ удаад та бүхэнд Азийн хөгжлийн банкны дэргэдэх хүрээлэнгээс зохион байгуулдаг үнэгүй онлайн сургалтыг танилцуулж байна.

Тус хүрээлэн нь АХБ-ны гишүүн орнуудынхаа иргэдийн мэдлэг, чадварыг сайжруулахын тулд одоогоор дараах сургалтуудыг зохион байгуулж байна.
  • Community Information Services
  • Computer Courseware Development
  • E-Business Strategies
  • E-Learning Policies
  • Online course on Community Information Services
  • Online course on Public Information Services
  • Public Information Services
  • Workforce Development
Эдгээр сургалтуудын онцлог нь гэвэл хичээлийн агуулга нь практик тал руу түлхүү анхаарсан ба илтгэгч болон суралцагчид нь олон орны хүмүүс байдаг учир мэдлэг, туршлагаа хуваалцах сайхан талбар гэж үзэж байна. Хичээлийн явцад хэд хэдэн бие даалт өгөх ба хэлэлцүүлэгт оролцох эсвэл тэндээс мэдээлэл авах боломжтой. Харин хичээлийн төгсгөлд сүүлийн шалгалтыг онлайн өгсөнөөр тухайн сургалтаа дуусгана. Өнгөрсөн семестерт хичээлийнхээ хажуугаар И-Бизнесийн стратегиуд хэмээх сургалтад хамрагдсан нь пракик мэдлэг, мэдээллийг олж авахад минь бага ч болов тус нэмэр болсоныг дурдах нь зүйтэй байх.

Дараах холбоос дээр дарж онлайн курст бүртгүүлэх боломжтой.

http://www.adbi-classroom.org/

Төгсөхөд нь сертификат өгдөг юм байна лээ шүү.

Sunday, July 22, 2007

АйТи мэргэжилтэнүүдийн эрэлт дахин нэмэгдлээ

Аливаа бараа, бүтээгдэхүүний эрэлт нь янз бүрийн шалтгааны улмаас хэлбэлзэж байдагтай адил АйТи-н мэргэжилтний эрэлт мөн хэлбэлзэж байдаг. 9/11-ий халдлагын дараа олон компаниуд дампуурч улмаар улмаар АйТи мэргэжилтний эрэлт буурч зарим мэргэжилтнүүд гудамжинд лааз өшиглөх болсон. Тэгтэл байдал одоо эерэгээр эргэж байх шиг байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой. Үүнд: Америкчууд гадаадаас авах АйТи мэргэжилтнийхээ тоог бууруулсан нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт үүсгэж байж болох юм, вэб 2.0-тэй бас холбож үзэж болно мөн сүүлийн үед АйТи мэргэжилтэнд тавигдах болсон хоёр чухал шаардлага болох бизнес үйл явцыг ойлгох чадвар, харилцааны чадварыг сайн эзэмшсэн мэргэжилтэн ховор байгаатай холбоотой гэж үзсэн байх юм. Урьд нь АйТи мэргэжилтнийг ажилд авахдаа техник, технологийн чадвараар нь үнэлдэг байсан цаг өөрчлөгдөж байгаа нь илт. Ялангуяа сүүлийн үеийн бизнесийн концепциуд АйТи-г хөгжлийн хөшүүрэг болгох гэж улам их мэрийж байгаа энэ үед бизнес, АйТи 2-ыг уялдуулах шиг хэцүү зүйл байхгүй гэж ихэнхи АйТи захирлууд хэлдэг.

Ер нь ойрын хэдэн жил энэ эрэлт буурахгүй гээд хэлэхэд нээх их буруудахгүй болов уу. Тиймээс манайхан сургалтынхаа хөтөлбөрийг өөрчилж, орчин үеийн хөгжилтэй нийцүүлсэнээр олон улсын жишигт нийцэх олон тооны мэргэжилтэн бэлтгэх боломж байгаа гэж бодож байна. Их, дээд сургуулиудад техник, технологийн хичээлээс гадна бизнесийн анхан шатны хичээл орох бас бусад далд чадваруудыг хөгжүүлэх даалгаварууд өгөх нь хувь хүндээ хэрэгтэй байж болох юм. Наад зах нь багаар маш их ажиллуулж байх хэрэгтэй.

Нээрээ саяхан Австралид ажиллах, амьдрах хүмүүст тавьдаг мэргэжлийн шалгуурыг өөрчилсөн байсан. Үүнд сүлжээний мэргэжилтэн хасагдаж өгөгдлийн сангийн мэргэжилтэн нэмэгдсэн байна лээ.




Холбоосууд:

Saturday, June 30, 2007

Мэдээллийн технологийн нэгэн компанид зорчсон тэмдэглэл

Саяхан Аксэнчер (Accenture) хэмээх мэдээллийн технологийн нилээд том компани дээр очиж ажил байдалтай нь танилцав. Тус компани нь дэлхийн 49 оронд салбартай нийт 146 мянган ажилтантай бөгөөд Австралид 6 салбартай 1800 гаруй хүн ажилладаг юм байна. Тэдний гол бизнесийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бизнесийн шийдэлийг нь боловсруулах, мөн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт голцуу мэдээллийн технологийн менежмент чиглэлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.


Сургууль төгсөөд анх ажилд орж байгаа хүн менежментийн чиглэлээр ажиллах бол эхлээд бизнес шинжээч
(business analyst) болох ба тус ажил дээрээ сайн ажиллаад гүйцэтгэл өндөр байвал 3-5 жилийн дараа зөвлөх (consultant) болгох ба мөн л дахин 3 жилийн дараа менежер, ахлах менежер гэх мэтээр албан тушаалыг нь ахиулж ажилчдаа урамшуулах бодлого баримталдаг гэж байна лээ. Гэхдээ эхлээд ажилд орохын тулд бас нилээд шалгууртай. Эхний ээлжинд ажилд орохын тулд давдаг хэдэн даваануудаа (resume, cover letter, ярилцлага гэх мэт) ямар ч гэсэн давах шаардлагатай. Түүний дараа компани дээр нэг сар сургалтанд сууж үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг сурна. Энэ сургалт нь үнэгүй ба энэ хооронд цалин авахгүй. Түүний дараа “ажил дээрх сургууль”-д суралцана. Тэрхүү сургууль нь Малайзын Куала Лампур хотод байрлах ба энд л жинхэнэ бизнес шинжээч болох гараагаа эхлэнэ. Тус сургалтын хүрээнд онолын хувьд төдийлөн их зүйл заахгүй практик зүйл зааж бодит ажлуудыг хийдгээрээ энгийн сургуулиас ялгаатай. Өөрөөр хэлбэл компанийн хэсэгхэн ажлыг хийж үзэх ба тэрхүү гүйцэтгэлээ үнэлүүлэх зарчмаар сургалт явагдана. Энэ сургалт нь нэг жил орчим үргэлжлэх ба энэ хоорондоо багахан хэмжээний цалин авна. Ингээд тэрхүү сургуулиа дүүргэчихвэл компанийн жинхэнэ ажилтан болох үүд хаалга нь нээгдэж байгаа юм. Тус компанид ажилд орсоноор цалин нилээд өндөр байдаг ба амьдрах, ажиллах нөхцөл бололцоогоор маш сайн хангадаг гэж тус компанийн менежер илтгэл тавив. Уг компани хөдөлгөөнт оффис гэдгийг үнэхээр гайхалтай ашигладаг юм байна лээ. Мөн бизнес шинжээчидийг олоход хэцүү байна гэдгээ ч дурдаж байсан.

Ер нь хаа сайгүй л бизнес шинжээчид эрэлттэй байсаар цаашид ч улам л эрэлт ихтэй болох төлөвтэй.

Tuesday, June 26, 2007

Интернэт зах зээлд сул орон зай байсаар л...

Интернэт компаниудын тоо олширч энэ чиглэлийн бизнес улам л хүчээ аваад байх шиг. Өнгөрсөн онд л гэхэд интернэтийн зар сурталчилгаа 16 гаруй тэрбум долларт хүрч өмнөх онтойгоо харьцуулбал 35 хувиар өссөн байх юм. Ер нь интернэт компаниудын гол орлого нь зар сурталчилгааны орлого байдаг. Ингэхэд интернэт зар сурталчилгааны зах зээлд хязгаар байна уу? Энэ асуулт нь интернэт компанийн өсөлтөд хязгаар бий юу? гэсэн асуулттай агаар нэг сонсогдох байх. Миний бодлоор энэ чиглэлийн бизнес цаашид улам л хөгжинө гэхдээ ямар компани ирээдүйд үнэ цэнээ нэмэгдүүлэх вэ гэдэг нь өөрсдийн стратеги төлөвлөлт, үйл ажиллагаанаас хамаарах асуудал. Нөгөө Гүүгл гуай сүүлийн үед зах зээлд давамгайлах гээд нилээд нарийн төлөвлөгөө боловсруулчихсан үзээд байгаа энэ үед бусад компаниуд түүний эсрэг хэрхэн стратеги боловсруулж өрсөлдөх вэ гэдэг дээр бас л толгойгоо гашилгаж байна. Гүүглийн гол стратеги бол нэгэнт бий болгосон байр сууриа хамгаалахын тулд бусад жижиг өрсөлдөгч нарыг замаасаа зайлуулах, орон зай гаргаж өгөхгүй байх, түүнээс гадна зар сурталчилгааны компаниудыг худалдаж авах замаар "залгих" (acquisition) стратеги хэрэглээд байх шиг. Саяхан л гэхэд ДаблКлик хэмээн зар сурталчилгааны компанийг Яахүү хоёр тэр бумаар авах гэж байхад нь Гүүгл 3.1 тэрбум санал болгож үнээр цохиж авсан. Ингэснээрээ цаашдын үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл нь багасах, улмаар хүчирхэг болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь ДаблКлик хамжаарга болж өгөх нь ойлгомжтой. Майкрсофт ч яаж дутахав гэсэн шиг aQuantive-г 6 тэрбумаар авсан ч Гүүглийн өмнө хүчгүйдэж эхлэнгүүтээ Яахүүг 52 тэрбумаар авах санал тавиад нэг хэсэг шуугиулаад л амжлаа.

Ер нь интернэт зар сурталчилгааны зах зээл цаашид улам өсөх нь тодорхой байгаа өнөө үед энэ чиглэлийн бизнест Монголчууд бид ч гэсэн гараа дүрээд авахад буруудахгүй л болов уу. Гол нь стратегиа зөв сонгож, төлөвлөгөөгөө сайн боловсруулах л үлдэж байна. Сүүлийн үед МТ-ийн стратеги төлөвлөнө гэдэг маань бизнесийн стратеги төлөвлөхөөс нилээд өөр болоод байгаа. Жишээ нь бизнест 2 жил хүртлэхийг богино хугацааны стратеги төлөврөгөө, зорилт, 2-5 жил бол дунд хугацааных, 5 буюу түүнээс дээш бол урт хугацааных гэж төлөвлөдөг бол МТ-ийн компанийн хувьд 6 сар хүртлэх нь богино 6-18 сар хүртлэх нь дунд, түүнээс дээшхи нь урт хугацааных гэж төлөвлөж байна. 2 жил гэдэг бол маш их хугацаа. Баримт 1: Myspace-г байгуулагдаад хоёрхон жилийн дараа 580 саяын үнэ цэнэтэй болчихож байна. Баримт 2: Facebook байгуулагдаад мөн л хоёр жил болоход 975 саяар авах санал тавьж байсан. Энэ бүгдээс харахад манай МТ-ийн компаниуд стратегиа зөв боловсруулж чадвал дэлхийн зах зээл дээр орон зай биднийг хүлээгээд ч байх шиг...

Saturday, June 9, 2007

Ирээдүйд үнэд орох МТ-ийн мэргэжилтнүүд

Мэдээллийн технологийн (МТ) бизнесийн цар хүрээ болон түүнд өрсөлдөж байгаа компаниудын өсөлт, мөн салбарын хөгжил зэргээс харахад МТ нь хамгийн хурдацтай өсөж байгаа болон богино хугацаанд ашиг олж болох бизнесийн салбар гэдэг нь хүн бүхэнд тодорхой. МТ маань харьцангуй залуу салбар хэрнээ богино хугацаа нь огцом өсөж байгаа нь энэ чиглэлийн бизнест хүчээ соригчдын тоог өөрийн эрхгүй нэмэгдүүлж байна. Хөгжиж байгаа орнууд энэхүү өсөлтийг ашиглан өөрсдийнхөө хөгжлийг түргэтгэх, эдийн засгаа бэхжүүлэхийн тулд хувийн хэвшил, боловсрол, төрийн байгууллагууд нь нийлж (хүчээ хавсаргаж) байгаад тус салбараас “хувь хүртэх”-ийг эрвийх дэрвийхээрээ мэрийж байгааг бид бүхэн Хятад, Энэтхэг зэрэг орнууд аутсорсингийн бодлого хэрхэн баримталж байгаа, боловсрол нь түүн рүү хэрхэн чиглэж байгаа болон тэднийгээ төр нь хэрхэн бодлогоор дэмжиж байгаагаар нь харж болно.

Чадварлаг боловсон хүчинтэй байна гэдэг нь хувийн хэвшлийн хувьд зах зээлд өрсөлдөх давуу талыг авчирч байдаг, улс орны хувьд хөгжлийн тулгуур болж өгөхөөс гадна хөгжлийн түлхүүр хүчин зүйлийн нэг болж өгдөг. Манай орон сүүлийн үед мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил, аутсорсинг гэх мэт оюунлаг зах зээл рүү “дайрах” бодлого баримталж байгаа гэж ойлгогддог. Тиймээс аутсорсингийн зах зээл дээр дотоодын компаниудаа дэмжиж гаргаж ирэх, байр суурийг нь бэхжүүлэхийн тулд боловсролын салбарт анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Үүнд зөвхөн мэргэжлийн сургуулиудийн хөтөлбөрийг шинэчилж, чанаржуулахаас гадна мэргэжлийн сургалтын төвүүдийг бий болгох хэрэгтэй.

Ингээд дан ганц миний ажиглалт, үзэл бодол биш бас бусад хүмүүсийн үзэл бодлуудаас дүгнэж манай улс ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай вэ гэдэг дээр өөрийн дүгнэлтийг хийсэн юм. Ирээдүйд дараах ур чадвартай мэргэжилтнүүд МТ-ийн дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байна.

Үүнд:

  • МТ-ийн төслийн менежер. МТ-ийн төслийг удирдах нь амар ажил бишээ. Тэр тусмаа сүүлийн бараг 15 жил хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгд тооцогдоод байгаа цаашид ч энэ шинч чанараа хадгална гэж үзэж байна. МТ-ийн бараг бүх ажлууд төсөл хэлбэрээр хэргэждэг гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • Бизнесийн шинжээч (Business IS Analyst). Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа мэргэжил. Уламжлалт бизнесийн шинжээч биш шүү!!!
  • Business Intelligence. Анхан шатны өгөгдөл дээр ажиллаж шийдвэр гаргах үйл явцыг дэмждэг. Энэ үг одоо бизнесийнхэн болон багш нарын амнаас салахаа больсон.
  • Өгөгдлийн сантай харьцах бүх мэргэжлүүд (Database administrator, database manager, data warehousing, storage manager, data mining гэх мэт) Мэдээлэл хэдий чинээ их боловсруулагдаж байна төдий чинээ энэ мэргэжил эрэлттэй байна гэсэн үг. Ялангуяа вэб 2.0 нь хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулгыг дэмжиж байгаа нь мэдээллийг тонн тонноор нь үйлдвэрлэж байгаа.
  • Программист. Мэдээж чадварлаг программист маш чухал гэхдээ эдгээр программистууд нь C++, Java, Python, Ruby программчлалын хэлүүдийг чадварлаг эзэмшсэн байх ёстой. ASP.NET, Perl болон PHP дээр программ бичдэг мэргэжилтнүүд Энэтхэг, Хятад зэрэг олон программисттай оронд хангалттай тоогоор бэлтгэгдэж байгаа тул бидэнд өрсөлдөхөд бэрхшээлтэй. Үүн дээр нэмээд мэдээж AJAX хөгжүүлэгч хэрэгтэй.
  • Энтэрпрайз архитектурч. Бизнесийн үйл ажиллагаа томорч, хүрээгээ тэлэхийн хирээр энтэрпрайз систем ихээр хэрэглэгддэг. Тиймээс энэ чиглэлийн бизнесийг “мөнгөний уурхай” хэмээн зарлаад байгаа ба энэ чиглэлийн программуудын үнэ хэдэн сая доллараар зарагддаг билээ.
  • Системийн шинжээч болон дизайнер. Системийн цаашдын хувь заяа системийн шинжээчээс ихээхэн хамаардаг тул ирээдүйд эрэлттэй хэвээр үлдэнэ. Бизнесийн шинжээчтэй тулж ажиллаж байж сайн системийн загвар боловсрогдоно.
  • Аюулгүй байдлын мэргэжилтэн. Мэдээлэл бий цагт мэдээллийн аюулгүй байдал чухал нөлөө үзүүлэх нь тодорхой.
  • МТ-ийн менежер. Мэдээж тухайн байгууллагын амжилт менежерээс шууд хамаарах нь ойлгомжтой. Чадварлаг МТ-ийн менежер ямар ч үед хаана ч хэрэгцээтэй нь ойлгомжтой.

АНУ-ын холбогдох албан тушаалын хүмүүс “Бидэнд одоогоор техникийн боловсон хүчин гаднаас авах хэрэггүй. Тэр чиглэлийн ажлыг бид аутсорсингоор зохицуулах болно. Тиймээс H1-B визнийхээ (техникийн ажилтан авч ажиллуулдаг визний төрөл) тоог бууруулах бодлого баримталж байгаа” хэмээн хэлж байсан. Үүнтэй зэрэгцээд аутсорсингийн зах зээлд ч хүчтэй өрсөлдөөн өрнөж эхэлсэн. АНУ-ын зах зээл рүү Энэтхэг, Хятад, Вьетнам, Пакистан зэрэг орнуудын хүчтэй орж байхад Европын зах зээлд Чех, Орос зэрэг улсууд бас өөрсдийн стратегийг боловсруулчихсан дайрч байх юм. Харин манай улсын хувьд зорилтод зах зээл маань Япон (холбогдох материалуудыг уншихад) гэж ойлгогдож байгаа. Бидний хувьд Хятад болон Вьетнамууд хүчтэй өрсөлдөгчид байх нь ойлгомжтой. Энд тухайн орнуудаас ирсэн оюутнуудтай ярилцаж байхад бас л тодорхой даалгавартай бас зорилготой ирдэг нь тодорхой юм билээ. Тиймээс бид тэдэнтэй өрсөлдөнө гэж адил зүйл сураад байвал манай улсын хувьд зөв стратеги биш (наад зах нь боловсон хүчний тоогоор харьцуулахад бид давуу тал олж авч чадахгүй байна). Тиймээс өөрийн давуу тал болон ялгарах онцлогыг бий болгохын тулд дээрх ур чадвартай мэргэжилтнүүдийг ихээр бэлдэх хэрэгтэй.

Ер нь дээр дурдсан чадваруудыг эзэмшсэн тохиолдолд хувь хүний хувьд ч гэсэн өөрийн үнэ цэнээ бий болгох боломж байгааг бас дурдах нь зүйтэй. Гэхдээ бүгдийг нэг хүн эзэмших боломжгүй нь мэдээж.


Hit me back on your thoughts!!!

Thursday, June 7, 2007

Боловсруулах гэж байгаа программын хэмжээг хэрхэн урьдчилан тооцох вэ?

Зарим үг хэллэгийг орчуулалгүй хэрэглэсэндээ хүлцэл өчье


Аливаа програм хангамжийг боловсруулахын өмнө программ боловсруулагчид тухайн програм маань ямаршуухан өртгөөр бий болох талаар тооцоо хийх шаардлагатай. Дан ганц програм боловсруулагчид ч биш мөн програм хийлгэх гэж байгаа захиалагч байгууллага өөрөө тухайн программын өртгийн талаар урьдчилсан тооцоог хийж тус байгууллагадаа ашигтай байна уу, үгүй гэж урьдчилан тооцоо хийх ёстой. Тухайлбал, ямар нэг байгууллага Мэдээллийн технологи (МТ)-н төсөл хэрэгжүүлэх гэж байна гэж бодъё. Тэгвэл тус байгууллага эхлээд хэрэгцээгээ тодруулах, төслийн төлөвлөгөөгөө боловсруулах шаардлагатай ингээд төлөвлөгөө бий болсоны дараа тус төсөл ямар бүтээгдэхүүн бий болгох тэр нь ямар хугацаанд, ямар өртгөөр бий болох талаар тодорхой
(ядаж л барагцаа) мэдээлэл өгөх ёстой. Ингээд тус байгууллага тухайн төслийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлэгч нараас үнийн санал болон бусад холбогдох мэдээллийг (RFT-Request for Tender, RFQ-Request for Quote, RFP-Request for Proposal зэргээс оновчтойг нь ашиглан) авч үнэлж үзээд өөрийн байгууллагад аль ашигтай саналыг сонгодог билээ.

Төсөл боловсруулах явцад хамгийн бэрхшээлтэй хэсэг нь программын өртөгийг тооцох хэсэг байдаг. Ядаж тухайн программыг боловсруулах хугацааг нь мэдээд авчихвал өртгийг нь тооцоход арай дөхөм болно. Хугацааг тооцох хэд хэдэн арга түгээмэл хэрэглэгддэг. Тоочвол, таамаглах, харьцуулах, делфи техник, дээрээс доош (top-down), доороос дээш (bottom-up) гэх мэт.

Түүнээс гадна тухайн программын хэмжээг нь мэдэх зайлшгүй шаардлагатай ба үүнийг хэмждэг хамгийн түгээмэл бөгөөд өргөн хэрэглэгддэг хэмжигдэхүүн бол кодын мөрийн тоо (lines of code) байдаг билээ. Кодын мөрийн тоог мэдэхийн тулд мөн л хэд хэдэн арга хэрэглэгддэг. Үүнд: Function point analysis, COCOMO (COnstructive COst MOdel), heuristics, SLIM гэх мэт. Мэдээж мөрийн тоог гаргах нь яг программыг хэмжээг тодорхойлно гэсэн үг биш. Яагаад гэвэл туршлагатай, чадварлаг программистууд бусад программистуудаас бага мөрөнд илүү үр дүнтэй программ бичдэг. Гэхдээ ядаж л эхний ээлжинд багцаа байх шаардлагатай. Энэ багцаа нь илүү нарийвчлал сайтай тусмаа төслийн хугацаа болон өртөг бодит байдал руу илүү дөхнө гэсэн үг. Австралид Telstra хэмээх (манай Цахилгаан холбоо компани шиг утасны шугамыг нь дангаар эзэмшигч монополь, түүнээс гадна гар утасны хамгийн том операторын нэг) компани өөрийн компанид хэрэгцээтэй байгаа программын хэмжээг тодорхойлох бүхэл бүтэн хэлтэстэй бөгөөд энэ хэлтэс нь 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.

1979 онд IBM анх Function point analysis (цаашид FPA гэх)-ыг танилцуулсан бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг программын хэмжээг тодорхойлох аргуудын нэг юм. Энэ аргыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх олон улсын байгууллагууд (IFPUG, UFPUG) байгуулагдан улмаар энэ аргыг хэрэглэх мэргэжлийн сургалт хүртэл явуулж, сертификат олгодог байна. Энэ аргын гол санаа нь тухайн програмд ашиглагдах функцуудыг урьчдилан тооцоолж тухайн функц нь ямар үйлдэл хийх болон түүний түвэгтэй байдлыг тодорхойлно. Функцуудыг үндсэн 5-н төрөлд ангилна.

Үүнд:

  • External input types (файл болон өгөдлийн санд мэдээлэл оруулах болон өөрчлөх)
  • External output types (файл болон өгөдлийн сангаас мэдээлэл гаргах)
  • External inquiry types (файл болон өгөдлийн сангаас мэдээлэл унших)
  • External interface file types (бусад программуудтай мэдээлэл солилцох)
  • Internal logical file types (системд хэрэглэгдэж байгаа дотоод файл)

Function point (FP) тооцох алхамууд:

  • Програмд хэрэглэгдэх бүх функцийг тодорхойлох
  • Эдгээр функцүүдээ ажиллахад (боловсруулахад) түвэгтэй байдлаараа бага, дунд, их гэж ангилна
  • Unadjusted function points (UAF)-г тодорхойлно. Үүнийг тодорхойлоход тусгай хүснэгт ашигладаг.
  • Үүний дараа value added adjustment factor (VAF)-г тодорхойлно. Энэ нь нилээд бэрхшээлтэй ба олон нөхцлөөс хамаарч утга нь гарч ирнэ.
  • FP=UAF x VAF

FP нэгэнт тодорхой болсон бол ямар программчлалын хэл ашиглах гэж байгаагаас шалтгаалан коэффициентээр үржүүлэгдэнэ. Жишээ нь: С дээр программаа боловсруулах гэж байгаа бол нэг FP-д 128 мөр, C++ бол 64 мөр, харин VB бол 32 мөр гэх мэтээр тооцно. Мэдээж тухайн хэлний онцлогоос хамаарч энэ коэффициент нь янз бүр байна.

Нэгэнт программын маань кодын мөрний тоо нь урьдчилан тооцоологдсон бол цаашид хугацаа болон өртгийг нь тооцоход хялбар болох ба тухайн төслийн маань хэрэгжих боломж нь нэмэгдэнэ гэсэн үг. МТ-ийн төслийн 50 орчим хувь нь хугацаанаасаа хэтэрч мөн төлөвлөсөн төсвөөсөө ихийг зарлагадаж байж хэрэгждэг.

FPA-н талаар илүү ихийг сурахыг хүсвэл http://www.softwaremetrics.com/ хаягаар орно уу.

Ашигласан үндсэн материал:

- Marchewka, Jack 2006, "Information Technology Project Management", ISBN-13 978-0-471-71539-9

Sunday, June 3, 2007

Вэб 2.0-ийн нөлөө

Урьд нь Вэб 2.0-ийн талаар зарим хүмүүс блог дээрээ бичиж байсан, харин энэ удаад бичлэг давхцуулахгүйг хичээв.

Вэб 2.0 улам хөгжиж хүрээгээ тэлж байгаа. Энэхүү хөгжил нь дан ганц МТ-ийн болон мэдлэг, мэдээллийн хөгжилд нэмэр оруулаад зогссонгүй. Бүр бусад салбарын хөгжилд нөлөөлж багагүй хүмүүсийг ажилтай болгож байгаа нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж байна гэж зарим мэдээллийн эх сурвалж өгүүлсэн байна лээ. Харвардын их сургуулийн туслах профессор, доктор Андрю МакАфий өөрийн блогтоо вэб 2.0 нь мэдээллийн технологичидыг нойрноос нь сэрээсэн, харин үүнтэй ижил энтэрпрайз 2.0 нь бизнесийнхэнийг мөн сэрээх болно хэмээн бичсэн байсан.

Мэдлэгт нөлөөлөх нь

Блогчдыг сүүлийн үед "шоглох" үзэгдэл мэр сэр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Жишээ нь: Олон ангит кинон дээр хүнтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаггүй хүмүүс блог нээдэг ч гэх шиг мөн Симпсон (хүүхэлдэйн кино)-ы нэг цуврал дээр хүртэл гарч байна лээ. Мэдээж аливаа юм хийж байгаа хүн шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл. Энэхүү шүүмжлэлийг МакАфий мэдлэгт дусал нэмэр болж байхад хөндлөнгөөс бүү оролц хэмээн хэлсэн нь яг оносон хариулт мөн. Гэхдээ учиргүй олон мэдээлэл үйлдвэрлэх биш чанартай мэдээлэл үйлдвэрлэх ёстой гэж мань эр дурдсан байна лээ (энд викиг голчлон хэлж байна).

Эдийн засагт нөлөөлөх нь

Google гэхэд л 3-н газар data center бариад эхэлчихлээ. Үүнийгээ түргэн хоолны франчайзингийн тархалттай хүртэл зүйрлэсэн байх юм. Мөн түүнээс гадна Google-н гол өрсөлдөгч болох Microsoft хүртэл томоохон хэмжээний data center байгуулж байна. Бас Yahoo, ask.com, Intiut зэрэг компаниуд мөн л data center байгуулж байгаа нь олон хүнийг ажилтай болгох, дэд бүтцийг хөгжүүлэх мөн мэдээллийн урсгалыг тэнцвэржүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Эдгээр төвүүд нь голцуу хүн ам бага суурьшсан хотуудад байгуулагдаж байгаа нь МТ-ийн салбарт байршил төдийлөн чухал биш дэд бүтэц гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг илтгэж байна. Эцэст нь дүгнэхэд Вэб 2.0 нь зөвхөн технологи, программын хүрээнд хязгаарлагдаад тогтохгүй хөгжлийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

МТ-д нөлөөлөх нь

Саяхан манай нэг доктор багш хичээл дээр Вэб 2.0, Вэб 1.0-ээс юугаараа ялгаатай талаар хэлэлцээд дараах дүгнэлтийг хийсэн юм.
- Хамтын ажиллагаа (хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулга)
- Технологи (AJAX, JSON, RSS and Atom...)
- Программууд/хэрэгслүүд (Blog, Wiki, xxxcast...)

Мөн сүүлийн 2 орчим жил программ хангамж хөгжүүлэгчдийн ажилд хүртэл нөлөө үзүүлээд л амжсан. Тухайлбал, SOA (Service Oriented Architecture) үйлдвэрлэгчид зайлшгүй вэб 2.0-ийг хүлээж авах платформ бүтээхгүй бол бусад вэб үйлчилгээнүүд тухайн системтэй холбогдох, зохицоход бэрхшээл учирах нь ойлгомжтой.

Вэб 2.0 байгууллагад нөлөөлөх нь

Сүүлийн үед байгууллагууд бизнес стратеги, бодлого болон дотоод журамдаа блог болон викиг ашиглах талаар тусгах болсон. Тухайлбал: байгууллагын ажилтанууд блог дээрээ эсвэл вики дээр байгууллагынхаа нууц мэдээллүүдийг байрлуулах явдал гарч байгаа учир үүнийг хязгаарлах хэрэгтэй. Мөн түүнчлэн саяхан Майкрософт өөрийн бүтээгдэхүүнээ вики дээр хэт их магтсанаас үүдэж шүүхэд дуудагдаж байсан. Стратегийн хувьд гэвэл RSS эсвэл Atom зэргийг ашиглаж байнгын үйлчлүүлэгчтэйгээ байнгын холбоотой байж болох юм.

Мөн цаашлаад нууцлал, аюулгүй байдлын асуудал ч сүүлийн үед яригдаж байна. Цаг завын улмаас энэ удаад үүгээр өндөрлье. Цаашид энэ сэдвээ комментээр үргэлжлүүлэн баяжуулж байх болно.

Monday, May 7, 2007

МТ-ийн зөвлөх компани аутсорсингийн чадварлаг ашиглаж байна

Мэдээллийн системийн менежмент хэмээх хичээл дээр ямар нэгэн компанийн МТ-ийн менежертэй нь ярилцлага хийх ёстой болов. Улмаар тус ярилцлага болон бусад материал дээр тулгаарлан МТ-ийн одоогийн стратегийг нь судлах, үйл ажиллагааных нь талаар дүн шинжилгээ хийх, мөн тулгамдсан асуудлынх нь талаар онол талаас судалгаа хийж тус компанидаа хүргүүлэх зэрэг ажлуудаг хийх ёстой юм. Ингээд манай баг 4 хүний бүрэлдэхүүнтэй тус ярилцлага авах компани дээрээ очсон юм.

Энд яригдах гэж байгаа байгууллага бол МТ-ийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Reveal Group. Тус групын онцлог гэвэл: 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээр хүмүүс бүгд доод тал нь 10 жилийн ажлын туршлагатай бөгөөд урьд нь дандаа том компаниудын МТ-ийн захирал (CIO), үйл ажиллагааны захирал (COO), ерөнхий менежер мөн дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан гэхээр бүрэлдэхүүний хувьд нилээд чадварлаг боловсон хүчин бүрдсэн груп байлаа. Бидэнтэй уулзсан хүн бол тус групын гүйцэтгэх захирал болох ноён Кроч. Тэрбээр урьд нь Австралийн үндэсний банк (National Australian Bank)-д МТ-ийн захиралын албыг хашин 3500 хүн удирдаж байсан туршлагатай, чадалтай хүн гэх.

Намайг болон бусад нөхдийг маань хамгийн их гайхшруулсан зүйл бол тус груп нь үндсэн үйл ажиллагаанаас бусад бүх үйл ажиллагаагаа аутсорсинг хийсэн явдал байв (санхүү бүртгэл, программ хангамж, техникийн үйл ажиллагаа, бүр бизнесийн зарим үйл ажиллагаагаа хүртэл). Тэр бүхнийг нь ердөө нэг оффис менежер хариуцаж зохицуулна. Групын ажилтнууд (менежерүүд) бүгд блайкбэрри, зөөврийн компьютер ашиглан утасгүй сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулна. Ямар нэгэн техникийн саатал гарах юм бол аутсорсинг компани нь хянаж(monitoring хийж) байдаг учир тэр даруй хэвийн үйл ажиллагааг нь хангана гэх мэтчилэнгээр өөрсдийн үндсэн үйл ажиллагаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн бусад бүх үйл ажиллагааг аутсорсинг хийснээрээ тус компани сүүлийн 2 жилийн хугацаанд Австралийн эхний 50 компанийн дийлэнхид нь (одоогоор 40 орчим) МТ-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болжээ. Мөн түүнээс гадна Лондон, Парист салбар компаниа байгуулан амжилттай ажиллаж байгаа ба тун удахгүй Нью Иоркид болон Азид (аль улсад гэдгийг нь хэлээгүй) тус бүр салбараа нээх гэж байгаа юм байна.

Энд орчин үеийн компани хэрхэн аутсорсинг ашиглаж байгааг харуулах гэж зорьсон юм. Тус груп нь өөрсдийн чаддаг ажилдаа л бүх цагаа зарцуулан бусад үйл ажиллагаагаа аутсорсинг хийх бодлого барьсанаар богинохон хугацаанд амжилт олсон шиг бусад компаниуд ч гэсэн иймэрхүү үйл ажиллагаанд шилжих нь дамжиггүй. Тиймээс манайханд аутсорсонгийн үйл ажиллагаа эрхлэх боломж ирээдүйд улам их гарч ирнэ, түүний хажуугаар бусад орны ч өрсөлдөгч нар ч гарч ирэх нь дамжиггүй.

Monday, April 2, 2007

МТ засаглал



Мэдээллийн технологийн засаглал муутай бол нэг иймэрхүү л байдаг юм байна

Saturday, March 24, 2007

Мэдээллийн технологийн зардал болон төслийн талаар...


Мэдээллийн технологийн зардлыг буруу ойлгож гар татсанаараа байгууллага давуу талаа алддаг


Мэдээллийн технологийн үйлчилгээний хүрээ тэлэх тусам хэрэглээ өргөжиж байгаа нь энэ салбарын хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаатай салшгүй холбоотой билээ. 1960-аад оны үед компьютер маш үнэтэй байсан учир төдийлөн хүн бүр битгий хэл байгууллага бүр худалдан авах боломжгүй байжээ. Энэ үед АНУ-д санхүүгийн чадавхитай байгууллагуудын нийт зардлын 0.2 хүрэхгүй хувь нь мэдээллийн технологийн бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулагдаж байв. Түүнээс хойш дэвшилтэт техник, технологи хөгжиж, эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны шинэ шинэ ололт амжилтуудыг нээснээрээ компьютер болон түүний дагалдах хэрэгслийн үнэ аажмаар буурсаар ирсэн. Улмаар 1980-аад оны эхэн үеээр Майкрософт болон АйБиЭм компаниуд хамтарч хэрэглэгчид хэрэглэхэд дөхөм үйлдлийн системтэй компьютеруудыг харьцангуй хямд үнээр үйлдвэрлэж эхэлсэнээр жирийн иргэд хувийн хэрэгцээндээ компьютер худалдан авах чадвартай болжээ. Ингээд 1990-д оны эхэн үе гэхэд байгуулагын төсвийн 1.1 орчим хувь нь мэдээллийн технологид зарцуулагддаг болов. Харин одоо үед, 2006 онд Мэдээллийн удирдлагын нийгэмлэгийн явуулсан судалгаагаар нийт оролцогчдын талаас илүү хувь нь 2007 онд мэдээллийн технологид зарцуулах зардал өснө гэж хариулсан байна. Учир нь энэ салбарын ажилчдын цалин нэмэгдэнэ гэж үзсэнтэй холбоотой аж. 2006 оны байдлаар МТ-ийн зардал нийт төсвийн 3.6 хувийг эзэлж байжээ. Байгууллагын захирал болон санхүүгийн удирдах ажилтнууд МТ-ийн салбарт хөрөнгө оруулахдаа маш хойрго хандах болсон. Учир нь байгууллагынхаа МТ-ийн чадавхийг сайжруулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулдаг ч өгөөж багатай хөрөнгө оруулалт гэж үздэгтэй холбоотой. Түүнээс гадна Морган Стэйнлэс компани МТ-ийн зардалдаа 2000-2002 оны хооронд 130 тэрбум ам.доллар зарцуулсан боловч амжилт олоогүй явдал нь бусад санхүүгийн удирдах ажилтнуудын хувьд гашуун сургамж болсон байна. Гэхдээ тэд нэг зүйлийг дутуу ойлгодог гэж хэлж болно. Энэ юу вэ гэвэл тэд МТ-ийн салбарт хэдийн хэмжээний хөрөнгө оруулна төдий хэмжээгээр ашиг нь нэмэгдэх ёстой гэж үздэг. Энэ бол буруу ойлголт. Ер нь ихэнхи тохиолдолд МТ-ийн хөрөнгө оруулалт нь эргээд ашиг авчирдаг нь үнэн боловч энэхүү хөрөнгө оруулалтаа мөнгөний өнцгөөс харах нь дутагдалтай. Учир нь МТ-д хөрөнгө оруулсанаараа тухайн байгууллага өөрийн удаан оршин тогтнох байдлаа хангах, одоогийн эзэлж байгаа зах зээлийн хэмжээгээ хадгалж үлдэх, өрсөлдөгчдөөсөө давуу тал олж авах зэрэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй өгөөжүүдийг удирдах ажилтнууд тооцохгүй байна.

Эдгээрээс гадна МТ-ийн зардлыг бүртгэж авахдаа алдаа хийдэг нь энэ салбарын хөрөнгө оруулалт ашиггүй мэт харагдуулаад байгаа юм. МТ-д зарцуулагдаж байгаа зардлыг шууд үндсэн хөрөнгөд бүртгэдэг боловч багагүй хэмжээний зардал нь үйл ажиллагааны зардалд бүртгэгдэх ёстой. Ер нь МТ-ийн зардлыг үндсэнд нь нэг удаагийн зардал, хэрэглээний зардал, шинэчлэлтийн зардал гэсэн 3 хэсэгт хуваах ёстой. Үүнээс нэг удаагийн зардал нь тоног төхөөрөмж худалдан авах зэрэг нь хамаарах учир үндсэн хөрөнгөд бүртгэнэ. Шинэчлэлтийн зардал нь программ хангамж, техник хангамж зэргийг шинэчлэх болон лиценз худалда авах, сэргээх зэрэг зардлууда багтана. Үүний ихэнхи хэсэг нь үйл ажиллагааны зардалд хамрана. Хэрэглээний зардал нь байгууллагын МТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардал учир бүгд үйл ажиллагааны зардал хамрагдах нь ойлгомжтой.

Аливаа байгууллага шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулах биш төслийн үр дүн нь байгууллагын үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлөх тэрхүү төслүүдээ нэн түрүүнд амжилттай дуусгахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл МТ-ийн төслүүд нь удаашрах тусам шинэ дэвшилтэт технологиуд ар араасаа түрэн орж ирж тухайн төслийн үнэ цэнийг бууруулж байдаг. Улмаар тухайн технологиудыг төсөлдөө тусгах гэж цаг их зарцуулж, зардал нэмэгддэг. Ер нь амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүдийн дийлэнхи олонхи төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрч мөн төсөвлөсөн зардал нь дунджаар 2 дахин хэтэрдэг. Иймээс МТ-ийн төсөл хэрэгжүүлэхдээ удирдах ажилтнууд маш болгоомжтой хандах нь элбэг тохиолдол. Саяхан АНУ-ын Мэдээллийн нийгэмлэгийн хийсэн ажиглалтаар амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүд нь дараах шинж чанаруудыг агуулсан байжээ.
Үүнд:
· Төслийн багийн гишүүдийн тоо 6 буюу түүнээс бага
· Нийт төсөв нь 750 мянган ам.доллар буюу түүнээс бага
· Төслийн үргэлжлэх хугацаа 6 сараас илүүгүй
Эндээс харахад МТ-ийн төсөл нь хөгжилтэйгээ ямагт цуг явж байдаг учир аль болох түргэн хугацаанд хийх шаардлагатай байдаг нь харагдаж байна. Түүнээс гадна МТ-ийн төслийг амжилтгүй болгодог шалтгаануудаас дурдвал: шаардлагаа буруу тодорхойлсон, хэрэглэгч болон захиалагчдыг бүрэн хамруулаагүй, нөөцийн хомсдол, бодит бус хүлээлт, төслийн дулимаг удирдлага, дутуу төлөвлөлт гэх мэтээр үргэлжлэх болно. Ингээд төгсгөлд нь МТ-ийн төслийн хэрэгжилтийн талаарх графикийг дор тавилаа.





References

Alter, A 2006, eWeek, 25 September, Vol. 23 Issue 38, EBSCOhost, p10, viewed 9 March 2007.

Dickerson, C 2004, InfoWorld, 31 May, Vol. 26 Issue 22, EBSCOhost, p22, viewed 9 March 2007.

Dugan, R 2002, Journal of Academic Librarianship, July, Vol. 28 Issue 4, EBSCOhost, p238, viewed 9 March 2007.

Judith, M 2004, Feliciter, Vol. 50 Issue 1, p7.

Marchewka, J 2006, Information Technology Project Management, Providing measureable organization value, Second Edition, Lehigh Press, New Jersey.

Marshall, P., McKay, J., Prananto, A. 2005, ‘Business Value Creation from IT Investments: Towards a Process Theory of IT Governance’, Australasian Journal of Information Systems, Volume 12 No. 2, Swinburne University Library, pp. 192-206, viewed 10 March 2007.

Wednesday, March 21, 2007

Аутсорсингийн тулгамдсан асуудлуудаас


Саяхан хийсэн судалгааны ажлаасаа товчилон тавьж байна. Ойрд цаг зав бага байгааг минь ойлгоно буй за. Үүнийг бичихдээ академик баримтан дээр тулгуурласан болно. Дор нь эх үүсвэрүүдийн жагсаалтыг тавилаа.

(An episode of Literature Review called Contemporary Issues for IS Managers)



Аутсорсинг үйлчилгээнд амжилт олсон компаниудын нэг бол АйБиЭм. 1996 онд аутсорсингийн зах зээлд орохдоо ямар ч харилцагчгүй өөрөөр хэлбэл орлого нь 0 ам.доллар байсан ба 18 сарын дараа 3 тэрбум ам.доллар олсон байх юм. Мөн 2005 оноос эхлэн Пакистан улс өөрийн 17 сая англи хэлтэй иргэд мөн 75 мянга гаруй АйТи-ийн мэргэжилтнийхээ хүчинд тулгуурлаж Энэтхэгийн аутсорсингд олсон амжилтын замналаар явахаа мэдэгдэж засгийн газраас нь хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Эхний ээлжинд жилд дор хаяж 7000 мянган мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа (одоогоор жилд мянган чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа нь хангалтгүй тоо) бөгөөд 3-н газар АйТи парк байгуулж эхлээд байна гэж мэдэгджээ. (2005 оны байдлаар) Пакистан улс 2004 онд программ хангамжийн үйлдвэрлэлээрээ 300 сая ам.доллар олсон бол Энэтхэг улс 12.8 тэрбум ам.доллар олжээ. Аутсорсинг компаниуд нь өөрсдийн стратегиа боловсруулчихсан байгаа бөгөөд АНУ-ын зах зээл рүү хүчтэй орох мөн Европын зах зээлд өөрийн байр суурийг эзлэх болно хэмээн мэдэгдэж байна.

Аутсорсинг үйлчилгээ чанарын шаардлага хангаж байна уу?

Risk and Security сэтгүүлийн 2007 онд явуулсан судалгаанд нийт 750 гаруй менежер (эдгээрийн 70 орчим хувь нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай хүмүүс) хамрагдсан бөгөөд эдгээрийн 26 хувь нь л аутсорсингийн үйлчилгээ нь чанарын хувьд маш сайн гэсан бол 60 хувь нь сэтгэл дундуур хэмээн хариулсан байх юм. Офшор аутсорсингийн хувьд нийт оролцогчдын 14 хувь нь л сэтгэл хангалуун явдаг юм байна. Аутсорсинг түншээ сонгохдоо 2 зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Эхнийх нь аутсорсинг компаний чадамж (үүнд: мэдлэг чадвар, туршлага), нөгөө нь төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө нь байгууллагын хүсэл эрмэлзэлтэй яв цав нийлж байх ёстой бөгөөд шаардлагыг нь бүрэн хангасан байх ёстой.
Тухайн компани аутсорсинг харилцагчаа хянаж байх ёстой. Хэрвээ өөрсдөө энэ хяналтыг хийх боломжгүй (туршлагагүй, мэдлэггүй, мэргэжлийн баггүй гэх мэт) бол гуравдагч хөндлөнгийн этгээдээр хянуулж болно. Аутсорсинг үйлчилгээг хянадаг мэргэжлийн компаниуд бий болсон.

Ихэнхи компаниуд аутсорсинг үйлчилгээ авахдаа түншдээ итгэл үзүүлдэг. Энд дараах аюулууд бий:
· аутсорсинг компанийн ажилтан мэдээлэл хулгайлах, мэдээллийг хууль бусаар ашиглах (Ж: 2006 оны 11 сард HSBC банкны Энэтхэг дэх утасны үйлчилгээг хангагч аутсорсинг компанийн ажилтан мэдээлэл хулгайлж хууль бусаар ашигласан)
· аутсорсинг компаний боловсруулсан программ хангамж болон системд нь алдаа гарах, найдваргүй ажиллах
Энэтхэг харилцагч нартаа итгэл үзүүлэх зорилгоор агентлаг байгуулж тэр агентлагийн гишүүн болсоноор тодорхой хэмжээний сургалтад хамрагдах мөн тэрхүү агентлаг нь системийн үйл ажиллагааны найдвартай байдалд хяналт тавих болно. Байгуулагдаад удалгүй мянга гаруй компани тэр агентлагийн гишүүн болсон нь зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгаа.
Түүнээс гадна АйТи-гийн аливаа компанид мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм журам, бодлого байх хэрэгтэй. Мөн аутсорсинг харилцагчаа сонгохдоо тухайн компанийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бүх төрлийн баримт бичгийг нь судлах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар мэдээллээ алдах юм бол харилцагч нарынхаа итгэлийг алдах улмаар цаашдын бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх учир ямар ч тохиолдолд аутсорсинг компанид хариуцлагыг үүрүүлэх нь маш буруу. Өөрөөр хэлбэл өөрийн компанид хамаатай мэдээллийн нууцыг хариуцах үүрэг зөвхөн тухайн компанид л өөрт нь байдаг. Ер нь аутсорсинг компани программ боловсруулах явцдаа өмнөх хийж байсан программуудаасаа кодыг нь хуулж тавих, дахин ашиглахыг цээрлэх хэрэгтэй. Энэ нь өөр байгууллагуудын программынх нь код адилхан байж болохгүй гэсэн стандарттай харшилдаг байна.


References


Desouza, K., Awazu, Y., Mehling, J 2004, ‘The Risk of Outsourcing’, J@pan Inc, Issue 60, EBSCOhost, pp. 32-37, 6p, viewed 10 March 2007.

Grover, V., Cheon, M 1996, Journal of Management Information Systems, Spring, Vol. 12 Issue 4, EBSCOhost, p89, viewed 10 March 2007.

Gruman, G 2006, Computerworld, 9 October, Vol. 40 Issue 41, EBSCOhost, Special section pp. 3-10, viewed 10 March 2007.

Harris, N 1996, ‘Federal budgeting for information technology’, Government Information Quarterly, Vol. 13, Issue 4.

Hines, M 2007, eWeek, 22 January, Vol. 24 Issue 3, EBSCOhost, pp. 23-24, viewed 10 March 2007.

‘Indian Agency to Enforce Outsourced Data Security’ 2006, Information Management Journal, July/August, Vol. 40 Issue 4, EBSCOhost, p9, viewed 11 March 2007.

Lee, J., Kim, Y, 1999, Journal of Management Information Systems, Spring, Vol. 15 Issue 4, EBSCOhost, p29-61, viewed 10 March 2007.

Perry, W., Devinney, S 1997, Information Systems Management, Vol. 14 Issue 2, Spring, p23.

Schelmetic, T 2006, ‘Customer Interaction Solutions’, Mondaq Business Briefing, 28 November, InfoTrac online library, viewed 11 March 2007.

Tuohy, C 2007, Risk & Security, February, Online database p.82, view 10 March 2007.

Treacy, B 2006, ‘Key Data Protection Issues In An Outsourcing Context’, Internet Wire, 29 December, viewed 11 March 2007, http://infotrac-college.thomsonlearning.com/itw/infomark/172/114/102799120w2.

Monday, March 19, 2007

Сонсдог мэдээ


Хүн төрөлхтөн таван мэдрэхүйгээрээ мэдээллийг авч байдаг, харин интернэтээс мэдээлэл авахдаа үүний зөвхөн хоёр нь л хэрэглэгддэг билээ. Ихэнхи мэдээллийн чанартай мэдээллийг голцуу харах мэдрэхүйгээр буюу уншиж хүртдэг байсан бол вэб 2.0 хэмээх дараагийн үеийн вэб технологиуд бий болсоноор интернэт дэх мэдээллүүд podcasting (вэбд суурилсан дуун мэдээлэл гэж орчуулах юм уу даа) хэлбэр лүү өргөнөөр шилжиж байгаа нь хэрэглэгчидэд улам хүртээмжтэй болж байна. Podcasting хэрэглэж хорвоог тольдогч нүдээ бага ч болов компьютерийн дэлгэцнээс холдуулж амраах, мөн цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөх боломжтой. Миний хувьд сүүлийн үед зарим мэдээллийг mp3 тоглуулагч эсвэл iPod дээрээ татаж суулгаад сонсчихож байна. Ялангуяа сургууль гэр хоёрын хооронд явж байхдаа метронд эсвэл орой унтахынхаа өмнө орондоо орчихоод сонсож байхад их тохиромжтой. Хэрвээ podcasting дэлгэрээгүй байсан бол метронд хүн ихтэй байхад юм уншаад явахад тав тухын хувьд ямар байх билээ дээ. Ингээд ямар ч гэсэн хэдэн podcasting мэдээлэл тавьдаг вэбүүдийн холбоосыг хажуу талд байрлууллаа.


Жич: Монголын мэдээллийн вэбүүд зарим мэдээллээ podcasting хэлбэрт оруулбал бүр ч гоё

Sunday, March 18, 2007

Хэрэг болохуйц вэб хуудаснууд

Өнөөдрөөс эхэлж хэрэгтэй вэб хуудасны хаягнуудаа блог дээрээ байрлуулж байхаар болно.

Common Vulnerabilities and Exposures - Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нэр, томъёонуудын стандартчилал

Computer Security Institute - Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудад зориулсан вэб хуудам ба наад зах нь одоогийн хамгийн аюултай халдлага гэх мэт мэдээллийг авах боломжтой.

Computer Security Resource Center - Мэдээллийн ауюлгүй байдлын стандарт зааварчилгаа.

Security Focus - Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой баталгаатай мэдээллүүд байрлана.

W3 Schools - вэб боловсруулалт, хөгжүүлэлттэй холбоотой үнэгүй хичээлүүд энд бий.

World Wide Web Consortium - Вэб хуудастай холбоотой бүх л стандартыг энэхүү байгууллага боловсруулж, баталдаг. Ядаж л энд өөрийн вэб хуудсаа стандартын дагуу хийгдсэн эсэхийг шалгах боломжтой.

(To be continued)

Wednesday, February 28, 2007

Англи хэлний дуудлага

Англи хэл суралцагчидад зориулав

Миний хувьд Англи хэлийг бие дааж сурсан гэхэд болно. Сүүлд Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэдэн сар гадаад багшаар заалгаж жаал дадлага хийж авсан. Бичих, унших чадварыг бие дааж сайжруулж болох боловч ярих чадварыг аргагүй дадлага хийж байж л сайжруулахаас өөр аргагүй юм байна лээ. Ингээд Англи үгнүүдийг зөв дуудахад хэрэг болж магад хэмээн өөрийн өчүүхэн мэддэг зүйлээс хуваалцах гэсэн юм.

Өнгөрсөн цагт үйл үгийг (irregular verbs хамаарахгүй) хувиргасны дараах үгийг дуудахдаа түгээмэл алдаа гаргадаг гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл -ed залгасны дараа гэсэн үг. Хэрвээ тухайн үг f, k, p, s, sh, x гэсэн үгнүүдээр төгсөөд "ed" залгагдаж байгаа бол "т"-ээр дуудна. Жишээ нь: finished-финишт (финишид гэх нь буруу)
Харин d, t гэсэн үгнүүдээр төгсөөд "ed" залгагдаж байгаа бол "ид" эсвэл "эд"-ээр дуудна. Жишээ нь: intended-интэндэд
Бусад гийгүүлэгчээр төгссөн нөхцөлд "д" гэж шууд залгана. Жишээ нь: opened-опэнд

Ер нь улс бүрийн Англи хэлний аялга ялгаатай юм шиг байгаа юм. Жишээ нь: fragile хэмээх үгийг Америкийн Англи хэлэнд "фражл" гэдэг бол Бритиш Англи хэлэнд "фражайл" гэж дуудна. Бас Австралийн Англи хэлэнд үгийн адагт орсон "er"-ийг "а", "ay"-ийг "ай" гэж дуудах нь элбэг. Жишээ нь: sticker гэхийг стика, today гэхийг түдай гэх мэтээр.


Хэл сурах үйлсэд тань амжилт хүсье

Tuesday, February 27, 2007

Австралид сурахад


Австралийн нийтдээ 41 их, дээд сургууль байх ба тэдгээрийн 2 нь л төрийн их дээд сургуулиуд байдаг. Ер нь сургалтынх нь чанар нилээд өндөр байдаг нь дэлхийн боловсролын стандартад нийцсэн сургалт явуулдагтай холбоотой. Мөн боловсрол нь экспортын үндсэн 4 бүтээгдэхүүнийх нь нэг гэж байгаа. Тиймээс боловсролынхоо стандарт, сургалтын хөтөлбөр, чанарт ихээхэн ач холбогдол өгч байдаг.
Австралийн сургуулиуд нь чиглэл тус бүрээрээ төрөлжсөн гэж хэлж болно. Тухайлбал: Мэлбурнийн их сургууль нь дэлхийн шилдэг 50 сургуулийн нэг боловч Мэдээллийн технологийн чиглэлээр сурах гэж буй бол тус сургууль нь тийм ч оновчтой сонголт болж чадах уу болов уу даа! Ер нь сургуулиа сонгохын өмнө вэб хуудас руу нь ороод хичээлүүдийг нь болон тэдгээрийн агуулгыг нь харж болно. Энэ нь ерөнхийдөө тухайн хичээл оюутанд ямар мэдлэг олгох, хэрхэн заагдах гэх мэтчилэн мэдээллүүдийг өгчихнө. Ингээд таны сурах гэж байгаа зорилго болон төлөвлөгөөтэй яв цав тохирч байвал болох нь тэр.

Сурах орчин

Манай сургууль Австралид 6 хотхон(campus)-той, Малайзид нэг салбартай, нийт 40 мянга гаруй оюутантай. Бусад өндөр хөгжилтэй орнуудын сургуулиудын адил сурах орчинг маш сайн бүрдүүлсэн. Мэргэжлийн чиглэлээр семестерт дор хаяж 2 удаа гаднаас хүмүүс ирж лекц уншдаг. Өнгөрсөн семестерт 2 лекц уншигдсаны нэгийг IBM-ийн программ хангамжийн системийн архитектурч нэгэн эрхэм (Жонсон л гэж дуудаад байсан яг бүтэн нэрийг нь санадаггүй) АНУ-аас уригдан ирж лекц уншсанд нь суусан юм. Тэр хүн яг одоо АйБиЭм ямар технологи ашиглан программуудаа боловсруулж байгааг яриад бас далиманд нь өөрийн бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал, тогтвортой ажиллагаа зэргийг магтаад авсан. Мэдээж тухайн хүн ажиллаж байгаа газраа магтан дуулах нь тэр хүний нэгэн үүрэг гэж би боддог. Мань эрийн ярьж байгаагаар сүүлийн үед AOSD (Aspect Oriented Software Development)-ийг нилээд түлхүү ашиглаж байгаа ба энэ чиглэлээр нарийн мэргэшсэн оюутнуудыг компанидаа авахад бэлэн байгаа гэж байсан.

Хэрэв та хүсвэл өөрийн зөөврийн компьютерийг авчирч оюутныхаа АйДи (ID)-г ашиглан утасгүй сүлжээгээр интернэтэд холбогдож болно. Эсвэл гэртээ интернэт хараахан тавиулж амжаагүй бол сургуулийнхаа сүлжээ рүү дайл ап (dial-up)-аар холбогдож улмаар интернэт рүү орох боломжтой. За тэгээд МТ-ийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулж шаардлагатай серверүүдийг зохион байгуулсан байх ба түүн рүү хаанаас ч интернэтээр дамжин холбогдож (VPN) болно. Жишээ нь: Хэрвээ ASP.NET дээр программ бичих хэрэгтэй бол заавал өөрийн компьютер дээрээ .NET Framework ба IIS эсвэл WebMatrix зэргийг суулгаж, тохируулах шаардлагагүй гэсэн үг. Сургуулийнхаа вэб сервер лүү нь хандаад л бүх файлуудаа ачаалаад (upload) өөрийн орчиндоо холбогдсон нь хамаагүй дээр. Энэ нь дараа нь үүсэх эрсдэлээс хамгаалж мэднэ.

Сургуулиас оюутнуудыг дэмждэг илрэл нь хэрвээ ямар нэгэн оюутан тухайн хичээл дээрээ маш амжилттай сурвал дараагийн семестерт тэр хичээлийн туслах багш хийлгэх боломжийг олгодог. Ингэхийн тулд хэлний ур чадвар өндөр байх ба харилцааны чадвар сайтай байх ёстой. Түүнээс гадна докторын (PhD) сургалтад хамрагдаж байгаа оюутнуудад илүү эрх олгогддог.

Элсэлтийн журам

Австралийн ямар нэгэн их сургуульд сурах гэж байгаа бол зайлшгүй IELTS-ийн шалгалт өгсөн байхыг шаардана. Хэрвээ тухайн сургуулийн шаардаж буй оноог авч чадаагүй бөгөөд 1.0 оноо дутсан бол сургуулийн дэргэдэх хэлний бэлтгэлд нь суралцаад дахин IELTS өгөх боломжтой. Мэдээж энэ нь нилээд зардалтай учир аль болох шаардаж байгаа оноог нь авчих л хэрэгтэй.

Англи хэлний шалгуурыг нь хангачихсан бол Мастер болон Докторт сурах гэж байгаа хүмүүст өмнө нь ямар их дээд сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ гэдгийг нь шалгаж үздэг. Энэ Австралийн стандартыг хангаж байвал санхүүгийн эх үүсвэрийг тань шалгах болно. За тэгээд ерөнхийдөө үндсэн шалгуурууд маань дуусаж байна. Одоо сургуулиас таньд offer letter буюу сургуульд элсэхийг санал болгосон захиа ирнэ. Энэ захианыхаа хамт хувийн баримт бичгүүд болон санхүүгийн баримтаа элчин сайдын яам руу нь явуулна. Элчин сайдын яам бичиг баримттай танилцаад ямар нэгэн асуудалгүй бол эмнэлэгийн үзлэгийн маягтыг явуулах ба ямар эмнэлэгт очиж үзүүлэхийг нь ч мөн зөвлөсөн байна. Ингээд заавал тухайн эмнэлэг дээр нь (одоогоор SOS International дээр очиж өгч байгаа) очиж үзүүлж, шинжилгээгээ өгөх ба тэр эмнэлэг нь шууд элчин сайдын яам руу таны үзлэгийн дүнг явуулна. За ингээд л одоо визээ ирэхийг хүлээж хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байх шив дээ.

Таньд амжилт хүсье

Friday, February 23, 2007

Австрали орноор - 4


Харийн оронд хоног хугацаа өнгөрөх тусам шинэ зүйл хуучин мэт санагдаж орчиндоо дасах шинжтэй. Тиймээс эх орны маань хөгжил энэ түвшинд хүрчихвэл сайхансан гэсэн үүднээс дараах зүйлүүдийг тэмдэглэн үлдээв.

Энэ удаад технологийн хөгжлийн талаар жаал тэмдэглэл хөтлөөдхье. Австрали технологийн хөгжилдөө асар их мөнгө зарцуулдаг гэж байна. Тэр тусмаа Мэдээлэл холбооны технолог(МХТ)-ийн хөгжлийг илүү анхаарч аль болох сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийг Засгийн газраас нь онцгой анхаарч дэмждэг бололтой. Миний сонссоноор гар утасны CDMA системийг Америкууд Австралид анх туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлж улмаар амжилт олсоны үндсэн дээр Солонгос, АНУ зэрэг улсууд өөрсдийн зах зээлд нэвтрүүлсэн гэж ярих юм. Бас 21 орчим сая хүн амтай хирнээ 20 орчим сая орчим гар утасны хэрэглэгчтэй гээд олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явдаг бололтой. Энд мэдээж гадаадын оюутан, оршин суугч гэх мэт хүмүүсийн гар утас эзэмшиж байгаа тоо нь орсон гэж бодохоор нялхсаас бусад нь гар утас хэрэглэдэг бололтой. Энэ дашрамд хэлэхэд манай сургууль өөрийн ажилтнууддаа зориулсан бяцхан гар утасны оператортой. Энэ нь хоорондоо ярихад үнэгүй байх бөгөөд сургуулийн хотхонуудын (нийт 6 хотхон бий) эргэн тойронд ажиллах ба холдоод явчихвал ажиллахгүй.
За тэгээд зурагтаар нь манайд гардагтай адилхан улс төрчдийн хэрүүл тэмцэл гарч л байдаг юм. Голцуу л дайнтай холбоотой асуудлаар тэмцэлдэнэ дээ. Бас өнгөрсөн жил манай улсын төсөв илүүдэлтэй гарсан гээд байгаа түүнтэй адил эднийд ч бараг жил бүр шахам илүүдэлтэй гардаг юм шиг. Тэр илүү гарсан мөнгөө яаж үрэхэв гээд "толгойгоо гашилгадаг" гэж байгаа (2006 оны байдлаар ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 32200 доллар). Технологийн талаар бичье гэсэн чинь бүр хадуурах нь.

Bandwidth

Уг нь энэ үгийг дамжуулалтын багтаамж гэж орчуулах байх гэхдээ цаашид интернэтийн хурд гээд нэрлэчихье. Хэдийгээр манай оронтой адил газар нутгийн хувьд өргөн уудам нэг хүнд ноогдох газрын хэмээ их боловч дэд бүтцийн хөгжил сайн болохоор хаана ч очоод интернэтэд холбогдоход чирэгдэл учраад байхгүй. Нэг удаа сургуулийнхаа лабораторид сууж байгаад оллоо.мн руу орох гэсэн нилээд удаад харин бусад вэбсайтууд руу дараад л ороод байдаг юм байна. Тэгээд интернэтийн хурдыг нь хэмжиж үзтэл зөвхөн нэг компьютераас интернэтэд холбогдох хурд нь 20 mbps байдаг юм байна. Энд хэдэн мянган комптьютер интернэтэд холбоотой гэж бодохоор зөвхөн нэг сургуулийн нийт интернэтийн хурд нь багаар бодоход хэдэн зуун мегабит эсвэл бүр гигабитээр хэмжигдэх тоо гарч мэднэ. (Гэтэл манай орны хэдэн интернэтийн компаниудын нийт интернэтийн хурд нь хэд байдаг билээ)

Мэдээллийн систем

Нийт их сургуулиуд нь дундаа ашигладаг нэгдсэн мэдээллийн сантай бөгөөд тэнд нь бүх л төрлийн мэдээллүүд байдаг. Илтгэл тавих, тайлан, эссэ бичих зэрэгтээ хэрвээ электрон хэлбэрийн мэдээллийн эх үүсвэр хэрэглэх бол аль болох тэр мэдээллийн сангаасаа материалаа хайхыг шаарддаг ба интернэтээс мэдээлэл авахыг төдийлөн зөвшөөрөөд байдаггүй. Мэдээж сонин, сэтгүүл болон бусад найдвартай эх үүсвэр бол болно, харин вики хэлбэрийн мэдээллийн санг хэрэглэгч өөрчилчихөж болно гэж үздэг учир үүнийг эх үүсвэрээ болгоход дурамжхан ханддаг.
Мөн бүх л байгууллагууд нь сүүлийн үеийн мэдээллээ тэр дор нь интернэтэд байрлуулах ба энэ нь XML-ийн ачаар бусад сайтуудтайгаа холбогдоод "талаар нэг тарчихна". Манайд ядаж төрийн байгууллагууд нь ийм нэгдсэн систем байгуулчихвал ч...

Voice recognition (яриа танигч)

Манай хүүхэд цэцэрлэгт явдаг ба төлбөр нь чамгүй үнэтэй, гэхдээ бид эндэхийн Засгийн газраас нь багахан хэмжээний хөнгөлөлт авдаг ба одоо хичээл ном эхэлж байна цаг зав муу боллоо гэх маягаар "баахан зовлон" тоочиж байгаад хөнгөлөлтийнхөө хэмжээг нэмэгдүүлчих санаатай саяхан утсаар ярив. (ер нь эндэхийн оюутанууд хүний өмнөөс сурч байгаа юм шиг төлбөрөө төлж хүчрэхгүй бол сургуулиасаа ажил шаардана, бас ажил хийдэг нэг нь хичээлийн цаг ажилтай давхцлаа өөрчилж өг гэх мэтээр "эрхэлж" өгнө дөө) Тэгээд 1300ххх хэмээх дугаар луу залгаад оператортой холбогдов.
Оператор:
- Өдрийн мэнд, та centrelink рүү холбогдлоо. Орлогын мэдүүлгээ өөрчлөх гэж байгаа бол нэг, хувийн мэдээллээ өөрчлөх гэж байгаа бол хоёр, бусад асуудлаар гурав гэхээр нь рефлексээрээ л 3-ын тоон дээр дарав. Тэгсэн болдоггүй. Урьд нь ингэж холбогдож байсан утаснууд бүгд л тухайн тоогоо оруулаад улмаар од эсвэл чагт товчлуур дарж цааш холбогддог байсан юм. Дахин оператор зааврыг хэлж байна тэгсэн чинь товчлуур дээр дарах биш тэр тоог нь хэлэх юм байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан их ухаалаг систем юм байна. Тэгээд "гурав" гэж хэлэнгүүт цааш холбогдож байна. Тэгээд ажилтантай холбогдов. Ажилтан хэлж байна
- Лавлагааны дугаар чинь хэд вэ?
- ххх хэмээн хэлтэл
- Бишээ 4 оронтой тоо байх ёстой таньд өгсөн бичигний баруун дээд өнцөгт нь байгаа гэж байна. Тийм тоо байна уу?
- Тийм тоо алга
- Хэрэв байхгүй бол доод талд нь байгаа 9 оронтой дугаарыг хэлнэ үү
- ххх гэж тоогоо хэллээ
- Та ххх гэж хэлсэн зөв үү?
- Зөв
- Таны нэр Жаргалсайханы Тамир мөн үү?
- Мөн
- Баярлалаа. Тэгээд 2, 3 секунд болсоны дараа жинхэнэ ажилтан нь ярьж байна.
- Ямар асуудлаар холбогдох гэсэн юм? Тэгэхэд нь л урьд хүнтэй биш автомат яригчтай яриад байснаа гэнэт мэдэв. (яг л хүн шиг ярьж байсан юм даа) Мэдээж хөнгөлөлт авах гэж байгаа хүн чинь автомат яригчтай "ярьж" байхдаа "Өдрийн мэнд. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг танайхаас хөнгөлөлт авдаг юм. Их талархаж явдаг шүү" "би энд сурдаг оюутан байгаа юм" "манай хүүхдэд цэцэрлэг нь их таалагддаг учир явах их дуртай" гэх мэт панаалын хэдэн үг хэлж илүү дутуу юм ярьж байсан маань нөгөө хаданд хашгирна гэдэг шиг хий хоосон яриа болсоныг мэдээд инээд хүрэв. Арайх гэж л инээдээ барилаа. Тэгээд арайх гэж учир байдлаа тайлбарлаж хэлэнгүүт сая "-Ойлголоо, ирэх долоо хоногоос эхлэн хөнгөлөлтийг чинь нэмэгдүүлэх болно" гэснээр бидний яриа өндөрлөв. Харилцуураа тавиад хэсэг инээв, дараа нь ичив, бас технологийн дэвшлийг бишрэв. Хэрвээ тэр автомат яригч байхгүй байсан бол дугаарыг нь асууж мэдээллийн сангаасаа хайх зэрэгт багагүй цаг зарцуулах байсан болов уу мөн нөгөө хүн нь яаж ч будилаа билээ. Энэ л лав хүний ажлыг дор хаяж 50 хувь хэмнэж чадаж байна. Ингэснээрээ ямар их ач холбогдолтой болохыг энд дурдаад яахав.

Мал аж ахуй дахь мэдээллийн технологийн хэрэглээ

Австралийн иргэд нь битгий хэл мал нь хүртэл ID карттай байх юм. Эндэхийн бүх моринд чип (chip) суулгасан. Тэгээд хэрвээ янз бүрийн юм болвол (байгалийн гамшиг, өвчин тусах, алдагдах гэх мэт) тухайн холбогдох байгууллагаас нь (даатгалын компани, татварын газар, мал эмнэлэг гэх мэт) хүн хүрч ирээд чипийг нь уншаад л бүх мэдээллийг нь авчих нь. Жишээ нь: өвчин туслаа гэхэд хэзээ төрсөнөөс нь авахуулаад урьд нь ямар өвчин тусч байсан, ямар ямар тарилга, дархлаажуулалтад хамрагдаж байсан, төлбөрийг нь төлж байсан эсэх гэх мэт бүх л мэдээллийг нь авчихна. Бас даатгалын компани тэр чипийг нь уншуулаад өвчин их тусдаг мориноос өндөр төлбөр авах эсвэл ямар төрлийн даатгал хийлгэсэн гээд л хэрэгтэй мэдээллээ авчихдаг.

Онлайн хичээл

Урьд нь Сискогийн онлайн сургалтанд хамрагдаж байсан. Мөн АНУ-ын их сургуулийн онлайн хичээл ч хэрхэн явагддагыг мэднэ. Гэхдээ эд нар нь бүгд интернэтэд суурилсан байдаг байлаа. Интернэтэд холбогдох боломжгүй бас зөөврийн комптьютер байхгүй бол тэгээд хичээлээ үзэх боломжгүй гэсэн үг. Манай сургууль 2005 оноос эхлэн анх удаа онлайн сургалтаа гар утсаар явуулж байгаа юм байна. Энэ нь оюутан хаа ч явсан лекцэндээ суух боломжтой төдийгүй хичээлээ хийгээд байж болно гэсэн үг. Сүүлийн хэдэн жил "электрон" хэмээх тодотголтой үйлчилгээнүүд (e-commerce, e-procurement, e-government гэх мэт) олноор бий болсон. Тэгтэл бас mobile "хэмээх" үйлчилгээнүүд (m-commerce, m-learning, m-government гээд л...) бий болж байгаа билээ. Иймээс эдгээр үйлчилгээнүүд нь хэрэглэгч нарт салангид зүйл мэт санагдаад байдаг учир нэг мөр цэгцлэхийн тулд буцаад мэдээллийн системийн үйлчилгээ гэж нэрлэх нь зүйтэй гэж эд нар үзэж байгаа бололтой. Тиймээс энэ жилээс эхлээд бүх сургуулиуд "электрон худалдааны менежмент" хэмээх хичээлийнхээ нэрийг өөрчилж мэдээллийн системийн өөрчлөлтийн (хувьсалын) удирдлага гэх мэт нэртэй болгож байгаа юм байна.

Эдгээр технологийн дэвшлүүд нь манай улсад аль болох түргэн нэвтрээсэй гэсэн ерөөлөөр энэ удаагийн бичлэгийг өндөрлье.

Monday, February 12, 2007

Хичээл сонголт

Намайг энд сурахаар ирэхэд нийт 16 хичээл буюу 200 кредит цуглуулах ёстой гэж байсан. Тэгсэн харин манай сургууль урьд нь Бакалавраа Мэдээллийн технологийн чиглэлээр сурсан бол 4 хичээлийг нь шууд хаачихаж болно гэсэн дүрэмтэй байдаг юм байна. Тэгээд өмнөх КтМС төгссөн дипломоо үзүүлээд Компьютерийн сүлжээ, Өгөгдлийн сангийн удирдлага, Системийн шинжилгээ, Программчлал зэрэг 4 хичээлээ хаалгаад семестерт 4 хичээл үзэх ёстой байсан бол 3 хичээл үзэх боломжтой болвоо. Тэгээд өнгөрсөн семестерт Жава программчлал, Интернэт технологи, Дэвшилтэт вэб технологи гэсэн 3 хичээл үзлээ. Би бээр уг нь энд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа юм. Тэгсэн цаанаас мөнгөө шилжүүлэхдээ 4 хичээлийн мөнгө шилжүүлчихэж. Ер нь нийт 16 хичээлийн төлбөр шилжүүлэх юм гэсэн. Тэгэхээр нэгэнт сур сур бид мөнгийг нь төлье гээд байгаа болохоор нь энэ семестерээс эхэлж "сайн дураараа" 1 хичээл нэмж үзэхээр шийдлээ. Уг нь биеийн амарыг харвал семестерт 3 хичээл үзээд байж болно л доо гэхдээ бас нэг ч гэсэн юм илүү сураад авчихвал өөрт болон өрөөлд хэрэг болж магад тэгээд ч энд сурах гэж ирсэн болохоос жаргах гэж ирсэн биш гэсэн хэнхэг зан хөдлөөд байх юм. Ингээд энэ семестерт 4 хичээл үзэхээр сонголт хийсэн юм. Эдгээр 4 хичээл маань Мэдээллийн системийн төслийн удирдлага (Information Systems Project Management), Бизнесийн мэдээллийн системийн шинжилгээ (Business Information Systems Analysis), МТ-ийн боломжит өөрчлөлтийг удирдах нь (Managing IT-Enabled Transformation), Программ хангамжийн чанарын удирдлага (Software Quality Management) гэсэн хичээлүүд байсан боловч МТ-ийн боломжит өөрчлөлтийг удирдах гэсэн хичээлийг маань хөтөлбөрийн менежерээс зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар энэ семестерт үзэхийг зөвшөөрсөнгүй. Тиймээс энэ хичээлээ болиод Мэдээллийн системийн эрсдэл ба аюулгүй байдал (Information Systems risk and security) гэсэн хичээлийг үзэхээр болсон юм. Тэгсэн 2 хичээлийн лекц нь давхцсаны улмаас аль нэгийг нь бас л солих шаардлагатай болоод байна. Тэр 2 хичээл нь Мэдээллийн системийн төслийн удирдлага, Программ хангамжийн чанарын удирдлага гэсэн хичээл. Эхнийх нь хичээлийн одоо авахгүй бол дараагийн семестерүүдэд үзэх зарим хичээлүүдтэй маань уялдаатай болоод байдаг тиймээс Программ хангамжийн чанарын удирдлага гэсэн хичээлээ энэ удаад болихоос өөр арга алга. Уг нь энэ хичээл тун их сонирхол татаж байсан даан ч харамсалтай байна гэхдээ ирэх семестерээс заавал үзэх юм шүү.

За тэгээд одоо Мэдээллийн технологийн чадамжийг удирдах нь (Managing the IT Capability), Мэдээллийн системийн удирдлага (Information Systems Management), Мэдээллийн технологи дахь мэргэжлийн тулгамдсан асуудлууд (Professional Issues in IT) гэх 3 хичээлийн аль нэгийг сонгох хэрэгтэй болж байх шиг байна. Би л менежментийн хичээлүүд авна гээд байгаа болохоос биш программчлалын хичээлүүдийн сонголт зөндөө л байна л даа. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэж үг байдаг тиймээс өөрөө л энэ хичээлийг үзвэл дээр гэж шийдвэр гаргахын өмнө бусдын саналыг сонсох гэсэндээ үүнийг сийрүүллээ.

Wednesday, January 31, 2007

Бизнес ёс - 2

Хувцаслалт

"Бие чөтгөр, хувцас бурхан", "Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэх мэт аман яриа байдаг. Тиймээс хувцсандаа анхаарал хандуулах нь амжилтын эхлэл ч байж болох юм. Эрчvvдийн дийлэнх нь ажил хэргийн уулзалтад костюм өмсдөг болохоор костюмын талаар хэдэн зүйл хэлье.
Костюм тань юуны өмнө таны худалдан авах чадварын хамгийн дээд хэмжээнд хүрсэн сайн чанарын материалтай (болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалыг сонгох хэрэгтэй), өнгийн зөв сонголттой байх ёстой. Ер нь саарал өнгө ямар ч өнгөтэй зохицодог гэдэг. Сорочикны тань ханцуй пиджакны ханцуйнаас 2 см орчим цухуйж (тохой нугалахад) байх нь тансаг байдлыг илтгэдэг. Өмдний тань урт суух үед оймс, түрий хоёрын завсраар нүцгэн хөл харагдахааргvй байвал зохино. Пиджакны хамгийн доод товчийг товчилдоггүй. Суух үедээ бүх товчоо тайлж болно бусад үед бүх товчнуудаа (доод товчноос бусад) товчлох ёстой гэдэг юм билээ.
Гутал тань бараан єнгийн байвал зvгээр ба үргэлж гялалзаж байх ёстой. Ер нь ихэвчилэн хар, хар хүрэн, хөр бор зэрэг өнгийн гуталнууд зохимжтой. Гуталны ул аль болох нимгэн, арзгар биш байх нь зүйтэй. Лакан гутлыг гоёлд өмсдөг учир болж өгвөл арьс, ширэн гутал сонгох хэрэгтэй. Оймсны өнгө нь гуталны өнгө дагуу байх ёстой. Хар, хар хөх оймс бараг мөрдлөг болсон гэж хэлж болно. Цагаан болон цайвар өнгийн оймс өмсөхөөс эрс татгалзах хэрэгтэй. Зангиа тань цулгуй биш бол нүдэнд тусаад байхааргүй даруухан хээтэйг сонгоорой. Зангианы өргөн нарийнийг пиджакны захны өргөнтэй харьцуулж сонгодог. Хэтэвч, бүс, цагны оосор, цүнх 4 нэг өнгийн байвал зүгээр. Албан гэрээ хэлцлийн үед өмднийхөө индүүдлэгт анхаарах нь зүйтэй юм шvv. Жишээ нь Японд харилцагчаасаа илүү индүүдлэгтэй өмд өмсөхийг цээрэлдэг гэж сонсож байсан юм байна. 2 ширхэг нусны алчуур байнга биедээ авч явах нь зүйтэй. Нэг нь баруун халаасанд нөгөө нь нүдний шилээ арчих, бvсгvйчvvдэд туслахад зориулагдаж энгэрийн халаасанд явдаг.
Цув, пальто зэрэг гадуур хувцасны урт нь өвдөгний үеэс дээш эсвэл доош 10 сантиметрийн хооронд байх нь зохимжтой.


Албан захидал

Албан захидал дээрх ойлголтод төрөл бүрийн захидал ба аль нэгэн албан тушаалтны нэрийн өмнөөс болон албан тушаалынхаа эрхийн дагуу явуулж буй захидал харилцааны бүх хэлбэрийн бичиг баримт ордог. Албан захидал нь таны бодол, тодорхой саналыг түншид чинь зөв, товч тодорхой ойлгуулж чадвал тун чухал.

Шинж чанар:

  • уншиж ойлгоход хялбар, хамгийн энгийн үгээр бичнэ

  • санаа, бодол, гуйлт, хүсэлтээ шууд хэлсэн байна

  • давхар ац утгагүй, товч утгагүй

  • аливаа зүйлийг байгаагаар нь бодитой бичнэ



  • Албан захидлыг өөдрөг өнгөөр эхлээд өөдрөгөөр төгсгөх ёстой.

  • Хэцүү үг хэллэг аль болох хэрэглэхээс зайлсхий

  • Өөртөө итгэлтэй байгаагаа дурдах хэрэгтэй

  • Аль болох богино өгүүлбэрээр бичнэ


Анхаарах зүйлс

  • Юуны тулд захиа байна гэдгээ тодруул

  • Тухайн бичиг, захидал хүлээн авагч захианаас ямар шинэ мэдээ, мэдээлэл авах вэ? Тэр мэдээллийг авснаар ямар үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна гэдгийг тодруул

  • Төлөвлөж байгаа захиа хэнд очих вэ? Гэдгийг тооцно

  • Ямар нэг тодорхой нөхцөл байдалд тухайн захиаг уншигчийн анхаарлыг хандуул

  • Бичсэн зүйл маань уншигчид хялбар ойлгогдохуйц байгааг хянана

  • Уншигч хүссэн ёсоор үйл ажиллагаа явуулах гарцаагүй байдалд оруулахуйц үг өгүүлбэр ол