Thursday, December 28, 2006

Блогын чанарыг сайжруулах, уншигчдын цар хүрээг нэмэгдүүлэх талаар нэгэн санаа

Сүүлийн үед жоохон зав гарсан дээр хүмүүсийн блогыг нилээдгүй уншлаа. Гэхдээ дуусгаж амжаагүй л байна. Одоо блогчид нилээд их болж мэдээлэл ч их түгээдэг болж. Тиймээс хүмүүст хэрэгтэй гэсэн бичлэгүүдйиг нэгтгэн долоо хоног бүр багцалж нэг вэб дээр тавьж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Нэг ёсны "Долоо хоногийн шилдэг блогууд" бий болгох. Энэ нь бас блогчдыг урамшуулах улмаар бичлэгийн тоо нэмэгдэх төдийгүй чанар сайжрах, уншигчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ бий болсоноор уншихад хялбар болгох, уншигчдын тоог нэмэгдүүлэх (янз бүрийн feedreader байдаг л даа гэхдээ энгийн хэрэглэгчид тэр бүр үүнийг хэрэглээд байх нь юу л бол) гээд улам олон үр дүн гарч ирнэ гэдэгт итгэж байна. Улмаар жилийн эцэст энэ жагсаалтад орсон байдлаар нь үнэлгээ хийж шилдэг блог, блогчдыг шалгаруулдаг байх нь шударга гэж бодож байна.

Долоо хоногийн шилдэг блогын жагсаалтыг үүсгэхдээ уншигчдаас үнэлгээг нь аваад (rating тогтоох зарчмаар) түүгээр нь байр жагсааж эхний 10 ч юм уу эсвэл тодорхой хэмжээний оноо авсан блогуудыг авч байрлуулж байвал зүгээр юм уу. Эдгээрээс хэрвээ зохиогч нь зөвшөөрвөл сонин, сэтгүүлийнхэн тухайн бичлэгийг нь авч ашиглах, нийтлэх боломжийг нь хангаж өгвөл ямар нийтлэл тавих вэ гээд толгой өвдөх нь багасах болов уу. Та бүхэн саналаа хуваалцана гэдэгт итгэж байна.

Tuesday, December 19, 2006

Би юу хийж чаддаг вэ?

Энэ асуултыг Австралид ирэнгүүтээ өөртөй тавилаа. Тэгсэн үнэхээр чаддаг юм маруухан юм байна. Миний хувьд Юу мэддэг вэ? Юу чаддаг вэ? гэсэн асуултын хариу нь тэнгэр газар шиг ялгаатай болоод байна. Сургуулиа төгссөнөөс хойш 6 жил огт программ бичээгүй болохоор үнэхээр программчлалын хувьд хоцрогдож, бас төсөөрсөн байлаа. Ажил дээр мэргэжлийн дорвитой зүйл хийх тал дээр өөрийгөө ч дайчилдаггүй байж, боломж ч маруухан байж дээ. Үндсэндээ миний хийж байсан ажил заримдаа техникч, инженер, заримдаа бүр бодлогын зөвлөгч ч болчихдог байж. Тиймээс тодорхой барьж авч хийсэн зүйлгүй ёстой л Баянаагийн хэлдгээр К үсгээр эхэлсэн бүгдийг хийдэг байж дээ.

Уг нь нэг мундаг хүн IT менежментийн хичээлүүд үзнэ гэж бодож байлаа. Тэгсэн эхний семестертээ дандаа программчлал, технологийн хичээлүүд сонгож үз гэдэг юм байна. Ер нь эхний семестерт сурч байгаа гадаад оюутнуудыг бүгдийг нь тэгэж шаарддаг гэнэ. Учир нь мэдлэгийн зөрүүг нь арилгах, бас технологио мэдэж байж менежментийг нь хийх ёстой гэдэг юс байна. Ингээд л буцаад программист боловоо. Эхэндээ төсөөрсөн байдлаасаа салах, хуучин зүйлүүдээ сэргээх гэж 2 долоо хоног бараг нойргүй шахам суулаа. Тэгсэн харин овоо хурдан сэргэж байна шүү. Би ч одоо программ бичихээсээ өнгөрөө байлгүй дээ гэж боддог байсан бодол маань байхгүй болж харин ч багшийн өгсөн бие даалтууд руу шумбаад орчихлоо. Өгсөн даалгаваруудыг нь хийж байна, чадаж байна. Гэхдээ л хичээлийн хүрээнд үзэж байгаа асуудал амьдрал дээр байдаг асуудлуудын хажууд юу ч биш байдаг л даа. Эндэхийн бие даалт нь гэж овоо юм өгнө дөө. Ер нь дэгсдүүлээд хэлчихэд муухан оюутны дипломын ажил юм уу даа. Ингээд семестер дундаа ороход өдөр бүр шинэ мэдээлэл уншиж, сонсож байсны үр дүн гарч нөгөө хоцрогдлоо нөхөөд авчихлаа. Багш ч нилээд урмын үг хайрлаж байна, бие даалтын дүн маань ч топуудын эгнээнд дөхөж очлоо. Ер нь манай сургуульд IT чиглэлээр Энэтхэгийн оюутнууд маш их сурдаг, ангийн бараг 60 хувь нь Энэтхэгүүд. Тэднээс зарим нь IT-ийн дэлхийн хэмжээнд өрсөлддөг том компанид ажилладаг компани нь зардлыг нь төлж сургаж байгаа мундагчуул ч бий. Ингээд эхний семестер дуусахад ямар ч гэсэн ямар ч вэб хуудсыг сүүлийн үеийн технологи ашиглаад хийчих, J2SE-г мэддэг, .NET дээр дунд зэргийн программ хийчих чадвартай болов.

Саяхан нэг IT-аар 20 орчим жил ажиллаж байгаа Австрали хүнтэй танилцаад хийж байгаа ажилд тусалж мэдлэг, туршлага хуримтлуулах санаатай уулзаваа. Тэгсэн мань хүн намайг юу мэддэг вэ гэж асууж байна. Яахав программчлалын хэлний хувьд C, Java, .NET, html, CSS, JavaScript, мөн сүлжээ, системийн шинжилгээ, IT менежмент гэх мэт зүйлүүдийг ерөнхийд нь мэднэ гэлээ. Тэгсэн тэгвэл яг юу хийж чадахав гэж байна. Тэгсэн үнэхээр чаддаг юм маань сүлжээ тавих, тохируулах, дунд зэргийн вэб программ хийх зэргээс хэтэрсэнгүй. Нөгөө мундаг юм сурчихлаа гээд байсан хүн ч буцаад санаагаар унадаг юм байна. Ингээд хүнд туслах боломжгүй боловоо хөөрхий. Ер нь өөрөө яг энийг хийж чадна гэсэн юмтай, түүнийгээ маш чадварлаг эзэмших хэрэгтэй. Миний хувьд IT менежментийн чиглэлээр цаашид мэргэших гэж байгаа, өөрөө ч энэ чиглэлд сонирхолтой ба хийж чадна гэсэн итгэлтэй. Урьд нь энэ чиглэлээр ном, нийтлэл уншиж судалж байсан бас бага зэрэг туршлага бий.

Ер нь манай залуучууд АНУ, Австрали, Канад зэрэг улсуудад ирж мэргэжлээрээ ажиллах боломж бүрэн нээлттэй байгаа. Энд 2 л зүйл дээр шаардлага хангасан байх ёстой. 1-рт Ангил хэлний шалгалт (IELTS эсвэл TOEFL), 2-рт юу чаддаг вэ гэдгээ батлах сертификат. Түүнээс биш амаараа хичнээн хийж чадна гэсэн ч хүмүүс тэрүүнд итгэхгүй. Харин Sun Microsystems, Cisco, Microsoft гэх мэт компаниудын сертификат ч юм уу, ямар нэгэн мэргэжлийн ур чадвараа баталсан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг сертификаттай байхад ажилд ороход асуудал байхгүй юм байна лээ.

Бас нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед Эмиратаас ирсэн Арабуудтай найзууд болоод байгаа. Зарим нэгнийх нь хичээлд нь тусалж Java дээр программ хийж өгөөд шалгалтанд ирж магадгүй гэсэн асуултуудад нь хариулаад тусалчихсан чинь намайг Эмиратад очиж ажиллаач гээд байгаа. Миний хувьд нээх сайн боловсроогүй байж тэр талаар бодох ч юм биш. Харин бусад чаддаг залуучууд байвал тэнд очиж ажиллавал цалин маш өндөр юм байна лээ шүү. Сард хамгийн багадаа 5000 ам.доллар (ажлын туршлагагүй бол), хэрвээ туршлагатай бол 8000 орчим авах боломж байгаа юм байна. Амьдралынх нь өртөг нь ч гэсэн нээх өндөр биш. Бусад орны IT мэргэжилтнүүд ч гэсэн АНУ, Австрали, Япон, Европ эд нар луу л явахаас биш баян орон Эмиратад боломж байгааг анзаарахгүй байгаа юм шиг.

E-wasting буюу цахим хаягдал

Нэг удаагийн хичээл дээр цахим хаягдалын талаар хэлэлцүүлэг явагдсан юм. Эхэндээ ч e-wasting гэхээр яг юу ярих гээд байгаа юм бол гэж гайхаж байлаа. Тэгсэн энэ хүрээнд бүх л төрлийн электрон барааны хаягдалыг оруулдаг юм байна. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад хуучин эсвэл чанарын шаардлага хангахгүй компьютер, тоног төхөөрөмж, мөн гар утаснуудаа яахав гэсэн асуудал гарч түүнтэй холбогдуулан бүр хууль, журам хүртэл гаргасан байх юм. АНУ-ын Калифорни мужид л гэхэд гар утасаа хаяж болохгүй гэсэн хууль гарлаа гэж сонсож байсан юм байна. Тэдгээр улсууд хөгжиж байгаа болон ядуу орнууд руу өөрсдийн цахим хаягдлаа зөөж бүр дээр нь нэмж тухайн улсдаа мөнгө төлж байх юм. Нөгөө улсууд нь үнэгүй юмтай болсондоо баярлаад харин дээгүүрх томчууд нь мөнгийг нь авчихдаг гэж ярьж байна лээ. Тухайлбал: АНУ Хятад руу, Австрали Индонез руу, Эмират Пакистан руу цахим хаягдлаа зөөдөг юм байна. Тэгтэл манайхан нөгөө л Хятадаасаа тэр цахим хаягдлаас тодорхой хэмжээгээр худалдаж аваад байдаг. Тэр авсан юмнууд нь чанарын шаардлага хангаагүйн улмаас богинохон настай, гацдаг гэх бухимдал төрүүлэх зүйл бишгүй байдаг. Ингээд бодохоор эцсийн хогийн цэг нь Монгол болж хувираад байгаа ч юм шиг. Одоо он гараад нөгөө гаалийн татварын хөнгөлөлт тодорхой тоног төхөөрөмжин дээр байдаг байсан түүнийгээ цуцалж байгаа юм байна.

Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний айл өрх, албан байгууллага компьютертэй болсон нь сайшаалтай. Сайны хажуугаар саар гэж тэдгээрээс хэд нь цахим хаягдал байсан бол мөн хэд нь удахгүй цахим хаягдал болон хувирах бол доо. Манай ажил дээр (одоо ажиллахгүй байгаа л даа) Siemens-ийн компьютерууд байдаг байлаа. Үнэхээр сайн ажиллагаатай бусад урд зүгийн шинэ компьютерууд эвдрээд байхад нөгөө хэд маань явж л байдаг. Даан ч хичнээн сайн ажиллаж байсан ч хоцрогдсоны улмаас жагсаалаас гарч билээ. Нөгөө хямд үнэтэй муу компьютерууд нь байс гээд л эвдэрнэ, тэгээд эд ангийг нь сольж байна гэж мөнгө зарлагадна. Заримдаа бүр хард дискэнд нь баахан bad sector үүсээд хүний хөдөлмөрийг юу ч үгүй болгох нь ч бий. Тиймээс чанарын шаардлага хангасан компьютерийг хэрэглэх нь зүйтэй байх.

Энд өөрийн санааг хэлэх гэсэн юм. За тэр гар утас гэх мэтийн жижиг зүйлүүдийг энэ удаад ярихаа больё. Манай улсад орж ирж байгаа компьютеруудыг брэндээр нь ангилж татвар ногдуулдаг болох хэрэгтэй. Жишээ нь: Dell, IBM, Sony гэх мэт чанарын өндөр шаардлага хангасан компьютеруудад бол татваргүй байж яагаад болохгүй гэж. Мөн түүнээс гадна машинд ногдуулдаг татвар шиг хэдэн онд үйлдвэрлэснээс нь хамаарч татвар ногдуулдаг байх нь зүйтэй. Ингэж байж манайхан чанартай компьютер, техник хэрэгсэлтэй болж төдий хэмжээгээр цахим хаягдал ч буурна гэж бодож байна.

Вэб стандарт

Саяны семестерт "Интернэт технологи" гэж хичээл үзлээ. Энэ хичээл энд анх удаа орж байгаа шинэ хичээл, тиймээс та бүхэнд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэг өгөхөд хичээж ажиллах болно гэж эхний өдрийн хичээл дээр багш маань хэлдэг юм байна. Лекц уншдаг багш нь гэж нэг өндөр, мэддэггүй чаддаггүй юм гэж байхгүй, өөртөө итгэлтэй нөхөр бий. Мань эрээс хичээлийнх талаар оюутнууд их юм асууна даа, тэр үед хариулт нь ерөөсөө л бэлэн тэнд тийм зүйл бий гэхдээ өглөө тэр нь өөрчлөгдчихсөн байна лээ ч гэх юм уу нэг үгээр хэлбэл интернэт дэх мэдээллүүдийг бараг цээжилчихсэн гэхэд болно. Энэ хичээл дээр мөн ч их сурсан даа.

Сэдвээсээ жоохон хазайчихлаа. Нэг удаагийн лекцэн дээр дэлхийн ихэнхи вэб хуудаснууд стандартад хийцээгүй байдаг өөрөөр хэлбэл html кодууд нь гэж хогнууд байдаг гэж байна. Тэгээд W3C-ийн html validator ашиглаад одоогийн вэб хуудаснуудыг шалгасан чинь бараг 90 хувь нь алдаатай байна. Хэдийгээр тэдгээр вэбүүд нь алдаатай ч гэсэн вэб броузерууд дүрслэн үзүүлэх чадвартай. Яагаад вэб нь алдаагүй байх ёстой вэ? гэж асуух байх. Үүний хариулт нь аливаа вэб нь хүн болгонд хүртээмжтэй, ялгаваргүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хүн бүр тухайн вэб хуудас руу хандах (мэдээж энд зөвхөн олон нийтэд нээлттэй вэбүүдийг хэлж байна) эрхтэй. Тэднийг соёл, боловсрол, нөөц боломж, дэд бүтэц болон бусад хүчин зүйлээр ялгаварлаж болохгүй. Нэг ёсны интернэтийн үндсэн хууль. Зарим хүмүүс вэб хуудас руу хандахдаа төрөл бүрийн төхөөрөмж, вэб броузер ашиглаж байна. Тиймээс энэ техник, технологийн ялгавартай байдлаас болж вэб хуудас руу хандах боломж нь хязгаарлагддаг. Харин сүүлийн үед энэ байдал дээр Төрийн зүгээс анхаарч ажиллаж байгаа гэв. Түүнээс гадна вэб боловсруулахдаа CSS (Cascading Style Sheet)-ийг аль болох өргөн хүрээнд ашиглах хэрэгтэй, вэбийн элементүүдийг зохион байгуулахдаа болж өгвөл хүснэгт бүү ашигла гэж анхаарууллаа. энэ нь вэб ачаалагдах хурдыг нэмэгдүүлдэг учир дэд бүтэц тааруу хөгжсөн газраас вэб рүү чинь хандах хурдыг нэмэгдүүлэх юм байна.

Тэгээд өөрийн мэддэг Монголынхоо зарим вэбүүдээ шалгаж үзлээ. Тэгсэн үнэхээр алдаагүй вэб гэж алга. Бас дээрээс нь CSS-г тэгэж сүрхий ашигласан ч юм алга. Энд нэг жишээ тавья. www.vic.gov.au хаяг дээрх Засгийн газрынх нь вэб CSS-ийг маш сайн ашигласан бас ямар ч алдаа байхгүй юм байна. (Firefox дээр CSS хэрхэн ашигласныг нь мэдэхийн тулд Web Developer суулгаад Ctrl+S дарахад бодит вэбийн дүр төрх гарч ирнэ дээ)

Ингээд бас төрд багагүй хугацаанд алба хашиж байсан юм байна Төрийн байгууллагууд вэб хуудасны стандартыг боловсруулахаар сэтгэл шулуудаваа. Энд төрийн байгууллагууд, сургуулиуд нь бүгд л өөрсдийн вэб боловсруулах стандарттай. Үүн дээрээ бүх шаардлагуудаа тусгачихсан байдаг юм байна. За ингээд дараах байдалтайгаар стандартаа боловсруулж эхэлье.

Төрийн мэдээллийн нэгдсэн системийн вэб хуудсууд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

1. Вэб хуудасны төрөл болон тодорхойлолт байх ёстой. Энэ нь вэбийн
хэсэгт байрлах ба meta таг ашиглана.
Жишээ нь:



2. Бүх функцуудыг тайлбарласан Comment буюу тайлбар байх шаардлагатай.
3. Кодууд нь эмх замбараатай байна.
4. Identifier болон class-ийн нэрнүүд нь холбогдох утга бүхий нэрээр нэрлэгдсэн байна.
5. Таг болон аттрибут бүгд жижиг үсгээр бичигдсэн байна
6. Бүх таг-ууд хаагдсан байна. Жишээ нь: энд input таг /input гэж хаагдсан байна.
7. Хуучирсан u, b, i зэрэг таг-уудыг ашиглахгүй байх. Эдгээрийн оронд strong, em зэрэг таг ашиглана.
8. alt, title, height, width аттрибутууд бүх img таг-д ашиглагдсан байх ёстой.
9. Бүх жижиг хэлбэрээр харагдах зурагнууд боломжит хамгийн бага хэмжээгээр болон тохирох төрлөөр (.jpg, .gif, png ) хадгалагдсан байна. Голцуу 50K байдаг.
10. Хэрэв CSS ашигласан бол энэ нь тусдаа файлд хадгалагдана.
11. Хэрэв JavaScript болон VBScript ашигласан бол энэ нь тусдаа файлд хадгалагдана.
12. CSS нь http://jigsaw.w3.org/css-validator/ вэб дээрх шалгагчаар баталгаажсан байна.
13. HTML болон XHTML файлууд нь http://validator.w3.org/ вэб дээрх шалгагчаар баталгаажсан байна.
14. Вэб хуудаснд хэрэглэгдэж байгаа үг, өгүүлбэр алдаагүй байх бөгөөд албан ёсны үг хэллэг хэрэглэнэ.
15. Вэб хуудас нь бүх төрлийн вэб броузер дээр ажиллах чадвартай байна.
16. Вэб хуудас нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд нүүр хуудас нь Монгол хэл дээр байна.
17. Дэлгэцийн хэмжээ нь 800х600 дээр тулгуурлана.
18. Вэб хуудасны мэдээллийг боловсруулахдаа Юникод ашиглана.

За ингээд миний мэддэг Орос хэл дуусваа гэдэг шиг юм болж байна. Та ч гэсэн дээрх зүйлд нэмэх хасах зүйл байвал санаа бодлоо харамгүй хуваалцаж эх орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Sunday, December 17, 2006

Цаг төлөвлөлт

Цаг бол алт гэдэг. Тиймээс өөрийн цагаа хэрхэн зөв удирдах нь мөнгөө хэрхэн зарцуулахтай агаар нэг гэж боддог. Жил орчмын өмнө Америкт байхдаа Харвардын Их Сургуулийн гаргасан Цаг төлөвлөлт буюу Time Management хэмээх номыг уншиж бага ч болов зүйл сурч авсанаа таньтай хуваалцах гэсэн юм.

Энэ номонд дунд, богино хугацааны зорилгоь ажлын зохион байгуулалт, уулзалт зохион байгуулах, хэрхэн цагаа зохицуулан ажиллавал эрүүл мэндэд хоргүй вэ гэх мэт олон мэдээлэл байсныг бүгдийг нь энд дурдах боломжгүй юм. Тиймээс энэ бүгдээс өдрийн ажлаа хэрхэн төлөвлөх, түүнийгээ үнэлэхтэй холбогдсон хэсгээс дурдъя.

Эхний ээлжинд цагаа хэрхэн, юунд зарцуулж байгаа одоогийн байдалдаа шинжилгээ хийнэ. Ингэхдээ ажил дээрээ хэдэн цагт ирсэн гэдгээс эхлэх бөгөөд ямар ажилд хэдэн минут зарцуулж байгаагаа бичих хэрэгтэй. Ингээд тодорхой хугацааны дараа тухайн тэмдэглэлээ бүгдийг нь нэгтгэхээр хамгийн их цаг зарцуулдаг ажлууд гарч ирэхээс гадна яг ямар хэрэггүй зүйлд цагаа зарцуулаад байгаа нь гарч ирнэ. Мөн хугацааны аль мөчлөгт гол ажлуудаа амжуулж байгаа болон өөрийн үр бүтээлтэй цагийг мэдэж авахад хэрэг болно.

Дараагийн үе шат нь шинэ төлөвлөгөөгөө боловсруулна. Мэдээж хамгийн жижиг хэсэг болох өдрийн төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг нь болдог мөн дунд хугацааны зорилгоо биелүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс тухайн өдрийнхөө төлөвлөгөөг хийж чадахгүй л бол хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүй гэсэг үг. Өдрийн төлөвлөгөө нь долоо хоногийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байдаг ба үүнийгээ хийхдээ Нэг өдрийн төлөвлөгөөгөө өмнөх өдөр нь бэлдэх ба аль болох урд хийсэн шинжилгээн дээрээ үндэслэж хугацаагаа тооцоолно. Хийх ажлын дарааллаа хамгийн чухалаас нь эхлэн дарааллуулна, үүнийхээ дараа хамгийн яаралтайгаар нь эрэмбэлнэ. Доорх зураганд хамгийн түрүүнд хийгдэх ажлууд нь A, B, C, D гэсэн дарааллаар хийгдэнэ.

Өөртөө хэт их ачаалал өгч болохгүй. Мэдээж ажлын 8 цагийг бүгдийг нь үр дүнтэй ажил хийж өнгөрөөнө гэж байхгүй. Гаднаас утасны дуудлага орж ирэх, имэйлд хариу өгөх болон бусад гадаад хүчин зүйлээс хамаарсан цаг зарцуулалтыг мөн тооцох хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс гар утсыг ихээр хэрэглэх болсон тиймээс утсаар ярихдаа аль болох товч, тодорхой ярих нь цаг хэмнэхээс гадна мөнгийг ч давхар хэмнэдэг. Тиймээс утсаар ярихынхаа өмнө багахан хугацааг ярих зүйлийнхээ талаар бага зэрэг бодох, төлөвлөх хэрэгтэйг онцолсон байна лээ. Ингээд одоогийн мөрдөж байгаа төлөвлөгөөний дагуу ажлаа амжуулж чадахгүй бол дахин эхнийхээ үе шат руу шилжинэ. Нэг зүйл нэмж хэлэхэд хүнд "үгүй" гэж хэлж сурах хэрэгтэй ихэнхи хүмүүс тэгэж хэлдэггүйн улмаас цаг төлөвлөлт нь алдагддаг гэж байсан. Манайхан ч "үгүй" гэж хэлж бараг чаддаггүй хүмүүс дээ.

Би энэхүү цаг төлөвлөлтийг хагас жил хэрэгжүүлж үзсэн үнэхээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг юм билээ. Харин энд ирсэнээс хойш хичээл, гэрийн даалгавар гэсээр бусад зүйлд бараг цаг зарцуулах боломжгүй болсон мөн хийж байгаа зүйл маань цөөхөн учир цаг төлөвлөөд байх зүйлгүй. Миний хувьд ер нь өглөөнөөс орой хүртэл л компьютер дээрээ сууж байдаг. Одоо хичээл амарсан учир ном, сонин, өгүүллэг унших, программ боловсруулах, түүнтэйгээ холбоотой мэдээлэл хайх гэх мэтийн ажлуудыг хийж байсан ба яг юун дээр нь цагаа дэмий үрээд байгаагаа мэдэхийн тулд шинжилгээ хийв. Тэгсэн интернэтээс Монголын талаарх мэдээ уншихад бараг 3 орчим цаг зарцуулж байна. Сүүлийн үед эхнэр маань "a man, locked on the laptop" гэж дууддаг болоод байгаа. Одоо цагаа төлөвлөөд тэрхүү дэмий үрж байсан цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх, хааяаа блог бичих зэргээр өнгөрөөдөг болоод байна.

Та ч гэсэн дээр дурдсан зүйлүүдийг туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Вэб броузер Firefox ашиглаад үзээрэй

Mozilla вэб броузерыг ашиглаад 3 жил орчим болж байна. Харин жил орчмын өмнөөс Mozilla Firefox ашиглаж эхэлсэн. Анхандаа ид шидийг нь төдийлөн сайн мэддэггүй байлаа. Сүүлийн үед Firefox ашиглаж интернэтэд орохгүй бол давсгүй хоол идэж байгаатай адил болж дээ. Firefox ашигласны давуу талууд гэвэл мэдээлэл ачаалахдаа бусад вэб броузеруудаас илүү хурдан, янз бүрээр өргөтгөн ашиглах боломжтой байдаг. Жишээ нь миний хувьд Domain Details, DOM Inspector, Server Spy, Total Validator, Web developer зэргийг суулгаж өргөтгөдөг. Ингэснээрээ тухайн вэб нь ямар төрлийн вэб сервер ашиглаж байна, хаана байршсан болон вэб боловсруулахдаа ямаршуухан технологи ашигласан, CSS ашигласан эсэх, HTML болон CSS нь стандартын шаардлага хангаж уу зэргийг хялбархан мэдчих боломжтой байдаг ерөнхийдөө вэбийг хялбархан тагнуулдчихдаг. Firefox 2.0-н хувьд өргөтгөл хийхдээ Tools->Add-ons гээд дуртай өргөтгөлөө татаж авч болно. Энд бүх юм нь үнэгүй. Хэрвээ хүсвэл броузерынхаа харагдах байдлыг мөн өөрчилж болно. Ямар ч гэсэн нэг удаа Firefox ашиглаад үзээрэй таньд таалагдах болно гэдэгт итгэж байна.

Вэб технологийн талаар аар саархан

Би саяны семестерт Advanced Web Technologies гэж хичээл үзсэн юм. Хичээлийн агуулга, зорилгыг нь харахад вэб боловсруулахад ашиглагдаж байгаа ирээдүйтэй гэсэн технологиудыг ярилцах мөн хамгийн өргөн хэрэглэгддэг ямар нэг технологийг оюутнуудад эзэмшүүлнэ гэсэн байлаа. Тэгсэн нийт 12 удаагийн лекцний 8 нь ASP.NET заадаг юм байна. Би ч тэсэлгүй нэг өдөр багшаасаа “Яагаад Microsoft-ийн бүтээгдэхүүнийг (нөгөө ASP.NET-ээ хэлж байгаа нь) заагаад байдаг юм. Цаана чинь PHP, Python, Ruby мэтийн хэлнүүд илүү дэлгэрээд, хөгжөөд байгаа юм биш үү. Тэгээд ч үнэгүй, платформ хамааралгүй” гээд асуучихлаа. Тэгсэн мань эр ASP.NET өнөөдөр байдлаар вэб программчлалд нилээд өргөн хүрээнд хэрэглэгдэж байгаа гэж ирээд өмөөрөх өнгө аямтай зүйл хэлж байна. Тэгээд ч Java-гийн хувьд бол үнэхээр ярих юм байхгүй сайн гэхдээ оюутан сурах сонирхолтой бол Programming in Java, Advanced Java, Enterprise Java гэсэн хичээлүүд бий тэдгээрийг сонгож аваад сурчихаж болно гэж байна. Харин PHP-ийн хувьд үндсэндээ сонирхогчдын хэл сурахад амархан, үнэгүй бас аюулгүй байдлын хувьд тийм найдвартай биш гэж билээ. Би ч бас зөрүүлээд Майкрософтын монопольчлолыг хэлж үнэ өндөр тэгээд ч одоогийн байдлаар нийт вэб серверүүдийн дийлэнхи олон нь Линукс болон Юникс систем дээр суурилж байна зэргийг хэлээд эцэст нь манай орны хувьд Windows серверийг төдийлөн хэрэглэх дургүй байнга вирусдэнэ, аюулгүй байдал сайн биш, нөөц их шаарддаг болон удаан ажилладаг гээд зовлонгоо тоочив. Тэгсэн хурдны хувьд ASP.NET дээр программ биччихээд эхний удаад л ачаалахад dll файлуудаа үүсгэх гэж уддаг харин дараагийн удаагаас нь бол маш хурдан ажилладаг. Танайд хэрэглэгддэг тэдгээр Windows серверүүдээ албан ёсоор худалдаж аваад мэргэшсэн мэргэжилтэнүүдээр (сертификаттай) тохируулсан бол найдвартай ажиллагаа, аюулгүй байдлын хувьд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн юм. Ингээд эцэст нь манай программистууд платформ хамааралгүйгээр нь C++ болон Java-г маш сайн сурах ёстой юм байна тэгэж байж олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой болох юм байна гэж бодож билээ.

Ruby-н хувьд Java-г бодвол хурдан ажилладаг, нээлттэй эх ба бусад Python, Lisp, Dylan, CLU зэрэг хэлнүүдийн давуу талыг нь авч ашигласан зэрэг давуу талууд бий. Ялангуяа өнгөрсөн жилээс эхлэн RoR гарч ирсэнээр Ruby-г улам хүчирхэгжүүлж байна. Саяхан Sun Microsystems J2SE, J2ME-дээ нээлттэй эхийг ашиглах болсон нь RoR хүчээ авч байгаатай холбон үздэг. Гэхдээ Ruby-г сурах гэж яарах хэрэггүй л болов уу.

Wednesday, December 6, 2006

IELTS-ийн шалгалтын талаар бяцхан зөвлөгөө

IELTS (International English Language Testing System) буюу Олон Улсын Англи Хэлний Түвшин Тогтоох Шалгалтанд хэрхэн бэлдэх талаар бага ч болов мэддэг зүйлээсээ хуваалцъя. Энд ирсэнээс хойш найз нөхөд, таньдаг хүмүүс маань Англи хэлээ хэрхэн сайжруулахав, TOEFL, IELTS зэрэг шалгалтуудыг хэрхэн өгөх, оноогоо дээшлүүлэх талаар олон удаа асуух боллоо. Би ч үнэндээ хүнд зөвлөөд байхаар тийм мундаг Англи хэл мэддэг хүн биш л дээ. Гэхдээ ямар ч гэсэн дээрх шалгалтуудыг огт өгч үзээгүй бөгөөд өгөхөөр бэлдэж байгаа эсвэл нилээд доогуур оноо авсан хүмүүст хэрэг болж магад гээд үүнийг сийрүүлж сууна. Миний хувьд хамгийн сүүлд 1 жил гаруй хугацааны өмнө энэхүү шалгалтыг өгч байсан учир зарим зүйлийг нь дутуу орхисон бол хүлцэл өчье.

IELTS-ийн шалгалт нь Сонсгол буюу Listening, Унших ур чадвар буюу Reading, Бичих ур чадвар буюу Writing мөн Ярих ур чадвар буюу Speaking гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Эдгээр хэсгүүд нь тус бүртээ дэд хэсгүүдэд хуваагдана. Энэ удаад зөвхөн бичих ур чадварын талаар санаж байгаа зүйлээ бичье. Тухайлбал, бичих ур чадварын хэсэг нь дүрс тайлбарлах, өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих гэсэн 2 дэд хэсэгт хуваагддаг. Ер нь бичих ур чадварын хэсэг дээр заасан үгийн тоогоо аль болох гүйцээж бичих хэрэгтэй. Яагаад гэвэл заасан үгийн тоонд хүрээгүй бол оноо эрс доошлоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Шалгалтанд бэлдэх явцдаа А4-ийн бичгийн цаасан ашиглаарай. Ингээд нэг мөрөнд дунджаар хэдэн үг бичиж байна гэдгээ мэдэж болно. Шалгалт маань өөрөө өгөгдсөн цагт хязгаарлагддаг тиймээс ойролцоогоор хэдэн үг бичсэнийгээ мэдэхийн тулд мөрөөр нь тоолоод мөрт бичиж байгаа дундаж үгээрээ үржүүлэхэд барагцаа үгийн тоо гараад ирнэ. Цаг дууслаа л гэсэн бол цаашид бичих ёсгүй шууд л харандаагаа ширээн дээрээ тавих ёстой. Мөн дараах зүйлүүд дээр анхаарч бичвэл оноогоо өсгөх боломжтой.
* Дүрэм
* Үгийн баялаг, оновчтой үг хэрэглэх болон нэг хэрэглэсэн үгээ олон дахин давтахгүй байх
* Асуултаа сайн ойлгож оновчтой хариулах
* Бүтэц
* Өгөгдсөн хугацаанд үгийн тоогоо гүйцээх


Дүрс тайлбарлах
Энэ хэсэгт доод тал нь 150 үг бүхий бяцхан эссэг 20 минутын дотор бичих хэрэгтэй. Дүрсийн хувьд график, хүснэгт, үйл явлын дараалал бүхий зураглал зэргийн аль нь ч ирж болно. Энд хэрэглэж цаг дээрээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ өнгөрсөн цаг дээрх мэдээлэл бол голцуу өнгөрсөн цагийг л ашиглана. Ингэхдээ актив, пассив болон энгийн өнгөрсөн цаг, төгс өнгөрсөн цаг зэргийн алийг нь нь хэрэглэж болно. Ер нь дүрс тайлбарлах хэсгийг бараг загварчлагдсан байдаг гэж хэлэхэд болно. Учир нь тодорхой тооны үгнүүдийг дүрс тайлбарлахдаа хэрэглэдэг. Доор эдгээр үгүүдийг жагсаалаа.

Графикт өгөгдсөн мэдээлэл өсөж байвал:
Rose (to), Increased (to), Went up (to), Climbed (to), Grew, Expanded, Raise, Jump зэрэг үйл үгүүдийг, A rise, An increase, Growth, An upward trend зэрэг нэр үгүүдийг ашиглаж болно.

Харин графикт өгөгдсөн мэдээлэл уруудаж байвал:
Fell (to), Declined (to), Decreased (to), Dropped (to), Went down (to), Slumped (to), Reduced (to) зэрэг үйл үгнүүдийг, A decrease, A decline, A fall, A drop, A slump, A reduction зэрэг нэр үгнүүдийг ашиглаж болно.

Графикт өгөгдсөн мэдээлэл нэгэн хэвийн тогтвортой байвал:
Levelled out (at), Did not change, Remained stable (at), Remained steady (at), Stayed constant (at), Maintained the same level зэрэг үйл үгнүүдийг, A levelling out, No change зэрэг нэр үгнүүдийг ашиглаж болно.

Графикт өгөгдсөн мэдээлэл нэгэн хэвийн биш тогтворгүй байвал:
Fluctuated (around), Peaked (at), Plateaued (at), A fluctuation, Reached a peak (of), Reached at plateau (at) зэрэг үгнүүдийг ашиглаж болно.

Мөн эдгээрээс гадна дараах adjective-үүдийг ашиглаж болно. dramatic, sharp, huge, enormous, steep, substantial, considerable, significant, marked, moderate, slight, small, minimal. Бас ашиглагдаж болох adverb-үүд: dramatically, sharply, enormously, steeply, substantially, considerably, significantly, markedly, moderately, slightly, minimally.

Жишээ

The graph compares the rate of smoking in men and women in
Someland between the years 1960 and 2000. It can be clearly
seen that the rate of smoking for both men and women is
currently declining and that fewer women have smoked
throughout the period.
In 1960, 600 men in every 1,000 was smoking. This number
decreased gradually to 500 by 1974 and continued to
decrease but more steeply to 250 in 2000. In contrast, the rate
of smoking in women in 1960 was very low at only 80 in every
1,000. By 1968 this increased to 170, and increased again but
more steeply to 320 in 1977. The rate of female smokers then
remained stable at 320 until 1984 at which point the figures
began to decline and had dropped to 200 by 2000.
In conclusion we can see that the rate of smoking in men
dropped throughout the whole period but was always at a
higher level than the female figures. The rate of smoking in
women increased until 1977 but then decreased for the rest of
the period.

Эцэст нь дүгнэж хэлэхэд шалгагч таны энд бичсэн зүйлийг уншаад (өгөгдсөн дүрсийг харахгүйгээр) тухайн дүрсийн талаар өөрийн гэсэн төсөөлөл, зураглалыг дотоод сэтгэлдээ бий болгож чадахуйц хэмжээнд бичих ёстой.


Эссэ бичих
Энд тодорхой асуулт ирдэг. Жишээ нь: "Онлайн дэлгүүр нь уламжлалт (энгийн) дэлгүүрээс илүү үр дүнтэй. Үүнтэй та санал нийлж байна уу? Яагаад?" Энэ асуултанд хариулахдаа эерэг эсвэл эсрэг байр суурьнаас хандаж болно (зарим тохиолдолд хэсэгчилж буюу дэмжсэн хэрнээ тэр дундаа эсэргүүцсэн 1 paragraph оруулж өгч болдог, энэ нь бага зэрэг ярвигтай). Энэ хэсгийн нийт үгийн тоо нь 250-аас багагүй байх ба хугацаа нь 40 минут байна.
Эссэ бичихдээ үндсэн 3 хэсэгт хуваана. Үүнд: Introduction, Body, Conclusion. Introduction хэсэг нь 2-3 өгүүлбэр байвал тохиромжтой. Энд үндсэндээ тухайн сэдвийн талаар ерөнхий зүйл бичээд энэ сэдвээ цаашид дэмжих үү, эсэргүүцэх үү гэдгээ шалгагчид эхний байдлаар ойлгуулна. Ингэхдээ ямар зүйлүүдийг нь дэмжих гэж байгаагаа оруулж өгөх хэрэгтэй. Ж: дээрх жишээний хувьд эерэг байр суурьнаас хандаж эссэгээ бичлээ гэж бодоход дараах зүйлүүд нь дэмжих хэсэг буюу supporting point болж болно. Онлайн дэлгүүр нь 1-рт худалдан авагчийн цагийг хэмнэдэг, 2-рт ажиллах цагийн хуваарь, газар зүйн байршлаас үл хамаарсан, 3-рт зардал хэмнэдэг. Энд 3-н supporting point гаргаж ирж байна. Одоо body хэсэгтээ эдгээрийгээ цаашид дэлгэрүүлэн бичнэ. Эхний цаг хэмнэнэ гэдгийн хувьд "онлайн дэлгүүр нь шууд интернэтээр хүссэн бараагаа худалдан авчихдаг учир дэлгүүр явах цагийг хэмнэдэг. Хүн ам ихээр төвлөрсөн хотуудад дэлгүүр явж бараа худалдан авахад замын түгжрэл гэх мэт зүйлээс шалтгаалан цаг маш их зарцуулдаг, харин онлайн дэлгүүрээс бараа авахад энэ бүх цаг хэмнэж тухайн цагаа өөр хэрэгтээ зүйлдээ зарцуулах боломжтой" гэж дэлгэрүүлэн дэмжиж болно. Мөн жишээ бичвэл бүр сайн. Дээрхийн хувьд жишээ бичье "Жишээ нь: сүүлийн үед БНСУ-ын нийслэл Сөүл хотод онлайн дэлгүүр маш эрчимтэй хөгжиж хүрээгээ тэлж байна. Учир нь тус хотод сая сая машин хөлхөлдөж замын түгжрэлд хэдэн цагаар саатах тохиолдол ч бий."
Ингээд бүх supporting point-уудаа цаашид тайлбарлаж дэлгэрүүлсэний дараа conclusion хэсгээ бичнэ. Энд үндсэндээ introduction хэсэгт бичсэн зүйлээ өөр үгээр илэрхийлнэ гэсэн үг.



Таньд амжилт хүсье.