Friday, March 14, 2014

Удирдагч бидэнд хэрэгтэй ч ...

Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад улсыг төвхнүүлэх хэцүү гэж Чингис хаан хэлсэн байдаг. 

Олон удирдагч бидэнд хэрэгтэй

Манай оронд жинхэнэ удирдагч хүн байна уу? Удирдагч хүн ямар зан авир, шинж чанартай байх тухай сурах бичиг, ном, сэтгүүлд хангалттай бичсэн байдаг. Гэхдээ эдгээр "онол"-ын дагуу өөрийгөө хөгжүүлж бүх ур чадварыг эзэмшлээ гээд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болохгүй. Харан энэхүү онолд заасан зүйлүүдийг өөрийн орны хөрсөн дээр буулгах нь зүй ёсны хэрэг. Жинхэнэ удирдагч хүн манай орны аль ч салбарт хэрэгтэй байна. Улс төр, бизнес, нийгмийн салбарт тэр тусмаа олон хүний хүндэтгэлийг хүлээсэн, олон хүнийг араасаа дагуулсан, өөрийгөө болон өөрийн үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлсэн тийм удирдагчдыг олноор бий болгож байж улс орон хурдацтай хөгжих нь дамжиггүй.

Өнөө цагийн удирдагчдын үнэн төрх

Удирдагчдын ихэнхи нь төрмөл, цөөн хэсэг нь удирдлагын ур чадвараа хөгжүүлснээр нийгэмд байр суурь эзэлж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Гэхдээ хэрэглээгүй авъяас зэвэрдэг, ашиглаагүй булчин агшдаг, тогтоол ус өмхийрдөг гэдэг шиг хичнээн авьяас байгаад түүнийгээ байнга хөгжүүлж гэмээнэ жинхэнэ удирдагчийн ур чадварыг олж авах биз ээ. Удирдагч хүн өдөр бүр өөрийгөө хөгжүүлдэг. Өөрийгөө хөгжүүлэх олон арга хэлбэрийн нэг нь ном, сэтгүүл унших, бусдын туршлагаас суралцах арга хэлбэр байдаг. Манай олон удирдагчидад унших зав хомс байдаг гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлаган дээрээс уншиж, сонсож байсан. Удирдагч хүн бүгдийг мэддэг байх ёсгүй л дээ, харин юу мэдэж байх ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Зарим хүмүүс сайн мэдлэгтэй болсоноор удирдагч болчих юм шиг боддог байх. Тэгвэл их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага дээр очиж мундаг мэдлэгтэй хүмүүс үнэхээр удирдаад байна уу, үгүй юу гэдгийг харахад болно. Удирдагч хүн бусдыг хөгжүүлдэг, өөр нэгэн удирдагчийг төрүүлдэг байх ёстой. Сайн тамирчид дараа үеийн сайн тамирчинг бэлддэгтэй адил, дараа дараачийн сайн удирдагчдыг бэлтгэж байж улс орон хөгжинө. Зарим нэг нь сайн удирдагчийг бэлдээд байвал өрсөлдөгчөө бэлдээд байгаа юм биш үү гэсэн хардлагаар энэ асуудалд хандах явдал байдаг. Ийнхүү бодож байх зуур бусад орны удирдагчид өөр өөрсдийн удирдагчдыг бэлтгэн гаргаснаар бидний өрсөлдөх ёстой гадаад зах зээл дээр өөрсдийн байр сууриа эзэлсээр байна. Өрсөлдөх талбар зөвхөн Монголоор дуусаагүй гэдгийг сануулмаар байна. Тиймээс сайн удирдагчдийг олноор бэлтгэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг бий болгох өөрсдийн байр сууриа эзлэх учиртай.

Манайд бас нэгэн дутагдаад байгаа явдал нь бусдад эрх мэдлээ шилжүүлэн өгч чадахгүй байгаа явдал. Мэдээж өөрийн байгуулсан компанийхаа үйл ажиллагааг хэн нэгэнд даатгана гэдэг амаргүй. Ийм үзэл бодолтой явбал тухайн бизнес тэрхүү удирдагчаараа дуусах болно. Хамтран ажиллаж байгаа хүмүүстээ итгэл хүлээлгэж, тухайн төслийг гүйцэтгэх эрхийг нь хариуцлагатай нь цуг олгохоос бүү ай. Энэ байдал ялангуяа манай төрийн байгууллагын удирдлагуудад ажиглагддаг. Төрийн бус байгууллагаар төрийн зарим үйл ажиллагааг гүйцэтгүүлж болох эрх зүйн орчинтой боловч одоогоор энэ үүргээ бусдад бүрэн шилжүүлсэн төрийн байгууллага байхгүй л байна.

Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэх ёстой гэсэн үг байдаг. Олон улсын жишгээр эрх мэдэл, эрх чөлөө 2 урвуу хамааралтай ухагдахуун. Харин үүрэг, хариуцлага 2 өөр хоорондоо шууд хамааралтай. Манай олон компанийн захирлууд, төрийн байгууллагын удирдлагууд эрх, үүргээ сайн мэддэг, бүр түүнийгээ хэтрүүлэн эдэлдэг хирнээ хариуцлага хүлээх чадвар сул байгаа нь харамсалтай. Энэ талын соёл манай нийгэмд төлөвшөөгүйн уршигаар эцсийн бүлэгт иргэд хохирч байна. Эх орон, иргэдэд уршигтай шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө түүнийгээ ухамсарлан суудлаа тавьж өгдөг соёл (ёс суртахуун гэвэл илүү оновчтой ч байж мэдэх юм) бий болсоноор манай улс зөв зам руугаа орно. Та бүгд мэднэ дээ, өндөр хөгжилтэй орны улс төрийн өндөр албан тушаалтан буруу шийдвэр гаргасан, тэр ч байтугай буруу үг хэлсэнийхээ төлөө албан тушаалаасаа сайн дураараа огцордог. Энэ нь тухайн нийгэмд өөрийн байр сууриа бага зэрэг алдаж байгаа хэдий ч өөрийгөө хариуцлага хүлээх чадвартай гэдгээ харуулан бусдаас хүндлэл хүлээх нэгэн арга юм. Аливаа хүн буруу зүйл хийчихээд буруугаа хүлээн зөвшөөрдөг, дараагийн удаад тэрхүү алдаагаа давтахгүйг хичээдэг байх нь ухамсарт нийгэмд хөгжин дэвших үндэс нь болдог гэдэг. Гэтэл манай нийгэмд улс төрчид буруу алхам хийчихээд ядаж “уучлаарай” гэж хэлж чадахгүй байгаа нь энэ нийгмийг ухамсарт нийгэм гэж үзэхгүй байгаа эсвэл ард иргэдийг дорд үзэж байгаагын нэгэн илрэл. Тиймээс үр хойчоо хүмүүжүүлэхдээ ядаж л уучлалт гуйж чаддаг болгомоор байна, буруугаа ухамсарласан уучлалт шүү.

Олон хүмүүс өөрийнхөө зөв байсныг батлахын төлөө амьдарч байна. Эдгээр хүмүүс бусадтай нийлээд амжилтанд хүрэхийн төлөө өнгөрсөндөө биш өнөөдөртөө амьдарч яагаад чадахгүй байна вэ. Миний бодлоор эдгээр хүмүүс зөв зүйл хийж байгаа бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрийн алдаатайгаа эвлэрч чаддаггүй хүмүүс байдаг юм болов уу. Үүний нэгэн жишээ нь: Буян компанийн захирал Жаргалсайхан. Энэ хүн өөрийн зөв гэдгийг нотлох гэж хамаг энергиэ зарцуулаад байгаа нь ярилцлагуудаас нь харагддаг. Тийм ч болохоор оролцсон сонгууль бүртээ амжилт олохгүй байгаа болов уу.

Биднийг удирдагчаа хүлээн зөвшөөрөхгүй мунгинаж байх хойгуур дэлхийн хүн ам өсөн хөгжиж бусад орнуудад олон тооны удирдагчид төрөн гарсаар байна. Тэдгээр удирдагчдаар манлайлуулсан хүмүүс дэлхийн зах зээл дээр байр сууриа эзлэн бидний авч болох ёстой байсан боломжуудыг бага багаар олзолсоор байгааг эргэн нэг харах цаг нь болсон. Тиймээс эхлээд өөр хоорондоо дайсагнасан, атаархсан, үзэн ядсан, өш хонзон санасан үзлээ өөрчилцгөөе.

Ертөнц дээр 2 төрлийн хүн байдаг гэдэг. Сайн эсвэл муу, сайхан эсвэл муухай, эр эсвэл эм, ухаантай эсвэл тэнэг аль нь биш, харин бусдыг өөд нь татдаг эсвэл доош нь чангаадаг гэж 2 төрлийн хүн байдаг. Манай нийгэмд тамын тогооны үлгэрээр бусдыг доош нь чангаадаг төрлийн хүн олон байдаг гэж ярьдаг боловч үнэндээ сүүлийн үеийн залуусын бодол өөрчлөгдөж бусдыг өөд татдаг, нэгнийгээ дэмждэг, урам хайрладаг төрлийн хүмүүс олон болж байгаад сэтгэл хангалуун байна. Одоо л бид ухаалаг нийгэм рүү хөтлөгдөж байгаагын илрэл энэ буй за.

Бид юунаас эхлэх ёстой вэ?

Дээр бичсэнтэй ижил зүйлийг гадаад, дотоодын олон хүмүүс ярьж, бичдэг. Бид нар өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Харин энэ сөрөг үзэгдлүүдийг арилгах, дараагийн зөв үйлдэл рүүгээ хэрхэн орох талаар бичихгүй байхын аргагүй.
Байдлыг бодитоор тусгаж авч алдаа, оноогоо дэнсэлдэг баймаар байна. Зарим залуус хэт хялбар аргаар амьдрах хүсэлдээ хөтлөгдөөд амьдралын мөн чанарыг өнгөцхөн хараад байна. Хүн бүр энэ ертөнцөд өөрийн гэсэн үүрэгтэй, мөн өөрийн гэсэн дүртэй. Бусдын амьдралыг хараад түүнтэй адилхан тавилан эдлэх гээд азтай мөчийг хүлээх шаардлагагүй, бусдын дүрд өөрийгөө тавьж “жүжиг” тоглох гэж мэрийх хэрэггүй биз ээ. Өөрийнхөө бодит дүр төрхийг л олохын тулд дараахь хэдэн зүйлийг хиймээр байна.

  • Хариуцлага хүлээх чадвартай баймаар байна. Буруу зүйл хийсэн бол уучлалт гуйж сурах хэрэгтэй. Бусдад бурууг тохох гэж оролдохоосоо илүүтэй өөртөө байгаа буруу зүйлийг нээн илрүүлэх нь амжилтанд хүрэхэд чангаагаад байгаа саадыг таягдан хаяж байна гэсэн үг.
  • Бусдыг зөв зүйл хийж байхад нь урамшуулж чаддаг байх. Хүнд өгөхөд өөрөөс нь ямар ч зарлага гаргадаггүй хирнээ авч байгаа хүнд эрч хүч, итгэл үнэмшил өгдөг зүйл бол урмын үг, инээмсэглэл хоёр. Урмын үг хайрлахдаа манж зан хэрэггүй, харин ч энэ нь тухайн хүнийг эвдэх эх үүсвэр нь болдог. Зарим хүмүүс бусдаас магтаал сонсох гэж эсвэл алга ташуулах гэж “мундаг” зүйл ярьж, бичдэг. Үүнийг бодитоор дүгнэж зөв зүйлээ л үнэн сэтгэлээсээ урамшуулцгаая.
  • Аль нэг улс төрийн намыг даган туйлширмааргүй байна. Зарим залуус нам дагаж хялбар аргаар амьдарчих хүсэлдээ хөтлөгдөөд байна. Үнэхээр төрийн хариуцлагатай алба хаших бэлтгэл нь хангагдсан гэж өөрийгөө үзэж байгаа бол шийдвэртээ бат зогс. Харин энэ бэлтгэл нь хангагдаагүй, албан тушаалаа ашиглаж амьдралаа гоё болгоно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Манай нийгэм ухаажиж байна, алсдаа өөрийгөө л боомилох алхамаа хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Аль ч намд сул тал, давуу тал байгаа. Түүнийг бодитоор үнэлж цэгнэдэг баймаар байна. Ингэж байж улс төрөөс ангид амьдрах, нийгмийн сэтгэлгээг эрүүлжүүлэх болов уу. Өндөр хөгжилтэй оронд иргэд нь тэр аяараа улс төржсөн, улс төрөөр амьсгалсан нийгэм байдаггүй.
Эцэст нь өөрийн өмнөө байгаа хийх ёстой зүйлээ л хийцгээе. Бусад нь сайн явбал атаархахаа болъё, муу явбал гоочлохоо болъё. Өөрөөр хэлбэл хэрэгтэй дурласан ард түмэн байхаа болих цаг нь болжээ.

Tuesday, March 4, 2014

Ирээдүйн дэлгүүр

2008 онд ноороглож үлдээсэн бичлэгээ дуусгав. Түүнээс хойш одоог хүртэл ийм дэлгүүр манайд бий болоогүй байгаа нь миний энэ төсөөлөл амьдралаас тасархй эсвэл энэ төрлийн бизнесийн орон зай байгаа гэсэн үг. Зарим нэг зүйл нь хоцрогдсон байвал уучилна буй за.

Дэлгүүр бол бидний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг худалддаг газар учир хүссэн ч, эс хүссэн ч амьдрахын тулд дэлгүүр орох шаардлага бидэнд тулгардаг. Мөн энд багагүй цаг хугацаа, мөнгө зарцуулдаг.

Монголд ирээд, сурсанаараа Их дэлгүүр орж ойр зуурын хэрэгцээний хүнсээ цуглуулав. Тэгээд очерлож байж нэг юм кассан дээр очсон чинь хөнгөлөлтийн карт уншихгүй сүлжээ тасарсан гэж байна. За яахав тэгвэл тооцоогоо төлбөрийн картаар хийе гэтэл барааны нийт мөнгөн дүнг амандаа 2,3 үглэж аваад картыг маань аваад харайлгалаа шүү. Хэрвээ гадаад хүн бол картыг нь аваад зугтаж байна гээд бараг араас нь гүйх байсан байх. Тэр хооронд арын очер нэмэгдээд л.. /2008 онд ингэж бичиж байв. Харин байдал одоо хамаагүй сайжирч олон POS машинтай болсон ч, өөр банкны POS-оор уншуулж гүйлгээний шимтгэл авдаг болсон/

Дээрх болсон явдалтай уялдуулаад манайд өндөр хөгжилтэй оронд байдаг шиг дараах дэлгүүр ойрын ирээдүйд бий болоосой гэсэндээ энэ нийтлэлийг бичиж сууна.

Үйлчлүүлэгчийн карт
Энэхүү картыг гэр бүлийн гишүүд эзэмших бөгөөд тухайн гэр бүл ямар бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр худалдан авдаг талаарх мэдээллийг хадгална. Эхнэр нь байнга дэлгүүр орж хүнсээ цуглуулдаг байсан бол нөхөр нь тус дэлгүүрт орж картаа уншуулсанаар яг ямар хүнсний бүтээгдэхүүнийг хаанаас (аль тасгаас), ямар хэмжээтэй авдаг талаарх мэдээллийг өгчихнө. Энэ нь зарим бүтээгдэхүүн ижил боловч шинж чанар нь өөр байдаг, бас байнга тухайн дэлгүүрээр үйлчлүүлдэггүй хүн авах гэж байгаа бүтээгдэхүүнийг хаана байрладгийг мэдэхгүйн улмаас түүнийг олж авах гэж цаг үрнэ. Энэ төөрөгдөлийг арилгах зорилгоор байнгын үйлчлүүлэгчийн картыг дэлгүүрээс олгож болох юм. Картан дээр нь мөн худалдан авалтын дүн байх нь жилийн эцэст хувь хүний орлогын албан татвар төлөх, сар бүрийн өрхийн зардлаа тооцох, төсвөө хийх зэрэгт хэрэг болно.

Ухаалаг лангуу
Лангуун дээр байгаа барааны хугацаа дууссан эсэх, байх ёстой хэмжээндээ байна уу үгүй гэх мэтэд хяналт тавих үүднээс энэ төрлийн лангууг ашиглана. Ингэснээр агуулахын үлдэгдэл, тухайн бараа ямар үед ихээр борлогддог зэрэгтэй уялдуулж худалдан авалтаа дэлгүүрийн менежерүүд удирдах боломжтой болно. Хяналт тавьдаг төрийн байгууллагын хувьд энэхүү лангуун дээр очиж тухайн бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэгдсэн мэтийн мэдээллийг авч хяналт тавих бөгөөд үйлчлүүлэгчдийн хувьд ч тухайн барааны хүнсний аюулгүй байдалд санаа тавих зүйлгүй болох юм. 

Кассчингүй дэлгүүр
Ингээд үйлчлүүлэгчийн картын мэдээллийн тусламжтой шаардлагатай бараагаа ухаалаг лангуунаас авсаны дараа кассанд очиж очерлох хэрэг гарна. Энэхүү урт дарааллыг худалдан авагч өөрөө баар кодыг нь уншуулан, үйлчлүүлэгчийн картаа ашиглан хөнгөлөлт эдэлсэний дараа төлбөрөө төлж болох юм. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө үйлчилнэ. Олон хүн сайнтай, муутай байдаг хойно зарим хүмүүс "үнэгүй" бараа авчих санаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тухайн өөрөө өөртөө үйлчилдэг кассан дээр хяналтын камер байршуулж болно эсвэл RFID технологийн тусламжтай төлбөр төлөөгүй бараа хаалгаар гарах үед дохиолол дуугардаг байдлаар зохицуулж болох юм. 




Өвөөгийн тухай дурсамж

Саяхан хэд хоног эмнэлэгт нэгэн өвөөтэй цуг нэг өрөөнд байсан бөгөөд тэрхүү өвөө миний өвөөтэй их адилхан алхаатай нэгэн байсан нь өвөөгийнхөө тухай багахан дурсамжийг бичих сэдлийг төрүүлсэн юм. Надад уг нь 2 өвөө байх ёстой байсан, гэвч нэг нь /аавын минь аав/ намайг төрөхөөс хэд хоногийн өмнө бурхны оронд заларсан бөгөөд нутаглуулахаар гаргаж байхад нь би төрж аав минь гунигийн нулимсыг баярын нулимстай хамт цэлэлзүүлсэн тухай одоо ч ярьдаг юм. Тиймээс би тэр өвөөгийнхөө тухай Үйлдвэр хоршоололд Ерөнхий ня-бо хийж байсан, шатар сайн тоглодог, архи, тамхи огт хэрэглэдэггүй байсан гэх мэт олон зүйлийг сонсохоос өөр завшаан тохиогоогүй билээ. Энэ удаад ээжийнхээ аавын тухай өөрийн санаж байгаа дурсамжаасаа багахан хуваалцья. Миний өвөө Говь-Алтай аймагт төрсөн нэгэн байж билээ. Гүндүүгүй, олон үг хэлэхгүй, уурлахаараа дуугаа хураагаад хамрын тамхиа татан гэрийн хойморт байрлах эвхэгддэг крисло дээрээ эрх эргүүлэн бодлогошрон суух нь нүднээ харагдана. Эх орноо хамгаалахаар 1939 оны дайнд үеийн залуустайгаа мөр зэрэгцэн тулалдаж явсан гавъяаг нь үр хойч бид мартаж болшгүй билээ. Хүүхэд байхдаа дайнд байлдаж явсан тухайгаа яриач гэхэд “- Дайн ч сайхан эд биш дээ хүү минь” гэхээс өөр сонирхолтой зүйл ярьдаггүйд нь сэтгэл гонсойвч тэр дороо өөр зүйлийн талаар ярих ярианд нь автдаг байсансан. Цагаан сараар өвөө өөрөө хэвийн боовоо хийж хайрна. Бид нар өвөөд гурилыг нь элдэж өгч тусалдаг байлаа. Ер нь л зүгээр сууна гэж үгүй. Байнга л ямар нэгэн зүйл хийж байдагсан. Заримдаа үсний хими хийхэд хэрэглэгддэг мод зорж суудаг нь нүдэнд тодхон харагдана.

Цэцэрлэгийн тоглоом
Жоохондоо цэцэрлэгт тоглоом ховор учир хэдэн мод /тэгш өнцөгт, дөрвөлжин хэлбэртэй, өнгө өнгөөр будсан/ давхарлан эвлүүлж тоглодог байлаа. Нэг өдөр өвөөгийнд очоод надад нэг тийм тоглоом хийгээд өг гэж өвөөгөөс гуйлаа. Амьхандаа л нөгөө тоглоомныхоо талаар сүрхий тайлбарлалаа. Тэгээд дараа нь ирсэн өвөө хэдэн мод хөрөөдөж харуулдаад, бас гарт өргөс оруулахгүй гээд зүлгүүрдсэн байв. Тэрхүү тоглоом нь шинэхэн болохоор хурц өнцөгтэй байсан болохоор “ийм бишээ” гэлээ. Манай цэцэрлэгийнх олон жил эдэлгээнд орсон болохооор өнцөг нь элэгдсэн байсантай адилхан тийм хуучирсаныг л амьхандаа хийлгэх санаатай л байсан байх. Хааяахан өвөөгийнд очихоороо тэр тоглоомоор нь тоглодог байсан ч төд удалгүй сургуульд ороод тэр тоглоом алга болсон доо. Өвөө минь намайг том зээ нь болохоор миний хүссэнийг л хийдэг байж билээ.

Сургуулийн амралт
Сургуульд орж улирлын болон зуны амралтаараа өвөөгийндөө байнга очдог байсан нь санаанаас огт гардаггүй юм. Манай өвөөгийнх Улаанхуаран гэх газар байдаг. Амралтаараа өглөө нь хүүхдийн амралтанд зориулсан /Нисдэг Чистмер, Арабелла, Нохойтой дөрвөн танкчин, Янушик, Оддын охин гэх мэт кинонуудыг шимтэн үздэг байлаа, одоо цагт нь энэ кинонуудыг хүүхдүүд тоохоо больж дээ/ киногоо үзчихээд л цайгаа ууна. Өвөөгийн зуурсан арвайн гурил хамгийн амттай нь. Түүнийгээ бариад л урд амбаар дээр эсвэл хураасан түлээн дээр гарч сууж орчныг тольдонгоо идэх их таашаалтай байдаг байж билээ. Би ч өвөө, эмээ дээрээ эрхэлж өссөн хүн дээ.

Мал хариулсан нь
Намайг 6-р ангид байхад өвөө, эмээ хоёр маань 2 тугалтай үнээ, хэдэн хоньтой болов. Манайх 50-н мянгатад байсан ч хагас, бүтэн сайнд өвөөгийндөө очиж мал хариулж ажилд нь туслана. Үхэр хариулахдаа тэр хавийн 2, 3 үхэртэй айлтай ханьсаад “украйн” хэмээх дугуйгаа унаад жийж өгнө дөө. Үхрээ одоогийн Цайз захын хойд тал, эсвэл Амгалангийн урд руу Туул голын эрэг дагуу хариулна. Ингэж л үхэр хариулах үйлсэд бага зэрэг суралцсан минь өвөө, эмээ хоёрын минь ач билээ. Үүнээс өмнө эмээтэйгээ цуг зуны амралтаар 2, 3-н ч удаа хөдөө явж хонь, хурга хариулах ажлыг бага зэрэг сурсан байсан учир үхэр хариулах нь миний хувьд хүнд ажил байсангүй. Зун өвөөтэйгээ цуг үхэр, хонио хариулахад Туул гол дагуух ус сувгийн улаан тоосгон байшингийн сүүдэрт өвөө маань суунгаа эрх эргүүлж, нүдээ аньж суудгийг нь хараад их л дууриадаг байсансан. Нэг удаа өөрийн үеэл Нөөнөө намайг дууриагаад сүүдэрт сууж байснаа гэнэт орилоод явчихав. Тэгсэн хажууд нь ямаан хорхой явж байснаас л айсан юм билээ. Тэгээд хүүхэд айлгачихлаа, яаж байгаа юм гэж зэмлүүлээд өнгөрөв. Мал хариулж байхдаа өвс, хужир, малын өнгө зүсний талаар надад олон ч зүйл хэлж өгдөгсөн. Мөн үхэр, хонины үүлдрийн талаар ярина. Ямар үүлдрийн үхэр сүү сайтай, өвөл тэсвэртэй, ямар үүлдрийн хонь ноос сайтай, сүүл томтой байдаг гэх мэтчилэн зүйлсийн талаар ярьж миний малын талаарх мэдлэгийг бага ч болов тэлнэ. Ер нь л өвгөд маань хойч үедээ мэдлэгээ өвлүүлэхдээ “ажлын байран дээр” нь сургадаг байсан уламжлалтай аж. Ингээд ямар ч гэсэн малыг зүслэхтэйгээ болсон доо. Өвөө, эмээ хоёр харин хонийг тоолуулдаггүй байж билээ. Бүрэн байна уу үгүй юу гээд тоолохоор их цээрлэнэ, харин түүний оронд зүсэлж бүртгэ гэж сургасан даа.

Үхрээ алдав
Эхэн үедээ үхрээ хариулдаг байж байгаад нэлээд яваад ирэхээр үхэр гэрээ олох замаа өөрөө мэддэг болно. Гэр лүү нь дагуулдаг нэг зүйл нь оройн тэжээл /хивэг, будаа/ нь байдаг. Тэгээд өглөө нь үхрээ Амгалан өнгөртөл туучихаад гэртээ харьчихна, харин орой нь өөрсдөө хүрээд ирнэ. Гэтэл зуны нэг өдөр үхэр маань ирдэггүй ээ. Ингээд л хэд хоног бөөн эрэл болвоо. Би ч өвөөгөө дагаад баахан алхсан даа. Урагшаа Богд уулаар баахан явлаа, Гачууртаар баахан явлаа, Шар хадаар баахан явав. Тэр бүртээ өглөө нь жоохон идэж, уух юм бэлдэж аваад шилбүүрээ бариад л алхаж өгнө дөө. Орой нь хөл нь цуцсан, өлссөн 2 л ирнэ. Тэгээд нэг өдөр нагац ах маань нэг зил 130-тай ирээд нэлээд хол явж хайя Баянзүрх, Хонхор бүр Налайх ч орсон яах вэ гэлээ. Тэгээд л Баянзүрхийн товчоогоор урагшаа төмөр зам гарч Хүрхрээгийн амнаас үхрээ олж билээ. Өвс ногоо нь сайхан байсан болохоор нөгөө 2 чинь гэртээ ирэхгүй тэндээ хорогдсон юм болов уу гэж бодогдоно. Улаанхуаранд өвөөгийн маань хашаа нь мал тэжээхэд жижигдээд бас мал хариулахад тохиромж муутай байсан болохоор намайг 7-р ангид байхад өвөөгийнх маань Улиастай руу нүүсэн дээ.

Модонд явав
Улиастайд нүүж ирсэнээсээ хойш зундаа Баянзүрхийн товчооны зүүн тал руу төмөр замын хойхон талд зусдаг байсан. 2-3 айл нийлж хот айл болон зусах бөгөөд ээлжээр хонь, үхрээ хариулна. Голцуу л өвөөтэйгээ цуг хонь, үхрээ хариулах бөгөөд “амралтын” өдрөөрөө Богд уул руу гарч унасан гишүү түүж шуудайлаад түлшээ бэлтгэдэг байж билээ. Талдаа дор хаяж 1 цаг буюу 5 орчим км алхаж гишүү авчрах нь тийм ч амар ажил биш хэдий ч заримдаа үеийн хүүхдүүдтэй уралдах нь гоё санагддаг байсан. Өвөө жигд алхана, харин би хэсэг хурдлаад хэсэг амардаг. Өвөө тэр зайнд тогтсон 2 газартаа нэг минут орчим амраад л алхана. Тухайн үед 70 гарсан хүн гэхэд ясны ажилсаг хүн байж дээ. Орой бүр шахуу л нэг тор бариад төмөр зам дагаад л алхана. Тэр зуураа ундааны лааз түүж авчирдагсан. Бас 8 сар гарангуут өвс сайтай газраас бага багаар өвс хадаж эсвэл хайчилж авчраад шуудайлж хадгалдаг байж билээ.

Жимсэнд явав
Хүрхрээгийн ам, Тэмээн хад орчимд хад жимс их ургана. Тэгээд өвөөгөө хоёулаа цуг жимсэнд явъя гэсээр хад жимсэнд явна даа. Өвөө маань модонд явангаа ан амьтны талаар, мөн жимсний талаар ярина. Нутагт нь тошлой жимс их ургадаг талаар байсгээд ярих нь нутгаа санасны шинж байсныг хожим нь ойлгосон доо. Зам зуураа жоохон гүзээлзгэнэ түүж иднэ, бас 2 уут хад жимс түүж үүрээд л гэртээ ирнэ дээ. Өглөө 9 өнгөрч байхад гараад орой 5 цагийн үед ирэхдээ бид хоёр хэдэн ширхэг боорцог, жоохон өрөм л иднэ. Гэхдээ хүүхэд байсан болохоор түүндээ цадаад л гүйдэг байсан биз. Өвөө маань ер нь өл сайн даадаг хүн байсан санагддаг юм. Өдөртөө жоохон боорцог, балга хар цайгаар хооллочихно. Хэрвээ идэх юм байхгүй бол юм идэх ч үгүй явж чаддаг байв.

Өвөө маань тарваганы маханд их дуртай
Жил бүрийн намар 9-р сард хичээл орсоны дараа өвөө хөдөө явдаг байлаа. Яагаад гэхээр тарваганы маханд нугасгүй учир хэд хоног шавайгаа ханатал тарваганы мах идэх гэж л тэр. Тэгээд өвөөг хөдөөнөөс ирэхэд өвөөгийндөө очиж орны хөндийд байх тарваганы мах, ялбагыг авч идэх нь их л сайхан байж дээ. Өвөөг өнгөрсөнөөс хойш намар бүр өвөөгийнд очиж тарваганы мах идэх маань үгүй болов. 1997 оны зун өвөө маань хүнд өвчтэй байх үед өвөөгийнд хэн нэг нь тарваганы мах авчирлаа. Өвөө өвчтэй тул тарваганы мах огт идэж болохгүй, тиймээс тарваганы мах авчирсан ч гэж хэлээгүй юм. Тэгсэн өвөө минь “тарваганы мах гэнэ үү” гэсээр шүлсээ залгисан нь санаанаас гардаггүй юм. Тарваганы мах хурц үнэртэй болхоор бас үнэртсэн байх гэж боддог юм. Төд удалгүй тэр зундаа миний төрсөн өдөр болсоноос 2 өдрийн дараа өвөө маань хүнд өвчний улмаас өөд болж билээ.

Бид бүхэн өвөг дээдсээ дээдлэн хүндэтгэж, үеийн үед дурсан магтдаг уламжлалтай ард түмэн билээ.