Saturday, June 9, 2007

Ирээдүйд үнэд орох МТ-ийн мэргэжилтнүүд

Мэдээллийн технологийн (МТ) бизнесийн цар хүрээ болон түүнд өрсөлдөж байгаа компаниудын өсөлт, мөн салбарын хөгжил зэргээс харахад МТ нь хамгийн хурдацтай өсөж байгаа болон богино хугацаанд ашиг олж болох бизнесийн салбар гэдэг нь хүн бүхэнд тодорхой. МТ маань харьцангуй залуу салбар хэрнээ богино хугацаа нь огцом өсөж байгаа нь энэ чиглэлийн бизнест хүчээ соригчдын тоог өөрийн эрхгүй нэмэгдүүлж байна. Хөгжиж байгаа орнууд энэхүү өсөлтийг ашиглан өөрсдийнхөө хөгжлийг түргэтгэх, эдийн засгаа бэхжүүлэхийн тулд хувийн хэвшил, боловсрол, төрийн байгууллагууд нь нийлж (хүчээ хавсаргаж) байгаад тус салбараас “хувь хүртэх”-ийг эрвийх дэрвийхээрээ мэрийж байгааг бид бүхэн Хятад, Энэтхэг зэрэг орнууд аутсорсингийн бодлого хэрхэн баримталж байгаа, боловсрол нь түүн рүү хэрхэн чиглэж байгаа болон тэднийгээ төр нь хэрхэн бодлогоор дэмжиж байгаагаар нь харж болно.

Чадварлаг боловсон хүчинтэй байна гэдэг нь хувийн хэвшлийн хувьд зах зээлд өрсөлдөх давуу талыг авчирч байдаг, улс орны хувьд хөгжлийн тулгуур болж өгөхөөс гадна хөгжлийн түлхүүр хүчин зүйлийн нэг болж өгдөг. Манай орон сүүлийн үед мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил, аутсорсинг гэх мэт оюунлаг зах зээл рүү “дайрах” бодлого баримталж байгаа гэж ойлгогддог. Тиймээс аутсорсингийн зах зээл дээр дотоодын компаниудаа дэмжиж гаргаж ирэх, байр суурийг нь бэхжүүлэхийн тулд боловсролын салбарт анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Үүнд зөвхөн мэргэжлийн сургуулиудийн хөтөлбөрийг шинэчилж, чанаржуулахаас гадна мэргэжлийн сургалтын төвүүдийг бий болгох хэрэгтэй.

Ингээд дан ганц миний ажиглалт, үзэл бодол биш бас бусад хүмүүсийн үзэл бодлуудаас дүгнэж манай улс ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай вэ гэдэг дээр өөрийн дүгнэлтийг хийсэн юм. Ирээдүйд дараах ур чадвартай мэргэжилтнүүд МТ-ийн дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байна.

Үүнд:

  • МТ-ийн төслийн менежер. МТ-ийн төслийг удирдах нь амар ажил бишээ. Тэр тусмаа сүүлийн бараг 15 жил хамгийн эрэлттэй мэргэжлийн нэгд тооцогдоод байгаа цаашид ч энэ шинч чанараа хадгална гэж үзэж байна. МТ-ийн бараг бүх ажлууд төсөл хэлбэрээр хэргэждэг гэдгийг хэлэх нь зүйтэй.
  • Бизнесийн шинжээч (Business IS Analyst). Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа мэргэжил. Уламжлалт бизнесийн шинжээч биш шүү!!!
  • Business Intelligence. Анхан шатны өгөгдөл дээр ажиллаж шийдвэр гаргах үйл явцыг дэмждэг. Энэ үг одоо бизнесийнхэн болон багш нарын амнаас салахаа больсон.
  • Өгөгдлийн сантай харьцах бүх мэргэжлүүд (Database administrator, database manager, data warehousing, storage manager, data mining гэх мэт) Мэдээлэл хэдий чинээ их боловсруулагдаж байна төдий чинээ энэ мэргэжил эрэлттэй байна гэсэн үг. Ялангуяа вэб 2.0 нь хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулгыг дэмжиж байгаа нь мэдээллийг тонн тонноор нь үйлдвэрлэж байгаа.
  • Программист. Мэдээж чадварлаг программист маш чухал гэхдээ эдгээр программистууд нь C++, Java, Python, Ruby программчлалын хэлүүдийг чадварлаг эзэмшсэн байх ёстой. ASP.NET, Perl болон PHP дээр программ бичдэг мэргэжилтнүүд Энэтхэг, Хятад зэрэг олон программисттай оронд хангалттай тоогоор бэлтгэгдэж байгаа тул бидэнд өрсөлдөхөд бэрхшээлтэй. Үүн дээр нэмээд мэдээж AJAX хөгжүүлэгч хэрэгтэй.
  • Энтэрпрайз архитектурч. Бизнесийн үйл ажиллагаа томорч, хүрээгээ тэлэхийн хирээр энтэрпрайз систем ихээр хэрэглэгддэг. Тиймээс энэ чиглэлийн бизнесийг “мөнгөний уурхай” хэмээн зарлаад байгаа ба энэ чиглэлийн программуудын үнэ хэдэн сая доллараар зарагддаг билээ.
  • Системийн шинжээч болон дизайнер. Системийн цаашдын хувь заяа системийн шинжээчээс ихээхэн хамаардаг тул ирээдүйд эрэлттэй хэвээр үлдэнэ. Бизнесийн шинжээчтэй тулж ажиллаж байж сайн системийн загвар боловсрогдоно.
  • Аюулгүй байдлын мэргэжилтэн. Мэдээлэл бий цагт мэдээллийн аюулгүй байдал чухал нөлөө үзүүлэх нь тодорхой.
  • МТ-ийн менежер. Мэдээж тухайн байгууллагын амжилт менежерээс шууд хамаарах нь ойлгомжтой. Чадварлаг МТ-ийн менежер ямар ч үед хаана ч хэрэгцээтэй нь ойлгомжтой.

АНУ-ын холбогдох албан тушаалын хүмүүс “Бидэнд одоогоор техникийн боловсон хүчин гаднаас авах хэрэггүй. Тэр чиглэлийн ажлыг бид аутсорсингоор зохицуулах болно. Тиймээс H1-B визнийхээ (техникийн ажилтан авч ажиллуулдаг визний төрөл) тоог бууруулах бодлого баримталж байгаа” хэмээн хэлж байсан. Үүнтэй зэрэгцээд аутсорсингийн зах зээлд ч хүчтэй өрсөлдөөн өрнөж эхэлсэн. АНУ-ын зах зээл рүү Энэтхэг, Хятад, Вьетнам, Пакистан зэрэг орнуудын хүчтэй орж байхад Европын зах зээлд Чех, Орос зэрэг улсууд бас өөрсдийн стратегийг боловсруулчихсан дайрч байх юм. Харин манай улсын хувьд зорилтод зах зээл маань Япон (холбогдох материалуудыг уншихад) гэж ойлгогдож байгаа. Бидний хувьд Хятад болон Вьетнамууд хүчтэй өрсөлдөгчид байх нь ойлгомжтой. Энд тухайн орнуудаас ирсэн оюутнуудтай ярилцаж байхад бас л тодорхой даалгавартай бас зорилготой ирдэг нь тодорхой юм билээ. Тиймээс бид тэдэнтэй өрсөлдөнө гэж адил зүйл сураад байвал манай улсын хувьд зөв стратеги биш (наад зах нь боловсон хүчний тоогоор харьцуулахад бид давуу тал олж авч чадахгүй байна). Тиймээс өөрийн давуу тал болон ялгарах онцлогыг бий болгохын тулд дээрх ур чадвартай мэргэжилтнүүдийг ихээр бэлдэх хэрэгтэй.

Ер нь дээр дурдсан чадваруудыг эзэмшсэн тохиолдолд хувь хүний хувьд ч гэсэн өөрийн үнэ цэнээ бий болгох боломж байгааг бас дурдах нь зүйтэй. Гэхдээ бүгдийг нэг хүн эзэмших боломжгүй нь мэдээж.


Hit me back on your thoughts!!!

2 comments:

Tamir.J said...

http://www.cio.com/article/120154

tuvko said...

Япон Хэл соёлын бэрхшээл хэцүү юм байна даа.