Tuesday, March 4, 2014

Өвөөгийн тухай дурсамж

Саяхан хэд хоног эмнэлэгт нэгэн өвөөтэй цуг нэг өрөөнд байсан бөгөөд тэрхүү өвөө миний өвөөтэй их адилхан алхаатай нэгэн байсан нь өвөөгийнхөө тухай багахан дурсамжийг бичих сэдлийг төрүүлсэн юм. Надад уг нь 2 өвөө байх ёстой байсан, гэвч нэг нь /аавын минь аав/ намайг төрөхөөс хэд хоногийн өмнө бурхны оронд заларсан бөгөөд нутаглуулахаар гаргаж байхад нь би төрж аав минь гунигийн нулимсыг баярын нулимстай хамт цэлэлзүүлсэн тухай одоо ч ярьдаг юм. Тиймээс би тэр өвөөгийнхөө тухай Үйлдвэр хоршоололд Ерөнхий ня-бо хийж байсан, шатар сайн тоглодог, архи, тамхи огт хэрэглэдэггүй байсан гэх мэт олон зүйлийг сонсохоос өөр завшаан тохиогоогүй билээ. Энэ удаад ээжийнхээ аавын тухай өөрийн санаж байгаа дурсамжаасаа багахан хуваалцья. Миний өвөө Говь-Алтай аймагт төрсөн нэгэн байж билээ. Гүндүүгүй, олон үг хэлэхгүй, уурлахаараа дуугаа хураагаад хамрын тамхиа татан гэрийн хойморт байрлах эвхэгддэг крисло дээрээ эрх эргүүлэн бодлогошрон суух нь нүднээ харагдана. Эх орноо хамгаалахаар 1939 оны дайнд үеийн залуустайгаа мөр зэрэгцэн тулалдаж явсан гавъяаг нь үр хойч бид мартаж болшгүй билээ. Хүүхэд байхдаа дайнд байлдаж явсан тухайгаа яриач гэхэд “- Дайн ч сайхан эд биш дээ хүү минь” гэхээс өөр сонирхолтой зүйл ярьдаггүйд нь сэтгэл гонсойвч тэр дороо өөр зүйлийн талаар ярих ярианд нь автдаг байсансан. Цагаан сараар өвөө өөрөө хэвийн боовоо хийж хайрна. Бид нар өвөөд гурилыг нь элдэж өгч тусалдаг байлаа. Ер нь л зүгээр сууна гэж үгүй. Байнга л ямар нэгэн зүйл хийж байдагсан. Заримдаа үсний хими хийхэд хэрэглэгддэг мод зорж суудаг нь нүдэнд тодхон харагдана.

Цэцэрлэгийн тоглоом
Жоохондоо цэцэрлэгт тоглоом ховор учир хэдэн мод /тэгш өнцөгт, дөрвөлжин хэлбэртэй, өнгө өнгөөр будсан/ давхарлан эвлүүлж тоглодог байлаа. Нэг өдөр өвөөгийнд очоод надад нэг тийм тоглоом хийгээд өг гэж өвөөгөөс гуйлаа. Амьхандаа л нөгөө тоглоомныхоо талаар сүрхий тайлбарлалаа. Тэгээд дараа нь ирсэн өвөө хэдэн мод хөрөөдөж харуулдаад, бас гарт өргөс оруулахгүй гээд зүлгүүрдсэн байв. Тэрхүү тоглоом нь шинэхэн болохоор хурц өнцөгтэй байсан болохоор “ийм бишээ” гэлээ. Манай цэцэрлэгийнх олон жил эдэлгээнд орсон болохооор өнцөг нь элэгдсэн байсантай адилхан тийм хуучирсаныг л амьхандаа хийлгэх санаатай л байсан байх. Хааяахан өвөөгийнд очихоороо тэр тоглоомоор нь тоглодог байсан ч төд удалгүй сургуульд ороод тэр тоглоом алга болсон доо. Өвөө минь намайг том зээ нь болохоор миний хүссэнийг л хийдэг байж билээ.

Сургуулийн амралт
Сургуульд орж улирлын болон зуны амралтаараа өвөөгийндөө байнга очдог байсан нь санаанаас огт гардаггүй юм. Манай өвөөгийнх Улаанхуаран гэх газар байдаг. Амралтаараа өглөө нь хүүхдийн амралтанд зориулсан /Нисдэг Чистмер, Арабелла, Нохойтой дөрвөн танкчин, Янушик, Оддын охин гэх мэт кинонуудыг шимтэн үздэг байлаа, одоо цагт нь энэ кинонуудыг хүүхдүүд тоохоо больж дээ/ киногоо үзчихээд л цайгаа ууна. Өвөөгийн зуурсан арвайн гурил хамгийн амттай нь. Түүнийгээ бариад л урд амбаар дээр эсвэл хураасан түлээн дээр гарч сууж орчныг тольдонгоо идэх их таашаалтай байдаг байж билээ. Би ч өвөө, эмээ дээрээ эрхэлж өссөн хүн дээ.

Мал хариулсан нь
Намайг 6-р ангид байхад өвөө, эмээ хоёр маань 2 тугалтай үнээ, хэдэн хоньтой болов. Манайх 50-н мянгатад байсан ч хагас, бүтэн сайнд өвөөгийндөө очиж мал хариулж ажилд нь туслана. Үхэр хариулахдаа тэр хавийн 2, 3 үхэртэй айлтай ханьсаад “украйн” хэмээх дугуйгаа унаад жийж өгнө дөө. Үхрээ одоогийн Цайз захын хойд тал, эсвэл Амгалангийн урд руу Туул голын эрэг дагуу хариулна. Ингэж л үхэр хариулах үйлсэд бага зэрэг суралцсан минь өвөө, эмээ хоёрын минь ач билээ. Үүнээс өмнө эмээтэйгээ цуг зуны амралтаар 2, 3-н ч удаа хөдөө явж хонь, хурга хариулах ажлыг бага зэрэг сурсан байсан учир үхэр хариулах нь миний хувьд хүнд ажил байсангүй. Зун өвөөтэйгээ цуг үхэр, хонио хариулахад Туул гол дагуух ус сувгийн улаан тоосгон байшингийн сүүдэрт өвөө маань суунгаа эрх эргүүлж, нүдээ аньж суудгийг нь хараад их л дууриадаг байсансан. Нэг удаа өөрийн үеэл Нөөнөө намайг дууриагаад сүүдэрт сууж байснаа гэнэт орилоод явчихав. Тэгсэн хажууд нь ямаан хорхой явж байснаас л айсан юм билээ. Тэгээд хүүхэд айлгачихлаа, яаж байгаа юм гэж зэмлүүлээд өнгөрөв. Мал хариулж байхдаа өвс, хужир, малын өнгө зүсний талаар надад олон ч зүйл хэлж өгдөгсөн. Мөн үхэр, хонины үүлдрийн талаар ярина. Ямар үүлдрийн үхэр сүү сайтай, өвөл тэсвэртэй, ямар үүлдрийн хонь ноос сайтай, сүүл томтой байдаг гэх мэтчилэн зүйлсийн талаар ярьж миний малын талаарх мэдлэгийг бага ч болов тэлнэ. Ер нь л өвгөд маань хойч үедээ мэдлэгээ өвлүүлэхдээ “ажлын байран дээр” нь сургадаг байсан уламжлалтай аж. Ингээд ямар ч гэсэн малыг зүслэхтэйгээ болсон доо. Өвөө, эмээ хоёр харин хонийг тоолуулдаггүй байж билээ. Бүрэн байна уу үгүй юу гээд тоолохоор их цээрлэнэ, харин түүний оронд зүсэлж бүртгэ гэж сургасан даа.

Үхрээ алдав
Эхэн үедээ үхрээ хариулдаг байж байгаад нэлээд яваад ирэхээр үхэр гэрээ олох замаа өөрөө мэддэг болно. Гэр лүү нь дагуулдаг нэг зүйл нь оройн тэжээл /хивэг, будаа/ нь байдаг. Тэгээд өглөө нь үхрээ Амгалан өнгөртөл туучихаад гэртээ харьчихна, харин орой нь өөрсдөө хүрээд ирнэ. Гэтэл зуны нэг өдөр үхэр маань ирдэггүй ээ. Ингээд л хэд хоног бөөн эрэл болвоо. Би ч өвөөгөө дагаад баахан алхсан даа. Урагшаа Богд уулаар баахан явлаа, Гачууртаар баахан явлаа, Шар хадаар баахан явав. Тэр бүртээ өглөө нь жоохон идэж, уух юм бэлдэж аваад шилбүүрээ бариад л алхаж өгнө дөө. Орой нь хөл нь цуцсан, өлссөн 2 л ирнэ. Тэгээд нэг өдөр нагац ах маань нэг зил 130-тай ирээд нэлээд хол явж хайя Баянзүрх, Хонхор бүр Налайх ч орсон яах вэ гэлээ. Тэгээд л Баянзүрхийн товчоогоор урагшаа төмөр зам гарч Хүрхрээгийн амнаас үхрээ олж билээ. Өвс ногоо нь сайхан байсан болохоор нөгөө 2 чинь гэртээ ирэхгүй тэндээ хорогдсон юм болов уу гэж бодогдоно. Улаанхуаранд өвөөгийн маань хашаа нь мал тэжээхэд жижигдээд бас мал хариулахад тохиромж муутай байсан болохоор намайг 7-р ангид байхад өвөөгийнх маань Улиастай руу нүүсэн дээ.

Модонд явав
Улиастайд нүүж ирсэнээсээ хойш зундаа Баянзүрхийн товчооны зүүн тал руу төмөр замын хойхон талд зусдаг байсан. 2-3 айл нийлж хот айл болон зусах бөгөөд ээлжээр хонь, үхрээ хариулна. Голцуу л өвөөтэйгээ цуг хонь, үхрээ хариулах бөгөөд “амралтын” өдрөөрөө Богд уул руу гарч унасан гишүү түүж шуудайлаад түлшээ бэлтгэдэг байж билээ. Талдаа дор хаяж 1 цаг буюу 5 орчим км алхаж гишүү авчрах нь тийм ч амар ажил биш хэдий ч заримдаа үеийн хүүхдүүдтэй уралдах нь гоё санагддаг байсан. Өвөө жигд алхана, харин би хэсэг хурдлаад хэсэг амардаг. Өвөө тэр зайнд тогтсон 2 газартаа нэг минут орчим амраад л алхана. Тухайн үед 70 гарсан хүн гэхэд ясны ажилсаг хүн байж дээ. Орой бүр шахуу л нэг тор бариад төмөр зам дагаад л алхана. Тэр зуураа ундааны лааз түүж авчирдагсан. Бас 8 сар гарангуут өвс сайтай газраас бага багаар өвс хадаж эсвэл хайчилж авчраад шуудайлж хадгалдаг байж билээ.

Жимсэнд явав
Хүрхрээгийн ам, Тэмээн хад орчимд хад жимс их ургана. Тэгээд өвөөгөө хоёулаа цуг жимсэнд явъя гэсээр хад жимсэнд явна даа. Өвөө маань модонд явангаа ан амьтны талаар, мөн жимсний талаар ярина. Нутагт нь тошлой жимс их ургадаг талаар байсгээд ярих нь нутгаа санасны шинж байсныг хожим нь ойлгосон доо. Зам зуураа жоохон гүзээлзгэнэ түүж иднэ, бас 2 уут хад жимс түүж үүрээд л гэртээ ирнэ дээ. Өглөө 9 өнгөрч байхад гараад орой 5 цагийн үед ирэхдээ бид хоёр хэдэн ширхэг боорцог, жоохон өрөм л иднэ. Гэхдээ хүүхэд байсан болохоор түүндээ цадаад л гүйдэг байсан биз. Өвөө маань ер нь өл сайн даадаг хүн байсан санагддаг юм. Өдөртөө жоохон боорцог, балга хар цайгаар хооллочихно. Хэрвээ идэх юм байхгүй бол юм идэх ч үгүй явж чаддаг байв.

Өвөө маань тарваганы маханд их дуртай
Жил бүрийн намар 9-р сард хичээл орсоны дараа өвөө хөдөө явдаг байлаа. Яагаад гэхээр тарваганы маханд нугасгүй учир хэд хоног шавайгаа ханатал тарваганы мах идэх гэж л тэр. Тэгээд өвөөг хөдөөнөөс ирэхэд өвөөгийндөө очиж орны хөндийд байх тарваганы мах, ялбагыг авч идэх нь их л сайхан байж дээ. Өвөөг өнгөрсөнөөс хойш намар бүр өвөөгийнд очиж тарваганы мах идэх маань үгүй болов. 1997 оны зун өвөө маань хүнд өвчтэй байх үед өвөөгийнд хэн нэг нь тарваганы мах авчирлаа. Өвөө өвчтэй тул тарваганы мах огт идэж болохгүй, тиймээс тарваганы мах авчирсан ч гэж хэлээгүй юм. Тэгсэн өвөө минь “тарваганы мах гэнэ үү” гэсээр шүлсээ залгисан нь санаанаас гардаггүй юм. Тарваганы мах хурц үнэртэй болхоор бас үнэртсэн байх гэж боддог юм. Төд удалгүй тэр зундаа миний төрсөн өдөр болсоноос 2 өдрийн дараа өвөө маань хүнд өвчний улмаас өөд болж билээ.

Бид бүхэн өвөг дээдсээ дээдлэн хүндэтгэж, үеийн үед дурсан магтдаг уламжлалтай ард түмэн билээ.

No comments: