Ихэнхи хүмүүс МС (Мэдээллийн систем - Information System) болон МТ (Мэдээллийн технологи - Information Technology) гэсэн хоёр тусдаа ойлголтыг ялгадаггүй бөгөөд адилхан зүйл мэт ойлгодог. Тэгвэл эдгээр нь хоорондоо төстэй боловч адилхан ойлголтууд биш.
МТ нь цэвэр компьютерийн шинжлэх ухаантай холбоотой ойлголт. Үүнд техник хангамж, программ хангамж болон бусад технологиуд хамрагдана гэсэн үг. Харин МС нь технологи болон хүний (нийгмийн) үр дүнтэй харилцааг илэрхийлдэг. Гэхдээ бүр МС-д технологийн оролцоо байхгүй ч байж болно гэж зарим хүмүүс үздэг (Checkland and Holwell 1998, Information, Systems and Information Systems: Making sense of the field). Тухайлбал, хүмүүс хоорондоо мэдээлэл солилцохдоо технологи ашиглахгүй (жишээ нь: харилцан яриагаар) байж болно. МС нь ер нь шийдвэр гаргах, идэвхитэй харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг.
Түүнээс гадна МТ нь цэвэр технологийн асуудал учир үүнд стратеги төлөвлөлт төдийлөн хамааралгүй. МС нь харин бизнесийг хурдасгагч хөшүүрэг болдог гэсэн утгаараа стратегийн чухал ач холбогдолтой. Жишээ нь: тухайн компани зах зээл дээр өөрийн байр суурийг хадгалж үлдэх эсвэл хүрээгээ тэлэх гэсэн стратег баримталж байвал МС-ийн стратеги боловсруулж түүний дагуу МТ нь тоног төхөөрөмж, программ хангамж зэргээ худалдан авна.
Бизнес болон МС-ийн стратеги болон төлөвлөгөө боловсруулахын тулд бизнес болон харилцагчдын (үүнд: үйлчлүүлэгч, хамтрагч, худалдан авагчид зэрэг бүгд орно) нарын талаарх мэдээлэл дээр үндэслэх ба үүнийг МТ-г ашиглан цуглуулна. Жишээ нь: Хүнсний сүлжээ дэлгүүрийн хувьд МТ-г ашиглан борлуулалт болон нийлүүлэлтийн (Supply Chain Management) талаархи бүх мэдээллийг цуглуулан авч (datawarehouse-д), шинжилгээ хийснээрээ (datamining and analysing) ирэх сар, улирал, жилийнхээ төлөвлөгөөг хийхээс гадна стратеги боловсруулна. Хэрэглэгчид хаанаас ямар бүтээгдэхүүнийг олноор авч байна үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна гэх мэтийг тооцож үзээд тухайн зах зээл нь Бостоны матриксын "саалийн үнээ" дээр байх юм бол зах зээлээ хамгаалахын тулд нийлүүлэлт болон хуваарилалтын үйл явцаа сайжруулах, байнгын үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх, аль болох өргөн хүрээний мэдээлэл олж авахын тулд МТ-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах МС-ийн стратеги хэрэглэж болох юм.
МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь: техник хангамж, программ хангамж, мэдээлэл, хүмүүс, процесс гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ зарим хүмүүс үүн дээр сүлжээг оруулж өгөх ёстой ч гэж үздэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment