Tuesday, November 21, 2006

Вики (Wiki)-н талаар

Вики (wiki) гэдэг нь нэгэн төрлийн вэб хуудас бөгөөд мэдээллийн агуулгыг хэн ч өөрчлөх, баяжуулах болон шинээр сэдэв нээх боломжтой байдаг. Ингэж өөрчлөлт хийхэд заавал бүртгүүлсэн байх албагүй харин өөрчлөлт хийсэн хүний нэрний оронд таны IP хаяг бүртгэгдэнэ. www.wikipedia.org бол хамгийн өргөн хэрэглэгддэг лавлах толь буюу вики хуудас. Мөн Монгол хэл дээрх вики хуудас руу mn.wikipedia.org гэж орж болно. Эндээс та өөрийн хүссэн мэдээллээ үнэ төлбөргүй авч болохоос гадна хэрвээ ташаа мэдээлэл байвал залруулах, баяжуулах болон тэр мэдээлэл байхгүй бол шинээр нэмж болно. Ингэснээрээ өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцаж, бусдаас суралцах боломжтой болж байна.

Манай Монголчуудын хувьд бие дааж ажиллахдаа сайн боловч багаар ажиллах чадварын хувьд жоохон учир дутагдалтай юм шиг санагддаг. Мөн өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах нь бусдыг хөгжүүлэх бүр цаашилбал улс орны хөгжилд ч тодорхой хэмжээгээр хувь нэмэр болж байгаа гэхэд болно. Одоогоор Монгол хэл дээрх тайлбарууд маань бага байгаа, тиймээс үүнийг баяжуулахын тулд та ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулаарай. Тухайн сэдвийг нээхэд тэр талаараа бүр сайн мэдлэгтэй байх албагүй 2 эсвэд 3-н өгүүлбэр байхад болно. Бусад нь тэрнийг цааш нь баяжуулаад явчих боломжтой болно гэсэг үг.

"Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм"

Амжилт хүсье

Monday, November 20, 2006

RSS болон atom ашиглах тухай

Энэ удаа RSS (Rich Site Summary, RDF Site Summary, Really Simple Syndication) эсвэл Atom ашиглан хэрхэн мэдээллийн тоймийг тухай бүрт авч болох талаар бичье. Эхлээд компьютер дээрээ Feedreader суулгана. Энд дарж үнэгүй Feedreader 3.07-г татаж авна уу. Программаа компьютер дээрээ суулгасны дараа өөрийн тогтмол ордог rss эсвэл atom feed-ийн хаягийг нэмж өгнө. File->New->Feed эсвэл шууд F3 товчийг дараад гарч ирэх цонхон дээр rss эсвэл atom feed-ийн хаягаа оруулна. Жишээ нь: би Өнөөдөр сониныг тогтмол уншдаг ба өдөр болгон www.mongolnews.mn хэмээх Өнөөдөр сонины вэб рүү орж ямар мэдээлэл нэмэгдсэн байна гэж харж байхын оронд http://www.mongolnews.mn/rss/unuudur.php гэсэн хаягыг feed хэсэгтээ оруулаад өгчихвөл мэдээлэл нэмэгдэх бүрт надад мэдээллийн тоймийг илгээдэг. Энэ нь yahoo мессенжерийг ажиллуулсан байхад шинээр имэйл ирлээ гэж мэдэгддэгтэй адилхан зарчмаар ажиллана. Тэгээд шинээр тавигдсан мэдээлэл хэрэгтэй үгүйг хялбархан мэдчихэж болно. Энэ нь интернэтийн хурд удаан хэрэглэгч нарт бүр тохиромжтой.

За амжилт хүсье.

Жич: Миний блогын atom-г сануулья гэвэл tamirj.blogspot.com гээд оруулж өгөөд л болно.

Австрали орноор - Үргэлжлэл

За одоо цааш нь үргэлжлүүлье. Өөрийн дотны гэсэн хэдэн хүмүүстээ (тэр үед мессенжерт байсан) энэ блогынхоо хаягыг өгөөд уншууллаа, бас нилээд урам өглөө. Та нартаа баярлалаа. Ямар ч хүн урмаар тэтгэгддэг учир одоо зав тааруу ч гэсэн үргэлжлүүлье.

Дээд боловсролын талаар
Дээд боловсрол бол Австралийн гол салбаруудын нэг (мэдээж аялал жуулчлал, хөдөө ажуй ахуй зэргээс гадна). Нийт 39 их сургуультай, нэг сургуульд дор хаяж 20000 оюутан сурдаг гэхээр чамгүй олон оюутны тоо гарна. Сургалтын хөтөлбөр ерөнхийдөө адилхан. Тиймээс аль ч сургуульд заагдаж байгаа хичээлийн хөтөлбөр адилхан. Мөн Австралийн сургалтын чанар нилээд өндөр.
Сургалтын төлбөр (Магистрын) нэг хичээл нь 2000-3000 доллар байна. Бүтэн цагаар хичээллэх оюутан (full time student) манай сургуулийн хувьд дор хаяж нэг семестерт 3 хичээл үзэх ёстой. Жилд үндсэн 2 семестертэй бас зуны семестер гэж хичээллэнэ. Зуны амралт нь ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Нэг семестерт 12 долоо хоног хичээл орно. Эхний 8 долоо хоног хичээл орчихоод 2 долоо хоног завсарлана. Энэ үедээ оюутан багшаасаа зөвлөгөө авах, ойлгоогүй зүйлүүдээ асуух болон хоцрогдлоо нөхөх боломжийг олгодог. Тэгээд дахин 4 долоо хоног хичээллээд хичээл дуусна. Үүний дараагаар шалгалт эхэлнэ (зарим хичээлүүд нь шалгалтгүй бие даалтууд өгөөд дүнгээ гаргана). Шалгалт нь 2 цаг үргэлжилдэг ба тухайн хичээлийн хүрээнд үзсэн бүх агуулгыг багтаахаас гадна нэмж унш хэмээн өгсөн материалуудаас асуулт ирэх нь ч бий. Түүнээс гадна лекц долоо хоногт 2 цаг орох учир бусад зүйлсээ бие дааж сурах, унших ёстой. Зөвхөн лекцийн хүрээнд шалгалтандаа бэлдэнэ гэвэл маш их учир дутагдалтай. Ер нь танхимаар (лекц, семинар болон лаборатори) хэдэн цагийн хичээл орно түүнээс 3 дахин илүү цагаар бие дааж сурах шаардлагатай гэж анх тэнхимээс зохион байгуулдаг уулзалтан дээр хэлж байсан. Жишээ нь: 2 цаг лекц, 2 цаг лаборатори орсон бол долоо хоногт дор хаяж 12 цаг бие дааж суралцах шаардлагатай гэсэн үг.
Сурах хугацааны хувьд семестерт хэдэн хичээл үзэх болон ямар чиглэлээр суралцаж байгаагаас хамаарч 1-2 жил үргэлжилнэ.

Ажил эрхлэлт
Оюутнууд суралцаж байх хугацаандаа долоо хоногт 20 хүртэл цаг амралтын үеээр 40 хүртэл цаг ажиллах эрхтэй. Харин гэр бүлийн хүнийх нь хувьд цагийн хязгааргүй ажиллах эрхтэй. Эндэхийн хөдөлмөрийн доод хөлс нь 16.20 доллар байдаг. Гэхдээ бэлэн мөнгөөр цалинжуулдаг зарим газар цагийн 12 доллар өгөх нь ч бий. Ажил олоход бага зэрэг бэрхшээлтэй. Ялангуяа мэргэжлээрээ ажиллах эсвэл арай цалин өндөртэй ажил олно гэдэг маш хэцүү. Манай мужийн хувьд (Victoria) Англи хэл мэдэхгүй бол ажилд авахгүй гэсэн хуультай байдаг гэж байсан. Мөн визний зөрчилтэй хүмүүс (хараар ажилладаг хүмүүсийг хэлж байгаа юм) байдаггүй бололтой.

Үзвэр, үйлчилгээ
Гадуур хоол идэхэд (ресторан, кафе) нэг хоол нь хамгийн хямд нь 8 доллар за тэгээд дээшээ бол нилээд үнэтэй яг сайн мэдэхгүй байна. Ер нь манайх (эхнэр бид 2 хүүхэдтэйгээ) дунджаар энгийн газар 25-30 доллар, ресторанд 50-60 доллар зарцуулдаг. Тэгэхээр таньд нэг төсөөлөл бий болж байгаа байх. Бид нар гэр бүлээрээ долоо хоногт нэг удаа гадуур хоол идэхийг хичээдэг (заримдаа зав, мөнгөний боломж гарахгүй тохиолдол бий) учир үнийн хувьд нилээд баримжаатай болсон.
Кино театрт кино үзэхэд том хүн 12-15 доллар, хүүхэд 8-12 доллар байдаг. Гэхдээ сургуулиасаа хямдралтай (10 долларын) тасалбар авч болно. Мөн Village Cinema кино театрын хувьд Мягмар гараг бүрт 9 доллар болж хямдардаг. Хэрвээ кино прокатнаас кино авч үзэхээр бол хоногийн нэг кино 5.5 доллар байдаг.

Хоол, хүнс
Хүнсний аюулгүй байдалдаа төр засгаас нь маш их анхаарал тавидаг болохоор үндсэндээ хүнсний бүтээгдэхүүнүүд нь баталгаатай. Тийм болоод ч сүүлийн жилүүдэд дундаж наслалтын тоогоороо дэлхийд нилээд дээгүүр давхидаг. Зарим хүмүүст хэрэг болж магад гээд санаж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнээс нь толилуулъя.

  • Үхрийн мах 1кг нь 5-8 доллар (гол мах зэрэг нь бол бүр 28 доллар байдаг)

  • Гахайн мах 1кг нь 4.5-7.5 доллар

  • Тахианы мах 1кг нь 3-5 доллар

  • Төмс 1кг нь 0.5-2 доллар

  • Талх 1 ширхэг нь 1-3 доллар

  • Жүрж 1кг нь 0.6-1.5 доллар

  • Алим 1кг нь 1-2 доллар

  • Банана 1кг нь 8-12 доллар

  • Гүзээлзгэнэ 250гр нь 2.5-3.5 доллар

  • Манго 1 ширхэг нь 2-3 доллар



Дээрхи мэдээлэл зардлаа урьдчилсан байдлаар тооцоход бага ч гэсэн хэрэг болох байх гэж найдаж байна.

Thursday, November 16, 2006

Австрали орноор

Энэ блогдоо явж үзсэн орнуудынхаа талаар бага ч болов бичихээр шийдлээ. Зарим нэгэнд хэрэг болж магад гээд энэ удаа Австрали орны талаар бага ч болов мэдээлэл өгөхийг зорилоо.

Анх Австралид 2006 оны 5-р сарын 22-нд ирлээ. Наашаа ирэхээс өмнө урьд нь энд сурч байсан хэд хэдэн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авлаа, бас эртнээс л явах юмсан гэсэн хүсэлтэй байсан тул зарим зүйлийн талаар нилээд төсөөлөлтэй болсон байв. Ер нь уулзсан бүх л хүн үнэхээр сайхан газар гээд л ам сайтай байсан. Зарим нэг нь Америкаас хамаагүй илүү жаргалын орон гээд л баахан л магтаж байлаа. Тиймээс өөрийн гэсэн бараг төсөөллийг толгойдоо нэгэнт бий болгочихсон байв. Ингээд Солонгосын Инчеоноор (би ер нь авиа компаниудаас сонголт хийхдээ МИАТ-ыг сонгодог хэрвээ гуравдагч орон руу явах бол болж өгвөл Korean Air-г сонгодог, яагаад сонгох болсон талаараа дараа нь бичнээ) дамжин Сиднейд газардав. Онгоц газардах үед үүр цайж байсан болохоор Сидней хот дээрээс үнэхээр гоё харагдлаа. Далайн эрэг дээрх өндөр байшингуудынх нь дээд хэсэгт нь нар тусаад л ер нь их л үзэсгэлэнтэй харагдсаныг онцлон хэлэх нь зүйтэй. Би ч дотроо үнэхээр сайхан газар ирж байгаа юм байна гэж бодохын сацуу ийм сайхан газар сурах гэж ирж байгаадаа үнэхээр сэтгэл өндөр байлаа. Австралийн гаалийг их хатуу хэр баргийн юм оруулахгүй гэж олон хүн хэлж байсан учраас хэдэн бэлэг дурсгалын зүйлүүдийг маань оруулдаг болов уу гэж битүүхэндээ санаа зовж байв. Учир нь тэдгээр зүйл нь модон хүрээтэй арьсан дээр зурсан зурагнууд байсан юм. Ер нь наашаа ирэх хүмүүст захихад идэх юм (манайхан ааруул авч явах их дуртай), 2 шилээс илүү архи, ургамал, амьтаны гаралтай зүйл байвал гарал үүслийн бичиг гээд юмнуудаа их нямбай бэлдэхгүй бол хуулийн дагуу маш өндөр торгууль ногдуулна эсвэл түр саатуулж баривчлах заалт ч байдаг юм байна лээ. Сиднейн онгоцны буудал нь нээх ч том биш, Лас Вегасынхтай төстэй санагдсан. Тэнд 5 цаг болоод зорьсон газартаа (Мэлбурн) очихоор дараагийнхаа онгоцонд суулаа.

Ер нь энд анх ирээд ойд ирчихсэн юм шиг ногооны үнэр ханхлаад бас маш их модтой учраас аргагүй л ногоон тив гэж нэрлэхээс өөр яах билээ гэж бодож байж билээ. Ирсэн өдрөө түр буудалласан газрынхаа тооцоог хийх бас халаасны мөнгө хэрэгтэй байсан учир банк руу очиж мөнгө солиулах хэрэгтэй болов. Тэгээд дулаан газар юм чинь гээд дан цамцтай гарсан болохоор бага зэрэг даарсан шүү. Маргааш нь анх удаа сургууль руугаа явлаа, бас л хувцсаа арай л нимгэдүүлсэн байна. Мэлбурн тийм ч дулаан хот биш гэж хүмүүс хэллээ тэр тусмаа өвөл (6-р сараас өвөл эхэлнэ) болох гэж байхад зузаан хувцас өмсөх хэрэгтэйг зөвлөв. Цаг агаарын хувьд өвөлдөө ойролцоогоор 12-14 орчим хэмтэй байдаг.

Оршин суугчид
Энд гудамжинд нь Америкууд шиг инээмсэглээд (худлаа ч гэсэн) зөрөх хүн маш ховор. Миний бодлоор Мэлбурны хүмүүс (гэхдээ бүгд биш шүү) их хүйтэн, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй хүмүүс юм уу л гэж мэдрэгдсэн. Бас манай хотод Азиуд маш их тэр дундаа Хятад, Ветьнам. Харин хар арьстан нээх их биш, бараг байхгүйтэй адил. Мэлбурны Засаг дарга нь Хятад хүн байдаг болоод ч тэр үү Хятадууд энд дээгүүр албан тушаал эрхлэх нь бий. Америкт хүмүүс нь Мексикүүдэд дургүй байдаг шиг энд Энэтхэгүүдэд дургүй байдаг юм байна лээ. Яагаад гэвэл бүдүүлэг, амиа бодсон, муу санаатай хүмүүс гэж хэд хэдэн хүн хэлсэн нь үнэний ортой. Би мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг болохоор манай курсын бараг 60, 70 хувь нь Энэтхэгүүд. Бас нэг юм дурдахад амьтаны эрхийг маш ихээр дээдэлнэ. Хүмүүс нь тэжээвэр амьтадыг хүнээс илүүтэй үзэх нь бий. Тэр явдал нь надад их сонин санагддаг. Ер нь хүүхдэд тийм ч дуртай хүмүүс биш бололтой. Бас Америкуудад битүүхэндээ дургүй хүмүүс. Хэрвээ Америк аялгаар яривал зарим хүмүүс чи яагаад Америк аялгаар яриад байгаа юм гэж байх жишээтэй. Мөн зурагтынх нь зарим нэвтрүүлгээр Америкийг муулах, шүүмжлэх зүйлүүд гарна. Гэсэн хэдий ч улс төрийнхөө түвшинд Америкаас хамааралтай юм шиг санагддаг.

Аж амьдрал
Австрали орон нийгмийн халамж маш сайн. Хүүхдийг насанд хүрэнгүүд залуу хүний хэрэгцээний мөнгө (youth allowance) гэж өгнө, тэр нь 2 долоо хоногт 180 доллар. Ганц бие хүүхэдтэй эмэгтэй хүмүүст 2 долоо хоногт 900 доллар гээд өөрсдийнхөө иргэдэд харамгүй мөнгө өгдөг. Саяхан гаргасан судалгаагаар Австрали улс амьдрахад хамгийн таатай улсуудын 3-т жагссан байна лээ (1-рт Норвеги орсон байсан). Тэр нь 3 үндсэн зүйлээр шалгаруулсан. Үүнд: боловсролын систем, нийгмийн хамгаалал, орлого.

Байр
Мэлбурнд байр түрээслэхэд хугацаа их зарцуулагдана. Хамгийн түрүүнд байраа интернэтээр хайна. (www.domain.com.au, www.realestate.com.au, realestateview.com.au) Тэгээд тухайн байр ямар үл хөдлөх хөрөнгийн агентлагт харъяалагдаж байна тэнд нь очиж 50 долларын барьцаа үлдээгээд түлхүүрийг авч байраа очиж үзнэ. Заримдаа түлхүүрийг нь өгөхгүйгээр байр үзэх хуваарь гаргана зөвхөн тэр хуваарийн дагуу л очиж үзэх ёстой. Ингээд байр таалагдсан бол өргөдлийн маягт бөглөж өгнө. Голцуу тухайн байран дээр хэд хэдэн хүн өргөдлийн маягт бичиж өгсөн байдаг юм байна лээ. Тэр маягттайгаа санхүүгийн чадавхиа батлах баримт бичгээ өгнө (агентлагийн хүмүүс нь хувилаад авчихдаг юм). Ингээд л утсаа чагнаад сууна даа. Учир нь таны материалыг цааш нь байрны эзэн рүү нь дамжуулж тухайн эзэн нь байрандаа таныг суулгах үгүйгээ шийднэ гэсэн үг. Хугацаа алдахгүйн тулд хэд хэдэн байранд маягт бөглөөд өгөх нь зүйтэй. Байрны хөлсний үнэ өрөөний тоо, байршил, барилгаасаа хамаарч янз бүр. Жишээ нь 1 өрөө байр (studio буюу гал тогоо нь цугтаа байдаг 1 өрөө) долоо хоногт 150-230, манайхаар 2 өрөө (нэг унтлагын өрөөтэй) буюу 1 bedroom нь долоо хоногт 160-310 доллар байдаг. Шинэ барилгууд нь мэдээж үнэтэй, тийм болоод ч байрандаа нийтийн эзэмшлийн бассейн, саун, мах шарах газар, газрын теннисний талбай бий. Бас түүнээс гадна нэгдсэн хамгаалалттай, голцуу үүдэн хэсэгтээ жижүүртэй байна. (мэдээж манайд байдаг орцны жижүүрээс шал өөр шүү)

Тээвэр
Машин авахад үнэ нь харьцангуй өндөр. 1000 орчим доллараар бүр 1980-аад оны машин авна. За тэгээд 1995 орчим оны машин бол 3000-5000 орчим доллар. Мөн машины татвар гэж жилд ойролцоогоор 500-1000 орчим доллар төлнө. Мөн хотын төвдөө машины төлбөртэй зогсоол л голцуу олдоно. Түүнээс гадна замын түгжрэл нилээд ихтэй. Тиймээс онцын шаардлагагүй бол нийтийн унаагаар явах нь цаг, мөнгөнд хэмнэлттэй. Энд 3 төрлийн нийтийн тээврээр үйлчилнэ. Үүнд: автобус, трамвай, метро. Нэг л төрлийн тасалбараар эдгээр бүх тээврийн хэрэгсэлээр зорчиж болно. Гэхдээ хэр хол явах болон тасалбарын үйлчлэх хугацаанаас хамаараад үнэ нь янз бүр. Мэлбурныг нутаг дэвсгэрийн хувьд үндсэн 3-н бүст (zone) хуваана. Хэрвээ 1-р бүст 2 цаг зорчих тасалбарын үнэ 3.20 доллар, өдрийн тасалбар 6.10, долоо хоногийнх нь 26.70, харин сарынх нь 98 гаруй доллар байна. Хэрвээ 1-р бүсээс 2-р бүс рүү явах гэж байгаа бол үнэ нь 80 орчим хувь нэмэгдэнэ. Мөн 3-р бүс рүү бол бүр л үнэтэй болно гэсэг үг. Харин бүтэн сайн 2.50 доллараар тасалбар аваад тэр өдөртөө аль ч бүс рүү явж болно. Түүнээс гадна хотын төв хэсэгт зорчих city saver хэмээх тасалбар байна. Жуулчлалаар явж байгаа хүмүүс энэ тасалбарыг аваад хотын төв хавьцаа илүү хямдхан явах боломжтой. Мөн тодорхой маршрутаар жуулчидад зориулсан трамвай болон автобус үнэгүй явдаг.

Хүүхдийн цэцэрлэг
5 хүртэлх насны хүүхэд цэцэрлэгт явна. Хэрвээ 5 хүрсэн бол сургуульд явж болно. Хүүхэддээ цэцэрлэг олоход нилээд бэрхшээлтэй. Эртнээс л орон тоо захиж байхгүй бол 2, 3 сар хүлээдэг юм байна лээ. Миний хувьд хувийн бас жоохон үнэтэйвтэр цэцэрлэг олсон болохоор нээх их хугацаа шаардаагүй, ойролцоогоор 3 долоо хоног хайгаад л олчихсон. Цэцэрлэг нь долоо хоногт 230-330 доллар байна. Мөн долоо хоногийн 2 эсвэл 3 өдөр ч өгч болно. Энэ тохиолдолд өдрөөр төлбөрөө авахаар арай үнэтэй болно. Манай хүүхдийн цэцэрлэг долоо хоногт 313 доллар (ажлын 5 өдөр явна гээд хамгийн хямдаар нь тооцоход). Миний хувьд эндэхийн Засгийн газрын тэтгэлэгээр сурдаг учир давуу талууд бий. Эдгээр давуу талуудын нэг нь хүүхдийн цэцэрлэгээс тодорхой хэмжээний хөнгөлөлт авч болно. Түүнийгээ хөөцөлдөөд эхний 2 долоо хоног бүтэн төлбөрийг нь төлсөн. Энэ хөнгөлөлт нь визний ангилал, татвар төлөгчийн дугаартай зэрэгээс хамаараад янз бүр. Цэцэрлэгийн хөнгөлөлтийн эхний материал бүрдүүлж өгөх үед надад болон эхнэрт маань татвар төлөгчийн дугаар байхгүй байсан учир хөнгөлөлт нь долоо хоногт ердөө 12.50 доллар болж байв. Ингээд долоо хоногт 300.50 доллар төлж байлаа. Харин саяхан би өөрийн татвар төлөгчийн дугаараа авсанаар дахин мэдэгдэж хөнгөлөлт маань долоо хоногт 100 орчим доллар болж байна лээ. Одоо долоо хоногт 200 гаруй доллар төлөх байх гэж тооцоолсон. Бусад эх үүсвэрээр (тухайн улсынхаа тэтгэлэг, хувийн гэх мэт) сургалтынхаа зардлыг төлж байгаа оюутнуудад энэ хөнгөлөлт хамаардаггүй юм байна.

Утас, интернэт
Наашаа ирэх гэж байгаа хүмүүс GSM системийнхээ гар утасыг авчрахыг зөвлөж байна. Энд утас нилээд үнэтэй. Гар утасны хэд хэдэн оператар бий. Тэр дундаас Монголчууд маань Optus, Telstra-г илүүтэй хэрэглэнэ. Telstra-ийн хувьд Монгол руу мессеж бичиж болдог давуу талтай боловч үнийн хувьд нилээд өндөр. Optus-ийн хувьд үнэ ара хямд бас хэд хэдэн төрлийн багцийн үйлчилгээ санал болгоно. Ер нь сард ойролцоогоор 20-50 доллар гар утасныхаа төлбөрт төлнө. Интернэт холбуулахад хэрэглээнээсээ хамаарч ямар компанийг сонгохоо шийднэ. Хэрвээ төдийлөн их хэрэглэхгүй мөн гэртээ утас шаардлагагүй гэж үзвэл утасгүй интернэт сонгож болно. Энэ нь сарын 300 МБ хэрэглээний хувьд 50 орчим доллар байна. Бусад интернэт холболтын хувьд гэртээ заавал утастай байх шаардлагатай байдаг болохоор утасны суурь хураамж нилээд өндөр. Сарын 20-30 орчим доллар болно. Түүн дээр мөн интернэтийнхээ төлбөрийн төлнө. Интернэтийн төлбөр нь хурд, хэрэглээнээс хамаарч янз бүр. Жишээ нь: би 512 kbps хурдтай хэрэглээний хязгааргүй интернэт холболтыг Dodo компаниас сарын 79 доллараар авч байгаа (үүнд утасны суурь хураамж багтсан болно). Optus 20 mbps хүртэлх хурдтай интернэт санал болгодог нь хамгийн хурдан нь. Үнийн хувьд мөн л миний хэрэглэж байгаатай ойролцоо боловч хэрэглээний хувьд сарын 4 ГБ хэрэглэх хязгаартай мөн анх суурилуулахад шилэн кабелийн холболт хийх тул цаг их зарцуулна. Гэхдээ ямар ч компанийн интернэтийг холбуулсан дор хаяж 2-3 долоо хоног зарим нь сарын дараа суурилуулж өгнө.
Нэгэн удаа хөлслөх байр хайж яваад саяхан баригдсан гэх хотын төвд байдаг гүүрээр (Yarra голын дээгүүр барьсан South Bank болон хотын төвийг холбодог гүүр) явж байгаад сонин зүйл харлаа. Гүүрний нэг талаар нь дэлхийн улс орнуудын тухай мэдээллийг (газар нутаг, хүн ам, хэл соёл гэх мэт) тус бүрт самбар үүсгэн Англи цагаан толгойн дарааллар байрлуулсан байлаа. Мэдээж Монголынхоо талаарх мэдээллийг тэр дундаас харах гээд л алхаагаа түргэсгэлээ. Гэтэл эх орны маань самбар байдаггүй. Монако гэснээ шууд Моррока гээд дунд байх ёстой улсын маань самбар байхгүйг хэд хэдэн удаа лавлаж хайсны эцэст мэдлээ. Сэтгэл нэг л сонин хэндээ ч юу ч хэлэх билээ дээ. Дараа нь тэнд байдаг хэдэн Монголчууддаа бас тэр талаар хэлсэн боловч тухайн үедээ харамсаад л өнгөрсөн. Бүгд л чухам юу хийхээ мэдэхгүй байлаа. Эрхэм уншигч та ямар арга хэмжээ авч болох талаар мэдэж байвал зөвлөөрэй. Миний бодлоор манай улсыг төлөөлөн суудаг өргөмжит консуль Сиднейд байдаг түүнд энэ талаар ямар ч гэсэн мэдэгдэх хэрэгтэй болов уу, түүнээс гадна Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтан руу имэйл бичье гэж бодох юм. Одоохондоо зав тааруу, хичээл дуусаад зав гарахаараа энэ талаар хөөцөлдөнө. Тэгээд юу болсон талаар нь эргэж мэдэгдэнээ. Дээр өгүүлсэн гар утасны операторуудаас гадна Vodafone, Primus, Virgin Mobile, Pynk, Think Mobile зэрэг компаниуд бий. Та өөрөө ямар компаниа сонгохоо шийднэ бизээ. Интернэт холболтын хувьд Optus, Telstra, Dodo, Primus, ISP, Unwired гэх зэрэг маш олон компаниудаас сонголт хийж болно. Утас болон интернэтийн хувьд гэрээ хийхдээ гэрээнийхээ хугацааг анхаарах нь маш чухал. Үүнээс хамаарч бас үнэ нь хэлбэлзэнэ.

За үүгээр түр завсарлъя.

Амжилт хүсье

Wednesday, November 15, 2006

Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүдтэй хэрхэн харьцах вэ?

Би ер нь жоохноосоо Эдийн засгийн ухаанд их сонирхолтой байсан хэрнээ гэнэт л нэг өдөр Программ хангамжийн мэргэжлээр сурахаар сэтгэл шулуудаж байж билээ. Тэгээд суруулиа төгссөний дараа 2002 онд СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын бакалаврын сургалтад (ажилтай болохоор Бямба гаригийн ангид нь сурсан) хамрагдаж өөрийн сурья мэдье гэсэн юмаа нилээд мэдэж авсан бас ч үндсэн мэргэжил болох Мэдээллийн технологийн салбартайгаа (яг бол Программ хангамж л даа) холбогдуулж интернэтээс юм уншиж сайн дураараа бие даалтууд хийж багш нартаа өгдөг байж билээ. 2004 онд Хүний нөөцийн удирдлага гэж хичээл ордог юм байна. Ер нь миний бодлоор Мэдээллийн технологийн салбарт маань Бизнесийн удирдлага бага зэрэг дутагддаг тэр тусмаа манай орны хувьд ихэнхи МТ(Мэдээллийн Технологи)-ийн компаниудын захиралууд МТ-ийн мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс компаниа удирдахдаа технологийн тал руу нь илүү анхаарал хандуулаад нөгөө удирдлагынхаа тал руу бага анхаарал хандуулдаг юм шиг санагддаг юм.

Ингээд нэгэн сайн дурын бие даалтынхаа нэг хэсгээс нь энд толилуулъя.

********************************************************************************************


Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн ярьдаг хэл, ажлын орчин, бодол санаа нь бусад мэргэжлийн хүмүүсийг бодвол ялгаатай байдаг. Учир нь тэд өдөр бүр “компьютертай ярилцдаг” ба төдийлөн хэл ярианы хөгжил сайн биш байдаг байна. Мэргэжлийн бус удирдагч эдгээр хүмүүстэй хэрхэн ажиллавал амжилтанд хүрэх талаар 17-н зүйлийг дурдъяа. Эдгээр зүйлс нь инженерүүдийнхээ бодол санааг нь ойлгох, тэдэнтэй хэрхэн харилцах, яаж удирдах талаар төсөөллийг нь өгөх болно.

1. Төсөл эхлэхээс өмнө тэдэнтэй маш сайн ойлголцох хэрэгтэй. Юуны түрүүнд хийх гэж байгаа зүйлийнхээ талаар нэг бүрчлэн хэлж өгөх хэрэгтэй. Тэд тэнэг хүмүүс биш учир таныг төвөггүйхэн ойлгох болно. Хэрвээ хэлж өгөхгүй бол төсөл дундаасаа дампуурах боломжтой юм.
2. Тулгарч байгаа асуудлуудаа ний нуугүй хэл. Тэд эхээс төрөхдөө л хамгийн сайн асуудлыг шийдвэрлэгчид байдаг.
3. Ямар нэг ажил хийхэд дор хаяж 2 асуудал гарч ирдэг. Та хэрэглэгчийн зүгээс бэрхшээлийг хардаг бол тэд техникийн зүгээс бэрхшээлийг хардаг. Тэдэнд шууд тулгаж болохгүй.
4. Нээлттэй бай. Өөрт тулгарч байгаа бүх асуудлуудаа дэлгэрэнгүй бич.
5. Үнэхээр өөрийн мэдлэг хүрэхгүй, огт мэддэггүй зүйл байвал шууд хэлж бай. Тэнэг гэж дуудуулахаасаа бүү ай. Тэднийг зөвлөлгөөг нь сайн сонсож, тэмдэглэж ав. Дараа нь сайн судлах хэрэгтэй. Ингэж байж дараа нь таныг тэд тэнэг гэж дуудахгүй.
6. Шийдвэрлэгч шиг бай. Тэдний хийх ёстой зүйлүүдийг нь сайн ойлгуулах хэрэгтэй, эцсийн шийдвэрийг би гаргадаг гэдгийг мэдрүүл.
7. Ажлыг нэг бүрчлэн цаг хугацаанд шалгаж бай. Тэд сул суух тусам таны халааснаас сул мөнгө авах болно.
8. Зорилтуудаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэднийг идэвхижүүлж чадна.
9. Программ боловсруулахдаа цаашид хөгжүүлнэ гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Учир нь программыг хийж дуусгана гэсэн ойлголт байдаггүй харин хөгжүүлнэ гэсэн ойлголт байдаг юм. Тийм болохоор таны хийж байгаа энэ ажил бол цаашид хөгжигдөх боломжтой байх ёстой.
10. Тэдний хэлийг сур. Тэд өөр хоорондоо харицахдаа компьютер ашиглаж сүлжээгээр харилцдаг тул маш олон үгүүдийг товчилсон байдаг. Эдгээр нь сэтгэлийн хөдлөл, бодол санааг нь илэрхийлж байдаг тул ядаж тэдгээрийг нь ойлгодог байх хэрэгтэй.
11. Тэдний хийж байгаа ажлыг нь сонирхо. Ялангуяа программ хангамжийн инженерүүд өөрсдийн хийж байгаа зүйлийг нь сонирхож, түүнээс тодорхой зүйлүүд асуувал маш дуртай байдгаас гадна цаашид тантай ярилцахдаа төвөгшөөхгүй байх болно.
12. Тэдний ажлын талаарх бүх санааг нь мэдэж ав. Тэд энэ ажлыг хэрхэн хийх талаар өөрсдийн төлөвлөгөө, ерөнхий санааг дотроо боловсруулчихсан байдаг. Тэдгээр олон сайхан санаануудыг нь олж аваад нэгтгэж, хэлэлцүүлбэл хийх ажил илүү тодорхой болж ирдэг.
13. Чухал зүйл сонссоныхоо дараа баярлалаа гэж заавал хэлж бай. Учир нь тэд компьютероос энэ үгийг байнга сонсдог боловч хүн тэгэж хэлэхэд хүүхэд шиг сэтгэл нь хөдөлдөг.
14. Инээмсэглэж толгой дохиж бай. Тэднийг ярьж байхад нь саад болвол дараагийн чухал үгээ хэлдэггүй. Буруу ч зүйл ярьж байсан инээмсэглэн сонсож байгаад дууссаных нь дараа залруулга хий.
15. Тэднийг техникийн бүх бололцоогоор нь ханга. Өөрсдөө бие даан суралцах арга барилыг сайн эзэшсэн байдаг тул давтан сургалтанд төдийлөн их мөнгө зарцуулахгүй.
16. Ажиглалт хий. Тэдний хийж байгаа ажлыг сүүлийн үед нууцаар тандах болсон. Хэзээ нэгэн цагт ажлаа дараагийн хүнд хүлээлгэж өгөхдөө хийж байсан зүйлүүдээ нэг бүрчлэн тайлбарлаж өгөхөд маш их цаг зарцуулдагаас нарийн тайлбарлахгүйгээр ерөнхий санааг хэлж өгдөг. Ингэснээр дараагийн мэргэжилтэн түүний хийж байсан зүйлийг ойлгохын тулд маш их цаг зарцуулна.
17. Тайлбар хийж бай. Ялангуяа программ хангамж боловсруулахдаа функц бүрийн хойно нь тайлбар хийлгэж байх ёстой. Энэ нь ямар үйлдэл гүйцэтгэж байгаа, ямар функцтэй холбогдож байгаа болон программын аль хэсэгт багтаж байгаа гэх мэт.

Дээр дурдсан зүйлүүдийг дагаж мөрдвөл тэдэнтэй илүү найрсаг харилцааг бий болгож тэдний хийх ёстой зүйлүүдийг нь хийлгээд байх боломжтой болно. Ялангуяа өндөр мэдлэг, чадвартай нарийн мэргэшсэн мэргэжилтэнүүд биеээ хэт их тоосон байдгаас тэд дуртай үедээ компаниа орхин явдаг. Учир нь дараагийн ажилд орох байгууллага хаалгаа томоор дэлгэн түүнийг хүлээж байдаг. Ингэснээр та дараагийн сайн мэргэжилтэнг олж авахын тулд хэдий хэр хугацаа зарцуулах, ажил чинь ямар хугацаагаар хойшлигдохыг хэлж мэдэхгүй.

********************************************************************************************

Мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж байгаа нийт төслийн 80% гаруй нь дампуурдаг. Тийм ч учраас Төслийн удирдлага гээд ярихаар муу жишээнд л ихэнхидээ МТ-ийн төсөл орсон байдаг. МТ-ийн мэргэжилтнүүдийн хувьд нэгэн бичэгдээгүй хууль байдаг. Энэ нь хэн мэдлэгтэй, чадвартай, боловсролтойгоо бусад нь дагах ёстой. Тэр хүнийг зөв залуурдаж чадвал аливаа төсөл болон ажил амжилттай болдог гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл тэр хүн манлайлагч нь. Зарим салбарын хувьд манлайлагч гэхээр мөнгөтэй нь эсвэл хөдөлтгөөнтэй сэргэлэн нэгэн байдаг, тэрнийгээ бусад нь дагадаг.

Амжилт хүсье

Ubiquitous computing (хаа ч орших компьютерийн хэрэглээ)

Сүүлийн үеийн зарим нэг технологийн чиг хандлага ийшээ чиглээд байгаа нь Google, Zoho мэтийн томоохон компаниудын хэрэгжүүлж байгаа төслүүдээс харж болно.

Анх 2004 онд өрөөний анд Боролдой маань Ubiquitous computing-ийн талаар Японы нэгэн их сургуулийн вэб хуудаснаас мэдэж аваад надад бага зэрэг мэдээлэл өглөө. Тэгээд намайг ч энэ талаар судлаад үзвэл зүгээр юм биш үү гэдэг юм байна. Ингээд л тэр дор нь л яг юу болох талаар нь судалж эхэллээ. Зарим онгод орсон үедээ ямар нэгэн ажил руу шууд ханциу шамлаад ордог зантай. Энэ голцуу тухайн өдрийн сэтгэл санааны байдал, тухайн хийх байгаа зүйл гэх мэтийн хүчин зүйлээс хамаарна. Харамсалтай нь ихэнхи ажилд ингэж хандаггүй нь миний том дутагдал. Тэгээд хэсэг хугацаанд судалж тодорхой хэмжээгээр юм сурч авлаа. Тэгсэн 2005 онд АНУ-д байж байтал гэнэт ер нь судалж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах санаа орж ирсэн юм. Бодвол Америк орон их нээлттэй, хүмүүс нь санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ер нь их багийн тоглолттой (манайхан бол цэвэр хувийн тоглолттой) байдаг нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Тэгээд Монголд ирэнгүүтээ судалсан зүйлүүдээсээ заримыг нь ч болов нийтэд хүртээл болгох зорилгоор Ubiquitous computing-ийн талаар Мэдээллийн Технологийн Билиг сэтгүүлд нийтлүүлж байж билээ. Энэхүү нийтлэл маань ямар нэгэн засваргүйгээр гарсаныг доор бүрэн эхээр нь толилуулж байна. Аль эртний нийтлэл учраас буруу зүрүү зүйл байвал залруулна бизээ.

*************************************************************************************

Ubiquitous computing

Хаана ч оршиж байх компьютерийн хэрэглээ /ubiquitous computing/ хэмээх нэр томьёог товчхоноор олон компьютерийн хэрэглээ гэж цаашид бичье.

Компьютерийн хэрэглээний 3-р эрин хэмээн нэрлэгдэх олон компьютерийн хэрэглээ нь дөнгөж эхлэж байна. Анхны компьютерийн хэрэглээний эрин нь хүчирхэг компьютерийг хувааж хэрэглэх компьютерийн хэрэглээ байсан юм. Энэ нь хүчин чадал өндөртэй нэг компьютерийг олон тооны хүмүүс терминал /дэлгэц, компьютерийн гар, хулганаас бүрддэг өгөгдөл оруулах, авах зориулалттай өөрөө өгөгдөл боловсруулах чадваргүй хэсэг/-уудаар дамжуулан тухайн компьютерийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг систем. Зураг №1-д жишээ зургыг үзүүлэв. Энэ хэрэглээ нь тухайн компьютерийг зөөвөрлөхөд бэрхшээлтэй учраас өөрийн ажлаа тухайн компьютертэй холбогдсон терминал байрлаж байгаа газар л хийх боломжтой болж байгаа юм. Учир нь зөвхөн өөрийн терминал нь дангаараа /төв компьютергүйгээр/ тооцоолбор хийж чаддаггүй.


Зураг №1


2 дахь компьютерийн хэрэглээний эрин нь одоогийн бидний хэрэглэж байгаа персональ компьютерийн хэрэглээний эрин юм. Энэ нь 1 хүн нэг компьютер ашиглах зарчимтай бөгөөд хүн, компьютер 2 хоорондоо ширээн дээрх компьютероороо дамжуулан харилцаж байдаг. Зураг №2-д жишээ зургыг үзүүлэв. Та өөрийн файлууд, программтайгаа ажиллахдаа өөрийн компьютероо цаг үргэлж зөөж явдаг байна. Та өөрийнхөө хэрэгцээнд тохируулан суулгасан программаа интернэт сүлжээ ашиглан өөр газраас ашиглах боломжгүй болж байгаа юм. Учир нь таныхаас өөр компьютерыг ашиглах үед тухайн компьютерийн үйлдлийн систем, суулгасан программууд, тохируулгууд зэрэг нь тэр болгон өөрийн тань компьютертэй тохирдоггүй. Мөн түүнчлэн копьютерийн бүх хэрэглэгчид өөрсдийн ашигладаг программуудаа суулгах, тохируулах үйлдлүүдийг төгс эзэмшсэн байдаггүй учраас бусад компьютерийг өөрийнхөөрөө тохируулж чаддаггүй байна. Иймээс өөрийнхөө зөөврийн компьютерийг энд тэнд явахдаа биедээ авч явах зайлшгүй шаардлага гардаг.

Зураг №2


Компьютерийн хэрэглээний 3 дахь эрин болох олон компьютерийн хэрэглээ нь хүн төрөлхтөнд хэрэглээг улам ойртуулж байгаа технологи юм. Энэ компьютерийн хэрэглээ нь персональ компьютерийн хэрэглээг 2005-2020 онуудад халж гарч ирэх болно гэж таамаглаж байна. Энэхүү эринд бидний ашиглах компьютерийн тоо маш ихээр нэмэгдэх төдийгүй одоогийн персональ компьютероос гадна бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байдаг гар утас, суудлын машин, зурагт, радио зэрэг бүх төхөөрөмжүүд нь мөн компьютерийн үүргийг гүйцэтгэх болно. /Зураг №3/ Эдгээр компьютеруудын ихэнхийг ашиглан интернэтээр хэдэн минутын турш аялж болох юм. Интернэт протоколын дараагийн үе болох IPv6 нь дэлхий дээрх бидэнд хэрэгтэй бүх зүйлд зориулан одоогийнхоос хэдэн мянга дахин илүү төхөөрөмжүүдийг хаяглах чадвартай байна. Олон компьютерийн хэрэглээ нь бидний амьдралд орж ирэхэд өөр хоорондоо уялдаагүй 2 өөр зүйл хаа сайгүй байх ёстой болоод байгаа юм. Нэг дэх нь бичиг, бид хаа ч явсан бичиг үйлдэж байдаг юм. Нөгөөх нь тог /цахилгаан/ ба энэ нь харагдахгүй боловч машин, гэр, ажлын байрны маань хананд байж л байдаг зүйл юм. Энэ 2 нь хаана ч явсан байж л байдаг ба эдгээрийн бидний амьдралд хичнээн чухал болохыг нь байнга мартдаг билээ.
“Энэхүү компьютерийн хэрэглээг 2010 он гэхэд өргөн хэмжээгээр хэрэглэж эхэлнэ” гэж IBM-ийн хэрэглээний шинжлэх ухаан, туршлагын багийн захирал Дан Рассел үзэж байгаа юм. Энч чиглэлийн судлаачид одоогоор байрлалаас хамаарахгүй, утасгүй маш ухаалаг төхөөрөмжүүдийг бүтээхийг хүлээж байна. Мөн үүнийг дэлхийн томоохон судалгааны төвүүд сонирхон эрчимтэй судалж ирсэн билээ. Тухайлбал: XEROX-ийн PARC /Palo Alto Research Center /, Массачусэтсийн Технологийн Институтын “Oxygen” төсөл, Карнеги Миллоны Их Сургуулийн Компьютер, хүн төрөлхтөний харилцааны институт, IBM-ийн Planet Blue төсөл гэх мэт.

Зураг №3




Ж.Тамир
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Мэдээллийн технологийн шинжээч
2005 оны 4-р сар

********************************************************************************************

Уг нь электрон Засгийн газрын талаар бас нэг сэтгүүлд нийтлүүлсэн зүйлээ блог дээрээ тавъя гэсэн боловч аль дээр үеийн 2002 онд КтМС-д Мастер хамгаалж байхдаа хийж байсан учир нилээд хуучирсан байна. Ичээд блог дээрээ байрлуулахаа болилоо. Харин өөр тавьчихмаар зүйлүүд бий шүү

Яагаад блог гэж?

Блог үүсгэхийн ач тус, үр дүнг энд бага ч гэсэн бичихээр шийдлээ.

- Өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах. Ингэснээрээ мэдлэгээ баталгаажуулж авахаас гадна орхигдсон зүйл байвал бусдаас мэдэж авч болно
- Дурсамж үлдээх. Блог нь заримдаа тухайн хүний өдрийн тэмдэглэл болдог.
- Өөрийгөө бусдад таниулах. Манайхны сүүлийн үед их ярих болсон PR хийх буюу өөрийгөө сурталчлах бас нэг боломж
- Туршлагаасаа хуваалцах. Үүгээрээ дамжуулан бусдын туршлагыг мөн судлах боломжтой. Бусдын алдаан дээр суралцах ёстой биз дээ
- Бичих болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар сайжирна
гэх мэт ашиг тус бол зөндөө байгаа. Эцэст нь блог ашиглах нь интернэт хэрэглэж байгаа соёл юм даа.

Monday, November 13, 2006

Миний анхны блог - Австралид ирсэн нь

Таньд энэ өдрийн мэнд хүргье.

Хэдэн сарын өмнө нэг блог үүсгэчихээд (үнэндээ тэр блогныхоо нэр, нууц үгийг нь мартаад сая www.blogger.com дээр шинэ хувилбараар нь энэ блогоо нээсэн юм) өдийг хүртэл огт юм нийтэлсэнгүй. Би одоогоор Австрали улсын Мэлбурн хотноо Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа Магистрант оюутан. Энд ирээд хагас жил боллоо.

Энэхүү блогдоо суралцаж байгаа чиглэлээрээ шинэ содон сонсож, мэдсэн зүйлсээ бичиж байхаас гадна Австрали орны талаар мөн дээр нэмээд амьдралын талаарх өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.

Блог гэж зүйлийг урьд өмнө нь төдийлөн сайн мэддэггүй байж. Энд ирээд л энэ талаар маш сайн ойлгосон, бас бусад хүмүүсийн блогуудыг хааяаа зав зайгаар уншдаг болсон. Энэ семестерт 3 хичээл сонгодог юм байна. Тэр дунд "Интернэт Технологиуд" гэсэн хичээл их л сонирхолыг минь татаж байлаа. Учир энэ хичээл нь анхныхаа семестерт заагдаж байгаа шинэ хичээл юм байна. Хичээлийн агуулга гээд бүх л юм нь шинээр боловсруулагдсан учир сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон техникүүдийг аль болох өргөн хүрээнд оруулж бас зарим нэгийг нь нилээд гүнзгийрүүлж үздэг. Тэгээд энэ хичээлийн анхны лаборатори дээр нь өөрсдийн блогыг нээ гээд хэд хэдэн даалгавар өгдөг юм байна. Тэгээд л энэхүү блог маань нээгдсэн дээ.

Миний хувьд аль 2001 оноос эхлэн Австралид сурах юмсан гэсэн сонирхол төрж эхэлсэн. Тэр үед хамтарч ажиллаж байсан Энхжаргал ах (Мидасын гүйцэтгэх захирал)-тай ярилцаж суутал мань энэ Мастераа Австралид хийсэн талаараа ярилаа. Надад тун сонирхолтой байсан яагаад гэвэл гадагшаа явж сурах сонирхолдоо нэгэнт хөтлөгдчихсөн байсан болохоор ямар нэг оронд очиж суралцана гэхдээ аль нь дээр вэ гэдэг дээр шийдвэр гаргаж чадахгүй байсан гэх үү дээ. Тэгээд Энхжаргал ахаас нилээд мэдээлэл авлаа тэр дунд Австрали Засгийн газрын тэтгэлэг өгдөг гэсэн хэсэг нь их содон санагдаж хэрхэн энэ тэтгэлгийг нь авах талаар судалж эхэллээ гэтэл тэр үед тэр тэтгэлэг нь манай орны хувьд түр зогсчихоод байгаа гэж сонсоод нэг хэсэг энэ бодлоо орхисон. Мэдээж хувийн зардлаар явах хангалттай мөнгө байсангүй. Мөн түүнээс гадна одоогийн СЭЗЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Хүрэлбаатар ах тэр үед Ерөнхий сайдын зөвлөх хийж байлаа. Хааяаа ажлын шаардлагаар өрөөгөөр нь орно тэр үедээ бас мань эрийг Австралид сургуульд төгссөн гэж мэдээд тэр талаар нилээд яриа өрнүүлдэг байлаа. Тэгээд мөн л явах хүсэлтэй илэрхийлж нилээд зөвлөгөө авлаа. Дараа нь Хүрлээ даргатай хааяаа тааралдахад хэзээ Австрали явах гэж байна гэж асуудаг боллоо :).

Тэгэж байтал Жижиг, дунд үйл ажиллагааг дэмжих, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр (CabSAF)-ийн хүрээнд Төрийн албан хаагчдад (мэдээж тодорхой шаардлага хангасан) Австралийн Засгийн газрын тэтгэлэгийг олгоод эхэлчихэж. Ямар ч гэсэн энэ тэтгэлэгийг авах боломжтой өрөөнийхөө андад дуулгаж шалгаруулалтанд нь орохыг санал болголоо. Тэр үед миний хувьд боломжгүй байсан юм. Тэгээд найз маань ч шалгаруулалтандаа тэнцэж (одоо энд Аделайдад сурч буй) түүний дараа жил нь миний бие тэрхүү тэтгэлэгийг авах хувь тохиож мөн хүсэл минь ч биелж улмаар энд суралцаж байгаа билээ.

За ингээд цаашид өөрийн блогоороо дамжуулан мэдлэгээсээ хуваалцаж, өөрийн бодлоо таньтай хуваалцах завшаан тохиож буйд баяртай байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Тамир