Wednesday, November 15, 2006

Ubiquitous computing (хаа ч орших компьютерийн хэрэглээ)

Сүүлийн үеийн зарим нэг технологийн чиг хандлага ийшээ чиглээд байгаа нь Google, Zoho мэтийн томоохон компаниудын хэрэгжүүлж байгаа төслүүдээс харж болно.

Анх 2004 онд өрөөний анд Боролдой маань Ubiquitous computing-ийн талаар Японы нэгэн их сургуулийн вэб хуудаснаас мэдэж аваад надад бага зэрэг мэдээлэл өглөө. Тэгээд намайг ч энэ талаар судлаад үзвэл зүгээр юм биш үү гэдэг юм байна. Ингээд л тэр дор нь л яг юу болох талаар нь судалж эхэллээ. Зарим онгод орсон үедээ ямар нэгэн ажил руу шууд ханциу шамлаад ордог зантай. Энэ голцуу тухайн өдрийн сэтгэл санааны байдал, тухайн хийх байгаа зүйл гэх мэтийн хүчин зүйлээс хамаарна. Харамсалтай нь ихэнхи ажилд ингэж хандаггүй нь миний том дутагдал. Тэгээд хэсэг хугацаанд судалж тодорхой хэмжээгээр юм сурч авлаа. Тэгсэн 2005 онд АНУ-д байж байтал гэнэт ер нь судалж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах санаа орж ирсэн юм. Бодвол Америк орон их нээлттэй, хүмүүс нь санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ер нь их багийн тоглолттой (манайхан бол цэвэр хувийн тоглолттой) байдаг нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Тэгээд Монголд ирэнгүүтээ судалсан зүйлүүдээсээ заримыг нь ч болов нийтэд хүртээл болгох зорилгоор Ubiquitous computing-ийн талаар Мэдээллийн Технологийн Билиг сэтгүүлд нийтлүүлж байж билээ. Энэхүү нийтлэл маань ямар нэгэн засваргүйгээр гарсаныг доор бүрэн эхээр нь толилуулж байна. Аль эртний нийтлэл учраас буруу зүрүү зүйл байвал залруулна бизээ.

*************************************************************************************

Ubiquitous computing

Хаана ч оршиж байх компьютерийн хэрэглээ /ubiquitous computing/ хэмээх нэр томьёог товчхоноор олон компьютерийн хэрэглээ гэж цаашид бичье.

Компьютерийн хэрэглээний 3-р эрин хэмээн нэрлэгдэх олон компьютерийн хэрэглээ нь дөнгөж эхлэж байна. Анхны компьютерийн хэрэглээний эрин нь хүчирхэг компьютерийг хувааж хэрэглэх компьютерийн хэрэглээ байсан юм. Энэ нь хүчин чадал өндөртэй нэг компьютерийг олон тооны хүмүүс терминал /дэлгэц, компьютерийн гар, хулганаас бүрддэг өгөгдөл оруулах, авах зориулалттай өөрөө өгөгдөл боловсруулах чадваргүй хэсэг/-уудаар дамжуулан тухайн компьютерийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг систем. Зураг №1-д жишээ зургыг үзүүлэв. Энэ хэрэглээ нь тухайн компьютерийг зөөвөрлөхөд бэрхшээлтэй учраас өөрийн ажлаа тухайн компьютертэй холбогдсон терминал байрлаж байгаа газар л хийх боломжтой болж байгаа юм. Учир нь зөвхөн өөрийн терминал нь дангаараа /төв компьютергүйгээр/ тооцоолбор хийж чаддаггүй.


Зураг №1


2 дахь компьютерийн хэрэглээний эрин нь одоогийн бидний хэрэглэж байгаа персональ компьютерийн хэрэглээний эрин юм. Энэ нь 1 хүн нэг компьютер ашиглах зарчимтай бөгөөд хүн, компьютер 2 хоорондоо ширээн дээрх компьютероороо дамжуулан харилцаж байдаг. Зураг №2-д жишээ зургыг үзүүлэв. Та өөрийн файлууд, программтайгаа ажиллахдаа өөрийн компьютероо цаг үргэлж зөөж явдаг байна. Та өөрийнхөө хэрэгцээнд тохируулан суулгасан программаа интернэт сүлжээ ашиглан өөр газраас ашиглах боломжгүй болж байгаа юм. Учир нь таныхаас өөр компьютерыг ашиглах үед тухайн компьютерийн үйлдлийн систем, суулгасан программууд, тохируулгууд зэрэг нь тэр болгон өөрийн тань компьютертэй тохирдоггүй. Мөн түүнчлэн копьютерийн бүх хэрэглэгчид өөрсдийн ашигладаг программуудаа суулгах, тохируулах үйлдлүүдийг төгс эзэмшсэн байдаггүй учраас бусад компьютерийг өөрийнхөөрөө тохируулж чаддаггүй байна. Иймээс өөрийнхөө зөөврийн компьютерийг энд тэнд явахдаа биедээ авч явах зайлшгүй шаардлага гардаг.

Зураг №2


Компьютерийн хэрэглээний 3 дахь эрин болох олон компьютерийн хэрэглээ нь хүн төрөлхтөнд хэрэглээг улам ойртуулж байгаа технологи юм. Энэ компьютерийн хэрэглээ нь персональ компьютерийн хэрэглээг 2005-2020 онуудад халж гарч ирэх болно гэж таамаглаж байна. Энэхүү эринд бидний ашиглах компьютерийн тоо маш ихээр нэмэгдэх төдийгүй одоогийн персональ компьютероос гадна бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байдаг гар утас, суудлын машин, зурагт, радио зэрэг бүх төхөөрөмжүүд нь мөн компьютерийн үүргийг гүйцэтгэх болно. /Зураг №3/ Эдгээр компьютеруудын ихэнхийг ашиглан интернэтээр хэдэн минутын турш аялж болох юм. Интернэт протоколын дараагийн үе болох IPv6 нь дэлхий дээрх бидэнд хэрэгтэй бүх зүйлд зориулан одоогийнхоос хэдэн мянга дахин илүү төхөөрөмжүүдийг хаяглах чадвартай байна. Олон компьютерийн хэрэглээ нь бидний амьдралд орж ирэхэд өөр хоорондоо уялдаагүй 2 өөр зүйл хаа сайгүй байх ёстой болоод байгаа юм. Нэг дэх нь бичиг, бид хаа ч явсан бичиг үйлдэж байдаг юм. Нөгөөх нь тог /цахилгаан/ ба энэ нь харагдахгүй боловч машин, гэр, ажлын байрны маань хананд байж л байдаг зүйл юм. Энэ 2 нь хаана ч явсан байж л байдаг ба эдгээрийн бидний амьдралд хичнээн чухал болохыг нь байнга мартдаг билээ.
“Энэхүү компьютерийн хэрэглээг 2010 он гэхэд өргөн хэмжээгээр хэрэглэж эхэлнэ” гэж IBM-ийн хэрэглээний шинжлэх ухаан, туршлагын багийн захирал Дан Рассел үзэж байгаа юм. Энч чиглэлийн судлаачид одоогоор байрлалаас хамаарахгүй, утасгүй маш ухаалаг төхөөрөмжүүдийг бүтээхийг хүлээж байна. Мөн үүнийг дэлхийн томоохон судалгааны төвүүд сонирхон эрчимтэй судалж ирсэн билээ. Тухайлбал: XEROX-ийн PARC /Palo Alto Research Center /, Массачусэтсийн Технологийн Институтын “Oxygen” төсөл, Карнеги Миллоны Их Сургуулийн Компьютер, хүн төрөлхтөний харилцааны институт, IBM-ийн Planet Blue төсөл гэх мэт.

Зураг №3




Ж.Тамир
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Мэдээллийн технологийн шинжээч
2005 оны 4-р сар

********************************************************************************************

Уг нь электрон Засгийн газрын талаар бас нэг сэтгүүлд нийтлүүлсэн зүйлээ блог дээрээ тавъя гэсэн боловч аль дээр үеийн 2002 онд КтМС-д Мастер хамгаалж байхдаа хийж байсан учир нилээд хуучирсан байна. Ичээд блог дээрээ байрлуулахаа болилоо. Харин өөр тавьчихмаар зүйлүүд бий шүү

1 comment:

Unknown said...

ubiquitios computing-ийн талаар илүү зүйлийг мэдэх гэсэн юм таньд дахиад мэдээлэл байна уу?