Wednesday, November 15, 2006

Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүдтэй хэрхэн харьцах вэ?

Би ер нь жоохноосоо Эдийн засгийн ухаанд их сонирхолтой байсан хэрнээ гэнэт л нэг өдөр Программ хангамжийн мэргэжлээр сурахаар сэтгэл шулуудаж байж билээ. Тэгээд суруулиа төгссөний дараа 2002 онд СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын бакалаврын сургалтад (ажилтай болохоор Бямба гаригийн ангид нь сурсан) хамрагдаж өөрийн сурья мэдье гэсэн юмаа нилээд мэдэж авсан бас ч үндсэн мэргэжил болох Мэдээллийн технологийн салбартайгаа (яг бол Программ хангамж л даа) холбогдуулж интернэтээс юм уншиж сайн дураараа бие даалтууд хийж багш нартаа өгдөг байж билээ. 2004 онд Хүний нөөцийн удирдлага гэж хичээл ордог юм байна. Ер нь миний бодлоор Мэдээллийн технологийн салбарт маань Бизнесийн удирдлага бага зэрэг дутагддаг тэр тусмаа манай орны хувьд ихэнхи МТ(Мэдээллийн Технологи)-ийн компаниудын захиралууд МТ-ийн мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс компаниа удирдахдаа технологийн тал руу нь илүү анхаарал хандуулаад нөгөө удирдлагынхаа тал руу бага анхаарал хандуулдаг юм шиг санагддаг юм.

Ингээд нэгэн сайн дурын бие даалтынхаа нэг хэсгээс нь энд толилуулъя.

********************************************************************************************


Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн ярьдаг хэл, ажлын орчин, бодол санаа нь бусад мэргэжлийн хүмүүсийг бодвол ялгаатай байдаг. Учир нь тэд өдөр бүр “компьютертай ярилцдаг” ба төдийлөн хэл ярианы хөгжил сайн биш байдаг байна. Мэргэжлийн бус удирдагч эдгээр хүмүүстэй хэрхэн ажиллавал амжилтанд хүрэх талаар 17-н зүйлийг дурдъяа. Эдгээр зүйлс нь инженерүүдийнхээ бодол санааг нь ойлгох, тэдэнтэй хэрхэн харилцах, яаж удирдах талаар төсөөллийг нь өгөх болно.

1. Төсөл эхлэхээс өмнө тэдэнтэй маш сайн ойлголцох хэрэгтэй. Юуны түрүүнд хийх гэж байгаа зүйлийнхээ талаар нэг бүрчлэн хэлж өгөх хэрэгтэй. Тэд тэнэг хүмүүс биш учир таныг төвөггүйхэн ойлгох болно. Хэрвээ хэлж өгөхгүй бол төсөл дундаасаа дампуурах боломжтой юм.
2. Тулгарч байгаа асуудлуудаа ний нуугүй хэл. Тэд эхээс төрөхдөө л хамгийн сайн асуудлыг шийдвэрлэгчид байдаг.
3. Ямар нэг ажил хийхэд дор хаяж 2 асуудал гарч ирдэг. Та хэрэглэгчийн зүгээс бэрхшээлийг хардаг бол тэд техникийн зүгээс бэрхшээлийг хардаг. Тэдэнд шууд тулгаж болохгүй.
4. Нээлттэй бай. Өөрт тулгарч байгаа бүх асуудлуудаа дэлгэрэнгүй бич.
5. Үнэхээр өөрийн мэдлэг хүрэхгүй, огт мэддэггүй зүйл байвал шууд хэлж бай. Тэнэг гэж дуудуулахаасаа бүү ай. Тэднийг зөвлөлгөөг нь сайн сонсож, тэмдэглэж ав. Дараа нь сайн судлах хэрэгтэй. Ингэж байж дараа нь таныг тэд тэнэг гэж дуудахгүй.
6. Шийдвэрлэгч шиг бай. Тэдний хийх ёстой зүйлүүдийг нь сайн ойлгуулах хэрэгтэй, эцсийн шийдвэрийг би гаргадаг гэдгийг мэдрүүл.
7. Ажлыг нэг бүрчлэн цаг хугацаанд шалгаж бай. Тэд сул суух тусам таны халааснаас сул мөнгө авах болно.
8. Зорилтуудаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэднийг идэвхижүүлж чадна.
9. Программ боловсруулахдаа цаашид хөгжүүлнэ гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Учир нь программыг хийж дуусгана гэсэн ойлголт байдаггүй харин хөгжүүлнэ гэсэн ойлголт байдаг юм. Тийм болохоор таны хийж байгаа энэ ажил бол цаашид хөгжигдөх боломжтой байх ёстой.
10. Тэдний хэлийг сур. Тэд өөр хоорондоо харицахдаа компьютер ашиглаж сүлжээгээр харилцдаг тул маш олон үгүүдийг товчилсон байдаг. Эдгээр нь сэтгэлийн хөдлөл, бодол санааг нь илэрхийлж байдаг тул ядаж тэдгээрийг нь ойлгодог байх хэрэгтэй.
11. Тэдний хийж байгаа ажлыг нь сонирхо. Ялангуяа программ хангамжийн инженерүүд өөрсдийн хийж байгаа зүйлийг нь сонирхож, түүнээс тодорхой зүйлүүд асуувал маш дуртай байдгаас гадна цаашид тантай ярилцахдаа төвөгшөөхгүй байх болно.
12. Тэдний ажлын талаарх бүх санааг нь мэдэж ав. Тэд энэ ажлыг хэрхэн хийх талаар өөрсдийн төлөвлөгөө, ерөнхий санааг дотроо боловсруулчихсан байдаг. Тэдгээр олон сайхан санаануудыг нь олж аваад нэгтгэж, хэлэлцүүлбэл хийх ажил илүү тодорхой болж ирдэг.
13. Чухал зүйл сонссоныхоо дараа баярлалаа гэж заавал хэлж бай. Учир нь тэд компьютероос энэ үгийг байнга сонсдог боловч хүн тэгэж хэлэхэд хүүхэд шиг сэтгэл нь хөдөлдөг.
14. Инээмсэглэж толгой дохиж бай. Тэднийг ярьж байхад нь саад болвол дараагийн чухал үгээ хэлдэггүй. Буруу ч зүйл ярьж байсан инээмсэглэн сонсож байгаад дууссаных нь дараа залруулга хий.
15. Тэднийг техникийн бүх бололцоогоор нь ханга. Өөрсдөө бие даан суралцах арга барилыг сайн эзэшсэн байдаг тул давтан сургалтанд төдийлөн их мөнгө зарцуулахгүй.
16. Ажиглалт хий. Тэдний хийж байгаа ажлыг сүүлийн үед нууцаар тандах болсон. Хэзээ нэгэн цагт ажлаа дараагийн хүнд хүлээлгэж өгөхдөө хийж байсан зүйлүүдээ нэг бүрчлэн тайлбарлаж өгөхөд маш их цаг зарцуулдагаас нарийн тайлбарлахгүйгээр ерөнхий санааг хэлж өгдөг. Ингэснээр дараагийн мэргэжилтэн түүний хийж байсан зүйлийг ойлгохын тулд маш их цаг зарцуулна.
17. Тайлбар хийж бай. Ялангуяа программ хангамж боловсруулахдаа функц бүрийн хойно нь тайлбар хийлгэж байх ёстой. Энэ нь ямар үйлдэл гүйцэтгэж байгаа, ямар функцтэй холбогдож байгаа болон программын аль хэсэгт багтаж байгаа гэх мэт.

Дээр дурдсан зүйлүүдийг дагаж мөрдвөл тэдэнтэй илүү найрсаг харилцааг бий болгож тэдний хийх ёстой зүйлүүдийг нь хийлгээд байх боломжтой болно. Ялангуяа өндөр мэдлэг, чадвартай нарийн мэргэшсэн мэргэжилтэнүүд биеээ хэт их тоосон байдгаас тэд дуртай үедээ компаниа орхин явдаг. Учир нь дараагийн ажилд орох байгууллага хаалгаа томоор дэлгэн түүнийг хүлээж байдаг. Ингэснээр та дараагийн сайн мэргэжилтэнг олж авахын тулд хэдий хэр хугацаа зарцуулах, ажил чинь ямар хугацаагаар хойшлигдохыг хэлж мэдэхгүй.

********************************************************************************************

Мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж байгаа нийт төслийн 80% гаруй нь дампуурдаг. Тийм ч учраас Төслийн удирдлага гээд ярихаар муу жишээнд л ихэнхидээ МТ-ийн төсөл орсон байдаг. МТ-ийн мэргэжилтнүүдийн хувьд нэгэн бичэгдээгүй хууль байдаг. Энэ нь хэн мэдлэгтэй, чадвартай, боловсролтойгоо бусад нь дагах ёстой. Тэр хүнийг зөв залуурдаж чадвал аливаа төсөл болон ажил амжилттай болдог гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл тэр хүн манлайлагч нь. Зарим салбарын хувьд манлайлагч гэхээр мөнгөтэй нь эсвэл хөдөлтгөөнтэй сэргэлэн нэгэн байдаг, тэрнийгээ бусад нь дагадаг.

Амжилт хүсье

No comments: