Sunday, September 23, 2007

Аутсорсингийн захиргаа (Outsourcing Governance)

Саяхан бие дааж энэ сэдвээр хийсэн судалгааныхаа нэг хэсгээс толилуулж байна.


Мэдээллийн технологийн захиргаа (IT Governance)-ны үндэс гэж хэлж болох дэд захиргаа нь аутсорсингийн захиргаа (цаашид OG гэх) билээ. МТ-ийн захиргаа нь өөрөө байгууллагын захиргаа (corporate governance буюу манайхан зохистой засаглал гэж орчуулдаг гэсэн)-ны салшгүй нэг хэсэг болсноороо тухайн байгууллага МТ-ийг үр ашигтай ашиглах, түүнийгээ үнэлж, дүгнэх болон эрсдэлээ бууруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

OG нь тэгвэл тухайн аутсорсинг үзүүлж байгаа байгууллага болон түүний харилцагч байгууллагын хооронд гүүр болж хоёр талд нь үйлчилдэг захиргааны хэлбэр юм. Ер нь МТ-ийн аутсорсинг нь сүүлийн үед хүрээгээ тэлж бүр зарим байгууллагад мэдээллийн аюулгүй байдлынхаа асуудлыг хүртэл гадны байгууллагад итгэж, даатгахад бэлэн болсон байна. 2006 оны 11 сард Ernst & Young компанийн хийсэн судалгаанд дэлхийн томоохон байгууллагуудын 1200 гаруй дээд албан тушаалын мэргэжилтэнүүд оролцсон ба тэдний 60 хувь нь мэдээллийн аюулгүй байдлынхаа асуудлыг бусдад даатгачихсан эсвэл даатгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүгээрээ тэд МТ-н аутсорсинг үйлчилгээ улам бүр өргөжиж байгааг нотлоод зогсохгүй цаашид өснө гэдгээ илэрхийлсэн. Энэ мэтчилэн аутсорсинг нь дэлгэрэхийн хирээр олон асуудлууд ар араасаа урган гарч ирсэн. Тухайлбал ихэнхи удирдлагууд аутсорсингийн эцсийн чанарт сэтгэл дундуур явдаг ба аутсорсинг нь бизнесд хүссэн хэмжээгээр үнэлэмж (value) авчирдаггүй, бизнес стратегитэй уялдаа муу, бизнесийн үйл ажиллагааг шинэчилж, өөрчилж чадахгүй байна гэдгээ нуугаагүй байна. Тэдний үзэж байгаагаар аутсорсинг нь өндөр мэргэжлийн боловсон хүчинг ашиглан хямд зардлаар бүтээгдэхүүнээ хийлгэх гэсэн уламжлалт томъёоллынхоо хүрээнд ажиллаж байгаа ба аутсорсингд хамгийн чухал зүйл бол харилцааны асуудал гэдэгтэй санал нэгдсэн байна лээ. Энэхүү харилцааны асуудал нь OG-н амин сүнс байж болох юм.

Одоогийн байдлаар хараахан ерөнхий зориулалтын OG фрэймвөрк боловсруулагдаагүй. Судлаач, эрдэмтэд болон зарим компаниуд өөрийн гэсэн фрэймвөркөө гаргасан байдаг юм билээ. Эдгээр фрэймвөркүүд нь тухайн байгууллагын аутсорсингийн үр дүнг боломжит их хэмжээнд хүргэхээр тэмүүлдэг ба байгууллагын онцлогыг ихээр шингээсэн байдаг болохоор бусад байгууллагуудад тохирох нь ховор. Жишээ нь: Сиско л гэхэд өөрийн OG фрэймвөрктэй ба түүн дээрээ үндэслээд аутсорсинг удирдлагын хэрэгслүүдийг ч гаргасан байдаг юм билээ.

Ихэнхи фрэймвөркүүд нь аутсорсинг хийх үеийн болон хийгдсэний дараах гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Гэрээ нь хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой, харин гэрээний хугацаа нь удаан байх бол бусад өөрчлөлтийн хүчин зүйлээс шалтгаалаад аль нэг тал нь хохирол амсаж болох учир гэрээ хийгдсэний дараах OG нь маш чухал. Энэ хавар IBM Америкийн электрон барааны Circuit City хэмээх том дэлгүүртэй 7-н жилийн хугацаатай 775 сая долларын хэмжээтэй гэрээ хийсэн. Энэ үед ч мөн OG нь хоёр байгууллагын хувьд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ эдгээр хоёр байгууллага нь хоёулаа Америк компани болохоор хоорондоо ойлголцоход гадаад аутсорсинг (offshore outsourcing)-ийг бодвол хамаагүй хялбар.

Австралийн гаалийн байгууллага бараа автоматжуулалтын системээ боловсруулахаар 2001 онд IBM-тэй гэрээ хийсэн юм байна. Тэрхүү төсөл нь 2 жилийн хугацаанд 28 сая долларын төсөвтэй хэрэгжих байсан боловч 2005 онд төсөл дуусч 250 сая доллар зарцуулсан гэж байгаа. Уг нь хоёр байгууллага хоёулаа төслийн удирдлагын хувьд асар их туршлагатай (тэр тусмаа IBM бол арвин их туршлагатай) хэрнээ төслийн яаж ч сайн удирдаад нэмэр байсангүй гэж хоёр тал мэдэгдээд энд яалтчгүй IT Governance тэр дундаа OG байхгүй байсан нь ийм үр дүнд хүргэлээ гэдгийг цохон тэмдэглэсэн. OG чиглэлээр Энэтхэгүүд компаниуд өөрсдийн загвараа сайн гэж сурталчилдаг боловч гадаадын байгууллагуудын соёл болон бизнесийн үйл ажиллагаатай тэр болгон тохирдоггүй. Хэрвээ OG-г сайн боловсруулсан байх юм бол тухайн компанийн гэрэлт ирээдүй бий дээ.

2 comments:

Anonymous said...

English, Russian-aar bichdeg Mongol Blogger baidaggui yum uu?

haramsaltai l yum!
Neg yum bodno baigaa.....

Tamir.J said...

Hi Mandakhbat,

Minii medehiin English-eer bichdeg hun bii. Gehdee English blog hayagiig ni medehgui yum baina.

Article-n link ni http://bayarsaikhan.wordpress.com/2007/08/21/blogger-%d0%bb%d1%83%d1%83-%d0%bd%d2%af%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d/

Blogoor zochilsond thanks.

Tamir