Мэдээллийн технологийн зардлыг буруу ойлгож гар татсанаараа байгууллага давуу талаа алддаг
Мэдээллийн технологийн үйлчилгээний хүрээ тэлэх тусам хэрэглээ өргөжиж байгаа нь энэ салбарын хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаатай салшгүй холбоотой билээ. 1960-аад оны үед компьютер маш үнэтэй байсан учир төдийлөн хүн бүр битгий хэл байгууллага бүр худалдан авах боломжгүй байжээ. Энэ үед АНУ-д санхүүгийн чадавхитай байгууллагуудын нийт зардлын 0.2 хүрэхгүй хувь нь мэдээллийн технологийн бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулагдаж байв. Түүнээс хойш дэвшилтэт техник, технологи хөгжиж, эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны шинэ шинэ ололт амжилтуудыг нээснээрээ компьютер болон түүний дагалдах хэрэгслийн үнэ аажмаар буурсаар ирсэн. Улмаар 1980-аад оны эхэн үеээр Майкрософт болон АйБиЭм компаниуд хамтарч хэрэглэгчид хэрэглэхэд дөхөм үйлдлийн системтэй компьютеруудыг харьцангуй хямд үнээр үйлдвэрлэж эхэлсэнээр жирийн иргэд хувийн хэрэгцээндээ компьютер худалдан авах чадвартай болжээ. Ингээд 1990-д оны эхэн үе гэхэд байгуулагын төсвийн 1.1 орчим хувь нь мэдээллийн технологид зарцуулагддаг болов. Харин одоо үед, 2006 онд Мэдээллийн удирдлагын нийгэмлэгийн явуулсан судалгаагаар нийт оролцогчдын талаас илүү хувь нь 2007 онд мэдээллийн технологид зарцуулах зардал өснө гэж хариулсан байна. Учир нь энэ салбарын ажилчдын цалин нэмэгдэнэ гэж үзсэнтэй холбоотой аж. 2006 оны байдлаар МТ-ийн зардал нийт төсвийн 3.6 хувийг эзэлж байжээ. Байгууллагын захирал болон санхүүгийн удирдах ажилтнууд МТ-ийн салбарт хөрөнгө оруулахдаа маш хойрго хандах болсон. Учир нь байгууллагынхаа МТ-ийн чадавхийг сайжруулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулдаг ч өгөөж багатай хөрөнгө оруулалт гэж үздэгтэй холбоотой. Түүнээс гадна Морган Стэйнлэс компани МТ-ийн зардалдаа 2000-2002 оны хооронд 130 тэрбум ам.доллар зарцуулсан боловч амжилт олоогүй явдал нь бусад санхүүгийн удирдах ажилтнуудын хувьд гашуун сургамж болсон байна. Гэхдээ тэд нэг зүйлийг дутуу ойлгодог гэж хэлж болно. Энэ юу вэ гэвэл тэд МТ-ийн салбарт хэдийн хэмжээний хөрөнгө оруулна төдий хэмжээгээр ашиг нь нэмэгдэх ёстой гэж үздэг. Энэ бол буруу ойлголт. Ер нь ихэнхи тохиолдолд МТ-ийн хөрөнгө оруулалт нь эргээд ашиг авчирдаг нь үнэн боловч энэхүү хөрөнгө оруулалтаа мөнгөний өнцгөөс харах нь дутагдалтай. Учир нь МТ-д хөрөнгө оруулсанаараа тухайн байгууллага өөрийн удаан оршин тогтнох байдлаа хангах, одоогийн эзэлж байгаа зах зээлийн хэмжээгээ хадгалж үлдэх, өрсөлдөгчдөөсөө давуу тал олж авах зэрэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй өгөөжүүдийг удирдах ажилтнууд тооцохгүй байна.
Эдгээрээс гадна МТ-ийн зардлыг бүртгэж авахдаа алдаа хийдэг нь энэ салбарын хөрөнгө оруулалт ашиггүй мэт харагдуулаад байгаа юм. МТ-д зарцуулагдаж байгаа зардлыг шууд үндсэн хөрөнгөд бүртгэдэг боловч багагүй хэмжээний зардал нь үйл ажиллагааны зардалд бүртгэгдэх ёстой. Ер нь МТ-ийн зардлыг үндсэнд нь нэг удаагийн зардал, хэрэглээний зардал, шинэчлэлтийн зардал гэсэн 3 хэсэгт хуваах ёстой. Үүнээс нэг удаагийн зардал нь тоног төхөөрөмж худалдан авах зэрэг нь хамаарах учир үндсэн хөрөнгөд бүртгэнэ. Шинэчлэлтийн зардал нь программ хангамж, техник хангамж зэргийг шинэчлэх болон лиценз худалда авах, сэргээх зэрэг зардлууда багтана. Үүний ихэнхи хэсэг нь үйл ажиллагааны зардалд хамрана. Хэрэглээний зардал нь байгууллагын МТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардал учир бүгд үйл ажиллагааны зардал хамрагдах нь ойлгомжтой.
Аливаа байгууллага шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулах биш төслийн үр дүн нь байгууллагын үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлөх тэрхүү төслүүдээ нэн түрүүнд амжилттай дуусгахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл МТ-ийн төслүүд нь удаашрах тусам шинэ дэвшилтэт технологиуд ар араасаа түрэн орж ирж тухайн төслийн үнэ цэнийг бууруулж байдаг. Улмаар тухайн технологиудыг төсөлдөө тусгах гэж цаг их зарцуулж, зардал нэмэгддэг. Ер нь амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүдийн дийлэнхи олонхи төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрч мөн төсөвлөсөн зардал нь дунджаар 2 дахин хэтэрдэг. Иймээс МТ-ийн төсөл хэрэгжүүлэхдээ удирдах ажилтнууд маш болгоомжтой хандах нь элбэг тохиолдол. Саяхан АНУ-ын Мэдээллийн нийгэмлэгийн хийсэн ажиглалтаар амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүд нь дараах шинж чанаруудыг агуулсан байжээ.
Үүнд:
· Төслийн багийн гишүүдийн тоо 6 буюу түүнээс бага
· Нийт төсөв нь 750 мянган ам.доллар буюу түүнээс бага
· Төслийн үргэлжлэх хугацаа 6 сараас илүүгүй
Эндээс харахад МТ-ийн төсөл нь хөгжилтэйгээ ямагт цуг явж байдаг учир аль болох түргэн хугацаанд хийх шаардлагатай байдаг нь харагдаж байна. Түүнээс гадна МТ-ийн төслийг амжилтгүй болгодог шалтгаануудаас дурдвал: шаардлагаа буруу тодорхойлсон, хэрэглэгч болон захиалагчдыг бүрэн хамруулаагүй, нөөцийн хомсдол, бодит бус хүлээлт, төслийн дулимаг удирдлага, дутуу төлөвлөлт гэх мэтээр үргэлжлэх болно. Ингээд төгсгөлд нь МТ-ийн төслийн хэрэгжилтийн талаарх графикийг дор тавилаа.

References
Alter, A 2006, eWeek, 25 September, Vol. 23 Issue 38, EBSCOhost, p10, viewed 9 March 2007.
Dickerson, C 2004, InfoWorld, 31 May, Vol. 26 Issue 22, EBSCOhost, p22, viewed 9 March 2007.
Dugan, R 2002, Journal of Academic Librarianship, July, Vol. 28 Issue 4, EBSCOhost, p238, viewed 9 March 2007.
Judith, M 2004, Feliciter, Vol. 50 Issue 1, p7.
Marchewka, J 2006, Information Technology Project Management, Providing measureable organization value, Second Edition, Lehigh Press, New Jersey.
Marshall, P., McKay, J., Prananto, A. 2005, ‘Business Value Creation from IT Investments: Towards a Process Theory of IT Governance’, Australasian Journal of Information Systems, Volume 12 No. 2, Swinburne University Library, pp. 192-206, viewed 10 March 2007.