Sunday, January 14, 2007

Бизнес ёс - 1

Өнөөдөр нэрийн хуудас солилцох, хувцаслалт зэрэг нийтлэлүүдийг уншлаа. Бага ч болов хэрэгтэй мэдээлэл байна. Үүн дээр нэмээд өөрийн мэддэг (яг одоогоор толгойд байгаа) зүйлээсээ бага ч болов хуваалцъя гэж бодлоо.

Би 3-р курсын оюутан байхдаа "Нүхт" ХХК-ийн вэб хуудас болон рестораны программыг нь хийж өгч билээ. Тухайн программ нь хоолны захиалгуудыг хүлээж аваад тухайн хоолонд орох материалын орцыг нь (хэдэн грамм мах, төмс, бүр ч тэр бүү хэл давсыг нь хүртэл тооцно) тооцоод тухайн өдөрт хэдэн төгрөгний орлого орж ирсэн, хэдий хэмжээний материал зарлагадсан гээд л тооцоо гаргахад хэрэглэгдэнэ. Энэ нь зарим үед орлогын хэмжээ нь тутах, тогооч нар нь хоолны материалаас "хумслах", нөөцийн хуваарилалт зэрэг нь алдагдах тохиолдлууд байсан учир хийлгэсэн байх. Улмаар тэр программ болон вэб хуудас нь тэр үед Нүхтийн босс байсан өдгөө Гурван гол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ганхуяг ахад маань таалагдаж бага зэрэг тоогдоод хамтарч ажиллах юм боловоо. Нэг өдөр над руу утасдаж байна "-Энэ хагассайн өдөр завтай юу нэг хүнтэй танилцуулах гэсийн" гэж байна би ч зөвшөөрлөө. Тэгсэн нэг Япон хүн байна. (хожим сонсохнээ Японы нэгэн том компанийн босс, их хэмжээний хөрөнгө оруулалт Монгол руу хийдэг, мөн "Гурван гол"-ын захиралууд, "Гацуурт"-ын Чинбат захирал зэрэг манай томоохон компаниудын боссуудтай хамтарч ажилладаг байсан юм билээ) Тэгээд миний хийсэн өчүүхэн юмыг маань үзэж танилцаад бүр алга ташиж байна. Тэгсэнээ бид өөртэй чинь хамтарч ажиллах гэсийн гэж байнаа. Би ч бүр балмагдаад юун дээр хамтарч ажиллахаа ч мэддэггүй. Тэгээд бид хэд хоолонд оров. (одоо бодоход тэр нь "business lunch" байсан юм шиг байгаа юм) Тэгээд баахан ажил төрлийн яриа өрнүүлээд л.. нөгөө Япон босс 2 ч туслахтай тэр 2 нь ээлжилж орчуулга хийгээд л сүүлд асуух зүйл байвал гээд надад нэрийн хуудсаа өгч байсан юм. Тэгээд хоол ирлээ. Тэр үед осолдохгүй л хутга сэрээ хэрэглэж мэдэхээс биш юуг нь түрүүлж идэх, тэр болон халбага сэрээний учрыг нь олохгүй тэвдэж байгаад бусад хүмүүсийг дууриагаад тэрнийг нь хэрэглэж байж билээ. Хожим нь тэнд ажиллаж байсан нагац эгчдээ тэр талаар хэлсэн чинь халбага сэрээний хамгийн гадна талаас нь эхэлж хэрэглэнэ мөн тэр 2-р хоолонд ирж байгаа ногоо нь чимэглэлийн зориулалттай болохоор иддэггүй юм. Дессерт нь компот бол түүгээр, торт бол тэрүүгээр нь харин жимс бол үүнийг хэрэглэдэг юм гээд их юм хэлж өглөө. Тэгтэл би гэдэг хүн тэр иддэггүй юмыг нь идчихсэн байх жишээтэй :). Ерөнхийдөө өөрийгөө их л эвгүй байдалд оруулж билээ. Тэгээд тэр хүн салахдаа надад "бизнес төлөвлөгөө" (одоо хийгдэж байгаа аутсорсинг хийе гэж ярисан юм билээ) боловсруулах даалгавар өгсөн юмдаг. Тэр үед энэ талаар "А" ч байхгүй хүн олигтой юм хийж өгөөгүй тэгээд ч хичээл гэж гүйгээд тэр талаар мартаад холбоо тасарсан юм. Цаашид над шиг хүмүүсийн өмнө эвгүй байдалд бүү ороосой гэсэндээ энэхүү нийтлэлийг тэрлэж сууна.

Нэрийн хуудас
Гадаад хүнтэй нэрийн хуудас солилцоод хэрвээ нэрийг нь уншиж, дуудахад бэрх бол өөрөөс нь лавлаж асуух нь зүйтэй. Тэгэхгүй бол дараа нь буруу дуудаж эвгүй байдалд орж болно. Тэгээд уулзалт дуусан дуустал ширээн дээрээ нүдэнд ил харагдахуйц газар нэрийн хуудсаа тавина. Хэрвээ олон хүнтэй уулзаж байгаа бол хамгийн өндөр албан тушаалтайгаас нь эхэлж нэрийн хуудаснуудыг нь байрлуулах нь зүйтэй. Уулзалтын дараа нэрийн хуудсыг нэрийн хуудас хийдэг хайрцагтай бол түүндээ хийнэ, хэрвээ тийм хайрцаг байхгүй бол цамцныхаа энгэрийн кирманд хийх хэрэгтэй. Түрийвч эсвэл бусад кирманд хийх нь хүндэтгэл үзүүлээгүй шинж гэж үздэг. Нэрийн хуудас хийлгэхдээ сайн чанарын цагаан цаас сонгох хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс пластик эсвэл жижиг CD ашигладаг болж. Энэ нь өртөг өндөртэй. Тэгээд эрэгтэй хүн хурц өнцөгтэй нэрийн хуудас, эмэгтэй хүн бөөрөнхийлсэн хэлбэртэйг ихэвчлэн ашигладаг.
Нэрийн хуудсанд хэтэрхий олон зүйл бичсэний хэрэггүй. Өөрийн овог нэр, ажлын газар, албан тушаал болон харилцах хаягаа бичдэг. Орчин үед гар утас болон гэрийнхээ утасны дугаарыг төдийлөн бичээд байхаа больсон. Хэрвээ тухайн хүнд энэ нь хэрэгтэй гэж үзвэл гараараа дээр нь нэмээд биччихэж болно. Хэрвээ олон сонгуульт албан тушаалтай бол арын хуудсан дээр нь эгнүүлээд биччихсэн нэрийн хуудас харж байсан юм байна.
За тэгээд нэрийн хуудас булан дээр нь янз бүрийн үсэг бичих, нугалах гэх мэтээр үзэл санаагаа илэрхийлдэг эдгээрийг яг одоо санахгүй байна.

Хооллолт
Ресторанд ороод үүдэнд нь "please wait, to be seated" гэх зэрэг бичиг байвал үйлчлэгчийг нь иртэл нь хүлээгээд суудлаа эзэлнэ. Хэрвээ тантай хамт яваа бүсгүй хүн явж байгаа бол түүнээ эхлээд суудалд урих нь боловсон хүний шинж. Хамгийн түрүүнд уух зүйлээ захих хэрэгтэй түүнийхээ дараа хоолоо захиална. Ресторан нь түргэн хоолны газар биш тул захиалга аваад багагүй хугацаа үрнэ энэ хооронд яриа өрнүүлэх хэрэгтэй. Тэгээд ширээн дээрх алчуурыг авч өвөр дээрээ тавих эсвэл энгэртээ хийж болно.
Зэрэгцүүлж тавьсан халбага сэрээг хэрэглэхдээ хамгийн гадна талаас нь эхлэж хэрэглэнэ. Яг энэ дарааллаар ч хоол нь ирэх болно. Зарим хүмүүс 1-р хоолныхоо тавгийг гараараа барьж далийлгаж байгаад дуустал нь идэж байгаа харагддаг. Энэ бол буруу үлдэх ёстой юм тэр тавгандаа үлдэх л хэрэгтэй. Тэгээд идэж дуусаад суурь тавган дээрээ халбагаа тавих хэрэгтэй. 2-р хоолоо аль болох орцонд орсон зүйлүүдээс ижил хэмжээтэй иднэ. Тэгээд хоолоо идэж дуусаад хутга, сэрээгээ зэрэгцүүлж тавина. Энэ нь хоолоо идэж дууслаа гэсэн дохиог зөөгчид өгч байгаа хэрэг.
Тооцоогоо хийхдээ зарим газар эвгүй байдалд орохгүйн тулд тип буюу гарын мөнгө өгөх хэрэгтэй болдог. Америкад бол зөөгчид нь гарын мөнгө өгөх "ёстой" энэ нь нийт үнийн 10-20% байдаг (гэхдээ бас мужаасаа хамаарч харилцан адилгүй байна). Харин Австрали, Япон, Солонгос, Хятад, Сингапур, Малайз зэрэг газруудад өгдөггүй бол Италид гарын мөнгө нь хоолных нь үнэд багтчихсан байдаг. Тайланд, Макао, Хонконг, Камбучи зэрэг жуулчин их очдог газар гарын мөнгө өгөх албагүй ч зөөгч нар нь "горьдож" суудаг шиг санагдсан.
Олон нийтийн хүлээн авалт эсвэл найр ч юм уу олон хүн цугларсан газар таныг хундаганы үг хэлэхийг урьж болох юм. Энэ тохиолдолд зарим хүмүүс оновчтой үг хэлээгүйн улмаас эвгүй байдалд ордог. Ер нь хэний ч сэтгэлд нийцэх хундаганы үг хэлье гэвэл болж өнгөрч буй нөхцөл байдлыг бага зэрэг дүгнэх маягтай дурдах эсвэл бүр бага зэргээр хошигнож болно.


Дээрх нийтлэлд ташаарсан зүйл байх аваас уншигч авхай та өршөөж, учгийг залруулна бизээ.

2 comments:

Anonymous said...

Тэгээд ширээн дээрх алчуурыг авч өвөр дээрээ тавих эсвэл энгэртээ хийж болно.

Engertee chihih ni amerikiin buduuleg yosnii neg(amerik kinond bainga ingedeg). Zugeer l ovor deeree tavih heregtei.

Anonymous said...

Mash dajgui blog bna.Amjilt husie.bainga zochilj bna...