Wednesday, February 28, 2007

Англи хэлний дуудлага

Англи хэл суралцагчидад зориулав

Миний хувьд Англи хэлийг бие дааж сурсан гэхэд болно. Сүүлд Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэдэн сар гадаад багшаар заалгаж жаал дадлага хийж авсан. Бичих, унших чадварыг бие дааж сайжруулж болох боловч ярих чадварыг аргагүй дадлага хийж байж л сайжруулахаас өөр аргагүй юм байна лээ. Ингээд Англи үгнүүдийг зөв дуудахад хэрэг болж магад хэмээн өөрийн өчүүхэн мэддэг зүйлээс хуваалцах гэсэн юм.

Өнгөрсөн цагт үйл үгийг (irregular verbs хамаарахгүй) хувиргасны дараах үгийг дуудахдаа түгээмэл алдаа гаргадаг гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл -ed залгасны дараа гэсэн үг. Хэрвээ тухайн үг f, k, p, s, sh, x гэсэн үгнүүдээр төгсөөд "ed" залгагдаж байгаа бол "т"-ээр дуудна. Жишээ нь: finished-финишт (финишид гэх нь буруу)
Харин d, t гэсэн үгнүүдээр төгсөөд "ed" залгагдаж байгаа бол "ид" эсвэл "эд"-ээр дуудна. Жишээ нь: intended-интэндэд
Бусад гийгүүлэгчээр төгссөн нөхцөлд "д" гэж шууд залгана. Жишээ нь: opened-опэнд

Ер нь улс бүрийн Англи хэлний аялга ялгаатай юм шиг байгаа юм. Жишээ нь: fragile хэмээх үгийг Америкийн Англи хэлэнд "фражл" гэдэг бол Бритиш Англи хэлэнд "фражайл" гэж дуудна. Бас Австралийн Англи хэлэнд үгийн адагт орсон "er"-ийг "а", "ay"-ийг "ай" гэж дуудах нь элбэг. Жишээ нь: sticker гэхийг стика, today гэхийг түдай гэх мэтээр.


Хэл сурах үйлсэд тань амжилт хүсье

Tuesday, February 27, 2007

Австралид сурахад


Австралийн нийтдээ 41 их, дээд сургууль байх ба тэдгээрийн 2 нь л төрийн их дээд сургуулиуд байдаг. Ер нь сургалтынх нь чанар нилээд өндөр байдаг нь дэлхийн боловсролын стандартад нийцсэн сургалт явуулдагтай холбоотой. Мөн боловсрол нь экспортын үндсэн 4 бүтээгдэхүүнийх нь нэг гэж байгаа. Тиймээс боловсролынхоо стандарт, сургалтын хөтөлбөр, чанарт ихээхэн ач холбогдол өгч байдаг.
Австралийн сургуулиуд нь чиглэл тус бүрээрээ төрөлжсөн гэж хэлж болно. Тухайлбал: Мэлбурнийн их сургууль нь дэлхийн шилдэг 50 сургуулийн нэг боловч Мэдээллийн технологийн чиглэлээр сурах гэж буй бол тус сургууль нь тийм ч оновчтой сонголт болж чадах уу болов уу даа! Ер нь сургуулиа сонгохын өмнө вэб хуудас руу нь ороод хичээлүүдийг нь болон тэдгээрийн агуулгыг нь харж болно. Энэ нь ерөнхийдөө тухайн хичээл оюутанд ямар мэдлэг олгох, хэрхэн заагдах гэх мэтчилэн мэдээллүүдийг өгчихнө. Ингээд таны сурах гэж байгаа зорилго болон төлөвлөгөөтэй яв цав тохирч байвал болох нь тэр.

Сурах орчин

Манай сургууль Австралид 6 хотхон(campus)-той, Малайзид нэг салбартай, нийт 40 мянга гаруй оюутантай. Бусад өндөр хөгжилтэй орнуудын сургуулиудын адил сурах орчинг маш сайн бүрдүүлсэн. Мэргэжлийн чиглэлээр семестерт дор хаяж 2 удаа гаднаас хүмүүс ирж лекц уншдаг. Өнгөрсөн семестерт 2 лекц уншигдсаны нэгийг IBM-ийн программ хангамжийн системийн архитектурч нэгэн эрхэм (Жонсон л гэж дуудаад байсан яг бүтэн нэрийг нь санадаггүй) АНУ-аас уригдан ирж лекц уншсанд нь суусан юм. Тэр хүн яг одоо АйБиЭм ямар технологи ашиглан программуудаа боловсруулж байгааг яриад бас далиманд нь өөрийн бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал, тогтвортой ажиллагаа зэргийг магтаад авсан. Мэдээж тухайн хүн ажиллаж байгаа газраа магтан дуулах нь тэр хүний нэгэн үүрэг гэж би боддог. Мань эрийн ярьж байгаагаар сүүлийн үед AOSD (Aspect Oriented Software Development)-ийг нилээд түлхүү ашиглаж байгаа ба энэ чиглэлээр нарийн мэргэшсэн оюутнуудыг компанидаа авахад бэлэн байгаа гэж байсан.

Хэрэв та хүсвэл өөрийн зөөврийн компьютерийг авчирч оюутныхаа АйДи (ID)-г ашиглан утасгүй сүлжээгээр интернэтэд холбогдож болно. Эсвэл гэртээ интернэт хараахан тавиулж амжаагүй бол сургуулийнхаа сүлжээ рүү дайл ап (dial-up)-аар холбогдож улмаар интернэт рүү орох боломжтой. За тэгээд МТ-ийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулж шаардлагатай серверүүдийг зохион байгуулсан байх ба түүн рүү хаанаас ч интернэтээр дамжин холбогдож (VPN) болно. Жишээ нь: Хэрвээ ASP.NET дээр программ бичих хэрэгтэй бол заавал өөрийн компьютер дээрээ .NET Framework ба IIS эсвэл WebMatrix зэргийг суулгаж, тохируулах шаардлагагүй гэсэн үг. Сургуулийнхаа вэб сервер лүү нь хандаад л бүх файлуудаа ачаалаад (upload) өөрийн орчиндоо холбогдсон нь хамаагүй дээр. Энэ нь дараа нь үүсэх эрсдэлээс хамгаалж мэднэ.

Сургуулиас оюутнуудыг дэмждэг илрэл нь хэрвээ ямар нэгэн оюутан тухайн хичээл дээрээ маш амжилттай сурвал дараагийн семестерт тэр хичээлийн туслах багш хийлгэх боломжийг олгодог. Ингэхийн тулд хэлний ур чадвар өндөр байх ба харилцааны чадвар сайтай байх ёстой. Түүнээс гадна докторын (PhD) сургалтад хамрагдаж байгаа оюутнуудад илүү эрх олгогддог.

Элсэлтийн журам

Австралийн ямар нэгэн их сургуульд сурах гэж байгаа бол зайлшгүй IELTS-ийн шалгалт өгсөн байхыг шаардана. Хэрвээ тухайн сургуулийн шаардаж буй оноог авч чадаагүй бөгөөд 1.0 оноо дутсан бол сургуулийн дэргэдэх хэлний бэлтгэлд нь суралцаад дахин IELTS өгөх боломжтой. Мэдээж энэ нь нилээд зардалтай учир аль болох шаардаж байгаа оноог нь авчих л хэрэгтэй.

Англи хэлний шалгуурыг нь хангачихсан бол Мастер болон Докторт сурах гэж байгаа хүмүүст өмнө нь ямар их дээд сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ гэдгийг нь шалгаж үздэг. Энэ Австралийн стандартыг хангаж байвал санхүүгийн эх үүсвэрийг тань шалгах болно. За тэгээд ерөнхийдөө үндсэн шалгуурууд маань дуусаж байна. Одоо сургуулиас таньд offer letter буюу сургуульд элсэхийг санал болгосон захиа ирнэ. Энэ захианыхаа хамт хувийн баримт бичгүүд болон санхүүгийн баримтаа элчин сайдын яам руу нь явуулна. Элчин сайдын яам бичиг баримттай танилцаад ямар нэгэн асуудалгүй бол эмнэлэгийн үзлэгийн маягтыг явуулах ба ямар эмнэлэгт очиж үзүүлэхийг нь ч мөн зөвлөсөн байна. Ингээд заавал тухайн эмнэлэг дээр нь (одоогоор SOS International дээр очиж өгч байгаа) очиж үзүүлж, шинжилгээгээ өгөх ба тэр эмнэлэг нь шууд элчин сайдын яам руу таны үзлэгийн дүнг явуулна. За ингээд л одоо визээ ирэхийг хүлээж хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байх шив дээ.

Таньд амжилт хүсье

Friday, February 23, 2007

Австрали орноор - 4


Харийн оронд хоног хугацаа өнгөрөх тусам шинэ зүйл хуучин мэт санагдаж орчиндоо дасах шинжтэй. Тиймээс эх орны маань хөгжил энэ түвшинд хүрчихвэл сайхансан гэсэн үүднээс дараах зүйлүүдийг тэмдэглэн үлдээв.

Энэ удаад технологийн хөгжлийн талаар жаал тэмдэглэл хөтлөөдхье. Австрали технологийн хөгжилдөө асар их мөнгө зарцуулдаг гэж байна. Тэр тусмаа Мэдээлэл холбооны технолог(МХТ)-ийн хөгжлийг илүү анхаарч аль болох сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийг Засгийн газраас нь онцгой анхаарч дэмждэг бололтой. Миний сонссоноор гар утасны CDMA системийг Америкууд Австралид анх туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлж улмаар амжилт олсоны үндсэн дээр Солонгос, АНУ зэрэг улсууд өөрсдийн зах зээлд нэвтрүүлсэн гэж ярих юм. Бас 21 орчим сая хүн амтай хирнээ 20 орчим сая орчим гар утасны хэрэглэгчтэй гээд олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явдаг бололтой. Энд мэдээж гадаадын оюутан, оршин суугч гэх мэт хүмүүсийн гар утас эзэмшиж байгаа тоо нь орсон гэж бодохоор нялхсаас бусад нь гар утас хэрэглэдэг бололтой. Энэ дашрамд хэлэхэд манай сургууль өөрийн ажилтнууддаа зориулсан бяцхан гар утасны оператортой. Энэ нь хоорондоо ярихад үнэгүй байх бөгөөд сургуулийн хотхонуудын (нийт 6 хотхон бий) эргэн тойронд ажиллах ба холдоод явчихвал ажиллахгүй.
За тэгээд зурагтаар нь манайд гардагтай адилхан улс төрчдийн хэрүүл тэмцэл гарч л байдаг юм. Голцуу л дайнтай холбоотой асуудлаар тэмцэлдэнэ дээ. Бас өнгөрсөн жил манай улсын төсөв илүүдэлтэй гарсан гээд байгаа түүнтэй адил эднийд ч бараг жил бүр шахам илүүдэлтэй гардаг юм шиг. Тэр илүү гарсан мөнгөө яаж үрэхэв гээд "толгойгоо гашилгадаг" гэж байгаа (2006 оны байдлаар ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 32200 доллар). Технологийн талаар бичье гэсэн чинь бүр хадуурах нь.

Bandwidth

Уг нь энэ үгийг дамжуулалтын багтаамж гэж орчуулах байх гэхдээ цаашид интернэтийн хурд гээд нэрлэчихье. Хэдийгээр манай оронтой адил газар нутгийн хувьд өргөн уудам нэг хүнд ноогдох газрын хэмээ их боловч дэд бүтцийн хөгжил сайн болохоор хаана ч очоод интернэтэд холбогдоход чирэгдэл учраад байхгүй. Нэг удаа сургуулийнхаа лабораторид сууж байгаад оллоо.мн руу орох гэсэн нилээд удаад харин бусад вэбсайтууд руу дараад л ороод байдаг юм байна. Тэгээд интернэтийн хурдыг нь хэмжиж үзтэл зөвхөн нэг компьютераас интернэтэд холбогдох хурд нь 20 mbps байдаг юм байна. Энд хэдэн мянган комптьютер интернэтэд холбоотой гэж бодохоор зөвхөн нэг сургуулийн нийт интернэтийн хурд нь багаар бодоход хэдэн зуун мегабит эсвэл бүр гигабитээр хэмжигдэх тоо гарч мэднэ. (Гэтэл манай орны хэдэн интернэтийн компаниудын нийт интернэтийн хурд нь хэд байдаг билээ)

Мэдээллийн систем

Нийт их сургуулиуд нь дундаа ашигладаг нэгдсэн мэдээллийн сантай бөгөөд тэнд нь бүх л төрлийн мэдээллүүд байдаг. Илтгэл тавих, тайлан, эссэ бичих зэрэгтээ хэрвээ электрон хэлбэрийн мэдээллийн эх үүсвэр хэрэглэх бол аль болох тэр мэдээллийн сангаасаа материалаа хайхыг шаарддаг ба интернэтээс мэдээлэл авахыг төдийлөн зөвшөөрөөд байдаггүй. Мэдээж сонин, сэтгүүл болон бусад найдвартай эх үүсвэр бол болно, харин вики хэлбэрийн мэдээллийн санг хэрэглэгч өөрчилчихөж болно гэж үздэг учир үүнийг эх үүсвэрээ болгоход дурамжхан ханддаг.
Мөн бүх л байгууллагууд нь сүүлийн үеийн мэдээллээ тэр дор нь интернэтэд байрлуулах ба энэ нь XML-ийн ачаар бусад сайтуудтайгаа холбогдоод "талаар нэг тарчихна". Манайд ядаж төрийн байгууллагууд нь ийм нэгдсэн систем байгуулчихвал ч...

Voice recognition (яриа танигч)

Манай хүүхэд цэцэрлэгт явдаг ба төлбөр нь чамгүй үнэтэй, гэхдээ бид эндэхийн Засгийн газраас нь багахан хэмжээний хөнгөлөлт авдаг ба одоо хичээл ном эхэлж байна цаг зав муу боллоо гэх маягаар "баахан зовлон" тоочиж байгаад хөнгөлөлтийнхөө хэмжээг нэмэгдүүлчих санаатай саяхан утсаар ярив. (ер нь эндэхийн оюутанууд хүний өмнөөс сурч байгаа юм шиг төлбөрөө төлж хүчрэхгүй бол сургуулиасаа ажил шаардана, бас ажил хийдэг нэг нь хичээлийн цаг ажилтай давхцлаа өөрчилж өг гэх мэтээр "эрхэлж" өгнө дөө) Тэгээд 1300ххх хэмээх дугаар луу залгаад оператортой холбогдов.
Оператор:
- Өдрийн мэнд, та centrelink рүү холбогдлоо. Орлогын мэдүүлгээ өөрчлөх гэж байгаа бол нэг, хувийн мэдээллээ өөрчлөх гэж байгаа бол хоёр, бусад асуудлаар гурав гэхээр нь рефлексээрээ л 3-ын тоон дээр дарав. Тэгсэн болдоггүй. Урьд нь ингэж холбогдож байсан утаснууд бүгд л тухайн тоогоо оруулаад улмаар од эсвэл чагт товчлуур дарж цааш холбогддог байсан юм. Дахин оператор зааврыг хэлж байна тэгсэн чинь товчлуур дээр дарах биш тэр тоог нь хэлэх юм байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан их ухаалаг систем юм байна. Тэгээд "гурав" гэж хэлэнгүүт цааш холбогдож байна. Тэгээд ажилтантай холбогдов. Ажилтан хэлж байна
- Лавлагааны дугаар чинь хэд вэ?
- ххх хэмээн хэлтэл
- Бишээ 4 оронтой тоо байх ёстой таньд өгсөн бичигний баруун дээд өнцөгт нь байгаа гэж байна. Тийм тоо байна уу?
- Тийм тоо алга
- Хэрэв байхгүй бол доод талд нь байгаа 9 оронтой дугаарыг хэлнэ үү
- ххх гэж тоогоо хэллээ
- Та ххх гэж хэлсэн зөв үү?
- Зөв
- Таны нэр Жаргалсайханы Тамир мөн үү?
- Мөн
- Баярлалаа. Тэгээд 2, 3 секунд болсоны дараа жинхэнэ ажилтан нь ярьж байна.
- Ямар асуудлаар холбогдох гэсэн юм? Тэгэхэд нь л урьд хүнтэй биш автомат яригчтай яриад байснаа гэнэт мэдэв. (яг л хүн шиг ярьж байсан юм даа) Мэдээж хөнгөлөлт авах гэж байгаа хүн чинь автомат яригчтай "ярьж" байхдаа "Өдрийн мэнд. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг танайхаас хөнгөлөлт авдаг юм. Их талархаж явдаг шүү" "би энд сурдаг оюутан байгаа юм" "манай хүүхдэд цэцэрлэг нь их таалагддаг учир явах их дуртай" гэх мэт панаалын хэдэн үг хэлж илүү дутуу юм ярьж байсан маань нөгөө хаданд хашгирна гэдэг шиг хий хоосон яриа болсоныг мэдээд инээд хүрэв. Арайх гэж л инээдээ барилаа. Тэгээд арайх гэж учир байдлаа тайлбарлаж хэлэнгүүт сая "-Ойлголоо, ирэх долоо хоногоос эхлэн хөнгөлөлтийг чинь нэмэгдүүлэх болно" гэснээр бидний яриа өндөрлөв. Харилцуураа тавиад хэсэг инээв, дараа нь ичив, бас технологийн дэвшлийг бишрэв. Хэрвээ тэр автомат яригч байхгүй байсан бол дугаарыг нь асууж мэдээллийн сангаасаа хайх зэрэгт багагүй цаг зарцуулах байсан болов уу мөн нөгөө хүн нь яаж ч будилаа билээ. Энэ л лав хүний ажлыг дор хаяж 50 хувь хэмнэж чадаж байна. Ингэснээрээ ямар их ач холбогдолтой болохыг энд дурдаад яахав.

Мал аж ахуй дахь мэдээллийн технологийн хэрэглээ

Австралийн иргэд нь битгий хэл мал нь хүртэл ID карттай байх юм. Эндэхийн бүх моринд чип (chip) суулгасан. Тэгээд хэрвээ янз бүрийн юм болвол (байгалийн гамшиг, өвчин тусах, алдагдах гэх мэт) тухайн холбогдох байгууллагаас нь (даатгалын компани, татварын газар, мал эмнэлэг гэх мэт) хүн хүрч ирээд чипийг нь уншаад л бүх мэдээллийг нь авчих нь. Жишээ нь: өвчин туслаа гэхэд хэзээ төрсөнөөс нь авахуулаад урьд нь ямар өвчин тусч байсан, ямар ямар тарилга, дархлаажуулалтад хамрагдаж байсан, төлбөрийг нь төлж байсан эсэх гэх мэт бүх л мэдээллийг нь авчихна. Бас даатгалын компани тэр чипийг нь уншуулаад өвчин их тусдаг мориноос өндөр төлбөр авах эсвэл ямар төрлийн даатгал хийлгэсэн гээд л хэрэгтэй мэдээллээ авчихдаг.

Онлайн хичээл

Урьд нь Сискогийн онлайн сургалтанд хамрагдаж байсан. Мөн АНУ-ын их сургуулийн онлайн хичээл ч хэрхэн явагддагыг мэднэ. Гэхдээ эд нар нь бүгд интернэтэд суурилсан байдаг байлаа. Интернэтэд холбогдох боломжгүй бас зөөврийн комптьютер байхгүй бол тэгээд хичээлээ үзэх боломжгүй гэсэн үг. Манай сургууль 2005 оноос эхлэн анх удаа онлайн сургалтаа гар утсаар явуулж байгаа юм байна. Энэ нь оюутан хаа ч явсан лекцэндээ суух боломжтой төдийгүй хичээлээ хийгээд байж болно гэсэн үг. Сүүлийн хэдэн жил "электрон" хэмээх тодотголтой үйлчилгээнүүд (e-commerce, e-procurement, e-government гэх мэт) олноор бий болсон. Тэгтэл бас mobile "хэмээх" үйлчилгээнүүд (m-commerce, m-learning, m-government гээд л...) бий болж байгаа билээ. Иймээс эдгээр үйлчилгээнүүд нь хэрэглэгч нарт салангид зүйл мэт санагдаад байдаг учир нэг мөр цэгцлэхийн тулд буцаад мэдээллийн системийн үйлчилгээ гэж нэрлэх нь зүйтэй гэж эд нар үзэж байгаа бололтой. Тиймээс энэ жилээс эхлээд бүх сургуулиуд "электрон худалдааны менежмент" хэмээх хичээлийнхээ нэрийг өөрчилж мэдээллийн системийн өөрчлөлтийн (хувьсалын) удирдлага гэх мэт нэртэй болгож байгаа юм байна.

Эдгээр технологийн дэвшлүүд нь манай улсад аль болох түргэн нэвтрээсэй гэсэн ерөөлөөр энэ удаагийн бичлэгийг өндөрлье.

Monday, February 12, 2007

Хичээл сонголт

Намайг энд сурахаар ирэхэд нийт 16 хичээл буюу 200 кредит цуглуулах ёстой гэж байсан. Тэгсэн харин манай сургууль урьд нь Бакалавраа Мэдээллийн технологийн чиглэлээр сурсан бол 4 хичээлийг нь шууд хаачихаж болно гэсэн дүрэмтэй байдаг юм байна. Тэгээд өмнөх КтМС төгссөн дипломоо үзүүлээд Компьютерийн сүлжээ, Өгөгдлийн сангийн удирдлага, Системийн шинжилгээ, Программчлал зэрэг 4 хичээлээ хаалгаад семестерт 4 хичээл үзэх ёстой байсан бол 3 хичээл үзэх боломжтой болвоо. Тэгээд өнгөрсөн семестерт Жава программчлал, Интернэт технологи, Дэвшилтэт вэб технологи гэсэн 3 хичээл үзлээ. Би бээр уг нь энд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа юм. Тэгсэн цаанаас мөнгөө шилжүүлэхдээ 4 хичээлийн мөнгө шилжүүлчихэж. Ер нь нийт 16 хичээлийн төлбөр шилжүүлэх юм гэсэн. Тэгэхээр нэгэнт сур сур бид мөнгийг нь төлье гээд байгаа болохоор нь энэ семестерээс эхэлж "сайн дураараа" 1 хичээл нэмж үзэхээр шийдлээ. Уг нь биеийн амарыг харвал семестерт 3 хичээл үзээд байж болно л доо гэхдээ бас нэг ч гэсэн юм илүү сураад авчихвал өөрт болон өрөөлд хэрэг болж магад тэгээд ч энд сурах гэж ирсэн болохоос жаргах гэж ирсэн биш гэсэн хэнхэг зан хөдлөөд байх юм. Ингээд энэ семестерт 4 хичээл үзэхээр сонголт хийсэн юм. Эдгээр 4 хичээл маань Мэдээллийн системийн төслийн удирдлага (Information Systems Project Management), Бизнесийн мэдээллийн системийн шинжилгээ (Business Information Systems Analysis), МТ-ийн боломжит өөрчлөлтийг удирдах нь (Managing IT-Enabled Transformation), Программ хангамжийн чанарын удирдлага (Software Quality Management) гэсэн хичээлүүд байсан боловч МТ-ийн боломжит өөрчлөлтийг удирдах гэсэн хичээлийг маань хөтөлбөрийн менежерээс зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар энэ семестерт үзэхийг зөвшөөрсөнгүй. Тиймээс энэ хичээлээ болиод Мэдээллийн системийн эрсдэл ба аюулгүй байдал (Information Systems risk and security) гэсэн хичээлийг үзэхээр болсон юм. Тэгсэн 2 хичээлийн лекц нь давхцсаны улмаас аль нэгийг нь бас л солих шаардлагатай болоод байна. Тэр 2 хичээл нь Мэдээллийн системийн төслийн удирдлага, Программ хангамжийн чанарын удирдлага гэсэн хичээл. Эхнийх нь хичээлийн одоо авахгүй бол дараагийн семестерүүдэд үзэх зарим хичээлүүдтэй маань уялдаатай болоод байдаг тиймээс Программ хангамжийн чанарын удирдлага гэсэн хичээлээ энэ удаад болихоос өөр арга алга. Уг нь энэ хичээл тун их сонирхол татаж байсан даан ч харамсалтай байна гэхдээ ирэх семестерээс заавал үзэх юм шүү.

За тэгээд одоо Мэдээллийн технологийн чадамжийг удирдах нь (Managing the IT Capability), Мэдээллийн системийн удирдлага (Information Systems Management), Мэдээллийн технологи дахь мэргэжлийн тулгамдсан асуудлууд (Professional Issues in IT) гэх 3 хичээлийн аль нэгийг сонгох хэрэгтэй болж байх шиг байна. Би л менежментийн хичээлүүд авна гээд байгаа болохоос биш программчлалын хичээлүүдийн сонголт зөндөө л байна л даа. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэж үг байдаг тиймээс өөрөө л энэ хичээлийг үзвэл дээр гэж шийдвэр гаргахын өмнө бусдын саналыг сонсох гэсэндээ үүнийг сийрүүллээ.