Monday, January 30, 2017

Старт-ап үндэстэн номын дүгнэлт

Старт-ап үндэстэн номыг унших явцад өөрт төрсөн дүгнэлтийг товчлон хүргэж байна. 
  • Даруу төлөв зан нь өөрийгөө бусдад ойлгуулах, илэрхийлэх, улмаар өөрийгөө бодитоор үнэлүүлэхэд саад болдог. Тиймээс өөрийн үзэл бодол, нөхцөл байдал, хийсэн ажил, хийж чадах боломжоо бодитоор илэрхийлэх хэрэгтэй.
  • Бүтэлгүйтэл бол албаар хийдэг зүйл биш, харин ч бүтэлгүйтлийн дараа туршлага хуримтлуулсан байдаг. Нэг бүтэлгүйтсэн хүнийг түлхэх биш дараагийн ээлжинд амжилт гаргах магадлалтай гэж дэмжих ёстой. Харвардын их сургуулийн судалгаагаар бүтэлгүйтэл үзсэн 5 хүний нэг нь дараагийн удаад амжилт олдог гэсэн судалгаа байдаг. Бүтэлгүйтлийн ард гаргасан хүчин чармайлт, оролдлого, хөдөлмөр, цаг хугацаа, стрессийг үнэлэх нь зүйтэй. Тиймээс бүтэлгүйтлийг түмний доог болгох хэрэггүй.
  • Удирдах албаны хүмүүс бусдад шийдвэр гаргах эрх шилжүүлж чаддаг байх ёстой. Израйльчууд залуу хүмүүст итгэл хүлээлгэн шийдвэр гаргах, түүнийхээ хариуцлагыг үүрэх боломжийг олгодог. Энэ боломжоо цэрэг армийн ажиллагаа, дайны үед олгодог нь залуу хүмүүст алдах эрхгүйгээр богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадварыг олгодог. Ингэж бодит амьдрал дээр шийдвэр гаргах түүнийхээ үр дүнг үздэг нь аливаа шийдвэрийг гаргахад зоримог, өөртөө итгэлтэй болгодог байна.
  • Израйльчууд мэтгэлцээний өндөр соёлтой ард түмэн. Аливаа хүнтэй харьцахдаа зэрэг зиндааг харгалзан үздэггүй, харин өөрийн үүргээ ухамсарласан байдал нь өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэхээс гадна өндөр тушаалтныг ухамсартай, ёс зүйтэй, удирдан манлайлах чадвартай байхыг шаарддаг. Жишээ нь: цэргүүд өөрсдийгөө удирдаж байгаа офицерыг чадвар муутай байвал ажлаас нь халах боломжтой байдаг тул тухайн офицер цэргүүдээ удирдан манлайлах өндөр ур чадвар эзэмшиж байнга хичээх шаардлага гардаг. Тиймээс ч  цолноос илүү бүтээмжийг дээдлэх хандлага дэлгэрсэн.
  • Нэгэнт зэрэг зиндаа, нас чухал биш учир хувь хүн өөрийгөө үнэлэх байдал, зарчимч чанараа чанд баримталдаг.
  • Израйль залуус 23 нас хүрэхдээ төлөвшсөн, өөрийн гэсэн үзэл бодол нь тогтсон, дүн шинжилгээ хийх, бие дааж шийдвэр гаргах чадвартай болсон байдаг.
  • Манлайлал бол бусдад итгэл үзүүлэх, үр дүнд хүрэх, ёс суртахууныг баримтлах, урам зориг хайрлах, хүндлэл үзүүлэх чадвар юм.
  • Эх орноо гэсэн чин сэтгэлтэй бизнесмэн, улстөрчид эдийн засгийн хөгжил, улс орны өрсөлдөх чадварыг бий болгож байна. Жишээ нь: Ерөнхий сайд байсан хүн залуу хүнд итгэл хүлээлгэн өөрийн нэр хүндээрээ дэнчин тавьж дэлхийн том компаниудын удирдлагуудтай өөрийн биеэр уулзалтыг зуучлан, удирдах нь тухайн залууг дэмжиж байгаадаа бус тухайн залуугийн хийж байгаа ажил нь улсын хөгжилд их хувь нэмэр оруулна гэсэн үүднээс чин сэтгэлээсээ тусалж байгаа эх оронч сэтгэлийн илрэл гэлтэй.
  • Хориглох тусам ухаан зарцуулна. Зовж үзсэн ард түмэн ухаан сууж, аливаа асуудлын ард гарах чадвартай болдог. Эрх чөлөөгөө боолгуулж байсан болохоор аялах болон аяллын үед хөтөлдөг “ном бүтээх” соёлтой болсон. Энэхүү ном нь дараа дараагийн аялагчдад гарын авлага болж хэрэглэгдэх учиртай.
  • Засгийн газраас залуусаа, стартапуудаа маш хүчтэй дэмждэг. Бусад улсуудын хөрөнгө оруулалтыг татахад засгийн газар нь манлайлж хөрөнгө оруулалтын сан бүрдүүлдэг. Нээрээ л тухайн улсын засгийн газар нь итгэл үнэмшилгүй бөгөөд дэмжихгүй бол гадны улс орнууд юу гэж тухайн энтрепренёруудыг дэмжих вэ дээ.
  • Цэргийн алба нь 3 жилийн хугацаатай байдаг бөгөөд их сургуулийн дайтай сургалтад хамрагддаг. Дээр дурдсанчлан цэрэгт шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийж сурдаг. Цэргийн алба хаасны дараа жил бүр нэгээс дөрвөн долоо хоногийн хугацаатай эргэн нэгдэж сургуулилт хийх нь дан ганц байлдааны бэлэн байдлыг хангахаас гадна өөр хоорондоо илүү ойр дотно болж, багаар ажиллах, ойлголцох чадвар нэмэгддэг. Энэ нь цэрэгт цуг алба хаасан үе тэнгийнхэн “амь нэг”-тэй болох хөтөлбөр юм.
  • Энтрепренёр хүний заавал эзэмших чадвар бол эрсдэл үүрэх, санаачлгатай байх, овсгоотой байх явдал юм.
  • Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх, эрүүл шүүмжлэл, илэн далангүй байдал, тулгамдаж байгаа асуудлаа бусадтайгаа хуваалцах, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч тухайн алдаанаасаа юу сурснаа бусадтайгаа хуваалцах соёл нь энтрепренёруудыг амжилтад хүргэдэг. Өөрийг өмөөрөх болон нэрэлхүү зан нь хэзээ ч амжилт руу хөтлөхгүй.
  • Гуравдагч улс (Монгол ч гэсэн энэ ангилалд хамрагддаг) бол гараанаас байнга хойно гарч байдаг учир ямар нэгэн зүйлээрээ гарамгай байж өөрсдийн дархлаа, өрсөлдөх чадварыг бий болгодог.
  • Хамгийн чухал баялаг бол хүн, түүний мэдлэг, ур чадвар, нэр хүнд, харилцагчдадаа бий болгосон итгэл юм.
  • Үйлдвэр нурвал барьж болно, харин итгэл алдарвал босгож чадахгүй. Тиймээс Израйльд дайн болж байхад Интелийн үйлдвэрлэлийг зогсоохгүй үргэлжлүүлсээр байсан. Тиймээс ямар ч саад бэрхшээл Интелийн үйлдвэрлэлийг зогсоож чадаагүй юм.
  • Стартап бизнес эрхлэх сайн тогтолцоог бий болгож, таниулж чадсанаар урт хугацаанд үр дүн нь гарч чадварлаг мэргэжилтэнтэй, хөрөнгө оруулалтыг татах орчинтой, тогтвортой улс төртэй болжээ.
  • Цэргийн албыг өөрөөр хэлбэл цэргийн аж үйлдвэр гэж нэрлэж болохоор түвшинд сургалт болон практик ажлуудыг хийдэг. Ямар чиглэлийн анги салбарт очихоо арван жилд сурч байхдаа шийдэж сурлагаар нь эрэмбэлсний үндсэн дээр тухайн цэргийн ангиа сонгодог (манай ЭЕШ шиг). Технологийн чиглэлээр цэргийн алба хаах залуус 3 жил цэргийн алба хаасны дараа 6 жил тухайн чиглэлээр дахин цэргийн алба хаах ёстой. Энэ хугацаанд суралцаж, ажилласны эцэст жинхэнэ технологич болон бэлтгэгдсэн байдаг.
  • Израйль хүн ам цөөхөн (8 сая гаруй) учир өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд нэг хүн олон төрлийн ур чадвар эзэмших шаардлага тулгардаг.
  • Хэт нарийн төлөвлөж түүнийгээ дагадаг байвал бусад хүмүүс тухайн төлөвлөгөөг нь мэдчихвэл маш аюултай байдаг тул зорилгоо тодорхойлчхоод түүндээ яаж хүрэх, хурдан хийх зэргээ өөрсдөө шийдвэрлэн ажиллахыг илүүд үздэг.

-->