Saturday, March 24, 2007

Мэдээллийн технологийн зардал болон төслийн талаар...


Мэдээллийн технологийн зардлыг буруу ойлгож гар татсанаараа байгууллага давуу талаа алддаг


Мэдээллийн технологийн үйлчилгээний хүрээ тэлэх тусам хэрэглээ өргөжиж байгаа нь энэ салбарын хөрөнгө оруулалт байнга нэмэгдэж байгаатай салшгүй холбоотой билээ. 1960-аад оны үед компьютер маш үнэтэй байсан учир төдийлөн хүн бүр битгий хэл байгууллага бүр худалдан авах боломжгүй байжээ. Энэ үед АНУ-д санхүүгийн чадавхитай байгууллагуудын нийт зардлын 0.2 хүрэхгүй хувь нь мэдээллийн технологийн бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулагдаж байв. Түүнээс хойш дэвшилтэт техник, технологи хөгжиж, эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны шинэ шинэ ололт амжилтуудыг нээснээрээ компьютер болон түүний дагалдах хэрэгслийн үнэ аажмаар буурсаар ирсэн. Улмаар 1980-аад оны эхэн үеээр Майкрософт болон АйБиЭм компаниуд хамтарч хэрэглэгчид хэрэглэхэд дөхөм үйлдлийн системтэй компьютеруудыг харьцангуй хямд үнээр үйлдвэрлэж эхэлсэнээр жирийн иргэд хувийн хэрэгцээндээ компьютер худалдан авах чадвартай болжээ. Ингээд 1990-д оны эхэн үе гэхэд байгуулагын төсвийн 1.1 орчим хувь нь мэдээллийн технологид зарцуулагддаг болов. Харин одоо үед, 2006 онд Мэдээллийн удирдлагын нийгэмлэгийн явуулсан судалгаагаар нийт оролцогчдын талаас илүү хувь нь 2007 онд мэдээллийн технологид зарцуулах зардал өснө гэж хариулсан байна. Учир нь энэ салбарын ажилчдын цалин нэмэгдэнэ гэж үзсэнтэй холбоотой аж. 2006 оны байдлаар МТ-ийн зардал нийт төсвийн 3.6 хувийг эзэлж байжээ. Байгууллагын захирал болон санхүүгийн удирдах ажилтнууд МТ-ийн салбарт хөрөнгө оруулахдаа маш хойрго хандах болсон. Учир нь байгууллагынхаа МТ-ийн чадавхийг сайжруулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулдаг ч өгөөж багатай хөрөнгө оруулалт гэж үздэгтэй холбоотой. Түүнээс гадна Морган Стэйнлэс компани МТ-ийн зардалдаа 2000-2002 оны хооронд 130 тэрбум ам.доллар зарцуулсан боловч амжилт олоогүй явдал нь бусад санхүүгийн удирдах ажилтнуудын хувьд гашуун сургамж болсон байна. Гэхдээ тэд нэг зүйлийг дутуу ойлгодог гэж хэлж болно. Энэ юу вэ гэвэл тэд МТ-ийн салбарт хэдийн хэмжээний хөрөнгө оруулна төдий хэмжээгээр ашиг нь нэмэгдэх ёстой гэж үздэг. Энэ бол буруу ойлголт. Ер нь ихэнхи тохиолдолд МТ-ийн хөрөнгө оруулалт нь эргээд ашиг авчирдаг нь үнэн боловч энэхүү хөрөнгө оруулалтаа мөнгөний өнцгөөс харах нь дутагдалтай. Учир нь МТ-д хөрөнгө оруулсанаараа тухайн байгууллага өөрийн удаан оршин тогтнох байдлаа хангах, одоогийн эзэлж байгаа зах зээлийн хэмжээгээ хадгалж үлдэх, өрсөлдөгчдөөсөө давуу тал олж авах зэрэг шууд мөнгөөр хэмжигдэхгүй өгөөжүүдийг удирдах ажилтнууд тооцохгүй байна.

Эдгээрээс гадна МТ-ийн зардлыг бүртгэж авахдаа алдаа хийдэг нь энэ салбарын хөрөнгө оруулалт ашиггүй мэт харагдуулаад байгаа юм. МТ-д зарцуулагдаж байгаа зардлыг шууд үндсэн хөрөнгөд бүртгэдэг боловч багагүй хэмжээний зардал нь үйл ажиллагааны зардалд бүртгэгдэх ёстой. Ер нь МТ-ийн зардлыг үндсэнд нь нэг удаагийн зардал, хэрэглээний зардал, шинэчлэлтийн зардал гэсэн 3 хэсэгт хуваах ёстой. Үүнээс нэг удаагийн зардал нь тоног төхөөрөмж худалдан авах зэрэг нь хамаарах учир үндсэн хөрөнгөд бүртгэнэ. Шинэчлэлтийн зардал нь программ хангамж, техник хангамж зэргийг шинэчлэх болон лиценз худалда авах, сэргээх зэрэг зардлууда багтана. Үүний ихэнхи хэсэг нь үйл ажиллагааны зардалд хамрана. Хэрэглээний зардал нь байгууллагын МТ-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардал учир бүгд үйл ажиллагааны зардал хамрагдах нь ойлгомжтой.

Аливаа байгууллага шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулах биш төслийн үр дүн нь байгууллагын үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлөх тэрхүү төслүүдээ нэн түрүүнд амжилттай дуусгахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл МТ-ийн төслүүд нь удаашрах тусам шинэ дэвшилтэт технологиуд ар араасаа түрэн орж ирж тухайн төслийн үнэ цэнийг бууруулж байдаг. Улмаар тухайн технологиудыг төсөлдөө тусгах гэж цаг их зарцуулж, зардал нэмэгддэг. Ер нь амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүдийн дийлэнхи олонхи төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрч мөн төсөвлөсөн зардал нь дунджаар 2 дахин хэтэрдэг. Иймээс МТ-ийн төсөл хэрэгжүүлэхдээ удирдах ажилтнууд маш болгоомжтой хандах нь элбэг тохиолдол. Саяхан АНУ-ын Мэдээллийн нийгэмлэгийн хийсэн ажиглалтаар амжилттай хэрэгжсэн МТ-ийн төслүүд нь дараах шинж чанаруудыг агуулсан байжээ.
Үүнд:
· Төслийн багийн гишүүдийн тоо 6 буюу түүнээс бага
· Нийт төсөв нь 750 мянган ам.доллар буюу түүнээс бага
· Төслийн үргэлжлэх хугацаа 6 сараас илүүгүй
Эндээс харахад МТ-ийн төсөл нь хөгжилтэйгээ ямагт цуг явж байдаг учир аль болох түргэн хугацаанд хийх шаардлагатай байдаг нь харагдаж байна. Түүнээс гадна МТ-ийн төслийг амжилтгүй болгодог шалтгаануудаас дурдвал: шаардлагаа буруу тодорхойлсон, хэрэглэгч болон захиалагчдыг бүрэн хамруулаагүй, нөөцийн хомсдол, бодит бус хүлээлт, төслийн дулимаг удирдлага, дутуу төлөвлөлт гэх мэтээр үргэлжлэх болно. Ингээд төгсгөлд нь МТ-ийн төслийн хэрэгжилтийн талаарх графикийг дор тавилаа.





References

Alter, A 2006, eWeek, 25 September, Vol. 23 Issue 38, EBSCOhost, p10, viewed 9 March 2007.

Dickerson, C 2004, InfoWorld, 31 May, Vol. 26 Issue 22, EBSCOhost, p22, viewed 9 March 2007.

Dugan, R 2002, Journal of Academic Librarianship, July, Vol. 28 Issue 4, EBSCOhost, p238, viewed 9 March 2007.

Judith, M 2004, Feliciter, Vol. 50 Issue 1, p7.

Marchewka, J 2006, Information Technology Project Management, Providing measureable organization value, Second Edition, Lehigh Press, New Jersey.

Marshall, P., McKay, J., Prananto, A. 2005, ‘Business Value Creation from IT Investments: Towards a Process Theory of IT Governance’, Australasian Journal of Information Systems, Volume 12 No. 2, Swinburne University Library, pp. 192-206, viewed 10 March 2007.

Wednesday, March 21, 2007

Аутсорсингийн тулгамдсан асуудлуудаас


Саяхан хийсэн судалгааны ажлаасаа товчилон тавьж байна. Ойрд цаг зав бага байгааг минь ойлгоно буй за. Үүнийг бичихдээ академик баримтан дээр тулгуурласан болно. Дор нь эх үүсвэрүүдийн жагсаалтыг тавилаа.

(An episode of Literature Review called Contemporary Issues for IS Managers)



Аутсорсинг үйлчилгээнд амжилт олсон компаниудын нэг бол АйБиЭм. 1996 онд аутсорсингийн зах зээлд орохдоо ямар ч харилцагчгүй өөрөөр хэлбэл орлого нь 0 ам.доллар байсан ба 18 сарын дараа 3 тэрбум ам.доллар олсон байх юм. Мөн 2005 оноос эхлэн Пакистан улс өөрийн 17 сая англи хэлтэй иргэд мөн 75 мянга гаруй АйТи-ийн мэргэжилтнийхээ хүчинд тулгуурлаж Энэтхэгийн аутсорсингд олсон амжилтын замналаар явахаа мэдэгдэж засгийн газраас нь хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Эхний ээлжинд жилд дор хаяж 7000 мянган мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа (одоогоор жилд мянган чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа нь хангалтгүй тоо) бөгөөд 3-н газар АйТи парк байгуулж эхлээд байна гэж мэдэгджээ. (2005 оны байдлаар) Пакистан улс 2004 онд программ хангамжийн үйлдвэрлэлээрээ 300 сая ам.доллар олсон бол Энэтхэг улс 12.8 тэрбум ам.доллар олжээ. Аутсорсинг компаниуд нь өөрсдийн стратегиа боловсруулчихсан байгаа бөгөөд АНУ-ын зах зээл рүү хүчтэй орох мөн Европын зах зээлд өөрийн байр суурийг эзлэх болно хэмээн мэдэгдэж байна.

Аутсорсинг үйлчилгээ чанарын шаардлага хангаж байна уу?

Risk and Security сэтгүүлийн 2007 онд явуулсан судалгаанд нийт 750 гаруй менежер (эдгээрийн 70 орчим хувь нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай хүмүүс) хамрагдсан бөгөөд эдгээрийн 26 хувь нь л аутсорсингийн үйлчилгээ нь чанарын хувьд маш сайн гэсан бол 60 хувь нь сэтгэл дундуур хэмээн хариулсан байх юм. Офшор аутсорсингийн хувьд нийт оролцогчдын 14 хувь нь л сэтгэл хангалуун явдаг юм байна. Аутсорсинг түншээ сонгохдоо 2 зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Эхнийх нь аутсорсинг компаний чадамж (үүнд: мэдлэг чадвар, туршлага), нөгөө нь төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө нь байгууллагын хүсэл эрмэлзэлтэй яв цав нийлж байх ёстой бөгөөд шаардлагыг нь бүрэн хангасан байх ёстой.
Тухайн компани аутсорсинг харилцагчаа хянаж байх ёстой. Хэрвээ өөрсдөө энэ хяналтыг хийх боломжгүй (туршлагагүй, мэдлэггүй, мэргэжлийн баггүй гэх мэт) бол гуравдагч хөндлөнгийн этгээдээр хянуулж болно. Аутсорсинг үйлчилгээг хянадаг мэргэжлийн компаниуд бий болсон.

Ихэнхи компаниуд аутсорсинг үйлчилгээ авахдаа түншдээ итгэл үзүүлдэг. Энд дараах аюулууд бий:
· аутсорсинг компанийн ажилтан мэдээлэл хулгайлах, мэдээллийг хууль бусаар ашиглах (Ж: 2006 оны 11 сард HSBC банкны Энэтхэг дэх утасны үйлчилгээг хангагч аутсорсинг компанийн ажилтан мэдээлэл хулгайлж хууль бусаар ашигласан)
· аутсорсинг компаний боловсруулсан программ хангамж болон системд нь алдаа гарах, найдваргүй ажиллах
Энэтхэг харилцагч нартаа итгэл үзүүлэх зорилгоор агентлаг байгуулж тэр агентлагийн гишүүн болсоноор тодорхой хэмжээний сургалтад хамрагдах мөн тэрхүү агентлаг нь системийн үйл ажиллагааны найдвартай байдалд хяналт тавих болно. Байгуулагдаад удалгүй мянга гаруй компани тэр агентлагийн гишүүн болсон нь зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгаа.
Түүнээс гадна АйТи-гийн аливаа компанид мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм журам, бодлого байх хэрэгтэй. Мөн аутсорсинг харилцагчаа сонгохдоо тухайн компанийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бүх төрлийн баримт бичгийг нь судлах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар мэдээллээ алдах юм бол харилцагч нарынхаа итгэлийг алдах улмаар цаашдын бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх учир ямар ч тохиолдолд аутсорсинг компанид хариуцлагыг үүрүүлэх нь маш буруу. Өөрөөр хэлбэл өөрийн компанид хамаатай мэдээллийн нууцыг хариуцах үүрэг зөвхөн тухайн компанид л өөрт нь байдаг. Ер нь аутсорсинг компани программ боловсруулах явцдаа өмнөх хийж байсан программуудаасаа кодыг нь хуулж тавих, дахин ашиглахыг цээрлэх хэрэгтэй. Энэ нь өөр байгууллагуудын программынх нь код адилхан байж болохгүй гэсэн стандарттай харшилдаг байна.


References


Desouza, K., Awazu, Y., Mehling, J 2004, ‘The Risk of Outsourcing’, J@pan Inc, Issue 60, EBSCOhost, pp. 32-37, 6p, viewed 10 March 2007.

Grover, V., Cheon, M 1996, Journal of Management Information Systems, Spring, Vol. 12 Issue 4, EBSCOhost, p89, viewed 10 March 2007.

Gruman, G 2006, Computerworld, 9 October, Vol. 40 Issue 41, EBSCOhost, Special section pp. 3-10, viewed 10 March 2007.

Harris, N 1996, ‘Federal budgeting for information technology’, Government Information Quarterly, Vol. 13, Issue 4.

Hines, M 2007, eWeek, 22 January, Vol. 24 Issue 3, EBSCOhost, pp. 23-24, viewed 10 March 2007.

‘Indian Agency to Enforce Outsourced Data Security’ 2006, Information Management Journal, July/August, Vol. 40 Issue 4, EBSCOhost, p9, viewed 11 March 2007.

Lee, J., Kim, Y, 1999, Journal of Management Information Systems, Spring, Vol. 15 Issue 4, EBSCOhost, p29-61, viewed 10 March 2007.

Perry, W., Devinney, S 1997, Information Systems Management, Vol. 14 Issue 2, Spring, p23.

Schelmetic, T 2006, ‘Customer Interaction Solutions’, Mondaq Business Briefing, 28 November, InfoTrac online library, viewed 11 March 2007.

Tuohy, C 2007, Risk & Security, February, Online database p.82, view 10 March 2007.

Treacy, B 2006, ‘Key Data Protection Issues In An Outsourcing Context’, Internet Wire, 29 December, viewed 11 March 2007, http://infotrac-college.thomsonlearning.com/itw/infomark/172/114/102799120w2.

Monday, March 19, 2007

Сонсдог мэдээ


Хүн төрөлхтөн таван мэдрэхүйгээрээ мэдээллийг авч байдаг, харин интернэтээс мэдээлэл авахдаа үүний зөвхөн хоёр нь л хэрэглэгддэг билээ. Ихэнхи мэдээллийн чанартай мэдээллийг голцуу харах мэдрэхүйгээр буюу уншиж хүртдэг байсан бол вэб 2.0 хэмээх дараагийн үеийн вэб технологиуд бий болсоноор интернэт дэх мэдээллүүд podcasting (вэбд суурилсан дуун мэдээлэл гэж орчуулах юм уу даа) хэлбэр лүү өргөнөөр шилжиж байгаа нь хэрэглэгчидэд улам хүртээмжтэй болж байна. Podcasting хэрэглэж хорвоог тольдогч нүдээ бага ч болов компьютерийн дэлгэцнээс холдуулж амраах, мөн цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөх боломжтой. Миний хувьд сүүлийн үед зарим мэдээллийг mp3 тоглуулагч эсвэл iPod дээрээ татаж суулгаад сонсчихож байна. Ялангуяа сургууль гэр хоёрын хооронд явж байхдаа метронд эсвэл орой унтахынхаа өмнө орондоо орчихоод сонсож байхад их тохиромжтой. Хэрвээ podcasting дэлгэрээгүй байсан бол метронд хүн ихтэй байхад юм уншаад явахад тав тухын хувьд ямар байх билээ дээ. Ингээд ямар ч гэсэн хэдэн podcasting мэдээлэл тавьдаг вэбүүдийн холбоосыг хажуу талд байрлууллаа.


Жич: Монголын мэдээллийн вэбүүд зарим мэдээллээ podcasting хэлбэрт оруулбал бүр ч гоё

Sunday, March 18, 2007

Хэрэг болохуйц вэб хуудаснууд

Өнөөдрөөс эхэлж хэрэгтэй вэб хуудасны хаягнуудаа блог дээрээ байрлуулж байхаар болно.

Common Vulnerabilities and Exposures - Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой нэр, томъёонуудын стандартчилал

Computer Security Institute - Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудад зориулсан вэб хуудам ба наад зах нь одоогийн хамгийн аюултай халдлага гэх мэт мэдээллийг авах боломжтой.

Computer Security Resource Center - Мэдээллийн ауюлгүй байдлын стандарт зааварчилгаа.

Security Focus - Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой баталгаатай мэдээллүүд байрлана.

W3 Schools - вэб боловсруулалт, хөгжүүлэлттэй холбоотой үнэгүй хичээлүүд энд бий.

World Wide Web Consortium - Вэб хуудастай холбоотой бүх л стандартыг энэхүү байгууллага боловсруулж, баталдаг. Ядаж л энд өөрийн вэб хуудсаа стандартын дагуу хийгдсэн эсэхийг шалгах боломжтой.

(To be continued)