Намайг энд сурахаар ирэхэд нийт 16 хичээл буюу 200 кредит цуглуулах ёстой гэж байсан. Тэгсэн харин манай сургууль урьд нь Бакалавраа Мэдээллийн технологийн чиглэлээр сурсан бол 4 хичээлийг нь шууд хаачихаж болно гэсэн дүрэмтэй байдаг юм байна. Тэгээд өмнөх КтМС төгссөн дипломоо үзүүлээд Компьютерийн сүлжээ, Өгөгдлийн сангийн удирдлага, Системийн шинжилгээ, Программчлал зэрэг 4 хичээлээ хаалгаад семестерт 4 хичээл үзэх ёстой байсан бол 3 хичээл үзэх боломжтой болвоо. Тэгээд өнгөрсөн семестерт Жава программчлал, Интернэт технологи, Дэвшилтэт вэб технологи гэсэн 3 хичээл үзлээ. Би бээр уг нь энд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа юм. Тэгсэн цаанаас мөнгөө шилжүүлэхдээ 4 хичээлийн мөнгө шилжүүлчихэж. Ер нь нийт 16 хичээлийн төлбөр шилжүүлэх юм гэсэн. Тэгэхээр нэгэнт сур сур бид мөнгийг нь төлье гээд байгаа болохоор нь энэ семестерээс эхэлж "сайн дураараа" 1 хичээл нэмж үзэхээр шийдлээ. Уг нь биеийн амарыг харвал семестерт 3 хичээл үзээд байж болно л доо гэхдээ бас нэг ч гэсэн юм илүү сураад авчихвал өөрт болон өрөөлд хэрэг болж магад тэгээд ч энд сурах гэж ирсэн болохоос жаргах гэж ирсэн биш гэсэн хэнхэг зан хөдлөөд байх юм. Ингээд энэ семестерт 4 хичээл үзэхээр сонголт хийсэн юм. Эдгээр 4 хичээл маань Мэдээллийн системийн төслийн удирдлага (Information Systems Project Management), Бизнесийн мэдээллийн системийн шинжилгээ (Business Information Systems Analysis), МТ-ийн боломжит өөрчлөлтийг удирдах нь (Managing IT-Enabled Transformation), Программ хангамжийн чанарын удирдлага (Software Quality Management) гэсэн хичээлүүд байсан боловч МТ-ийн боломжит өөрчлөлтийг удирдах гэсэн хичээлийг маань хөтөлбөрийн менежерээс зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар энэ семестерт үзэхийг зөвшөөрсөнгүй. Тиймээс энэ хичээлээ болиод Мэдээллийн системийн эрсдэл ба аюулгүй байдал (Information Systems risk and security) гэсэн хичээлийг үзэхээр болсон юм. Тэгсэн 2 хичээлийн лекц нь давхцсаны улмаас аль нэгийг нь бас л солих шаардлагатай болоод байна. Тэр 2 хичээл нь Мэдээллийн системийн төслийн удирдлага, Программ хангамжийн чанарын удирдлага гэсэн хичээл. Эхнийх нь хичээлийн одоо авахгүй бол дараагийн семестерүүдэд үзэх зарим хичээлүүдтэй маань уялдаатай болоод байдаг тиймээс Программ хангамжийн чанарын удирдлага гэсэн хичээлээ энэ удаад болихоос өөр арга алга. Уг нь энэ хичээл тун их сонирхол татаж байсан даан ч харамсалтай байна гэхдээ ирэх семестерээс заавал үзэх юм шүү.
За тэгээд одоо Мэдээллийн технологийн чадамжийг удирдах нь (Managing the IT Capability), Мэдээллийн системийн удирдлага (Information Systems Management), Мэдээллийн технологи дахь мэргэжлийн тулгамдсан асуудлууд (Professional Issues in IT) гэх 3 хичээлийн аль нэгийг сонгох хэрэгтэй болж байх шиг байна. Би л менежментийн хичээлүүд авна гээд байгаа болохоос биш программчлалын хичээлүүдийн сонголт зөндөө л байна л даа. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэж үг байдаг тиймээс өөрөө л энэ хичээлийг үзвэл дээр гэж шийдвэр гаргахын өмнө бусдын саналыг сонсох гэсэндээ үүнийг сийрүүллээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment