Сая 10-аад хоног гэр бүлтэйгээ Сидней, Голд Коаст, Брисбань зэрэг хотуудаар яваад ирлээ. Энэ хооронд ердөө 2 л удаа имэйлээ шалгасаныг эс тооцвол интернэттэй холбогдсонгүй. За ингээд явсан газрын сонин сайхан юу байна гэж ах, дүү, найз нөхөд маань асуугаад байгаа болохоор блог дээрээ нэг бичлэг тавьчихвал амар юм уу гэж бодсоны сацуу бусад хүмүүст бага ч болов хэрэг болж магад гэж үзээд үүнийг сийрүүлж сууна.
Онгоцны тийз
Онгоцныхоо тийзийг дор хаяж сарын өмнө онлайнаар захиалчихвал автобус, галт тэргээр явах үнэтэй бараг адилхан шахам үнээр худалдаад авчих боломжтой. Жишээ нь: Мелбурьнаас Сидней ороход галт тэрэг 90 орчим доллар байдаг бол онгоцны билетийг эртхэн захиалаад 89 доллараар авчихаж болно. Онлайн худалдаа хийдэг компаниуд гэвэл Flight Centre, JetStar, VirginBlue, WebJet зэрэг нь хамгийн хямд бөгөөд найдвартай. Мөн эдгээр компаниудаас хямдхан зочид буудал ч олчихож болох юм билээ. Бид Сиднейд 3 хонохдоо зочид буудалд буусан харин Голд Коастад арван жилийн маань анд Б.Билгүүн (Griffith-н Их Сургуульд Мэдээллийн Технологийн Магистрт сурч амжилттай төгсөөд бусах гэж буй) байдаг болохоор зочид буудлынхаа мөнгийг хэмнэсэн.
Цаг агаар
Сидней хот Мелбурьныг бодвол арай дулаан гэхдээ хүйтэвтэр салхитай газар юм. Ер нь Австралид бороо төдийлөн их ордоггүй их нарлаг газар. Хэдийгээр хотууд нь далайн эрэг дээр байрладаг хэдий ч хуурайшил ихтэй, түүнээс гадна азоны цоорхойтой их ойрхон болохоор нар нь хортой байнга л нарны тос (SPF 30+ гэсэн тоснууд зүгээр) түрхэж байхгүй бол арьсны хорт хавдартай болчихож магадгүй. Аялал жуулчлалын гол хот болох Голд Коаст нь дулаан уур амьсгалтай салхи нь хүртэл бүлээн далайн эргийн хот байлаа. Тэнд цаг агаар нь жилийн туршид дунджаар 20-29 градус байдаг гэж байна лээ.
Үзвэр, үйлчилгээ
Сиднейд очсон хүн Дуурийн байшин (Opera house), Харбор гүүр (Harbour Bridge) 2-ыг зайлшгүй үзэх хэрэгтэй. Дуурийн байшин нь 20-р зууны гайхамшигт барилгуудын нэг бөгөөд 6 заалтай, 1000 орчим өрөөтэй нүсэр том байгууламж. Тус байгууламжийг барихдаа нийт 33 жил зарцуулсан бөгөөд цэвэр барилгынх нь ажилд 14 жил зарцуулсан юм байна. Учир нь анхны төсвөөр барилгаа барьж байтал барилга нь дуусаагүй байтал төсөв нь дуусч улмаар үлдэгдэл хөрөнгийн эх үүсвэрээ олохын тулд хэсэг хугацаанд казино ажиллуулсан гэж байгаа. Анх тус барилгыг барих төсөл шалгаруулахад 33 орноос 230 гаруй санал ирж байсан бөгөөд тэр дундаас Данийн архитектурч Утцоны (Jorn Utzon) боловсруулсан төсөл шалгарч одоогийн байгууламжийг бүтээн босгожээ. Анх 4 жилийн хугацаанд 10 орчим сая доллараар барина гэсэн боловч тэр төсөв болон хугацаа нь уг байгууламжийг барихад хаанаа ч хүрээгүй бөгөөд тус байгууламжийг 33 жилийн дараа дуусгахад нийт 95 сая доллар зарцуулагдсан юм байна.
Голд Коаст хотын орчим Австралийн урдаа барьдаг Sea World, Movie World, Dream World, White Water World, Wet and Wild Water World 5 парк байхаас гадна Австралийн хамгийн өндөр байшин (327m) бий. Эдгээрээс Dream world болон White water world руу орох билетийг хамтад нь авбал хямд тусах юм байна лээ. Бас Sea world, Movie world, Wet and wild water world зэрэг паркууд руу орохдоо "Theme park ticket" авчихвал тус бүрийг нь тусад нь худалдаж авч байснаас хямд тусна. Эсвэл "Summer pass" авчихвал энэ 3 паркын 2 луу нь орох эрх авч болдог. Ер нь тусад нь билетийг нь авч байснаас нэгтгэсэн билетийг нь авчихсан нь арай хямд тусна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment