Wednesday, January 31, 2007

Бизнес ёс - 2

Хувцаслалт

"Бие чөтгөр, хувцас бурхан", "Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэх мэт аман яриа байдаг. Тиймээс хувцсандаа анхаарал хандуулах нь амжилтын эхлэл ч байж болох юм. Эрчvvдийн дийлэнх нь ажил хэргийн уулзалтад костюм өмсдөг болохоор костюмын талаар хэдэн зүйл хэлье.
Костюм тань юуны өмнө таны худалдан авах чадварын хамгийн дээд хэмжээнд хүрсэн сайн чанарын материалтай (болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалыг сонгох хэрэгтэй), өнгийн зөв сонголттой байх ёстой. Ер нь саарал өнгө ямар ч өнгөтэй зохицодог гэдэг. Сорочикны тань ханцуй пиджакны ханцуйнаас 2 см орчим цухуйж (тохой нугалахад) байх нь тансаг байдлыг илтгэдэг. Өмдний тань урт суух үед оймс, түрий хоёрын завсраар нүцгэн хөл харагдахааргvй байвал зохино. Пиджакны хамгийн доод товчийг товчилдоггүй. Суух үедээ бүх товчоо тайлж болно бусад үед бүх товчнуудаа (доод товчноос бусад) товчлох ёстой гэдэг юм билээ.
Гутал тань бараан єнгийн байвал зvгээр ба үргэлж гялалзаж байх ёстой. Ер нь ихэвчилэн хар, хар хүрэн, хөр бор зэрэг өнгийн гуталнууд зохимжтой. Гуталны ул аль болох нимгэн, арзгар биш байх нь зүйтэй. Лакан гутлыг гоёлд өмсдөг учир болж өгвөл арьс, ширэн гутал сонгох хэрэгтэй. Оймсны өнгө нь гуталны өнгө дагуу байх ёстой. Хар, хар хөх оймс бараг мөрдлөг болсон гэж хэлж болно. Цагаан болон цайвар өнгийн оймс өмсөхөөс эрс татгалзах хэрэгтэй. Зангиа тань цулгуй биш бол нүдэнд тусаад байхааргүй даруухан хээтэйг сонгоорой. Зангианы өргөн нарийнийг пиджакны захны өргөнтэй харьцуулж сонгодог. Хэтэвч, бүс, цагны оосор, цүнх 4 нэг өнгийн байвал зүгээр. Албан гэрээ хэлцлийн үед өмднийхөө индүүдлэгт анхаарах нь зүйтэй юм шvv. Жишээ нь Японд харилцагчаасаа илүү индүүдлэгтэй өмд өмсөхийг цээрэлдэг гэж сонсож байсан юм байна. 2 ширхэг нусны алчуур байнга биедээ авч явах нь зүйтэй. Нэг нь баруун халаасанд нөгөө нь нүдний шилээ арчих, бvсгvйчvvдэд туслахад зориулагдаж энгэрийн халаасанд явдаг.
Цув, пальто зэрэг гадуур хувцасны урт нь өвдөгний үеэс дээш эсвэл доош 10 сантиметрийн хооронд байх нь зохимжтой.


Албан захидал

Албан захидал дээрх ойлголтод төрөл бүрийн захидал ба аль нэгэн албан тушаалтны нэрийн өмнөөс болон албан тушаалынхаа эрхийн дагуу явуулж буй захидал харилцааны бүх хэлбэрийн бичиг баримт ордог. Албан захидал нь таны бодол, тодорхой саналыг түншид чинь зөв, товч тодорхой ойлгуулж чадвал тун чухал.

Шинж чанар:

  • уншиж ойлгоход хялбар, хамгийн энгийн үгээр бичнэ

  • санаа, бодол, гуйлт, хүсэлтээ шууд хэлсэн байна

  • давхар ац утгагүй, товч утгагүй

  • аливаа зүйлийг байгаагаар нь бодитой бичнэ



  • Албан захидлыг өөдрөг өнгөөр эхлээд өөдрөгөөр төгсгөх ёстой.

  • Хэцүү үг хэллэг аль болох хэрэглэхээс зайлсхий

  • Өөртөө итгэлтэй байгаагаа дурдах хэрэгтэй

  • Аль болох богино өгүүлбэрээр бичнэ


Анхаарах зүйлс

  • Юуны тулд захиа байна гэдгээ тодруул

  • Тухайн бичиг, захидал хүлээн авагч захианаас ямар шинэ мэдээ, мэдээлэл авах вэ? Тэр мэдээллийг авснаар ямар үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна гэдгийг тодруул

  • Төлөвлөж байгаа захиа хэнд очих вэ? Гэдгийг тооцно

  • Ямар нэг тодорхой нөхцөл байдалд тухайн захиаг уншигчийн анхаарлыг хандуул

  • Бичсэн зүйл маань уншигчид хялбар ойлгогдохуйц байгааг хянана

  • Уншигч хүссэн ёсоор үйл ажиллагаа явуулах гарцаагүй байдалд оруулахуйц үг өгүүлбэр ол

Tuesday, January 30, 2007

Австрали орноор - 3

Сая 10-аад хоног гэр бүлтэйгээ Сидней, Голд Коаст, Брисбань зэрэг хотуудаар яваад ирлээ. Энэ хооронд ердөө 2 л удаа имэйлээ шалгасаныг эс тооцвол интернэттэй холбогдсонгүй. За ингээд явсан газрын сонин сайхан юу байна гэж ах, дүү, найз нөхөд маань асуугаад байгаа болохоор блог дээрээ нэг бичлэг тавьчихвал амар юм уу гэж бодсоны сацуу бусад хүмүүст бага ч болов хэрэг болж магад гэж үзээд үүнийг сийрүүлж сууна.

Онгоцны тийз

Онгоцныхоо тийзийг дор хаяж сарын өмнө онлайнаар захиалчихвал автобус, галт тэргээр явах үнэтэй бараг адилхан шахам үнээр худалдаад авчих боломжтой. Жишээ нь: Мелбурьнаас Сидней ороход галт тэрэг 90 орчим доллар байдаг бол онгоцны билетийг эртхэн захиалаад 89 доллараар авчихаж болно. Онлайн худалдаа хийдэг компаниуд гэвэл Flight Centre, JetStar, VirginBlue, WebJet зэрэг нь хамгийн хямд бөгөөд найдвартай. Мөн эдгээр компаниудаас хямдхан зочид буудал ч олчихож болох юм билээ. Бид Сиднейд 3 хонохдоо зочид буудалд буусан харин Голд Коастад арван жилийн маань анд Б.Билгүүн (Griffith-н Их Сургуульд Мэдээллийн Технологийн Магистрт сурч амжилттай төгсөөд бусах гэж буй) байдаг болохоор зочид буудлынхаа мөнгийг хэмнэсэн.

Цаг агаар

Сидней хот Мелбурьныг бодвол арай дулаан гэхдээ хүйтэвтэр салхитай газар юм. Ер нь Австралид бороо төдийлөн их ордоггүй их нарлаг газар. Хэдийгээр хотууд нь далайн эрэг дээр байрладаг хэдий ч хуурайшил ихтэй, түүнээс гадна азоны цоорхойтой их ойрхон болохоор нар нь хортой байнга л нарны тос (SPF 30+ гэсэн тоснууд зүгээр) түрхэж байхгүй бол арьсны хорт хавдартай болчихож магадгүй. Аялал жуулчлалын гол хот болох Голд Коаст нь дулаан уур амьсгалтай салхи нь хүртэл бүлээн далайн эргийн хот байлаа. Тэнд цаг агаар нь жилийн туршид дунджаар 20-29 градус байдаг гэж байна лээ.

Үзвэр, үйлчилгээ

Сиднейд очсон хүн Дуурийн байшин (Opera house), Харбор гүүр (Harbour Bridge) 2-ыг зайлшгүй үзэх хэрэгтэй. Дуурийн байшин нь 20-р зууны гайхамшигт барилгуудын нэг бөгөөд 6 заалтай, 1000 орчим өрөөтэй нүсэр том байгууламж. Тус байгууламжийг барихдаа нийт 33 жил зарцуулсан бөгөөд цэвэр барилгынх нь ажилд 14 жил зарцуулсан юм байна. Учир нь анхны төсвөөр барилгаа барьж байтал барилга нь дуусаагүй байтал төсөв нь дуусч улмаар үлдэгдэл хөрөнгийн эх үүсвэрээ олохын тулд хэсэг хугацаанд казино ажиллуулсан гэж байгаа. Анх тус барилгыг барих төсөл шалгаруулахад 33 орноос 230 гаруй санал ирж байсан бөгөөд тэр дундаас Данийн архитектурч Утцоны (Jorn Utzon) боловсруулсан төсөл шалгарч одоогийн байгууламжийг бүтээн босгожээ. Анх 4 жилийн хугацаанд 10 орчим сая доллараар барина гэсэн боловч тэр төсөв болон хугацаа нь уг байгууламжийг барихад хаанаа ч хүрээгүй бөгөөд тус байгууламжийг 33 жилийн дараа дуусгахад нийт 95 сая доллар зарцуулагдсан юм байна.

Голд Коаст хотын орчим Австралийн урдаа барьдаг Sea World, Movie World, Dream World, White Water World, Wet and Wild Water World 5 парк байхаас гадна Австралийн хамгийн өндөр байшин (327m) бий. Эдгээрээс Dream world болон White water world руу орох билетийг хамтад нь авбал хямд тусах юм байна лээ. Бас Sea world, Movie world, Wet and wild water world зэрэг паркууд руу орохдоо "Theme park ticket" авчихвал тус бүрийг нь тусад нь худалдаж авч байснаас хямд тусна. Эсвэл "Summer pass" авчихвал энэ 3 паркын 2 луу нь орох эрх авч болдог. Ер нь тусад нь билетийг нь авч байснаас нэгтгэсэн билетийг нь авчихсан нь арай хямд тусна.

Крилл фонт хоорондын хөрвүүлэлт

Сая Зоригт, Баярсайхан 2 андын бичлэгийг үзээд энэ бичлэгийг бичье гэж шийдлээ.

2003 онд Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр МИДАС ТББ-ын зохион байгуулсан төслүүдийг шалгаруулах уралдаанд 3 төсөл боловсруулж оролцсоны маань нэг нь дэмжигдэж санхүүжилт авч байж билээ. (миний төсөл хамгийн бага санхүүжилттэй нь байсан байх) Энэ төслийг боловсруулсан учир нь маш олон баримтууд АриалМон фонтыг ашигласан байдаг учир тухайн фонт л байхгүй бол унших боломжгүй. Тиймээс энэ бэрхшээлийг арилгах үүднээс энэ төслийг боловсруулж хэрэгжүүлсэн юм. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Жич: энэ төслийг хэрэгжүүлсэний дараа маш олон шүүмжлэлд өртөж байсан. Жишээ нь хэн ч хийчих юм байна, шал хэрэггүй, баахан мөнгө цохисон гээд л.. Энэ төслийг хэрэгжүүлэхэд тэгэж их мөнгө хөрөнгө цохиогүй (төсөв нь 500 орчим мянган төгрөг байсан шиг санаж байна) шаардлага ёсоор сонины буланд сурталчилгаа тавих гэх мэт маркетингийн үйл ажиллагаанд төсвийн ихэнхи мөнгө нь явсан билээ. Түүнээс гадна ажлынхаа вэб серверийг ашиглаад байрлуулчихсан болохоор тогтвортой байдлын хувьд бусад төслүүдийг бодвол харьцангуй удаан хадгалагдаж байгаа.

Sunday, January 14, 2007

Бяцхан зүйрлэл

Сая нэг имэйл хүлээж авлаа. Манай хүргэн дүү маань сургуулиа төгсөөд төгсөлтийнхөө зургийг явуулсан байна. Ер нь миний эхнэр, эхнэрийн эгч одоо хүргэн дүү маань бүгд Америкад боловсрол эзэмшсэн хүмүүс. Одоо дүү маань мөн тэнд сурч байгаа. Тэгээд баяр хүргэж хариу имэйл бичихдээ сургах маягийн юм биччихлээ. Мунхаг би бээр хааяаа бодохдоо сургууль төгсөнө гэдгийг модтой зүйрлүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл сургууль төгсөж байгаа хүн газарт "мод" суулгаж байгаатай адил тэр модоо цаашид арчилж хамгаалж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр мод нь үхэж, хугарах улмаар өсөж дэвжихгүй үхэх болдог. Тиймээс нэгэнт бий болгосон модоо байнга усалж, арчилж байх хэрэгтэй. Харин тухайн мэргэжлийг тэр "мод"-ны төрөл зүйл(үүлдэр) гэж үзэж болох юм. Зарим моднууд маш их арчилгаа шаарддагтай адил зарим мэргэжлүүд (жишээ нь: компьютерийн ухаан) байнга юм уншиж мэдлэгийнхээ цар хүрээг нэмэгдүүлж, туршлага суухгүй бол "үхчих" гээд байдаг. Түүнээс гадна төгссөн сургуулийг нь мод суулгасан хөрс шороотой зүйрлэж болох юм. Хэдий сайн "хөрс"-тэй байна төдий чинээгээр ургах, том болох боломж бий болно гэсэн үг. Хэрвээ тааруу хөрсөнд суусан бол маш их "арчилгаа" шаардаж байж тэр "мод" өндөр ургана. Үүний эсрэгээр шилмэл хөрсөнд суусан мод (шилдэг сургууль төгсвөл) ургаж том болохдоо хурдан, бага зэрэг арчилахад л цэцэглэж дэлбээлээд, өсөж ургаад онцгой гоё өнгө үзэмжтэй болох бөлгөө.

Би гэдэг хүн хоёр ч мод суулгачихаж тэгсэн эхнийх нь суусан мод олигтой өсөж томорсонгүй, 2 дахь нь ч мөн адил. (Хөрс нь тийм муу биш болохоор л үхчихээгүй байх, бас хоёулаа л арчилгаа их шаарддаг "мод"-нууд) Хэдийгээр энэ 2 мод маань өндөр нам ч гэлээ анхнаас нь үндсээр нь холбосон ухаантай. Аль нэгэнд нь шим тэжээл дутагдсан үед нөгөө нь түүнийг нь нөхөж байх гэсэн зорилгоор. Би энэ 2 модондоо хоёуланд нь хайртай.


"Өвс ногоо өндөр ургах тусам бөхийдөг"
Японы зүйр цэцэн үгнээс иш татав

Бизнес ёс - 1

Өнөөдөр нэрийн хуудас солилцох, хувцаслалт зэрэг нийтлэлүүдийг уншлаа. Бага ч болов хэрэгтэй мэдээлэл байна. Үүн дээр нэмээд өөрийн мэддэг (яг одоогоор толгойд байгаа) зүйлээсээ бага ч болов хуваалцъя гэж бодлоо.

Би 3-р курсын оюутан байхдаа "Нүхт" ХХК-ийн вэб хуудас болон рестораны программыг нь хийж өгч билээ. Тухайн программ нь хоолны захиалгуудыг хүлээж аваад тухайн хоолонд орох материалын орцыг нь (хэдэн грамм мах, төмс, бүр ч тэр бүү хэл давсыг нь хүртэл тооцно) тооцоод тухайн өдөрт хэдэн төгрөгний орлого орж ирсэн, хэдий хэмжээний материал зарлагадсан гээд л тооцоо гаргахад хэрэглэгдэнэ. Энэ нь зарим үед орлогын хэмжээ нь тутах, тогооч нар нь хоолны материалаас "хумслах", нөөцийн хуваарилалт зэрэг нь алдагдах тохиолдлууд байсан учир хийлгэсэн байх. Улмаар тэр программ болон вэб хуудас нь тэр үед Нүхтийн босс байсан өдгөө Гурван гол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ганхуяг ахад маань таалагдаж бага зэрэг тоогдоод хамтарч ажиллах юм боловоо. Нэг өдөр над руу утасдаж байна "-Энэ хагассайн өдөр завтай юу нэг хүнтэй танилцуулах гэсийн" гэж байна би ч зөвшөөрлөө. Тэгсэн нэг Япон хүн байна. (хожим сонсохнээ Японы нэгэн том компанийн босс, их хэмжээний хөрөнгө оруулалт Монгол руу хийдэг, мөн "Гурван гол"-ын захиралууд, "Гацуурт"-ын Чинбат захирал зэрэг манай томоохон компаниудын боссуудтай хамтарч ажилладаг байсан юм билээ) Тэгээд миний хийсэн өчүүхэн юмыг маань үзэж танилцаад бүр алга ташиж байна. Тэгсэнээ бид өөртэй чинь хамтарч ажиллах гэсийн гэж байнаа. Би ч бүр балмагдаад юун дээр хамтарч ажиллахаа ч мэддэггүй. Тэгээд бид хэд хоолонд оров. (одоо бодоход тэр нь "business lunch" байсан юм шиг байгаа юм) Тэгээд баахан ажил төрлийн яриа өрнүүлээд л.. нөгөө Япон босс 2 ч туслахтай тэр 2 нь ээлжилж орчуулга хийгээд л сүүлд асуух зүйл байвал гээд надад нэрийн хуудсаа өгч байсан юм. Тэгээд хоол ирлээ. Тэр үед осолдохгүй л хутга сэрээ хэрэглэж мэдэхээс биш юуг нь түрүүлж идэх, тэр болон халбага сэрээний учрыг нь олохгүй тэвдэж байгаад бусад хүмүүсийг дууриагаад тэрнийг нь хэрэглэж байж билээ. Хожим нь тэнд ажиллаж байсан нагац эгчдээ тэр талаар хэлсэн чинь халбага сэрээний хамгийн гадна талаас нь эхэлж хэрэглэнэ мөн тэр 2-р хоолонд ирж байгаа ногоо нь чимэглэлийн зориулалттай болохоор иддэггүй юм. Дессерт нь компот бол түүгээр, торт бол тэрүүгээр нь харин жимс бол үүнийг хэрэглэдэг юм гээд их юм хэлж өглөө. Тэгтэл би гэдэг хүн тэр иддэггүй юмыг нь идчихсэн байх жишээтэй :). Ерөнхийдөө өөрийгөө их л эвгүй байдалд оруулж билээ. Тэгээд тэр хүн салахдаа надад "бизнес төлөвлөгөө" (одоо хийгдэж байгаа аутсорсинг хийе гэж ярисан юм билээ) боловсруулах даалгавар өгсөн юмдаг. Тэр үед энэ талаар "А" ч байхгүй хүн олигтой юм хийж өгөөгүй тэгээд ч хичээл гэж гүйгээд тэр талаар мартаад холбоо тасарсан юм. Цаашид над шиг хүмүүсийн өмнө эвгүй байдалд бүү ороосой гэсэндээ энэхүү нийтлэлийг тэрлэж сууна.

Нэрийн хуудас
Гадаад хүнтэй нэрийн хуудас солилцоод хэрвээ нэрийг нь уншиж, дуудахад бэрх бол өөрөөс нь лавлаж асуух нь зүйтэй. Тэгэхгүй бол дараа нь буруу дуудаж эвгүй байдалд орж болно. Тэгээд уулзалт дуусан дуустал ширээн дээрээ нүдэнд ил харагдахуйц газар нэрийн хуудсаа тавина. Хэрвээ олон хүнтэй уулзаж байгаа бол хамгийн өндөр албан тушаалтайгаас нь эхэлж нэрийн хуудаснуудыг нь байрлуулах нь зүйтэй. Уулзалтын дараа нэрийн хуудсыг нэрийн хуудас хийдэг хайрцагтай бол түүндээ хийнэ, хэрвээ тийм хайрцаг байхгүй бол цамцныхаа энгэрийн кирманд хийх хэрэгтэй. Түрийвч эсвэл бусад кирманд хийх нь хүндэтгэл үзүүлээгүй шинж гэж үздэг. Нэрийн хуудас хийлгэхдээ сайн чанарын цагаан цаас сонгох хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс пластик эсвэл жижиг CD ашигладаг болж. Энэ нь өртөг өндөртэй. Тэгээд эрэгтэй хүн хурц өнцөгтэй нэрийн хуудас, эмэгтэй хүн бөөрөнхийлсэн хэлбэртэйг ихэвчлэн ашигладаг.
Нэрийн хуудсанд хэтэрхий олон зүйл бичсэний хэрэггүй. Өөрийн овог нэр, ажлын газар, албан тушаал болон харилцах хаягаа бичдэг. Орчин үед гар утас болон гэрийнхээ утасны дугаарыг төдийлөн бичээд байхаа больсон. Хэрвээ тухайн хүнд энэ нь хэрэгтэй гэж үзвэл гараараа дээр нь нэмээд биччихэж болно. Хэрвээ олон сонгуульт албан тушаалтай бол арын хуудсан дээр нь эгнүүлээд биччихсэн нэрийн хуудас харж байсан юм байна.
За тэгээд нэрийн хуудас булан дээр нь янз бүрийн үсэг бичих, нугалах гэх мэтээр үзэл санаагаа илэрхийлдэг эдгээрийг яг одоо санахгүй байна.

Хооллолт
Ресторанд ороод үүдэнд нь "please wait, to be seated" гэх зэрэг бичиг байвал үйлчлэгчийг нь иртэл нь хүлээгээд суудлаа эзэлнэ. Хэрвээ тантай хамт яваа бүсгүй хүн явж байгаа бол түүнээ эхлээд суудалд урих нь боловсон хүний шинж. Хамгийн түрүүнд уух зүйлээ захих хэрэгтэй түүнийхээ дараа хоолоо захиална. Ресторан нь түргэн хоолны газар биш тул захиалга аваад багагүй хугацаа үрнэ энэ хооронд яриа өрнүүлэх хэрэгтэй. Тэгээд ширээн дээрх алчуурыг авч өвөр дээрээ тавих эсвэл энгэртээ хийж болно.
Зэрэгцүүлж тавьсан халбага сэрээг хэрэглэхдээ хамгийн гадна талаас нь эхлэж хэрэглэнэ. Яг энэ дарааллаар ч хоол нь ирэх болно. Зарим хүмүүс 1-р хоолныхоо тавгийг гараараа барьж далийлгаж байгаад дуустал нь идэж байгаа харагддаг. Энэ бол буруу үлдэх ёстой юм тэр тавгандаа үлдэх л хэрэгтэй. Тэгээд идэж дуусаад суурь тавган дээрээ халбагаа тавих хэрэгтэй. 2-р хоолоо аль болох орцонд орсон зүйлүүдээс ижил хэмжээтэй иднэ. Тэгээд хоолоо идэж дуусаад хутга, сэрээгээ зэрэгцүүлж тавина. Энэ нь хоолоо идэж дууслаа гэсэн дохиог зөөгчид өгч байгаа хэрэг.
Тооцоогоо хийхдээ зарим газар эвгүй байдалд орохгүйн тулд тип буюу гарын мөнгө өгөх хэрэгтэй болдог. Америкад бол зөөгчид нь гарын мөнгө өгөх "ёстой" энэ нь нийт үнийн 10-20% байдаг (гэхдээ бас мужаасаа хамаарч харилцан адилгүй байна). Харин Австрали, Япон, Солонгос, Хятад, Сингапур, Малайз зэрэг газруудад өгдөггүй бол Италид гарын мөнгө нь хоолных нь үнэд багтчихсан байдаг. Тайланд, Макао, Хонконг, Камбучи зэрэг жуулчин их очдог газар гарын мөнгө өгөх албагүй ч зөөгч нар нь "горьдож" суудаг шиг санагдсан.
Олон нийтийн хүлээн авалт эсвэл найр ч юм уу олон хүн цугларсан газар таныг хундаганы үг хэлэхийг урьж болох юм. Энэ тохиолдолд зарим хүмүүс оновчтой үг хэлээгүйн улмаас эвгүй байдалд ордог. Ер нь хэний ч сэтгэлд нийцэх хундаганы үг хэлье гэвэл болж өнгөрч буй нөхцөл байдлыг бага зэрэг дүгнэх маягтай дурдах эсвэл бүр бага зэргээр хошигнож болно.


Дээрх нийтлэлд ташаарсан зүйл байх аваас уншигч авхай та өршөөж, учгийг залруулна бизээ.