Tuesday, March 4, 2014

Ирээдүйн дэлгүүр

2008 онд ноороглож үлдээсэн бичлэгээ дуусгав. Түүнээс хойш одоог хүртэл ийм дэлгүүр манайд бий болоогүй байгаа нь миний энэ төсөөлөл амьдралаас тасархй эсвэл энэ төрлийн бизнесийн орон зай байгаа гэсэн үг. Зарим нэг зүйл нь хоцрогдсон байвал уучилна буй за.

Дэлгүүр бол бидний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг худалддаг газар учир хүссэн ч, эс хүссэн ч амьдрахын тулд дэлгүүр орох шаардлага бидэнд тулгардаг. Мөн энд багагүй цаг хугацаа, мөнгө зарцуулдаг.

Монголд ирээд, сурсанаараа Их дэлгүүр орж ойр зуурын хэрэгцээний хүнсээ цуглуулав. Тэгээд очерлож байж нэг юм кассан дээр очсон чинь хөнгөлөлтийн карт уншихгүй сүлжээ тасарсан гэж байна. За яахав тэгвэл тооцоогоо төлбөрийн картаар хийе гэтэл барааны нийт мөнгөн дүнг амандаа 2,3 үглэж аваад картыг маань аваад харайлгалаа шүү. Хэрвээ гадаад хүн бол картыг нь аваад зугтаж байна гээд бараг араас нь гүйх байсан байх. Тэр хооронд арын очер нэмэгдээд л.. /2008 онд ингэж бичиж байв. Харин байдал одоо хамаагүй сайжирч олон POS машинтай болсон ч, өөр банкны POS-оор уншуулж гүйлгээний шимтгэл авдаг болсон/

Дээрх болсон явдалтай уялдуулаад манайд өндөр хөгжилтэй оронд байдаг шиг дараах дэлгүүр ойрын ирээдүйд бий болоосой гэсэндээ энэ нийтлэлийг бичиж сууна.

Үйлчлүүлэгчийн карт
Энэхүү картыг гэр бүлийн гишүүд эзэмших бөгөөд тухайн гэр бүл ямар бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр худалдан авдаг талаарх мэдээллийг хадгална. Эхнэр нь байнга дэлгүүр орж хүнсээ цуглуулдаг байсан бол нөхөр нь тус дэлгүүрт орж картаа уншуулсанаар яг ямар хүнсний бүтээгдэхүүнийг хаанаас (аль тасгаас), ямар хэмжээтэй авдаг талаарх мэдээллийг өгчихнө. Энэ нь зарим бүтээгдэхүүн ижил боловч шинж чанар нь өөр байдаг, бас байнга тухайн дэлгүүрээр үйлчлүүлдэггүй хүн авах гэж байгаа бүтээгдэхүүнийг хаана байрладгийг мэдэхгүйн улмаас түүнийг олж авах гэж цаг үрнэ. Энэ төөрөгдөлийг арилгах зорилгоор байнгын үйлчлүүлэгчийн картыг дэлгүүрээс олгож болох юм. Картан дээр нь мөн худалдан авалтын дүн байх нь жилийн эцэст хувь хүний орлогын албан татвар төлөх, сар бүрийн өрхийн зардлаа тооцох, төсвөө хийх зэрэгт хэрэг болно.

Ухаалаг лангуу
Лангуун дээр байгаа барааны хугацаа дууссан эсэх, байх ёстой хэмжээндээ байна уу үгүй гэх мэтэд хяналт тавих үүднээс энэ төрлийн лангууг ашиглана. Ингэснээр агуулахын үлдэгдэл, тухайн бараа ямар үед ихээр борлогддог зэрэгтэй уялдуулж худалдан авалтаа дэлгүүрийн менежерүүд удирдах боломжтой болно. Хяналт тавьдаг төрийн байгууллагын хувьд энэхүү лангуун дээр очиж тухайн бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэгдсэн мэтийн мэдээллийг авч хяналт тавих бөгөөд үйлчлүүлэгчдийн хувьд ч тухайн барааны хүнсний аюулгүй байдалд санаа тавих зүйлгүй болох юм. 

Кассчингүй дэлгүүр
Ингээд үйлчлүүлэгчийн картын мэдээллийн тусламжтой шаардлагатай бараагаа ухаалаг лангуунаас авсаны дараа кассанд очиж очерлох хэрэг гарна. Энэхүү урт дарааллыг худалдан авагч өөрөө баар кодыг нь уншуулан, үйлчлүүлэгчийн картаа ашиглан хөнгөлөлт эдэлсэний дараа төлбөрөө төлж болох юм. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө үйлчилнэ. Олон хүн сайнтай, муутай байдаг хойно зарим хүмүүс "үнэгүй" бараа авчих санаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тухайн өөрөө өөртөө үйлчилдэг кассан дээр хяналтын камер байршуулж болно эсвэл RFID технологийн тусламжтай төлбөр төлөөгүй бараа хаалгаар гарах үед дохиолол дуугардаг байдлаар зохицуулж болох юм. 




Өвөөгийн тухай дурсамж

Саяхан хэд хоног эмнэлэгт нэгэн өвөөтэй цуг нэг өрөөнд байсан бөгөөд тэрхүү өвөө миний өвөөтэй их адилхан алхаатай нэгэн байсан нь өвөөгийнхөө тухай багахан дурсамжийг бичих сэдлийг төрүүлсэн юм. Надад уг нь 2 өвөө байх ёстой байсан, гэвч нэг нь /аавын минь аав/ намайг төрөхөөс хэд хоногийн өмнө бурхны оронд заларсан бөгөөд нутаглуулахаар гаргаж байхад нь би төрж аав минь гунигийн нулимсыг баярын нулимстай хамт цэлэлзүүлсэн тухай одоо ч ярьдаг юм. Тиймээс би тэр өвөөгийнхөө тухай Үйлдвэр хоршоололд Ерөнхий ня-бо хийж байсан, шатар сайн тоглодог, архи, тамхи огт хэрэглэдэггүй байсан гэх мэт олон зүйлийг сонсохоос өөр завшаан тохиогоогүй билээ. Энэ удаад ээжийнхээ аавын тухай өөрийн санаж байгаа дурсамжаасаа багахан хуваалцья. Миний өвөө Говь-Алтай аймагт төрсөн нэгэн байж билээ. Гүндүүгүй, олон үг хэлэхгүй, уурлахаараа дуугаа хураагаад хамрын тамхиа татан гэрийн хойморт байрлах эвхэгддэг крисло дээрээ эрх эргүүлэн бодлогошрон суух нь нүднээ харагдана. Эх орноо хамгаалахаар 1939 оны дайнд үеийн залуустайгаа мөр зэрэгцэн тулалдаж явсан гавъяаг нь үр хойч бид мартаж болшгүй билээ. Хүүхэд байхдаа дайнд байлдаж явсан тухайгаа яриач гэхэд “- Дайн ч сайхан эд биш дээ хүү минь” гэхээс өөр сонирхолтой зүйл ярьдаггүйд нь сэтгэл гонсойвч тэр дороо өөр зүйлийн талаар ярих ярианд нь автдаг байсансан. Цагаан сараар өвөө өөрөө хэвийн боовоо хийж хайрна. Бид нар өвөөд гурилыг нь элдэж өгч тусалдаг байлаа. Ер нь л зүгээр сууна гэж үгүй. Байнга л ямар нэгэн зүйл хийж байдагсан. Заримдаа үсний хими хийхэд хэрэглэгддэг мод зорж суудаг нь нүдэнд тодхон харагдана.

Цэцэрлэгийн тоглоом
Жоохондоо цэцэрлэгт тоглоом ховор учир хэдэн мод /тэгш өнцөгт, дөрвөлжин хэлбэртэй, өнгө өнгөөр будсан/ давхарлан эвлүүлж тоглодог байлаа. Нэг өдөр өвөөгийнд очоод надад нэг тийм тоглоом хийгээд өг гэж өвөөгөөс гуйлаа. Амьхандаа л нөгөө тоглоомныхоо талаар сүрхий тайлбарлалаа. Тэгээд дараа нь ирсэн өвөө хэдэн мод хөрөөдөж харуулдаад, бас гарт өргөс оруулахгүй гээд зүлгүүрдсэн байв. Тэрхүү тоглоом нь шинэхэн болохоор хурц өнцөгтэй байсан болохоор “ийм бишээ” гэлээ. Манай цэцэрлэгийнх олон жил эдэлгээнд орсон болохооор өнцөг нь элэгдсэн байсантай адилхан тийм хуучирсаныг л амьхандаа хийлгэх санаатай л байсан байх. Хааяахан өвөөгийнд очихоороо тэр тоглоомоор нь тоглодог байсан ч төд удалгүй сургуульд ороод тэр тоглоом алга болсон доо. Өвөө минь намайг том зээ нь болохоор миний хүссэнийг л хийдэг байж билээ.

Сургуулийн амралт
Сургуульд орж улирлын болон зуны амралтаараа өвөөгийндөө байнга очдог байсан нь санаанаас огт гардаггүй юм. Манай өвөөгийнх Улаанхуаран гэх газар байдаг. Амралтаараа өглөө нь хүүхдийн амралтанд зориулсан /Нисдэг Чистмер, Арабелла, Нохойтой дөрвөн танкчин, Янушик, Оддын охин гэх мэт кинонуудыг шимтэн үздэг байлаа, одоо цагт нь энэ кинонуудыг хүүхдүүд тоохоо больж дээ/ киногоо үзчихээд л цайгаа ууна. Өвөөгийн зуурсан арвайн гурил хамгийн амттай нь. Түүнийгээ бариад л урд амбаар дээр эсвэл хураасан түлээн дээр гарч сууж орчныг тольдонгоо идэх их таашаалтай байдаг байж билээ. Би ч өвөө, эмээ дээрээ эрхэлж өссөн хүн дээ.

Мал хариулсан нь
Намайг 6-р ангид байхад өвөө, эмээ хоёр маань 2 тугалтай үнээ, хэдэн хоньтой болов. Манайх 50-н мянгатад байсан ч хагас, бүтэн сайнд өвөөгийндөө очиж мал хариулж ажилд нь туслана. Үхэр хариулахдаа тэр хавийн 2, 3 үхэртэй айлтай ханьсаад “украйн” хэмээх дугуйгаа унаад жийж өгнө дөө. Үхрээ одоогийн Цайз захын хойд тал, эсвэл Амгалангийн урд руу Туул голын эрэг дагуу хариулна. Ингэж л үхэр хариулах үйлсэд бага зэрэг суралцсан минь өвөө, эмээ хоёрын минь ач билээ. Үүнээс өмнө эмээтэйгээ цуг зуны амралтаар 2, 3-н ч удаа хөдөө явж хонь, хурга хариулах ажлыг бага зэрэг сурсан байсан учир үхэр хариулах нь миний хувьд хүнд ажил байсангүй. Зун өвөөтэйгээ цуг үхэр, хонио хариулахад Туул гол дагуух ус сувгийн улаан тоосгон байшингийн сүүдэрт өвөө маань суунгаа эрх эргүүлж, нүдээ аньж суудгийг нь хараад их л дууриадаг байсансан. Нэг удаа өөрийн үеэл Нөөнөө намайг дууриагаад сүүдэрт сууж байснаа гэнэт орилоод явчихав. Тэгсэн хажууд нь ямаан хорхой явж байснаас л айсан юм билээ. Тэгээд хүүхэд айлгачихлаа, яаж байгаа юм гэж зэмлүүлээд өнгөрөв. Мал хариулж байхдаа өвс, хужир, малын өнгө зүсний талаар надад олон ч зүйл хэлж өгдөгсөн. Мөн үхэр, хонины үүлдрийн талаар ярина. Ямар үүлдрийн үхэр сүү сайтай, өвөл тэсвэртэй, ямар үүлдрийн хонь ноос сайтай, сүүл томтой байдаг гэх мэтчилэн зүйлсийн талаар ярьж миний малын талаарх мэдлэгийг бага ч болов тэлнэ. Ер нь л өвгөд маань хойч үедээ мэдлэгээ өвлүүлэхдээ “ажлын байран дээр” нь сургадаг байсан уламжлалтай аж. Ингээд ямар ч гэсэн малыг зүслэхтэйгээ болсон доо. Өвөө, эмээ хоёр харин хонийг тоолуулдаггүй байж билээ. Бүрэн байна уу үгүй юу гээд тоолохоор их цээрлэнэ, харин түүний оронд зүсэлж бүртгэ гэж сургасан даа.

Үхрээ алдав
Эхэн үедээ үхрээ хариулдаг байж байгаад нэлээд яваад ирэхээр үхэр гэрээ олох замаа өөрөө мэддэг болно. Гэр лүү нь дагуулдаг нэг зүйл нь оройн тэжээл /хивэг, будаа/ нь байдаг. Тэгээд өглөө нь үхрээ Амгалан өнгөртөл туучихаад гэртээ харьчихна, харин орой нь өөрсдөө хүрээд ирнэ. Гэтэл зуны нэг өдөр үхэр маань ирдэггүй ээ. Ингээд л хэд хоног бөөн эрэл болвоо. Би ч өвөөгөө дагаад баахан алхсан даа. Урагшаа Богд уулаар баахан явлаа, Гачууртаар баахан явлаа, Шар хадаар баахан явав. Тэр бүртээ өглөө нь жоохон идэж, уух юм бэлдэж аваад шилбүүрээ бариад л алхаж өгнө дөө. Орой нь хөл нь цуцсан, өлссөн 2 л ирнэ. Тэгээд нэг өдөр нагац ах маань нэг зил 130-тай ирээд нэлээд хол явж хайя Баянзүрх, Хонхор бүр Налайх ч орсон яах вэ гэлээ. Тэгээд л Баянзүрхийн товчоогоор урагшаа төмөр зам гарч Хүрхрээгийн амнаас үхрээ олж билээ. Өвс ногоо нь сайхан байсан болохоор нөгөө 2 чинь гэртээ ирэхгүй тэндээ хорогдсон юм болов уу гэж бодогдоно. Улаанхуаранд өвөөгийн маань хашаа нь мал тэжээхэд жижигдээд бас мал хариулахад тохиромж муутай байсан болохоор намайг 7-р ангид байхад өвөөгийнх маань Улиастай руу нүүсэн дээ.

Модонд явав
Улиастайд нүүж ирсэнээсээ хойш зундаа Баянзүрхийн товчооны зүүн тал руу төмөр замын хойхон талд зусдаг байсан. 2-3 айл нийлж хот айл болон зусах бөгөөд ээлжээр хонь, үхрээ хариулна. Голцуу л өвөөтэйгээ цуг хонь, үхрээ хариулах бөгөөд “амралтын” өдрөөрөө Богд уул руу гарч унасан гишүү түүж шуудайлаад түлшээ бэлтгэдэг байж билээ. Талдаа дор хаяж 1 цаг буюу 5 орчим км алхаж гишүү авчрах нь тийм ч амар ажил биш хэдий ч заримдаа үеийн хүүхдүүдтэй уралдах нь гоё санагддаг байсан. Өвөө жигд алхана, харин би хэсэг хурдлаад хэсэг амардаг. Өвөө тэр зайнд тогтсон 2 газартаа нэг минут орчим амраад л алхана. Тухайн үед 70 гарсан хүн гэхэд ясны ажилсаг хүн байж дээ. Орой бүр шахуу л нэг тор бариад төмөр зам дагаад л алхана. Тэр зуураа ундааны лааз түүж авчирдагсан. Бас 8 сар гарангуут өвс сайтай газраас бага багаар өвс хадаж эсвэл хайчилж авчраад шуудайлж хадгалдаг байж билээ.

Жимсэнд явав
Хүрхрээгийн ам, Тэмээн хад орчимд хад жимс их ургана. Тэгээд өвөөгөө хоёулаа цуг жимсэнд явъя гэсээр хад жимсэнд явна даа. Өвөө маань модонд явангаа ан амьтны талаар, мөн жимсний талаар ярина. Нутагт нь тошлой жимс их ургадаг талаар байсгээд ярих нь нутгаа санасны шинж байсныг хожим нь ойлгосон доо. Зам зуураа жоохон гүзээлзгэнэ түүж иднэ, бас 2 уут хад жимс түүж үүрээд л гэртээ ирнэ дээ. Өглөө 9 өнгөрч байхад гараад орой 5 цагийн үед ирэхдээ бид хоёр хэдэн ширхэг боорцог, жоохон өрөм л иднэ. Гэхдээ хүүхэд байсан болохоор түүндээ цадаад л гүйдэг байсан биз. Өвөө маань ер нь өл сайн даадаг хүн байсан санагддаг юм. Өдөртөө жоохон боорцог, балга хар цайгаар хооллочихно. Хэрвээ идэх юм байхгүй бол юм идэх ч үгүй явж чаддаг байв.

Өвөө маань тарваганы маханд их дуртай
Жил бүрийн намар 9-р сард хичээл орсоны дараа өвөө хөдөө явдаг байлаа. Яагаад гэхээр тарваганы маханд нугасгүй учир хэд хоног шавайгаа ханатал тарваганы мах идэх гэж л тэр. Тэгээд өвөөг хөдөөнөөс ирэхэд өвөөгийндөө очиж орны хөндийд байх тарваганы мах, ялбагыг авч идэх нь их л сайхан байж дээ. Өвөөг өнгөрсөнөөс хойш намар бүр өвөөгийнд очиж тарваганы мах идэх маань үгүй болов. 1997 оны зун өвөө маань хүнд өвчтэй байх үед өвөөгийнд хэн нэг нь тарваганы мах авчирлаа. Өвөө өвчтэй тул тарваганы мах огт идэж болохгүй, тиймээс тарваганы мах авчирсан ч гэж хэлээгүй юм. Тэгсэн өвөө минь “тарваганы мах гэнэ үү” гэсээр шүлсээ залгисан нь санаанаас гардаггүй юм. Тарваганы мах хурц үнэртэй болхоор бас үнэртсэн байх гэж боддог юм. Төд удалгүй тэр зундаа миний төрсөн өдөр болсоноос 2 өдрийн дараа өвөө маань хүнд өвчний улмаас өөд болж билээ.

Бид бүхэн өвөг дээдсээ дээдлэн хүндэтгэж, үеийн үед дурсан магтдаг уламжлалтай ард түмэн билээ.

Thursday, March 21, 2013

Програм хангамжийн салбарыг хөгжүүлэх нэг санал, хоёр хувилбар

Өмнөх бичлэгтээ дурдсан гацааны циклээс хэрхэн гарах талаар өөрийн бодож явдаг нэгэн саналыг хуваалцъя.

Төрийн зүгээс олон төрлийн тендер зарладаг боловч манай үндэсний компаниуд эдгээр тендерийн гүйцэтгэгчээр тэр бүр шалгарч чадахгүй байна. Тиймээс үндэсний компаниудын санхүүгийн чадавхи сайжрахгүй, туршлага хуримтлуулах боломж нь багасна гэсэн үг. Тэгэхээр энэ санхүүгийн чадавхийг нь сайжруулах гэсэн төрийн дэмжлэг төдийлөн оновчтой биш нь тодорхой боллоо. Зарим компанийн удирдлагууд санхүүгийн чадавхитай болчихвол хүмүүсээ Энэтхэг, Малайз, Сингапур гэх мэт улсууд руу явуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатын сургалтанд хамруулмаар байгаа тухайгаа хуучилж байсан юм.

Бидэнд одоо "хүний нөөцийнхөө чадавхийг сайжруулах" гэсэн нэг арга зам байна. Энэ салбарт чадварлаг мэргэжилтнүүд бий болсоноор төсөл аваад байгаа гадны компаниудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Эдгээр чадварлаг мэргэжилтнүүдийг бий болгох дараахь 2 хувилбар байж болох юм. 1. Мэргэжилтнүүдээ давтан сургаж, мэргэжлийн сургалтанд хамруулах. 2. Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрийн чанарыг сайжруулж чадварлаг мэргэжилтнүүд бэлдэх. 

1 дэх хувилбарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын төвүүд манай улсад байгаа хэдий ч эдгээр сургалтанд хүмүүсээ хамруулсанаар системтэй мэдлэгийг бий болгож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл компаниуд хэтэрхий техникийн чадвар луу анхаарсанаар тэдгээр техникийн чадварыг өрсөлдөх чадвар болгож чаддаггүй. Иймд компаниудыг олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгох тал дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэхүү дэмжлэгийн үр дүнд нөгөө гацаад байгаа циклээсээ гарах боломж нь бүрдэх юм. Өнгөрсөн жил би бээр програм хангамжийн томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж энэ талаар санал солилцсон бөгөөд салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх төсөл боловсруулж 2013 оны улсын төсөвт суулгах санал оруулсан боловч одоогийн Засгийн газар дэмжээгүй билээ.

2 дахь хувилбарын хувьд сургууль дөнгөж төгссөн мэргэжилтнүүд шууд ажил гүйцэтгэх туршлага байдаггүй гэдэг утгаараа төдийлөн сайн арга зам биш хэдий ч хэрэгжүүлэхэд зардал багатай. Дээд боловсрол эзэмших явцад чанартай сайн мэдлэг олж авсанаар чадварлаг мэргэжилтэн болохгүй ч гэсэн тодорхой ажлын туршлага суухад суурь болох, ажлыг зөв горимын дагуу хийхэд үндэс нь болох юм. Өндөр хөгжилтэй орнууд боловсролын чанартаа анхаарал хандуулдаг нь ч үүнтэй холбоотой.

Эцэст болдог бол дээрх 2 хувилбарыг хамтад нь хэрэгжүүлбэл үр дүн нь салбарын хөгжилд маш сайн тусна гэдэгт итгэлтэй байна.

"If money is your hope for independence you will never have it. 
The only real security that a man will have in this world is a reserve of knowledge, experience, and ability."
Henry Ford

Wednesday, October 17, 2012

Мэдээллийн технологи хөгжих үү?

Олон жил блогтоо бичлэг нэмсэнгүй, өнөөдөр өөрийн бодлоо бусадтай хуваалцмаар санагдлаа.

Хамгийн сүүлд "Нэрэнд учир бий" гэсэн бичлэг маань амьдрал дээр биелэлээ олж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар маань Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болж нэр нь өөрчлөгдлөө. Тиймээс цаашид мэдээллийн технологийн салбарыг түлхүү анхаарч хөгжүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ салбарт өнөөдөр ямар асуудал тулгараад байгаа талаар хэдэн зүйл бичих гэсэн юм.

Ямар ч гэсэн манайд программ хангамжийн тодорхой тооны компаниуд үйл ажиллагаа эрхэлж байна, гэвч эдгээр компаниудад чадварлаг инженерүүд хэрэгтэй байгаа. Уул уурхайн мөнгөтэй компаниуд нөгөө "цөөхөн" инженерүүдэд маань өндөр цалин амлаад заримыг нь аваад явчихдаг. Арга ч үгүй биз дээ хүний амьдрал юм болсон хойно хэн сайн амалсан зүг рүү явдаг нь бичэгдээгүй хууль юм даа. Уг нь манай салбарт сайн мэргэжилтнүүд хэрэгтэй, тэдний үүрэг оролцоо чухал байдаг, гэтэл дээр дурдсан бусад салбар луу явж байгаа хүний нөөцийн урсгалыг тогтоон барихын тулд программ хангамжийн компаниудаа санхүүгийн чадавхитай болгож сайн мэргэжилтнүүддээ өндөр цалин өгөх хэрэгтэй болно. Харин яаж санхүүгийн чадавхитай болгох вэ гэхээр нөгөө компаниудаараа томоохон төсөл хэрэгжүүлсэний үндсэн дээр дан ганц санхүүгийн ч биш хүний нөөц, төсөл гүйцэтгэх чадвар зэрэг чадавхитай олон улсад өрсөлддөггүй юмаа гэхэд дотоодын зах зээл дээр байгаа ажлаа бусдад булаалгахгүй байх  компаниудыг бий болгоно. Яагаад үндэсний компаниуд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй байна вэ? гэхээр чанарын шаардлага хангахгүй байна гэсэн хариултыг гүйцэтгэгч талаас өгдөг. Чанарын шаардлагыг яавал хангах вэ гэхээр чадалтай боловсон хүчин дутмаг байна гэдэг. 

Ингээд боловсон хүчин, санхүү, төсөл, чанар гэсэн 4-н хүчин зүйлтэй мөнхийн цикл үүснэ. Энэхүү циклээс хэрхэн гарах вэ?

Түүнээс гадна цахим засгийг хөгжүүлэхээр зорьж байгаа өнөө үед манай үндэсний компаниудын хэд нь чанартай программ үйлдвэрлэж чадах вэ? Төрийн үйлчилгээг цахим болгохдоо эхнээсээ чанартай системүүдийг нэвтрүүлэхгүй бол иргэд түүнийг хэрэглэх итгэл үнэмшил төрөхгүй, цаашид хэрэглээ нь төдийлөн нэмэгдэхгүй байх магадлал өндөр билээ.

 Amazing service starts with a great first impression

Friday, January 16, 2009

Нэрэнд учир бий

Сүүлийн үед олон хүмүүс мэдээллийн технологийг мэдээлэл технологи гэж ярих, бичих болжээ. Үүндээ ч нилээд дассан бололтой. Хадмал орчуулгаар information technology гэдгийг шууд орчуулчихсан байж болох юм.

Мэдээлэл технологи гэхээр 2 өөр утга санаа агуулж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Жишээ нь мэдээлэл технологийн салбар гэвэл мэдээллийн салбар болон технологийн салбар гэсэн 2 салбар цаана нь агуулагдаж байна гэсэн үг. Харин мэдээллийн технологи гэвэл нэг л салбар гэж шууд ойлгогдоно. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологи гэснээрээ мэдээллийг дамжуулдаг, боловсруулдаг, хадгалдаг гэх мэт технологийг хэлээд байна гэж ойлгогдохоор байна. Тиймээс цаашид мэдээллийн технологи гэж хэрэглэж хэвших уриалга гаргаж байгааг минь хүлээн авна уу.

Жич: Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар (одоо Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газар) гэдэг нэрний ард энэ байгууллага мэдээллийн асуудал, харилцаа холбооны салбар, мөн дээрээс технологийн (мэдээллийн технологиос гадна нано технологи, биотехнологи гэх мэт) салбарыг тэр чигт нь хариуцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Уг нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэсэн бол эвтэйхэн болж одоогийн үйл ажиллагааг нь шууд илэрхийлэх байсан болов уу гэж бодном.