Wednesday, October 17, 2012

Мэдээллийн технологи хөгжих үү?

Олон жил блогтоо бичлэг нэмсэнгүй, өнөөдөр өөрийн бодлоо бусадтай хуваалцмаар санагдлаа.

Хамгийн сүүлд "Нэрэнд учир бий" гэсэн бичлэг маань амьдрал дээр биелэлээ олж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар маань Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болж нэр нь өөрчлөгдлөө. Тиймээс цаашид мэдээллийн технологийн салбарыг түлхүү анхаарч хөгжүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ салбарт өнөөдөр ямар асуудал тулгараад байгаа талаар хэдэн зүйл бичих гэсэн юм.

Ямар ч гэсэн манайд программ хангамжийн тодорхой тооны компаниуд үйл ажиллагаа эрхэлж байна, гэвч эдгээр компаниудад чадварлаг инженерүүд хэрэгтэй байгаа. Уул уурхайн мөнгөтэй компаниуд нөгөө "цөөхөн" инженерүүдэд маань өндөр цалин амлаад заримыг нь аваад явчихдаг. Арга ч үгүй биз дээ хүний амьдрал юм болсон хойно хэн сайн амалсан зүг рүү явдаг нь бичэгдээгүй хууль юм даа. Уг нь манай салбарт сайн мэргэжилтнүүд хэрэгтэй, тэдний үүрэг оролцоо чухал байдаг, гэтэл дээр дурдсан бусад салбар луу явж байгаа хүний нөөцийн урсгалыг тогтоон барихын тулд программ хангамжийн компаниудаа санхүүгийн чадавхитай болгож сайн мэргэжилтнүүддээ өндөр цалин өгөх хэрэгтэй болно. Харин яаж санхүүгийн чадавхитай болгох вэ гэхээр нөгөө компаниудаараа томоохон төсөл хэрэгжүүлсэний үндсэн дээр дан ганц санхүүгийн ч биш хүний нөөц, төсөл гүйцэтгэх чадвар зэрэг чадавхитай олон улсад өрсөлддөггүй юмаа гэхэд дотоодын зах зээл дээр байгаа ажлаа бусдад булаалгахгүй байх  компаниудыг бий болгоно. Яагаад үндэсний компаниуд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй байна вэ? гэхээр чанарын шаардлага хангахгүй байна гэсэн хариултыг гүйцэтгэгч талаас өгдөг. Чанарын шаардлагыг яавал хангах вэ гэхээр чадалтай боловсон хүчин дутмаг байна гэдэг. 

Ингээд боловсон хүчин, санхүү, төсөл, чанар гэсэн 4-н хүчин зүйлтэй мөнхийн цикл үүснэ. Энэхүү циклээс хэрхэн гарах вэ?

Түүнээс гадна цахим засгийг хөгжүүлэхээр зорьж байгаа өнөө үед манай үндэсний компаниудын хэд нь чанартай программ үйлдвэрлэж чадах вэ? Төрийн үйлчилгээг цахим болгохдоо эхнээсээ чанартай системүүдийг нэвтрүүлэхгүй бол иргэд түүнийг хэрэглэх итгэл үнэмшил төрөхгүй, цаашид хэрэглээ нь төдийлөн нэмэгдэхгүй байх магадлал өндөр билээ.

 Amazing service starts with a great first impression

Friday, January 16, 2009

Нэрэнд учир бий

Сүүлийн үед олон хүмүүс мэдээллийн технологийг мэдээлэл технологи гэж ярих, бичих болжээ. Үүндээ ч нилээд дассан бололтой. Хадмал орчуулгаар information technology гэдгийг шууд орчуулчихсан байж болох юм.

Мэдээлэл технологи гэхээр 2 өөр утга санаа агуулж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Жишээ нь мэдээлэл технологийн салбар гэвэл мэдээллийн салбар болон технологийн салбар гэсэн 2 салбар цаана нь агуулагдаж байна гэсэн үг. Харин мэдээллийн технологи гэвэл нэг л салбар гэж шууд ойлгогдоно. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологи гэснээрээ мэдээллийг дамжуулдаг, боловсруулдаг, хадгалдаг гэх мэт технологийг хэлээд байна гэж ойлгогдохоор байна. Тиймээс цаашид мэдээллийн технологи гэж хэрэглэж хэвших уриалга гаргаж байгааг минь хүлээн авна уу.

Жич: Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар (одоо Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газар) гэдэг нэрний ард энэ байгууллага мэдээллийн асуудал, харилцаа холбооны салбар, мөн дээрээс технологийн (мэдээллийн технологиос гадна нано технологи, биотехнологи гэх мэт) салбарыг тэр чигт нь хариуцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Уг нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэсэн бол эвтэйхэн болж одоогийн үйл ажиллагааг нь шууд илэрхийлэх байсан болов уу гэж бодном.

Friday, October 31, 2008

Мэдээллийн технологийн бодлого, стратегийн талаархи үзэл бодол

За сүүлийн үед манай орны хувьд мэдээллийн технологийн талаар явуулж байгаа зарим бодлогыг хараад өөрийн эрхгүй хэл загатнаад байдаг болчихлоо. Дуугүй байж үнэхээр чадахгүй нь. Энэ удаад өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр шийдлээ.

Манай улсын хувьд мэдээллийн технологийн салбар нь тэргүүлэх салбар биш нь тодорхой. Харин туслах салбар буюу дэмжигч салбар байж бусад тэргүүлэх салбарынхаа үйл ажиллагааг хялбарчлах, цаг хугацаа, зардлыг бууруулах, дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнд давуу талыг олох, хүний нөөцөө чадваржуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ... гэх мэт ажлуудыг хийхэд "түлхэц" өгч дэмжих ёстой баймаар. Ер нь дан ганц мэдээллийн технологийн салбар биш бусад тэргүүлэх бус салбарууд бүгд л тэргүүлэх салбарыгаа дэмжсэн үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэж, тухайн зорилтонд нь хүрэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байж улс орны хэмжээнд тэргүүлэх салбараа өөд татаж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох ёстой. Жишээлбэл, манай орны хувьд уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар гэж үзье (ер нь тэргүүлэх салбар гэж тодорхойлсон байдаг). Тэгвэл энэ тэргүүлэх салбарынхаа үйл ажиллагааг дэмжиж мэдээллийн технологийн салбар нь гол үйл ажиллагаануудаа төлөвлөх шаардлагатай. Үүнд: уул уурхайн байгууллагуудад ашиглах компьютер, техник хэрэгслийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх, эдгээр төхөөрөмж болон мэдээллийн систем, програм хангамж дээр нь ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, ERP системүүдийн талаар сурталчлах, эдгээрийг боловсруулдаг компаниудын төлөөлөгчийн газрыг Монголд нээх, уул уурхайн үйл ажиллагаа төвлөрсөн сум, суурин газруудын дэд бүтцийг сайжруулах, мэдээллийн технологийн үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлэх гэх мэтчилэн олон тооны мэдээллийн технологийн ажил хийгдэж байж тухайн уул уурхайн байгууллагууд нь мэдээллийн технологийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой болох юм. Мөн бусад салбарын хувьд, тухайлбал, эрүүл мэндийн салбарын хувьд: тухайн сум, суурин газарт эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эмнэлэг барих, тэнд очиж ажиллах өндөр мэргэжилтний хувьд өндөр цалин өгөх гэх мэт ажлуудыг хийх; боловсролын салбарын хувьд: уул уурхайн чиглэлийн нарийн мэргэжилтэнг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн сургалтын төвүүдийг бий болгох, гаднаас өндөр мэдлэгтэй багш урьж сургалт явуулах, тухайн сум, суурин газарт ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмших орчныг бүрдүүлэх гээд яриад байвал бүх л салбарын хувьд тухайн уул уурхайн салбараа дэмжиж ажиллах ажлууд ар араасаа ундран гарах нь ойлгомжтой.

Миний хэлэх гээд байгаа гол санаа нь мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, стратеги нь манай улсын баримталж байгаа бодлого, стратеги, бодлогын баримт бичигтэйгээ уялдсан байх шаардлагатай гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөг хүртэл энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хэд нь энэ ерөнхий бодлоготойгоо уялдсаныг уншигч Та дотроо тунгаана бизээ. Бидэнд хязгаарлагдмал нөөц (боловсон хүчин, төсөв, цаг хугацаа, мэдээллийн технологийн ойлгож, дэмждэг төрийн түшээд, цөөн тооны компаниуд гэх мэт) байгаа, үүнийг зөв зохистой хуваарилах нь мэдээллийн технологийн бодлогын үндсэн шаардлага нь байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. За хэл маань түр зуур ч гэсэн загатнахаа болилоо. Өөр хэлэх, ярих, хийх бүтээх зүйл зөндөө л байна даа.

Thursday, August 7, 2008

Үнэгүй програм - Монгол ОпенОфис

Дэлхий даяар мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, мэдээллийн технологийг ашигладаггүй байгууллага, хувь хүн гэж бараг үгүй болсон билээ. Мэдээллийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хирээр програм хангамж, техник технологийн сонголт арвин болж хэрэглэгчид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг олж авахад тодорхой хэмжээгээр хүндрэл бэрхшээл гардаг. Энэ удаад зөвхөн програм хангамжийн талаар дурдах гэж байна. Програм хангамжийг ерөнхийд нь 3 ангилдаг.
1. Системийн програм хангамж (system software). Үүнд: үйлдлийн систем болон системтэй холбоотой програмууд хамаарна.
2. Бизнесийн програм хангамж (applications software). Бизнесийн програм хангамжид санхүүгийн, бүртгэлийн, цалингийн, хүний нөөцийн гэх мэт байгууллагуудад ашиглагддаг програм хангамжууд багтана.
3. Хэрэглээний програм хангамж (productivity tools). Энэ төрөлд өргөн хэрэглээний програм хангамжууд болох текст боловсруулагч (word processing), хүснэгтэн мэдээ боловсруулагч (spreadsheets), имэйлийн програмууд (e-mail clients), интернэт хөтөч (internet browsers)
Хөгжиж байгаа орнуудад хамгийн түгээмэл учирдаг гэм хэргийн нэг нь оюуны өмчийн хулгай буюу зохиогчийн эрхийг зөрчих явдал байдаг. Програм хангамжийн хувьд энэ хэрэглээний програм хангамж нь энэ төрлийн гэмт хэрэгт ихээхэн өртдөг байна. Манай орны хувьд саяхан Майкрософттой гэрээ хийж тус компанийн бүтээгдэхүүнүүдийг хуулийн дагуу хэрэглэх боломжийг бүрдүүлсэнээр бид бүхэн урьд нь хууль бусаар хэрэглэж байсан виндовс үйлдлийн системүүд болон Майкрософт Офис програмыг хуулийн дагуу худалдан авч хэрэглэх шаардлагай тулгараад байгаа билээ. Харин Майкрософт Офистой адилхан үүрэг гүйцэтгэдэг хэрнээ үнэгүй програм болох ОпенОфисыг Монгол хэлнээ хөрвүүлэн хэрэглэгч Та бүхэнд ОпенМН багийнхан хүргэж байгааг мэдэгдэхэд таатай байна. ОпенОфис нь нээлттэй эх бүхий програм хангамж учир хэрэглэхэд мөнгө төлөх шаардлагагүй бас дэлхийн өнцөг булан бүрээс тус програмыг хөгжүүлэхэд олон мянган программист хүчин зүтгэж байдаг тул Майкрософт Офисоос олон давуу талтай. Монгол ОпенОфис програм нь Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч, хуучин Монгол босоо бичгээр бичих боломжийг агуулсанаараа онцлогтой.
Монгол ОпенОфис програмын албан ёсны нээлтийн ажиллагаа 2008 оны 8 дугаары сарын 8-ны өдөр 10 цагт Мэдээллийн технологийн Үндэсний паркын хурлын танхимд болно. Мөн үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан компьютерууд дээр суулгасан Монгол ОпенОфисыг ашиглаж үзэхээс гадна үнэ төлбөргүй зөвлөгөө авч болох юм.

Thursday, July 3, 2008

Үймээнтэй холбоотой бодол

Монголчууд өөрсдийгөө IQ өндөртэй, оюунлаг, хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хэмээн бахархаж, нэг нэгнийгээ хөөргөж, урамшуулж явдаг. Гэтэл бодит байдал дээр тийм биш гэдэг нь саяны болсон үйл явдлаар тогтоогдлоо. Эх оронд минь оюуны өлсгөлөн газар авсаныг энэ үймээн гэрчиллээ. Яагаад энэ үймээнийг оюуны ядууралтай холбоод байна гэхээр оюуны, урлагын бүтээлийг сүйтгэх, эвдэх балмад ажиллагааг ирээдүйн Монгол иргэдийн нэгээхэн төлөөлөл болсон зарим залуучууд хийж байгаа учир ингэж хэлэхээс өөр арга алга.

Би Монгол түмнийхээ ирээдүйг гэрэлтэйгээр хардаг, оюуны ажил хөдөлмөр эрхлэх чадвартай ард түмэн гэж итгэдэгийн үндсэн дээр мэдээллийн технологид суурилсан ажил, үйлчилгээг бий болгохын төлөө зүтгэж яваа. Гэхдээ нийт ард түмний масс нь энэ үйл явдлыг нэг өнцгөөс эсвэл тэрүүхэн хүрээнд нь ярьж, явцуу сэтгэж байгаад харамсаж байна.

Монголд хууль хэрэгжихдээ маш тааруу байдал нь энэ аймшигт үйл явдлыг бий болгох эх үүсвэр нь гэж бодож байна. Хууль төрийн томчууд, мөнгөтэй боссууд, танилтай иргэдэд үйлчилдэггүй, үйлчилсэн ч ёс төдий байсан явдал, дээрээс нь хууль сахиулагчдын хариуцлагагүй байдал нь нийт иргэдийн дунд ийм зүйл хийх үндэс суурийг нь тавьсан.

Үймээнд оролцогчдод мөнгө амласан, мансууруулах бодистой архи өгсөн, чулуу, дэлбэрэх бодис зэргээр зохион байгуулалттайгаар хангасан гэх мэт янз бүрийн мэдээлэл байна. Энэ бүгдийг Хятадууд өдөөн хатгасан, дэмжсэн гэсэн ч мэдээлэл байна. Гэхдээ үнэн худлыг нь бүү мэд.

Хүн бүр өөрийн ажилдаа эзэн болох хэрэгтэй

Төрийн албан хаагчид тухайн чиглэлээрээ мэргэшсэн, чадварлаг байх ёстой гэж бодож байна. Туршлагагүй нэгнийгээ мэргэшүүлдэг, дадлагажуулдаг механизм зайлшгүй байх хэрэгтэй. Саяны үймээний үеээр манай хүчний байгууллагынхан чадвар муутай нь илт харагдаж байв. Цагдаа нар нь бие бялдрын хувьд, сэтгэл зүйн хувьд, ур чадварын хувьд сул дорой байна. Мөн удирдан зохион байгуулах стратеги, тактик муутай. Ер нь энэ чиглэлээр мэргэшсэн удирдагч байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байснаа нуугаад яахав. Тухайн нэг ажлыг хийж байгаа бол тэр чиглэлээрээ байнга мэдлэг чадвараа дээшлүүлж байх нь бичигдээгүй хууль. Энд дан ганц хүчний байгууллагыг хэлж байгаа юм биш нийт төрийн албан хаагчдыг хэлж байгаа юм шүү. Манай ихэнхи төрийн албан хаагчид энэ тал дээрээ анхаарал хандуулдаггүй. Би өөрөө төрийн албан хаагч байж нэгнийгээ муулаад байна гэж хэлж магадгүй. Гэхдээ бодит байдлыг үнэнээр нь хэлэх нь иргэн миний үүрэг, үндсэн хуулиар олгогдсон эрх гэж бодож байна.

Зарим хүмүүс Ерөнхий сайдыг буруутгаад байгаа. Бүх ачааг мань хүнд үүрүүлж болохгүй байх. Үнэхээр доор нь ажиллаж байгаа хариуцлагатай албан тушаалтнууд чадвар муутай бол ганц хүн тэдгээр "мэргэжлийн" хүмүүсийн тусламж, дэмжлэггүйгээр юу ч хийж чадахгүй. Мөн Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг гэсэн хэрнээ хичнээн удаж байж шийдвэр гаргав. Энд мөн л тухайн албан тушаалтнууд буруутай. Бас нэг зүйл гэвэл манайд байгаа шашны тэргүүнүүд тэр их үймээн болж байхад яагаад таг байсныг гайхаад байгаа юм. Үйл явдал болоод өнгөрсөн ч гэсэн бас л таг. Манай улсад олон төрлийн шашны урсгал орж ирэн дэлгэрч байгаа юм шиг. Уг нь эдгээр шашны тэргүүнүүд болон холбогдох хүмүүс иргэдийг амгалан, тайван байхад тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг гэж ойлгодог. Тэгтэл тухайн шашиндаа өргөсөн тангараг, амлалтаа яагаад муу биелүүлээд байнаа.

Одоо төр, засгаас хуулиа хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавидаг байх шаардлагатай. Наад зах нь замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнхи жолооч нар асар бүдүүлэг, дээрэнгүй байна. Тэд нарыг зогсож болохгүй газар зогсох, машинаа эзэнгүй орхих, урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх гэх мэт үйлдлүүдийг замын цагдаа нар зүгээр л хараад зогсож байдаг, зарим нэг нь анхааруулаад л өнгөрнө. Ер нь замын цагдаа нарт архи уусан, гэмт хэрэг үйлдсэн жолооч нар л гол анхаарлыг нь татдаг бололтойдог. Энэ мэт жижиг мөртлөө өдөр дутмын амьдралд учирч байдаг зүйлсээ эхнээс эмхэлж цэгцлэхгүй бол ард иргэдийн сэтгэхүйд хууль, дүрэм зөрчих нь энгийн үзэгдэл мэт хэвшлийг төрүүлж байна.

Эцэст нь ямар ч үймээн, самуун дэгдэж байсан бид бүхэн өөрсдийн үнэт зүйл болох оюуны өмч, мэдээллээ найдвартай газар хадгалах, нөөцлөх, эрсдэлийг тодорхойлох, эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан үед авах арга хэмжээний төлөвлөгөөг дор бүрнээ боловсруулан мөрдөж байхыг мэдээллийн технологийн салбарынхандаа уриалж байна.

Жич: Миний өмнөх нийтлэлд нэгэн хүн намайг ирээдүйн сонгуульдаа бэлдэж байна гэсэн байсан. Энэхүү блогт бичсэн зүйлс маань мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, сонирхогчид болон оюунлаг уншигчдад зориулсан болохоос биш өөрийн ПиАр хийх талбар биш гэдгийг хэлэх байна. Хэрвээ өөрийгөө магтах эсвэл ажил, амьдралаа сурталчлах зорилготой байсан бол нийтлэлүүдийн маань өнгө төрөх арай өөр байх байсан болов уу.