Sunday, September 16, 2007

Мэдээллийн технологи хэрэгтэй гэж үү?

Энэхүү нийтлэлээ бичих санаа маань 2003 оны 5-р сард HBR (Harvard Business Review)-д нийтлэгдсэн "IT Doesn't Matter" хэмээх Никийн нийтлэлээс сэдэвлэсэн болно. Тэрхүү нийтлэл нь одоог хүртэл яригдаж байгаа МТ-ийн гол сэдвүүдийг анх хөндөж тавьсан ба хэвлэгдсэн жилийнхээ хамгийн шилдэг нийтлэлээр шалгарч байсан, мөн маш олон хүмүүс тэрхүү нийтлэлд хариу нийтлэлийг нэр хүндтэй сонин, сэтгүүлүүдээр гаргаж байсан, зохиогч нь тэрхүү нийтлэлээ цаашид дэлгэрүүлэн "Does IT Matter?" хэмээх ном гаргаж байсан гэх мэтчилэн алдар цууг нь дуудвал нилээд урт болох байх. Ник (Nicholas Carr) нь тухайн үедээ HBR-н ерөнхий редактороор ажиллаж байсан, одоо "The Big Switch" хэмээх номоо удахгүй гаргах гэж байгаа юм. Түүний хөндсөн нэгэн санаа гэвэл "Дээр үед төмөр зам, эрчим хүч, холбоог анх барьж байхад тэдгээр нь компаниудын хувьд үнэхээр өрсөлдөөнд давуу талыг бий болгож байсан, харин одоо тэдгээрийн хөгжил бараг зогссон ба бүгдэд нээлттэй болсон. Үүнтэй адил МТ нэг хэсэгтээ ингэж хөгжиж байгаад удахгүй "сонин" биш болно". Гэхдээ түүний нийтлэлд олон далд санаа агуулагдсан байна лээ.


Өнөө үед МТ(мэдээллийн технологи)-г байгууллага бүр өөрийнхөө үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай орны хувьд МТ-г ашиглахдаа өрсөлдөөнд давуу талыг олж авах, эрсдэлээ бууруулах, бизнесийг хөтлөгч хэмээх утгаар нь хэрэглэхээсээ илүү зардал бууруулагч, үйл ажиллагааг автоматжуулах гэсэн утгаар нь хэрэглээд байх шиг. Өөрөөр хэлбэл МТ маань байгууллагын бусад хэрэглээтэй (цахилгаан, холбоо гэх мэт) адилхан хэлбэрээр ашиглагдаж байна. Энэ нь Никийн дурдсан "МТ нь дэд бүтэцийн нэг хэсэг нь болж бүх байгууллага, хувь хүмүүст ашиглахад нээлттэй, тиймээс юун стратегийн ач холбогдлын талаар яриад байгаа юм" гэсэн санаатай дүйж байгаа хэрэг.

Зардал бууруулагч

Ер нь МТ-ийн зардал байгууллагын хувьд маш их зарлага гаргадаг. Нэгэнт худалдаж авсан системээ байнга тордож байхгүй бол үйл ажиллагаа нь доголддог тиймээс мэргэжлийн хүн ажиллуулах эсвэл мэргэжлийн компанид даатгах хэрэгтэй болно. Түүнээс гадна тоног төхөөрөмжөө байсхийгээд л шинэчлэх хэрэгтэй болдог. Мөн МТ нэгэнт бизнесийн үйл ажиллагааны нэг хэсэг болсон бол технологийн хөгжлийг дагаж өөрчлөгдөж байхыг харилцагч, ажилтнууд, бусад хүчин зүйлүүд шаардаж байдаг. Бас ажилтнуудаа сургах, үйл ажиллагаанд нь хэвшүүлэх гэх мэт чамгүй хэмжээний хөрөнгө зарцуулна. Эдгээр зардал нь нөгөө систем байхгүй байсан үеийнхээ байгууллагын зардалтай харьцуулахад зардалыг нь бууруулж чадаж байна уу???. За тэгээд технологийн хөгжлийг дагаад тоног төхөөрөмжийн үнэ байнга буурч байдаг. Өнөөдөр 1000 ам.доллараар авсан төхөөрөмж жилийн дараа 800 ам.доллар буюу түүнээс доош үнэтэй болсон байх нь хэвийн үзэгдэл. Үүний оронд тэрхүү 1000 ам.доллараа өөр зүйлд хөрөнгө оруулсан бол жилийн дараа 1200 ам.доллар болох боломжтой. Тэгэхээр эндээс байгууллага дор хаяж 400 ам.доллар алдаж байна гэж ойлгож болно. Энэ мэтчилэнгээр тооцоод байвал МТ нь зардал хэмнэгч биш харин зардал үүсгэгч болоод байх шиг.

Өрсөлдөөнд давуу талыг бий болгогч

МТ нь зах зээлийн өрсөлдөөнд байгууллагад давуу талыг бий болгож бусад өрсөлдөгчдөөсөө ялгарах боломжийг бий болгох ёстой. Ингэснээрээ өөрийн гэсэн бизнесийн шийдэлтэй болж хэрэглэгчдээ нэмэгдүүлэх боломжийг бий болгоно гэсэн үг. Ер нь аливаа байгууллагын оршин тогтнох утга учир нь хэрэглэгч байдаг. Тиймээс хэрэглэгчид ойртсон үйлчилгээг үзүүлэхдээ, мөн дотоод үйл ажиллагаандаа өөрийн бизнесийн шаардлагад нийцсэн системийг ашиглаж байж өрсөлдөөнд давуу талыг бий болгож байна гэсэн үг. Энд нэг жишээ дурдахад, хэрвээ Волмарт (Wal-Mart)-д бараагаа нийлүүлэхээр болвол Волмартын системтэй нийцтэй ажиллах чадвартай системийг суулгасан байхыг шаарддаг. Энэ нь хоёр байгууллагын хувьд хангамж, хуваарилалт болон санхүүгийн менежментэд нь ашиглагддаг. Өөрөөр хэлбэл нийлүүлэгч тал тэрхүү системээр үйлдвэрлэлээ зөв зохистой удирдаж нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ чанарт хяналт тавих, санхүүгийн тооцоогоо хийх гэх мэтэд ашиглах ба харин Волмартын хувьд тэрхүү системээ чанарт хяналт тавих, санхүүгийн тооцоогоо хийх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, анализ хийх гэх мэт олон зорилгоор ашигладаг.
Байгууллагын хувьд систем худалдаж авахдаа бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаж авах, түрээслэх, аутсорсинг ашиглах, эсвэл МТ-н компаниар хийлгэх зэрэг сонголтууд байдаг. Харин ихэнхи байгууллагын хувьд өөрсдөө боловсруулах нь зардал өндөрөөс гадна эрсдэл ихтэй байдаг. Тиймээс сүүлийн сонголт тохиромжгүй.
Гэтэл энэхүү өрсөлдөөнд давуу талыг олгодог систем маань зах зээлд нээлттэй байж л байна. Өрсөлдөгчид нь түүнийг худалдан авсанаараа давуу тал хэмээх ойлголт байхгүй болно. За тэгээд хэт их байгууллагын үйл ажиллагаа МТ-с хэт хамааралтай болоод, аюулгүй болон тогтвортой ажиллагааг нь сайн хангаж чадахгүй бол байгууллагын хувьд давуу тал биш сул тал болох боломжтой.

Тэгэхээр МТ-г ашиглах нь байгууллагад тийм хэрэгтэй зүйл гэж үү!!! Түр азнавал яасан юм. Үнэ нь ч буураг, шийдэл нь ч сайжраг, сайн мэргэжилтэнүүд нь ч олшрог. Тэр үед нь харин...

3 comments:

Pearle Deppsu said...

Harin ter uyed ni bi ajiltai bolno gsn, hehe. Huleeh hun howor bhooo. Odoo chin MT-g ih l shiglah geed bgaa shd gej bi bodnom

gegeen said...

www.gegeen.com deer linkiig ni tavichih u

Tamir.J said...

To pearle deppsu:
Yahav ene surug niitleld humuus herhen handah talaar tandsan yum. Udahgui uuniihee esreg niitleliig ni bichnee. Chuham yag odoo yun deer anhaarah shaardlagatai, IT yagaad heregtei ve gedeg talaas ni bichih gej baigaa.

To gegeen:
Yamar ch niitleliig tavij bolno gehdee eh uusveriig ni durdaarai.

Thanks for all of your comments