Sunday, June 3, 2007

Вэб 2.0-ийн нөлөө

Урьд нь Вэб 2.0-ийн талаар зарим хүмүүс блог дээрээ бичиж байсан, харин энэ удаад бичлэг давхцуулахгүйг хичээв.

Вэб 2.0 улам хөгжиж хүрээгээ тэлж байгаа. Энэхүү хөгжил нь дан ганц МТ-ийн болон мэдлэг, мэдээллийн хөгжилд нэмэр оруулаад зогссонгүй. Бүр бусад салбарын хөгжилд нөлөөлж багагүй хүмүүсийг ажилтай болгож байгаа нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлж байна гэж зарим мэдээллийн эх сурвалж өгүүлсэн байна лээ. Харвардын их сургуулийн туслах профессор, доктор Андрю МакАфий өөрийн блогтоо вэб 2.0 нь мэдээллийн технологичидыг нойрноос нь сэрээсэн, харин үүнтэй ижил энтэрпрайз 2.0 нь бизнесийнхэнийг мөн сэрээх болно хэмээн бичсэн байсан.

Мэдлэгт нөлөөлөх нь

Блогчдыг сүүлийн үед "шоглох" үзэгдэл мэр сэр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Жишээ нь: Олон ангит кинон дээр хүнтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаггүй хүмүүс блог нээдэг ч гэх шиг мөн Симпсон (хүүхэлдэйн кино)-ы нэг цуврал дээр хүртэл гарч байна лээ. Мэдээж аливаа юм хийж байгаа хүн шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл. Энэхүү шүүмжлэлийг МакАфий мэдлэгт дусал нэмэр болж байхад хөндлөнгөөс бүү оролц хэмээн хэлсэн нь яг оносон хариулт мөн. Гэхдээ учиргүй олон мэдээлэл үйлдвэрлэх биш чанартай мэдээлэл үйлдвэрлэх ёстой гэж мань эр дурдсан байна лээ (энд викиг голчлон хэлж байна).

Эдийн засагт нөлөөлөх нь

Google гэхэд л 3-н газар data center бариад эхэлчихлээ. Үүнийгээ түргэн хоолны франчайзингийн тархалттай хүртэл зүйрлэсэн байх юм. Мөн түүнээс гадна Google-н гол өрсөлдөгч болох Microsoft хүртэл томоохон хэмжээний data center байгуулж байна. Бас Yahoo, ask.com, Intiut зэрэг компаниуд мөн л data center байгуулж байгаа нь олон хүнийг ажилтай болгох, дэд бүтцийг хөгжүүлэх мөн мэдээллийн урсгалыг тэнцвэржүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Эдгээр төвүүд нь голцуу хүн ам бага суурьшсан хотуудад байгуулагдаж байгаа нь МТ-ийн салбарт байршил төдийлөн чухал биш дэд бүтэц гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг илтгэж байна. Эцэст нь дүгнэхэд Вэб 2.0 нь зөвхөн технологи, программын хүрээнд хязгаарлагдаад тогтохгүй хөгжлийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

МТ-д нөлөөлөх нь

Саяхан манай нэг доктор багш хичээл дээр Вэб 2.0, Вэб 1.0-ээс юугаараа ялгаатай талаар хэлэлцээд дараах дүгнэлтийг хийсэн юм.
- Хамтын ажиллагаа (хэрэглэгч төвтэй мэдээллийн агуулга)
- Технологи (AJAX, JSON, RSS and Atom...)
- Программууд/хэрэгслүүд (Blog, Wiki, xxxcast...)

Мөн сүүлийн 2 орчим жил программ хангамж хөгжүүлэгчдийн ажилд хүртэл нөлөө үзүүлээд л амжсан. Тухайлбал, SOA (Service Oriented Architecture) үйлдвэрлэгчид зайлшгүй вэб 2.0-ийг хүлээж авах платформ бүтээхгүй бол бусад вэб үйлчилгээнүүд тухайн системтэй холбогдох, зохицоход бэрхшээл учирах нь ойлгомжтой.

Вэб 2.0 байгууллагад нөлөөлөх нь

Сүүлийн үед байгууллагууд бизнес стратеги, бодлого болон дотоод журамдаа блог болон викиг ашиглах талаар тусгах болсон. Тухайлбал: байгууллагын ажилтанууд блог дээрээ эсвэл вики дээр байгууллагынхаа нууц мэдээллүүдийг байрлуулах явдал гарч байгаа учир үүнийг хязгаарлах хэрэгтэй. Мөн түүнчлэн саяхан Майкрософт өөрийн бүтээгдэхүүнээ вики дээр хэт их магтсанаас үүдэж шүүхэд дуудагдаж байсан. Стратегийн хувьд гэвэл RSS эсвэл Atom зэргийг ашиглаж байнгын үйлчлүүлэгчтэйгээ байнгын холбоотой байж болох юм.

Мөн цаашлаад нууцлал, аюулгүй байдлын асуудал ч сүүлийн үед яригдаж байна. Цаг завын улмаас энэ удаад үүгээр өндөрлье. Цаашид энэ сэдвээ комментээр үргэлжлүүлэн баяжуулж байх болно.

2 comments:

Tamir.J said...

Сүүлийн үеийн судалгаагаар (http://www.cio.com/article/115250/Is_the_Enterprise_Afraid_of_Web_._/2) 35-аас дээш насны хүмүүс вэб 2.0-г нилээд ашигладаг болж байна. MySpace-н 42 хувь нь 35-аас дээш насны хүмүүс байна гэнэ шүү. Яагаад тэд одоо ингэж идэвхитэй болж ирэв гэхээр вэб 2.0 тэдэнд заавал техникийн мэдлэг шаардахгүйгээр мэдээллээ интернэтэд байрлуулах боломж олгож байгаа.

Anonymous said...

okey tanaas medeelel hurtej baigaa ene baidal ch bas Web 2.0 shuud ee