Monday, November 20, 2006

Австрали орноор - Үргэлжлэл

За одоо цааш нь үргэлжлүүлье. Өөрийн дотны гэсэн хэдэн хүмүүстээ (тэр үед мессенжерт байсан) энэ блогынхоо хаягыг өгөөд уншууллаа, бас нилээд урам өглөө. Та нартаа баярлалаа. Ямар ч хүн урмаар тэтгэгддэг учир одоо зав тааруу ч гэсэн үргэлжлүүлье.

Дээд боловсролын талаар
Дээд боловсрол бол Австралийн гол салбаруудын нэг (мэдээж аялал жуулчлал, хөдөө ажуй ахуй зэргээс гадна). Нийт 39 их сургуультай, нэг сургуульд дор хаяж 20000 оюутан сурдаг гэхээр чамгүй олон оюутны тоо гарна. Сургалтын хөтөлбөр ерөнхийдөө адилхан. Тиймээс аль ч сургуульд заагдаж байгаа хичээлийн хөтөлбөр адилхан. Мөн Австралийн сургалтын чанар нилээд өндөр.
Сургалтын төлбөр (Магистрын) нэг хичээл нь 2000-3000 доллар байна. Бүтэн цагаар хичээллэх оюутан (full time student) манай сургуулийн хувьд дор хаяж нэг семестерт 3 хичээл үзэх ёстой. Жилд үндсэн 2 семестертэй бас зуны семестер гэж хичээллэнэ. Зуны амралт нь ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Нэг семестерт 12 долоо хоног хичээл орно. Эхний 8 долоо хоног хичээл орчихоод 2 долоо хоног завсарлана. Энэ үедээ оюутан багшаасаа зөвлөгөө авах, ойлгоогүй зүйлүүдээ асуух болон хоцрогдлоо нөхөх боломжийг олгодог. Тэгээд дахин 4 долоо хоног хичээллээд хичээл дуусна. Үүний дараагаар шалгалт эхэлнэ (зарим хичээлүүд нь шалгалтгүй бие даалтууд өгөөд дүнгээ гаргана). Шалгалт нь 2 цаг үргэлжилдэг ба тухайн хичээлийн хүрээнд үзсэн бүх агуулгыг багтаахаас гадна нэмж унш хэмээн өгсөн материалуудаас асуулт ирэх нь ч бий. Түүнээс гадна лекц долоо хоногт 2 цаг орох учир бусад зүйлсээ бие дааж сурах, унших ёстой. Зөвхөн лекцийн хүрээнд шалгалтандаа бэлдэнэ гэвэл маш их учир дутагдалтай. Ер нь танхимаар (лекц, семинар болон лаборатори) хэдэн цагийн хичээл орно түүнээс 3 дахин илүү цагаар бие дааж сурах шаардлагатай гэж анх тэнхимээс зохион байгуулдаг уулзалтан дээр хэлж байсан. Жишээ нь: 2 цаг лекц, 2 цаг лаборатори орсон бол долоо хоногт дор хаяж 12 цаг бие дааж суралцах шаардлагатай гэсэн үг.
Сурах хугацааны хувьд семестерт хэдэн хичээл үзэх болон ямар чиглэлээр суралцаж байгаагаас хамаарч 1-2 жил үргэлжилнэ.

Ажил эрхлэлт
Оюутнууд суралцаж байх хугацаандаа долоо хоногт 20 хүртэл цаг амралтын үеээр 40 хүртэл цаг ажиллах эрхтэй. Харин гэр бүлийн хүнийх нь хувьд цагийн хязгааргүй ажиллах эрхтэй. Эндэхийн хөдөлмөрийн доод хөлс нь 16.20 доллар байдаг. Гэхдээ бэлэн мөнгөөр цалинжуулдаг зарим газар цагийн 12 доллар өгөх нь ч бий. Ажил олоход бага зэрэг бэрхшээлтэй. Ялангуяа мэргэжлээрээ ажиллах эсвэл арай цалин өндөртэй ажил олно гэдэг маш хэцүү. Манай мужийн хувьд (Victoria) Англи хэл мэдэхгүй бол ажилд авахгүй гэсэн хуультай байдаг гэж байсан. Мөн визний зөрчилтэй хүмүүс (хараар ажилладаг хүмүүсийг хэлж байгаа юм) байдаггүй бололтой.

Үзвэр, үйлчилгээ
Гадуур хоол идэхэд (ресторан, кафе) нэг хоол нь хамгийн хямд нь 8 доллар за тэгээд дээшээ бол нилээд үнэтэй яг сайн мэдэхгүй байна. Ер нь манайх (эхнэр бид 2 хүүхэдтэйгээ) дунджаар энгийн газар 25-30 доллар, ресторанд 50-60 доллар зарцуулдаг. Тэгэхээр таньд нэг төсөөлөл бий болж байгаа байх. Бид нар гэр бүлээрээ долоо хоногт нэг удаа гадуур хоол идэхийг хичээдэг (заримдаа зав, мөнгөний боломж гарахгүй тохиолдол бий) учир үнийн хувьд нилээд баримжаатай болсон.
Кино театрт кино үзэхэд том хүн 12-15 доллар, хүүхэд 8-12 доллар байдаг. Гэхдээ сургуулиасаа хямдралтай (10 долларын) тасалбар авч болно. Мөн Village Cinema кино театрын хувьд Мягмар гараг бүрт 9 доллар болж хямдардаг. Хэрвээ кино прокатнаас кино авч үзэхээр бол хоногийн нэг кино 5.5 доллар байдаг.

Хоол, хүнс
Хүнсний аюулгүй байдалдаа төр засгаас нь маш их анхаарал тавидаг болохоор үндсэндээ хүнсний бүтээгдэхүүнүүд нь баталгаатай. Тийм болоод ч сүүлийн жилүүдэд дундаж наслалтын тоогоороо дэлхийд нилээд дээгүүр давхидаг. Зарим хүмүүст хэрэг болж магад гээд санаж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнээс нь толилуулъя.

  • Үхрийн мах 1кг нь 5-8 доллар (гол мах зэрэг нь бол бүр 28 доллар байдаг)

  • Гахайн мах 1кг нь 4.5-7.5 доллар

  • Тахианы мах 1кг нь 3-5 доллар

  • Төмс 1кг нь 0.5-2 доллар

  • Талх 1 ширхэг нь 1-3 доллар

  • Жүрж 1кг нь 0.6-1.5 доллар

  • Алим 1кг нь 1-2 доллар

  • Банана 1кг нь 8-12 доллар

  • Гүзээлзгэнэ 250гр нь 2.5-3.5 доллар

  • Манго 1 ширхэг нь 2-3 доллар



Дээрхи мэдээлэл зардлаа урьдчилсан байдлаар тооцоход бага ч гэсэн хэрэг болох байх гэж найдаж байна.

1 comment:

Anonymous said...

aust-n talaar nemelt medeelel avah bolon busad humuusiin setgegdel sonirhvol www.gegeen.com -r zochlooroi