Friday, June 13, 2008

Ажил байдал

За блогтоо нийтлэл бичсэнгүй их хугацаа өнгөрчээ. Энэ удаад ажил байдлынхаа талаар бага сага зүйл бичье.

Ямар ч гэсэн Австралид сургуулиа төгсөөд 2007-2008 оны зааг дээр эх орондоо гэр бүлийн хамт ирэв. Хэсэг хугацаанд төвхнөж аваад ажилдаа орлоо. Мэдээж урьд нь бодож байсанчлан хийх зүйлс маш их байгаа нь харагдаж байлаа. Миний ажил, ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн алба нь:
  • байгууллагынхаа дотоод сүлжээ, мэдээллийн системийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хөгжүүлэх;
  • вэб хуудсыг ажиллуулах, хөгжүүлэх;
  • имэйл, интернэтийн үйлчилгээг төрийн зарим байгууллагад хүргэх;
  • Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого, стратеги болон бусад төрийн байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагаатай уялдуулах;
гэх мэт нилээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай алба нь 5-н хүний орон тоотой.

Намайг явсанаас хойш бага зэрэг өөрчлөлт гарсан боловч манай албаны нэр хүнд ажилтнуудын дунд тааруу, үйл ажиллагаа нь ч төдийлөн сайн биш байгаа нь илт. Энд боловсон хүчний мэдлэг тааруу, төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа ажлын гүйцэтгэл муу, хэрэглэгчидтэй тулж ажилладаггүй, тэдэнд ажлаа дутуу ойлгуулдаг, сүлжээ нь доголдолтой ажилладаг гэх мэт нилээд олон шалтгааныг тоочиж болно.

Миний хувьд Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр мастерт сурсан болохоор тухайн ажиллаж байсан байгууллагадаа тодорхой хугацаанд ажиллах гэрээтэй. Намайг Монголд ирэх үед зарим нэг компани ажлын санал тавьж одоогийн авч байгаа цалингаас минь 5 дахин илүү цалин амлаж байсан боловч миний ухамсар, аав, ээжийн сургасан хүмүүжил, ёс суртахуун маань мөнгийг ялан дийлсэнээр ажилдаа буцаж оров. Тэгээд ч төрийн хишгээр сурчихсан хүн чинь буцаж ажилдаа ороод тодорхой дэвшил гаргаж сайн ажиллах, нэг ч гэсэн төрийн байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааг олон улсын жишигт авчирдаггүй юмаа гэхэд иргэд болон төрийн албан хаагчдын хүсэл, шаардлагад нийцэх хэмжээнд аваачих нь миний үүрэг гэж би хувьдаа үздэг.

За ингээд ажилдаа ороод хийсэн ажлуудынхаа талаар уншигч Тантай хуваалцъя гэж шийдсэн юм. Одоог болтол хийсэн ажилд минь алдаа байсан бол засаж, шүүмжилж, өөрийнхөө санаа бодлыг хуваалцаж, эсвэл өөрийн ажилдаа хэрэгтэй зүйлс байвал авч ашиглаасай гэсэндээ энэ нийтлэлийг тэрлэж байгаа юм шүү.

Австралиас ирээд ажилдаа ороход манай гурван том дарга тус тусдаа хүлээж авч уулзаад "-Мэдээллийн технологи алба нэг л биш байна, энэ албыг чамд хариуцуулъя, цаашид хэрхэн авч явах нь чамаас шалтгаалахаар боллоо, ажлаа сайн хийгээрэй" гэх мэтээр өндөр хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэсэн учир өөрийнхөө мэддэг, чаддаг бүх зүйлсээ шавхан ажиллах болно. Урьд өмнө нь удирдах ажил хийж үзээгүй болохоор хүнтэй харьцахаас авахуулаад туршлага дутах зүйлс бишгүй байсныг нуугаад яахав. Харин 2-3 сар ажилласны дараа бүх ажил гарт орж ирээд л аятайхан болдог юм билээ.

Ингээд ажлаа авангуутаа хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудаа жагсааж бичив. Үүнд: хүмүүст өөрсдийн ажлыг ойлгуулах, таниулах, сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлууд байлаа.
  • Албаны үйл ажиллагааг сурталчлахын тулд долоо хоног бүр албаны үйл ажиллагааны тайлан хэмээн боловсруулж интранэт (манай байгууллагын дотоод сүлжээний вэб) дээрээ байрлуулдаг болов. Би ер нь нэг ажлыг олон дахин хийх дургүй, тэгсэн мөртлөө одоог болтол энэ тайланг долоо хоног бүр бэлтгэн (одоогоор 22 дахь долоо хоног нь) интранэт дээрээ байрлуулсаар л байгаа. Мөн түүнчлэн албаныхаа ажилтнуудын "Ажлын байрны тодорхойлолт"-ыг шинэчлэн боловсруулж интранэт дээрээ байрлуулсан. Эдгээрийн үр дүнд манай албаны үйл ажиллагааг тодорхой тооны хүмүүс ойлгодог болсон байна лээ.
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө гэж бүтэн жилээр боловсруулан төрийн албан хаагчид удирдлагуудтайгаа үр дүнгийн гэрээ байгуулдаг. Гэхдээ энэ төлөвлөгөө нь биелж байгаа эсэхийг нарийн хянадаггүй, бодит байдлаар нь үнэлдэггүй. Тиймээс албаныхаа үйл ажиллагааны төлөвлөгөөг долоо хоног бүрээр гаргахаар шийдэв. Энэ нь цаг ашиглалт, ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлж чадсан гэж үзэж байгаа. Мөн 2 долоо хоногийн өмнөөс эхлэн энэхүү төлөвлөгөөний дагуу ажилтан тус бүрийн ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх зорилгоор гүйцэтгэлийг нь долоо хоног бүрээр оноо өгч үнэлдэг болсон. Ингэж оноо өгөхдөө тухайн төлөвлөсөн ажлаа цагт нь хийсэн эсэх, гүйцэтгэлийн хувь, чанар гэсэн хүчин зүйлсүүдийг тооцдог. Тухайн долоо хоногт хамгийн өндөр оноо авсан ажилтнаа интранэт вэб дээрээ "employee of the week" гэж байрлуулна. Гадаад орнуудад сарын тэргүүний ажилтан (employee of the month) гэж шалгаруулдагыг хуулбарласан хэрэг. Ингээд тухайн жилийн эцэст эсвэл хагас жилээр хамгийн олон удаа "долоо хоногийн тэргүүний ажилтан" болсон ажилтнаа удирдлагад танилцуулж урамшуулах, шагнуулах, сургалтад хамруулах гэх мэт боломжит дэмжлэг үзүүлэх хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна.
  • Боловсон хүчин бол тухайн ажлыг чанартай, сайн хийж гүйцэтгэх гол эх ундарга нь "хүн" гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тиймээс албандаа сул байсан нэг орон тоон дээр сайн сервер админ авч ажиллуулж байгаа ба нэг тэтгэвэртээ гарсан хүний оронд бас л сайн системийн админ авч ажиллуулж байна. Энэ хоёр маань нэг нь FreeBSD-ээр мэргэшсэн нөгөө нь Cisco-н тоног төхөөрөмж дээр тохиргоо хийх, ажиллуулах тал дээрээ мэргэшсэн ийм 2 инженер байгаа юм. Ингээд систем хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ. Төрийн байгууллагад ажиллаж байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бүгд чадваргүй, арын хаалганы хүмүүс биш гэдгийг энэ дашрамд дурдмаар байна.
  • Дотоод сүлжээг шилэн кабельтай болгож, хэвийн үйл ажиллагааг нь хангах төсөл намайг ажил авахад хийгдэж байсан боловч нилээн удаашралтай байсан. Энэ төслийг хэрэгжүүлж дууссанаар дотоод сүлжээний үйл ажиллагааг найдвартай болж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж бага зэрэг дээшилсэн.
  • Манай ажлынхан хоорондоо мэдээлэл солилцохдоо яахүү (yahoo) мессенжер ашигладаг тул интернэт сүлжээнд тодорхой хэмжээгээр ачаалал өгч, мөн мэдээллийн аюулгүй байдал талаасаа учир дутагдалтай байгаа нь ажиглагдсан. Тиймээс дотоод сүлжээний мессенжерийн програмыг ашиглахаар шийдсэн. Эхлээд softros хэмээх програмыг хэсэг хугацаанд ашиглаж үзсэн таалагдсангүй, дараа нь pandion, borgchat зэрэг програмуудыг туршиж үзлээ нэг л бишээ. Эцэст нь манай одоогийн ашиглаж байгаа spark дээр тогтов. Одоо энэ програм маань үндсэндээ хэрэглээнд нэвтэрч байгаа. Ер нь аливаа шинэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө албаныхан дундаа тодорхой хугацаагаар хэрэглэж үзээд ямар нэгэн бэрхшээлгүй бол ажилтнуудаасаа тодорхой тооны хүмүүст хэрэглүүлээд, түүний дараа нийт хэрэглэгчдэд тус үйлчилгээг санал болгож, нэвтрүүлдэг хэвшлийг байгууллагадаа бий болгож байгаа. Үе шаттай системийн нэвтрүүлэлт (phased implementation) нь нэг дор хэрэгжүүлдэг системийн нэвтрүүлэлтээсээ (big bang implementation) манай нөхцөлд илүү тохирно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хэрэглэгчдийн мэдлэг харилцан адилгүй, мөн төдийлөн хангалттай бэлтгэгдээгүй байдаг. Магадгүй хувийн хэвшилд дээрх 2-ын хосолмол (hybrid) эсвэл нэг дор хэрэгжүүлдэг системийн нэвтрүүлэлт тохиромжтой байж болох юм. Дан ганц хэрэглэгчээс гадна тухайн системийн онцлогоос хамаарах тал бас бий.
  • Сүлжээний ачаалал болон хэвийн ажиллагааг хянах зорилгоор MRTG, PRTG, whats up серверүүдийг ажиллуулж эхэлсэн. Үүний үндсэн дээр сүлжээний доголдлыг цаг тухай бүрт нь мэдэж хэрэглэгчээр хэлүүлэлтгүй түүнийг засдаг болсон. Энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлсэн.
  • Манай алба "Төрийн мэдээллийн сүлжээ" хэмээх 20 орчим төрийн байгууллагыг холбож, тэдгээрт интернэтийн үйлчилгээ үзүүлдэг сүлжээг хариуцан ажилладаг. Одоогоор 1200 орчим төрийн албан хаагчид тус сүлжээгээр дамжин интернэтэд холбогддог учир нилээд өндөр хурдаар интернэтээ авах шаардлага гардаг. Тиймээс интернэтийн бодит хэрэглээг хэмжих үүднээс интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатайгаа тохирон нэг долоо хоног бодит хэрэглээгээ хэмжтэл тухайн үед авч байсан хурднаас 2 дахин илүү ачаалалтай байсан учир одоогийн төлж байгаа төлбөртөө багтаан интернэтийн үйлчилгээ авдаг байгууллагатайгаа тохиролцсоны үндсэн дээр хурдаа 50 хувь нэмсэн. Түүнээс гадна кэйш сервер ажиллуулж ачааллаа 20-30 хувь хэмнэв. Бас рүүтэр (router) дээрээ зайлшгүй ашиглах шаардлагатай хэдэн портуудыг нь нээж бусдыг хааснаар peer-to-peer програмуудыг ашиглах боломжийг нь хязгаарлаж, улмаар интернэтийн хурдыг хэвийн хэмжээнд аваачиж чадсан нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг эрс дээшлүүлсэн.
  • Байгууллагынхаа ажилтнуудын дунд мэдээллийн технологийн хэрэгцээ шаардлагыг нь тандах зорилгоор судалгаа явуулж үзэв. Тус судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэлт боловсруулсан нь цаашид хийх ажлуудаа төлөвлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан. Ер нь мэдээллийн технологийн ажил үйлчилгээ маань мундаг сайн технологи ашигласан гэх мэт технологийн хүчин зүйлээсээ илүү хэрэглээнд хэр нэвтэрсэн байдал, үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчилсөн гэх мэт хүний хүчин зүйлд анхаарсан үзүүлэлтээрээ илүү үнэлэгддэг. Одоогоор дээрх судалгаанд дурдсан санал, гомдлуудын 80 орчим хувийг барагдуул байгаа ба энэ намраас дахин судалгаа явуулах төлөвлөгөөтэй байна.
  • Өнөөдрөөс эхлэн "Кибер довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх үндэсний төв" төрийн бус байгууллагаар сүлжээний эрсдэлийн үнэлгээ хийлгэж эхэлж байна. Энэхүү ТББ нь Монголдоо л топ гэгдэх инженерүүдээс бүрдсэн нилээд чадварлаг баг гэж боддог. Ингэж үнэлгээ хийлгэснээрээ бидний ашиглаж байгаа системийн аюулгүй байдал, шийдэл нь хэр оновчтой байна гэх мэт системтэй холбоотой бүхийл хүчин зүйлсийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж мэдэж авна гэсэн үг. Цаашлаад бид бүхэн системээ сайжруулах, хөгжүүлэхэд хэрэг болох зөвлөмжийг энэхүү үнэлгээний үр дүнд гардаж авна гэдэгт найдаж байгаа. Ер нь ямарваа байгууллага үнэлгээ хийлгэхдээ айх, эмээх үзэгдэл ажиглагддаг. Яагаад гэвэл ажил нь муу байна гэж хэлүүлэхээсээ эмээдэг, улмаар ажилгүй болно гэсэн айдас байдаг болов уу гэж бодож байна. Миний хувьд өөрийнхөө ажлыг бусдаар үнэлүүлж бодит байдлыг мэдэж авах нь цаашдын ажлаа сайжруулах үндэс болно гэж үздэг болохоор муу байсан ч айгаад байх юм алга. Тэгээд ч хүн бүр төгс биш биз дээ.
Дээр хийсэн ажлуудаасаа товч дурдсан ба цаана дурдаагүй хийгдсэн ажлууд олон бий. Эдгээр ажлуудыг мэдээж би ганцаараа хийгээгүй, манай чадварлаг хамтран зүтгэгчдийнхээ ачаар хамтдаа хийж чадсан. Тиймээс тэдэндээ мөн талархах хэрэгтэй гэж бодож байна.